Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0750/З |
Дугаар | 128/ШШ2023/0861 |
Огноо | 2023-11-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0861
2023 11 20 128/ШШ2023/0861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Маргааны төрөл: захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлсэн хугацаанд маргаан бүхий актыг шүүхийн уг шийдвэрийг биелүүлж хүчингүй болсонд тооцсон тушаалтай болон шүүхийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргуулах хүсэлтэд татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Х******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухай:
2.2. Н******* ХХК-ийн гаргасан “2015 оны ******* дугаар тушаал, газар ашиглах гэрчилгээг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 тоот магадлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалын Х******* ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* дугаарын гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүх гомдлоор хэргийг хянахаас 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр татгалзсан, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр.
2.3. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Х******* ХХК 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот албан бичгээр дахин шинэ акт гаргуулах хүсэлт гаргаж,
2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгээр “газрын маргааныг шүүх шийдвэрлэсэн тул яамнаас аливаа шийдвэр гаргах боломжгүй” гэх хариу өгч,
2.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болсонд тооцсон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар
3.1 Нэхэмжлэгч “дахин шинэ акт гаргах хүртэл манайд газар ашиглах эрх олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноор дахин шинэ акт гаргах ажиллагааг хариуцагч огт хийгээгүй, шаардагдах захиргааны актыг гаргуулахаар хүсэлт гаргахад “шүүх шийдвэрлэсэн” гэж татгалзсан нь хууль бус, шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлан хэрэглэж газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болсонд тооцсон нь хууль бус” гэж, хариуцагч “газар ашиглах эрх олгосон тушаалаа шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсонд тооцсон 2023 оны ******* дугаар тушаал нь бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш” гэж маргажээ.
3.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компани нь Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хүрээнд ******* тоот гэрчилгээ болон гурван талт гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүргийн 00-р хороо, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын бүс Бага тэнгэрийн аманд 1.18 га газрыг эрхийн ямар нэг доголдолгүйгээр ашигладаг. Гэтэл бидний хууль ёсоор ашиглаж буй газар дээр 2017 оноос эхлэн Н******* ХХК барилгын суурь цутгаж, кадастрын зураглалд заасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа татаж, хамгаалалт гаргаж, биднийг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож газар ашиглагчийн эрхэнд ноцтойгоор халдаж эхэлсэн. Бидний зүгээс уг үйл ажиллагааг эсэргүүцэж холбогдох журмын дагуу Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албанд удаа дараа гомдол гаргасан боловч Н******* ХХК тансаг орон сууцны хороолол болгоод удаж байна.
Н******* ХХК-ийн бусдын ашиглах эрхтэй газарт хууль бусаар барилга барьсан үйлдлийг таслан зогсоох зорилгоор Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед газар дээр барилга барьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон даруйд Н******* ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0719 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0788 тоот магадлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалын Х******* ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” №******* тоот гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг тус тус 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Тус магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд бидний зүгээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот албан бичгээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгжүүлж талуудын газар ашиглах эрхийн давхцалын асуудлыг шийдвэрлэн шинээр захиргааны акт гаргаж өгөхийг хүссэн. Гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа хэрэгжүүлэх ажиллагаа хийгээгүй тул бид шүүхийн шийдвэрийн албадан биелүүлэх захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4951 тоот "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай" захирамж, 2023 оны 6 дугаар сарын 12-ны 128/ГХ2023/0000 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 44 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 08/2786 тоот албан бичгээр “шүүхийн шийдвэрээр газрын маргааныг шийдвэрлэсэн тул яамнаас аливаа шийдвэр гаргах боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд Х******* ХХК-д олгосон 1.18 га газар олгосон 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот тушаалын Х******* ХХК-д холбогдох хэсгийг “шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсонд тооцсон".
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д "Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно” гэж заасан. Гэтэл хариуцагч тэр байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүхээс гаргаж буй шийдвэрийн онцлог нь хариуцагчийг захиргааны акт гаргахдаа бий болгосон мэргэжлийн алдаа, зөрчлийг шүүхээс маргаан шийдвэрлэх явцад шинжлэн судлах боломжгүй тул шийдвэрт заасан хугацаанд засах үүргийг ногдуулж буй онцлогтой. Тухайн тохиолдолд шүүх хариуцагч байгууллагыг Х******* ХХК болон Н******* ХХК-ийн кадастрын зураглал, байршлын мэдээллийг тус бүрт нь дахин нягтлаж хэсэгчилсэн давхцалын асуудал байвал түүнийг шийдвэрлэж шинээр захиргааны акт гаргахыг даалгасан.
Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж тус газар ашиглах эрхийн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн мэтээр хариу өгсөн. Тус газар ашиглах эрхийн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд харин захиргааны байгууллагын шийдвэрийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул тухайн захиргааны байгууллагад шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг дахин явуулж мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд шийдвэр гаргах боломжийг олгож байгаа шийдвэр юм.
Гэтэл хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг анхнаасаа мушгин гуйвуулж тайлбарлан дээрх ажиллагаа явуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хэрэгжүүлэлгүйгээр Х******* ХХК-ийн газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгож шүүхийн шийдвэрийг зөрчиж, хэт нэг талыг барьж Н******* ХХК-д үйлчилж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргажээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Х******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлага нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэх агуулгаар гаргасан. Тус шаардлагын үндэслэл нь өмнөх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “шүүх маргаантай харилцаанд хөндлөнгөөс дүгнэлт хийх боломжгүй, тиймээс тус газар нь хэний газар болох, кадастрын маргаан уу, давхцалын маргаан уу, хил зааг хоорондын цэгүүдийн маргаан байна гэж хараад захиргааны байгууллагаас дахин судалж шийдвэр гаргана уу” гэх агуулгаар шийдвэр гаргасан. Өмнөх маргааны нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд “дундын хилийн зааг байгаа эсэх, эсхүл өөр газар байгаа эсэх”-ийг захиргааны байгууллага 6 сарын хугацаанд судалж үзээд шийдвэр гаргана уу гэсэн. Гэтэл үүнийг захиргааны байгууллагаас юу гэж ойлгосон гэхээр Х******* ХХК-д газар ашиглах эрх олгохгүй байсан, үүнийг шүүхээс шийдвэрлэсэн учраас шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хүчингүй болгосон. Энэ нь шүүхийн шийдвэрийн утга, агуулгыг гуйвуулж, буруугаар ашиглаж шийдвэр гаргасан гэх агуулгаар эхний нэхэмжлэлийн шаардлага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дараагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн зүйл гэвэл 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаартай шаардагдах захиргааны актыг гаргуулах хүсэлт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан. Хүсэлтийг “ийм агуулгаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд шийдвэрийг биелүүлнэ үү” гэх агуулгаар гаргасан. Гэтэл “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 720 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 788 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 80 дугаар тогтоолоор Богд хан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аман дахь газрын маргааныг шийдвэрлэсэн тул тус яамнаас аливаа шийдвэрийг гаргах боломжгүйг мэдэгдье” гэх татгалзлыг хүргүүлсэн. Уг татгалзал нь хуульд үндэслэгдээгүй учраас шийдвэрийн бодит нөхцөлд тохироогүй, шүүхийн шийдвэрийг “маргааныг эцэслэсэн” гэж буруугаар ойлгож дүгнэсэн. Тиймээс татгалзлыг хууль бус байсан болохыг тогтоож, шаардагдах захиргааны актыг гаргахыг даалгаж өгнө үү гэсэн хоёр шаардлага гаргасан.
Хүчингүй болгох шаардлагын хувьд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдийг татах шаардлага байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Тэр утгаараа шууд эрх нь хөндөгдөх этгээд биш гэж тайлбарлаж байна. Шинээр захиргааны акт гаргахыг даалгуулах агуулгаар гаргасан. Шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ гэж бодоход тухайн шийдвэрийг захиргааны байгууллага гаргах үед гуравдагч этгээдийн эрх ашгийн талаар яригдах байх. Анх гаргасан хүсэлт түүнд өгсөн татгалзалд дурдсан, гэхдээ энэ нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд Н******* ХХК-ийн эрх ашигт шууд нөлөөлөл байхгүй, шүүхээс шаардагдах захиргааны актыг гаргах шаардлагатай гэж шийдвэрлэвэл өмнөх шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт гаргах үед харилцаа хамаарал бий эсэх нь тухайн үеийн асуудал болно.
