Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 16

 

“А- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01086/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж,  шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Э-,

                   Ц.Э- нарт холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 65.542.830,87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Э.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг, хариуцагч Э.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган, хариуцагч Ц.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “А- Б-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Э-, Ц.Э- нар нь манай банктай 2017 оны 12 сарын 22-ны өдөр 2120011778 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Ү-2003010469 эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 4-р баг, 22-р хороолол, 34-р байрны 44 тоот 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2003003603 эрхийн бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р багт байрлах 156 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай 72-р брак байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын 6-р багт байрлах 080100554 нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч Э.Э-, Ц.Э- нар нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бөгөөд энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэл өгч, зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй болно.

Иймд зээлдэгч Э.Э-, Ц.Э- нартай байгуулсан зээл, барьцааны гэрээг цуцалж үндсэн зээл 47.479.000,00 төгрөг, зээлийн хүү 17.307.598,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738.732,23 төгрөг, нотариатын зардал 17.500,00 төгрөг, нийт 65.542.830,87 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Э-, Ц.Э- нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.Э-, Ц.Э- бид нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр 2120011778 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар зээлж авсан болно.

Энэхүү зээлийн гэрээний үүрэгт О.Т-, Ц.Э- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010469 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 22-р хороолол, 34-р байрны 44 тоот 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Э.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003603 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 72-р брак байранд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 156 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, БГ энд фрэндс ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 080100554 дугаартай, 1,400 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан.

Зээлдэгч Э.Э- миний бие 2015 онд өөрийн аав Ж.Э-ын явуулж байсан өлөн гэдэсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлдэг БГ энд фрэндс ХХК-ийг ажиллуулахаар шилжүүлэн авсан юм.

Зээлдэгч Э.Э- миний бизнесийн үйл ажиллагаа 2018 оны 08 сард Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар, МХГ-ын шахалтаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 72-р брак байранд үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоож, улмаар зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болж байгаа талаар зээл хариуцсан ажилтан болон “А- Б-” ХХК-ийн захиралд удаа дараа мэдэгдэж байсан.

Одоо цаашид зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болсон гэдгийг мэдэгдэж, бүр Зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу 2019 оны 04 сарын 29-ний өдөр банкны зээлийг цаашид төлж чадахгүй болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.

Тус хүсэлтэнд ...банкыг зээлийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй байтал өнөөдрийг хүртэл зээлийн хүү бодож байгаа нь зээлдэгч миний хүндрэлтэй нөхцөл байдлыг улам хэцүү байдалд оруулж байна... гэсэн хүсэлтийг гаргаж, зээлийн гэрээг цуцлаж өгөхийг хүсч өргөдөл хүсэлт өгч байсан.

Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Зээлийн гэрээний 2.5-д зааснаар барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003603 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 72-р брак байрыг, 1,400 м.кв талбайтай газрын хамтаар худалдан борлуулах хүсэлтийг гаргаж байсан. Одоо ч үнэ тохирч барьцааны энэ хөрөнгөө хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

Мөн зээлийн хүүний хувьд 2019 оны 04 сарын 29-ний өдөр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээ цуцлагдсан гэж ойлгож байгаа болно.

Энэ өдрөөс хойш Зээлийн гэрээг цуцалж, үүнээс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасалгүй, хүү нэмж нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасуулахыг хүсэж байна. Учир нь бид банкыг гэрээгээ цуцлахыг хүсч хүсэлт гаргаад байхад банк өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдэл өгөлгүй, бүр гэрээгээ цуцалсан эсэх талаар ч мэдэгдэлгүй хүү тооцож, шүүхэд нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин зээлдэгч бид нарын тооцооллоор 2019 оны 04 сарын 30-ны өдөр гэрээг цуцлахад үндсэн зээл 48.981.711,25 төгрөг, зээлийн хүү 249.043,48 төгрөг, нийт 49.266.332,33 төгрөг байсан байна. 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 49.266.332,33 төгрөгөөс 2018 оны 05 сарын 22-ны өдөр төлсөн 2,566,744.79 төгрөг, 2018 оны 06 сарын 22-ны өдөр төлсөн 255.21 төгрөг, нийт 2.567.000 төгрөгийг хасахад 46.699.332,23 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх тооцоо гарч байна.

