Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 15

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01261/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдох

"Ажлаас халагдсаны тэтгэмжид 1.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2011 онд МУБИС-СӨБС-ийг багш арга зүйч мэргэжлээр 2011 онд төгссөн. Боловсролын байгууллагад 28 жил ажилласан. 2018 оны 02 сарын 05-ны өдрийн ОБ/28 тоот тушаалаар намайг ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т ажил олгогч 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр нэг сар ба түүнээс дээш буюу ажлын 76 хоногийн цалин авах эрхтэй байна. Иймд Б.О- миний биед Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгээс 1.800.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Ажилд эргүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс ажилд минь эргүүлэн тогтоогоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс би ажлаас халагдсаны тэтгэмж авах эрхтэй. Миний үндсэн цалин 577.000 төгрөг бөгөөд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 1.800.000 төгрөгийг 17 дугаар цэцэрлэгээс шаардаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч ажлаас халсан тушаалаа одоог хүртэл надад өгдөггүй, миний эгч Б.Наранцэцэгт өгсөн гэж байгаа боловч Б.Наранцэцэг надад өгөөгүй юм. Иймээс би нийгмийн даатгалаас тэтгэмж авч чадахгүй байна гэжээ.

Хариуцагч Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6-д ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох заалт байна. Багш Б.О- нь цэргийн албанд татагдаагүй, харин хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцалсан. БСШУС-ын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 293 тоот тушаалын дагуу багш ажилчдын 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох ажлыг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх үйл ажиллагаа явуулахад өөрийн ажлаа үнэлүүлэхгүй, 2017 оны 12 сарын 18, 19, 20-ны өдрүүдэд бүтэн ажил тасалж, нийтдээ 4 хоног тасалсныг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131, 132 дугаар зүйлийг үндэслэн сануулах арга хэмжээ авч, ...байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, цаашдаа сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх шаардлага гарсан тул арга буюу багш ажилчдын хурлын үйл ажиллагааг зохион байгуулж, ажлаас халах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан, 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, ажил олгогч 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр нэг сар ба түүнээс дээш буюу ажлын 76 хоногийн цалин авах эрхтэй. Ажил олгогч нь ажлаас халагдсан тушаалыг ажилтан миний гарт олгоогүй Б.Наранцэцэг гэдэг эгчид минь өгсөн.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээлээ.

            Нэхэмжлэгч Б.О- шүүхэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** дугаар цэцэрлэгт холбогдуулан 1.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч түүнийг ажлаас халсантай холбогдуулан тэтгэмж олгох ёстой гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч  давж заалдах гомдол гаргасан байна.

Гэвч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга тодорхой бус.

Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн хөдөлмөрийн маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр өөрөөр тодорхойлсныг  шүүх хуралдаан дээр тодруулан ажил олгогчоос гаргуулахыг хүссэн 1.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                       ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