Шүүхийн шийдвэрээр гаргах шийдвэрийн үндэслэл нь тухайн шийдвэрт байсан. Анх Х******* ХХК болон Н******* ХХК-д ямар газар олгож, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн болох, барьсан барилга нь ямар хэмжээгээр давхацсан эсэх талаарх үйл баримтуудыг дахин цэгцэлж, хянаад шийдвэрийг гаргана уу гэх агуулгатай шийдвэр байсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.13, 1.14, 1.17 дахь хэсгүүдэд заасан ажиллагааг хийгээгүй гэж байна. Тэгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний ******* дугаар тушаал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан захиргааны акт байгаа юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гарсан хэдий ч юуг биелүүлж байгааг захиргааны байгууллага ойлгоогүй. Энэ болон өмнөх маргаанд Х******* ХХК-ийн газар ашиглах эрхийн талаар хаана ч маргаан байхгүй. Тус газар давхацсан эсэх, араас нь бүртгэгдэж байгаа кадастрын цэг, зургууд өөр газарт байгаа эсэхийг тодруулна уу гэсэн. Х******* ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээг авах хүсэлтэд дурдсан цэгүүдийг анхны газар олгосон цэг гэж үзээд дүгнэсэн. 5 солбицлын цэг бүхий газарт газар олгосон атлаа олгосон газар нь хүсэлт гаргасан газраасаа өөр байна гэх агуулгаар маргаантай газар гэж байгаа юм. Газрын кадастрын нэгдсэн систем өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Х******* ХХК болон Н******* ХХК-ийн хойно байрлах машин замын урдуур зарим хэсэг нь гарах байдлаар зөрүүтэй зураг гарсан байсан. Иймд эргэлтийн цэг нь тодорхойгүй байгаа учраас анх гаргасан хүсэлтээс зөрүүтэй байна гэж үзсэн. Үүнийг тодруулах маш ойлгомжтой нөхцөл байдал байсан. Гэтэл захиргааны байгууллага уг үүргээ хэрэгжүүлээгүй учраас маргаан бүхий захиргааны акт гарах болжээ.” гэв.
3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шуухийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарсан.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зуйлийн 37.1. "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд ур дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0719 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4, 37 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалын Х******* ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг давсгэрт газар ашиглах ******* дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сар 15 хоногийн хугацаатай түдгэлзүүлсэн." Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 0788 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад "...1 сар 15 хоногийн" гэснийг "6 сарын" гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х******* ХХК-ийн өмгөөлөгч Ш.А*******, Ө.Э******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Х******* ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э*******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Иймд нэхэмжлэгч Х******* ХХК-ийн маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" ******* дугаар тушаал нь бие даасан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шина акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана." гэж заасны дагуу шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын Х******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсныг хариуцагч нь тушаал гарган албажуулсан болно. Иймд Х******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Х******* ХХК 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлт гаргасныг шийдвэрлэж манайхаас 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч компани 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хариуг авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн байх тул 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхийн шийдвэрт заасан кадастрын зураг, эргэлтийн цэгүүдийг тодруулах баримт бичгүүдийг дахин нягтлах, шалгах, тодруулах ажиллагааг хийгээгүй, холбогдох хүмүүсээс тодруулахад үүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан тушаал нь энэ гэж хэлсэн. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг магадлал гарсан өдрөөс тооцсон, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газарт очиж судалгаа хийх гэхээр 6 сарын хугацаанд багтаах боломжгүй байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архив нүүсэнтэй холбоотой Х******* ХХК 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлт, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хариу өгсөн 08/2786 тоот албан бичиг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгч чадахгүй байна. Ийм хүсэлт гаргаж, энэ бичгээр энэ агуулгаар хариу өгсөн талаар маргаагүй.
Дахин шинэ акт гаргахаар судалж үзнэ үү гэх агуулгаар хүсэлт гаргасан, манайхаас “шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн, энэ татгалзалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтууд, шүүхийн шийдвэрүүд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд.
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 тоот магадлалаар Х******* ХХК газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны ******* дугаар тушаал, газар ашиглах гэрчилгээг хүчингүйд тооцуулах” Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалын Х******* ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр Улсын дээд шүүх 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хуулийн хүчин төгөлдөр болсон.
2. Анхан шатны шүүхийн 2022 оны 719 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 788 тоот магадлалаар гарсан шүүхийн шийдвэрийн төрөл болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан алдаагаа дахин нягталж, өөрөө тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд хэрэглэгдэнэ.
