Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01261/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............... аймаг, .......... сумын .............. баг, .......... байрны ......... тоотод оршин суух, ......... овогт Б.О-ийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: .......... аймаг, ................ сумын .............. цэцэрлэгт холбогдох,

 

“Ажлаас халагдсаны тэтгэмжид 1,800,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2011 онд МУБИС-СӨБС-ийг багш арга зүйч мэргэжлээр 2011 онд төгссөн. Боловсролын байгууллагад 28 жил ажилласан. 2018 оны 02 сарын 05-ны өдрийн ОБ/28 тоот тушаалаар намайг ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-рт ажил олгогч 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр нэг сар ба түүнээс дээш буюу ажлын 76 хоногийн цалин авах эрхтэй байна. Иймд Б.О- миний биед Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс 1,800,000 төгрөгийг олгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Ажилд эргүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс ажилд минь эргүүлэн тогтоогоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс би ажлаас халагдсаны тэтгэмж авах эрхтэй. Миний үндсэн цалин 577,000 төгрөг бөгөөд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 1,800,000 төгрөгийг 17 дугаар цэцэрлэгээс шаардаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч ажлаас халсан тушаалаа одоог хүртэл надад өөрт өгдөггүй, миний эгч Наранцэцэгт өгсөн гэж байгаа боловч Наранцэцэг надад өгөөгүй юм. Иймээс би нийгмийн даатгалаас тэтгэмж авч чадахгүй байна” гэв.

 

Хариуцагч ............ сумын .............. цэцэрлэгийн эрхлэгч Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа: “...1. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6-д ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох заалт байна. Багш Б.О- нь цэргийн албанд татагдаагүй, харин хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцалсан. БСШУС-ын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 293 тоот тушаалын дагуу багш ажилчдын 2017 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох ажлыг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх үйл ажиллагаа явуулахад өөрийн ажлаа үнэлүүлэхгүй, 2017 оны 12 сарын 18, 19, 20-ны өдрүүдэд бүтэн ажил тасалж, нийтдээ 4 хоног тасалсныг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131, 132 дугаар зүйлийг үндэслэн сануулах арга хэмжээ авч, ...байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, цаашдаа сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх шаардлага гарсан тул арга буюу багш ажилчдын хурлын үйл ажиллагааг зохион байгуулж, ажлаас халах шийдвэр гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдаж, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн заалт байна. Энэ заалтын дагуу байгууллага татан буугдаагүй ажилчдын тоог цөөрүүлээгүй тул энэ зүйлд нийцэхгүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн заалт байна. Багш Б.О- нь халагдсанаас хойш Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах хүртэл  эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй.

Багш Б.О-т ажилласан хугацааны ээлжийн амралт олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн заалт байна. Багш Б.О- нь 60 нас хүрээгүй тул энэ заалтын үндэслэлд хамаарахгүй байна. Иймд Б.О-ийн нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч .......... аймгийн ............ сумын .............. цэцэрлэгт холбогдуулан 1,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “....Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан ажлаас халагдсан ажилтанд нэг сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу ажлын 76 хоногийн цалин авах эрхтэй байна” гэж, шүүх хуралдаан дээр “...ажлаас халсан тухай тушаалыг надад одоог хүртэл өгөөгүйн улмаас нийгмийн даатгалын сангаас ажлаас халагдсаны тэтгэмж авах боломжгүй болсон тул Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс сарын үндсэн цалин 577,000 төгрөг гэж үзэхэд 3 сарын цалинтай тэнцэх буюу 1,800,000 төгрөгийг авах эрхтэй” гэж өөр өөр үндэслэлээр тайлбарлаж байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахад аль ч тохиолдолд тэтгэмж авах эрхтэй учраас шаардлага гаргаж байна гэж тайлбарласан болно.

 

Хариуцагч ...... сумын ........... цэцэрлэгийн төлөөлөгч Д.О- нь ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан тэтгэмж олгох үндэслэлд хамаарахгүй тул 1,800,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Б.О- нь .......... аймгийн ......... сумын ................. цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халах тухай” тушаалаар сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халагдсан байх бөгөөд энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 1168 дугаартай шийдвэрээр Б.О-ийн багшийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Б/08 дугаар тушаал, шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байна.

Хэрэгт Улсын дээд шүүхийн тогтоол нотлох баримтаар ирээгүй боловч нэхэмжлэгч Б.О-ийн шүүх хуралдаанд гаргасан “...Ажилд эргүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс ажилд минь эргүүлэн тогтоогоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн тайлбараар дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хэвээр үлдээсэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халах тухай Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаал хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндэслэлээр тэтгэмж авах эрхтэй гэсэн байх боловч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалд нэхэмжлэгч Б.О-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд Б.О-ийн ажлаас халагдсан үндэслэл нь энэхүү хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О- нь ажлаас халагдсаны тэтгэмжийг ажил олгогч буюу Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаас халагдсан тушаалаа одоог хүртэл аваагүй, цэцэрлэгийн эрхлэгч Д.О- нь надад өгөөгүй, миний эгч н.Н-т өгсөн гээд байгаа. Надад тушаалыг өгөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авах ч боломжгүй байгаа тул 17 дугаар цэцэрлэгээс 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 1,800,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч, ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах... өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана”, мөн хуулийн 7 дугаар зүйлд “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа олгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.О- нь тус хуульд зааснаар ажилгүй болсноо эрх бүхий байгууллагад өөрөө бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн алба болон нийгмийн даатгалын байгууллагад ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байхад энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О- нь дээрх хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоос шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

           

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч ........ аймгийн ............ сумын ................ цэцэрлэгт холбогдуулан гаргасан 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

           

            Хариуцагчийн төлөөлөгч Д.О- нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.О- түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч ......... сумын ............. цэцэрлэгт холбогдуулан гаргасан, 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ОЮУНЦЭЦЭГ