Иймд “А- Б-” ХХК-ийн илүү нэхэмжилсэн үндсэн зээл 779.667,77 төгрөг, зээлийн хүү 17.307.598,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738.732,23 төгрөг, нийт 18.825.998,64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Э.Э-, Ц.Э- нараас 65.542.830,87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А- Б-” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Э-, Ц.Э- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Э.Э-гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003603 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р багт байрлах 156 м.кв талбайтай 72-р брак байр, БГ энд Фрэндс ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, нэгж талбарын 080100554 дугаарт бүртгэлтэй, 1,400 м.кв талбай бүхий газар, О.Т-, Ц.Э- нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010469 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 22-р хороолол, 34-р байр, 44 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555.865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-, Ц.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 555.865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А- Б-” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Э- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Миний бие нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А- Б-наас 2120011778 тоот зээлийн гэрээгээр 50.000.000 төгрөгийн зээл авсан ба 2018 оны 8 дугаар сараас Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Мэргэжлийн Хяналтын газрын шахалтаар өлөн гэдэс боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хаагдсанаас зээл төлөх боломжгүй болж энэ тухайгаа А- Б-ны зээл хариуцсан ажилтан болон захиралд нь мэдэгдэж байсан ба 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийг цуцалж зогсоож өгөхийг албан бичгээр хүсэж байсан.

Тухайн зээлийн гэрээний 5-р зүйлийн 5.2-т: Дараах нөхцөлд банк гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ. Үүнд:5.2.8.3ээлдэгчийн санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч /түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болох нь ажиглагдсан гэж заасан байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлах эрхийг банк эдлэхээр зохицуулсан байх тул “...банкийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна.

А- Б- энэ үүргээ биелүүлж зээлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс зогсоох байсан гэж үзэж нийт нэхэмжилсэн 65.525.330.87 төгрөгөөс 18.825.998.64 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            “А- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э-, Ц.Э- нарт холбогдох зээл, зээлийн хүү гаргуулах барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэлэлцээд давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал  “зээлдэгч Э.Э-, Ц.Э- нартай байгуулсан зээл, барьцааны гэрээг цуцалж үндсэн зээл 47.479.000 төгрөг, зээлийн хүү 17.307.598,64 төгрөг, нэмэгдүүлсэнхүү 738.732,23төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг нийт 65.542.830,87 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг бараглуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэглийг хангуулж өгнө үү” гэх агуулгатай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн үнийн дүнгээс 18.825.998 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч маргахдаа  гэрээнд заасан гэрээ цуцлах үндэслэл бий болсон байхад банк гэрээг цуцлаагүй бөгөөд зээлдэгчийн эрх зүйн байдлыг үүгээрээ дордуулсан гэжээ.

            Дээрх маргааныг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

            Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой боловч үндэслэлийн талаар нэхэмжлэгч” ... зээлдэгч Э.Э- Ц.Э- нар нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн зээл зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бөгөөд энэ талаар банк удаа дараа мэдэгдэл өгч зээлийг төлөхийг шаардаж байсан...” гэж гэрээний үүргийн зөрчил, гэрээ цуцлах үндэслэл үүнтэй холбоотой тооцох баримтыг тодорхой дурдаагүй байгааг шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй.

Өөрөөр хэлбэл хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тохиолдолд гэрээг цуцлах үндэслэлийн талаар банк шүүхэд нотлох үүрэгтэй.

Банкны зээлийн гэрээнд гэрээг банкны санаачилгаар цуцлахаар зохицуулалт байгаа хэдий ч энэ нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүсэх юм.

Нэхэмжлэлд зээлдэгч Э.Э-, Ц.Э- нар хэзээнээс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэрхэн зөрчсөн зээлийн үндсэн төлбөр болон хүүд нийт  хэдэн төгрөг төлсөн гэрээний үүргийг биелүүлэх талаар зээлдэгчид хандаж нэмэлт хугацаа тогтоосон эсэх, зээлдэгчийн гаргасан гэрээг цуцлах хүсэлтэд банк хэрхэн хандсан гэх мэт үйл баримтуудыг тодруулаагүй байна.

Хавтаст хэргийн  49-58 дугаар хуудаснуудад байгаа банкны хуулга баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

            Нотлох баримт гэдэг нь баримтат мэдээллийн хувьд нэхэмжлэлийн шаардлага болон түүнтэй холбоотой маргааны зүйлийн талаарх тайлбарыг нотолдог.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн зөрчлийн талаар тодорхойлоогүй, мөн хариуцагч талаас үнийн дүнг маргаж эс зөвшөөрч байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал энэ талаар тайлбар гаргаж үүнийгээ тухайн тайлбартаа хамаатай үнэн зөв эргэлзээгүй баримтаар нотлох үүрэгтэй болно.

Иймд давж заалдах шатны шүүх цугларсан баримтын хэмжээнд гаргасан гомдлын дагуу хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийг маргааны зүйлийг тодруулж талуудыг энэ талаар баримт гарган мэтгэлцүүлээгүй гэж үзээд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангаагүй ч хэргийг гомдлын дагуу шийдвэрлээгүй тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э.Э-гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.080 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Э.Э-д олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                     ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