Тиймээс ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу нэхэмжлэгч Н******* ХХК-ийн ашиглах эрхтэй 62 га газрын талбайн цэгүүд хаана болох, анх ITRF 97 системээр хийлгэсэн газрын талбайн хил заагийн цэгүүдээс өөрчлөгдсөн эсэх, түүнчлэн гуравдагч этгээд Х******* ХХК-д олгосон гэх газар нь бодит байдалд хаана байрлалтай зэргийг судлан тодруулж, дахин тогтоох нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын үүрэгт хамааралтай байх тул энэ нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоосны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар хоёр хуулийн этгээдийн хоорондох газрын асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх үзсэн”-ийг дүгнэсэн байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалд “нэхэмжлэгчид анх олгосон 62 га газар нь чухам ямар солбицолд байршиж байгаа, нэхэмжлэгчид олгосон гакрыг хэзээ хэрхэн мэдээллийн санд оруулсан, 62 га газрын хэмжээ нь чухам ямар үндэслэлээр мэдээллийн санд 60 га-гаар орсон, ийнхүү оруулахад эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гарсан эсэх, гуравдагч этгээдийн анх газар ашиглахаар хүсэлт гаргасан газар болон анх түүнд ашиглуулахаар шийдвэрлэсэн газрын хэмжээ, солбицол байршил нь ямар үндэслэлээр өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхөд эрх бүхий этгээдээс ямар нэгэн шийдвэр гаргасан эсэх, гуравдагч этгээд нь эцсийн байдлаар чухам аль солбицол, байршилд, ямар хэмжээгээр газар ашиглах, мөн нэхэмжлэгчид олгосон 62 га газартай гуравдагч этгээдэд олгосон анх олгосон газар болон одоогийн ашиглаж байгаа газар хэрхэн давхцаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар шууд тогтоох боломжгүй бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч дээрх нөхцөл байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн дүүрэн судлан үзэж хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна” хэмээн дүгнэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасанчлан хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтаар шаардагдах захиргааны акт гаргах шүүхээс тогтоосон хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тооцох бөгөөд шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянан хэлэлцэхээс татгалзсан Улсын дээд шүүхийн тогтоол 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан байх тул энэ хугацаанаас 6 сарын дотор захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоох ажиллагааг дахин хийж, шаардагдах захиргааны актыг гаргах үүрэг хүлээсэн, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үүсэхээр байна.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага “шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шийдвэрт заасан ажиллагааг огт хийлгүйгээр”, “түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар үүсэхээс ч өмнө” 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар Х******* ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалаа “шүүхийн шийдвэр биелүүлж” гэх үндэслэлээр хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээр хууль бус, Х******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан ажиллагаа болжээ.
Хоёр. Х******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах шаардлагын тухайд.
1. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Н******* ХХК болон Х******* ХХК-д ашиглах эрх олгосон газрын байршил, хэмжээ, хил заагийг, тэдгээр нь хэрхэн өөрчлөгдсөн талаарх нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоон хуулийн этгээдүүдийн хэн алиных нь эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгосон, Х******* ХХК “шүүхийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргуулах”-аар сайдад хандсан, яамны тухайн асуудлыг хариуцсан нэгж татгалзсан хариу өгсөн байх тул “уг татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзээгүй болохыг юуны өмнө дурьдах нь зүйтэй.
2. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Х******* ХХК 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрт заасан шаардагдах захиргааны акт гаргуулахаар хүсэлт гаргахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгээр “газрын маргааныг шүүх шийдвэрлэсэн тул яамнаас аливаа шийдвэр гаргах боломжгүй” гэх хариу өгчээ.
Дээр дүгнэснээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн, өөрөөр хэлбэл Х******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах байдлаар газрын маргааныг шүүх шийдвэрлээгүй. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь Х******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “шүүхийн шийдвэрт заасан шаардагдах захиргааны акт гаргуулах” хүсэлтэд “шүүх маргааныг шийдвэрлэсэн” гэж татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.
3. Х******* ХХК-иас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4951 дүгээр захирамжаар “анхан шатны шүүхийн 2022 оны 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 788 тоот магадлал”-ыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 0134 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 44 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсээр байхад шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн тогтоох ажиллагааг огт хийгээгүй, шаардагдах захиргааны актыг гаргаагүй нь мөн хууль бус, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг зөрчжээ.
Иймд “маргааныг шүүх шийдвэрлэсэн” гэх үндэслэлгүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.
Гурав. Нэхэмжлэлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Х******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгээр ирүүлсэн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах” шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх өөр этгээд байхгүй гэж талууд үзсэнийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Тодруулбал маргаан бүхий 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал өөр иргэн, хуулийн этгээдэд сөрөг болон эерэг үйлчлэл үзүүлээгүй, өөр этгээдэд хаяглагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч компанийн гаргасан “шүүхийн шийдвэрт заагдсан захиргааны акт гаргах ажиллагааг хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг хууль бус гэж маргаж, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын хувьд шууд эрх нь хөндөгдөх этгээд байхгүй гэж үзлээ. Н******* ХХК болон нэхэмжлэгч компанид ашиглах эрх олгосон газрын байршил, хэмжээ, мэдээллийн сан дахь бүртгэл, газрын давхцал бий эсэхэд дүгнэлт хийж, эдгээр нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр дахин шинэ акт гаргах шаардлагатай болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул тухайн шийдвэрт дүгнэгдсэн үйл баримтыг шүүх дүгнэхгүй, тиймээс ч энэ хэрэгт Н******* ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.5, 107.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Х******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 тоот хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА