Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 17

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01252/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж,   шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д- Т- Ү-” ХК-д холбогдох 

"Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч Б.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д- Т- Ү-”ийн ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1161 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 30-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны цалин сарын 1.030.000 төгрөг, нийт 3.090.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Н.А- анх 2017 оны 08 дугаар сараас тус үйлдвэрт ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын болон ёс суртахууны хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 10-р сарын 18-ны өдөр хуулийн хэлтсээс уурхай дээр нь очиж тооцоологч нарын ажлыг шалгасан байдаг. Энэ шалгалтын үр дүнгээр ажилд ирээгүй хүний цагийг бүртгэсэн гэдэг үндэслэлээр ажлаас халах асуудал яригдсан байдаг. Зөвхөн чамайг зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлнө гэсэн асуудал ярьж, ажилгүй болж байгаа хүний сэтгэл зүйд нь нөлөөлж, чи алдаа дутагдал гаргаж ажлаас халагдсан гэвэл дараа дараагийн чинь ажилд муугаар нөлөөлнө гэдэг байдлаар ятгаж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичиг хийлгэж аваад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлж 1161 тоот тушаал гаргасан. Тухайн тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39.2 дахь заалт, Компанийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг баримталж Н.А-г өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг агуулгаар тушаал гаргасан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэхээс дуусгавар болох хүртэлх бүх харилцаа уг хуулиар зохицуулагдах ёстой. Хариуцагч Н.А- зөрчил гаргасан гэдгийг нотлох гэж оролдсон, гэрчүүдийн мэдүүлэг авхуулсан. Бидний маргаад байгаа тушаал өөрийн хүсэлт байгаагүй, хүсэлт гэдэг нь өөрийн сайн дурын үндсэн дээр ямар нэгэн шахалт дарамт, гадны нөлөөгүй чөлөөт байдлаар гаргасан хүсэлт байх ёстой. Ийм чөлөөт байдлаар хүсэлтээ гаргаагүй, дарамт шахалтад орж хүсэлт гаргасан гэдэг утгаар 1161 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж тушаал гаргах байсан. Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад 38.1.1-д зааснаар Н.А- өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй, 1161 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тийм учраас Н.А- өөрөө ямар нэгэн байдлаар энэ ажлаас гаръя гэсэн хүсэл зориг байгаагүй учраас 38.1.1-д зааснаар буюу өөрийн хүсэлтээр гарсан гэсэн үндэслэлийг үгүйсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/1161 дугаартай тушаалыг хүчингүй болгож, туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3.090.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д- Т- Ү-” ХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн хууль хариуцсан нэгжээс Төмөртолгойн уурхайд цаг ашиглалттай холбоотой шалгалт хийхэд тус уурхайн туслах тооцоочин Н.А- нь Хөдөлмөрийн гэрээ болон Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчиж “Д- Т- Ү-” ХК-ийн ажилтнуудын цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтад хяналт тавих журам-ын 2.6-д заасан эрхээ хэтрүүлэн өөрийн гарын хуруунууддаа өөрөөсөө гадна 3 хүнийг таниулан цагийн бүртгэлийн төхөөрөмжид уншуулж ажлын цагийг оруулан компанийг хохироосон үйлдэл гаргасан нь Н.А-гийн өөрийн болон түүний хамт ажилладаг Ж.Баясгалан, Х.Баасандэлгэр, Т.П-, Б.Б- нарын тодорхойлолтоор тогтоогдсон. Миний бие “Д- Т- Ү-” ХК-ийн ахлах хуульчийн хувьд зөрчил гаргасан ажилтан Н.А-г дуудаж уулзахад өөрийн буруугаа хүлээж байсан бөгөөд хэд хоногийн дараа халагдах тушаал гарахын өмнө дахин гуйж ажлаас халахгүйгээр цалингийн арга хэмжээ авч өгөхийг хүсч байсан. Дээрх үйл баримтаас харахад Н.А- нь Компанийн хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилсан.

Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт тухайн ажлын байранд ажиллах хугацаандаа ажлын болон ёс суртахууны хувьд алдаа дутагдал гаргасан удаа байхгүй гэж дурдсан. Н.А- нь туслах тооцоочноор ажиллаж байх хугацаандаа ажлын байранд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 2018 оны 11-р сарын 07-ны өдөр 1669 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн компанийн дотоод журмын 9.7-д компанийн бүх ажилтнууд эрхэлсэн ажлын хүрээнд компанийн өмч хөрөнгийг хамгаалж ашиглалтын хугацааг уртасгах, хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх талаар санаачилгатай ажиллана. Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам удирдлагын шийдвэрийг чанд мөрдөх, 4.2.3-т өөрийн ажил үүргийг үнэнчээр гүйцэтгэх зэрэг заалтуудыг Н.А- зөрчсөн. Хэдийгээр ийм үйлдэл гаргасан боловч Н.А-гийн удаа дараагийн өөрийнх нь бичиж өгсөн хүсэлтийн дагуу хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан. Тийм учраас “Д- Т- Ү-” ХК-ийн 2019 оны 10-р сарын 30-ны өдрийн Б/1161 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.А-г Д- Т- Ү- ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Д- Т- Ү- ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох 3.090.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Д- Т- Ү-” ХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Д- Т- Ү-” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134.590 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

...ажил олгогч өөрийн давуу байдлыг ашиглан алдаа дутагдал гаргасан ажлаас хална гэж өөрийн хүсэлтээрээ ажлаа өг гэж шахаж, шаардаж улмаар албан хүчээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлж авч түүн дээрээ үндэслэж хууль бус тушаал шийдвэр гаргасан...”; нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад шүүх “... Н.А-г өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж илт нэг талыг барьж буруу дүгнэлт хийсэн.

Ажил олгогчийн зүгээс дээрх хуульд заасан эрхээ эдлэлгүй мөн хуульд зааснаар ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гаргах үүргээ биелүүлсэн үйлдэл юм. Мөн ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тушаал төлөвлөж байсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр эцсийн байдлаар гараагүй байхад нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь хангаж шийдвэрлэсэн нь ямар нэгэн хууль зөрчөөгүй үйлдэл гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт “...Т.П-, Б.Б- нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд энэхүү мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Н.А-гийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдал нотлогдохгүй байна.” гэж дүгнэжээ.

Гэрч Т.П- шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ А-г өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл гаргах тухайгаа хэлж байсан гэж мэдүүлснийг шүүх анхаарч үзэлгүй учир дутагдалтай шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ямар хуулийн зүйл заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа дурдалгүй нэхэмжлэгчийг шууд ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Мөн Н.А-гийн өргөдлийг үндэслэн ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр болохоос ажил олгогчоос санаачилгаар хийгдсэн ажиллагаа биш юм.

Иймд гомдолд дурдсан асуудлуудыг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч  Н. А- шүүхэд “Д- Т- Ү-” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/1161 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ажил олгогч буюу “Д- Т- Ү-” ХК-д холбогдуулан гаргасныг шүүх  бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч тал буюу ажил олгогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа: “... ажил олгогч өөрийн давуу байдлыг ашиглан алдаа дутагдал гаргасан ажлаас хална гэж өөрийн хүсэлтээрээ ажлаа өг гэж шахаж шаардаж улмаар албан хүчээр  ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлж авч түүн дээрээ үндэслэж хууль бус тушаал шийдвэр гаргасан...” нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж чадаагүй  байхад шүүх Н.А-г өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна  гэж илт нэг талыг барьж буруу дүгнэлт хийсэн гэжээ.

            Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд ажил олгогч тал шүүхэд гаргасан эрх зүйн актынхаа бодит болон хууль зүйн үндэслэлийг  нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэдгээ нотлох юм.

Тухайн маргааны хувьд ажилтан ажил олгогчийн  дарамт шахалт үзүүлснээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул  энэ хүсэлтийг үндэслэн гаргасан ажлаас чөлөөлөх тухай үйлдвэрийн захиргааны тушаалыг хүчингүй болгох тухай асуудал байна.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг ажил олгогч болон ажилтны санаачилгаар цуцлах тухай асуудлыг зохицуулсан.

Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажил олгогчийн дээрх шийдвэрт гомдол гаргаж байгаа тохиолдолд ажилтан  ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг өөрөө гаргасан эсэх ийнхүү гаргахдаа бусдын тодруулж хэлбэл ажил олгогчийн шахалт шаардлага дарамт байсан эсэхийг шүүх анхаарах үүрэгтэй.

Ийм нөхцөл байдал үүссэн үүний улмаас ажилтан өөрийн хүсэл зоригийн эсрэг бусдын шаардлагаар өргөдөл гаргасан гэх үйл баримт тогтоогдсон тохиолдолд уг тушаалыг үндэслэлгүй  гэж үзнэ.

Учир нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шалтаг шалтгаан ажилтанд бий болсон байх ёстой.

Иймд ажилтан байгууллагын зүгээс ирсэн дарамт шахалт зэргийг нотлох үүрэгтэй.

Хэргийн нөхцөл байдлаас харвал ажилтан Н.А- хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Харин энэ сахилгын зөрчилд ажлаас халах арга хэмжээ авах байсан тул ажилтан нөхцөл байдлыг мэдээд эрх зүйн байдлаа дордуулахгүй гэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж ажил олгогч, харин  уг зөрчлийн улмаас ажлаас халах тул  өөрийн хүсэлтээ бичиж өгч ажлаасаа чөлөөлөгд гэж ажил олгогч дарамталсан гэж  нэхэмжлэгч тус тус  маргажээ.

            Шүүх талуудын гаргасан шаардлага татгалзлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэр гарах үүрэгтэй.

Харин анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.А- нь 2019 оны 10 сарын 21-ний өдөр байгууллагын захиргаанд гаргасан тодорхойлолт гэх баримтад гаргасан сахилгын зөрчлийн талаар тайлбар гаргаж, ажлаас халахаас өөр төрлийн сахилгын шийтгэл оногдуулахыг хүсч байжээ. Харин үүнээс хойш 10 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын захиргаанд гаргасан өргөдөлдөө ...ажлаас чөлөөлөгдөх шалтгааныг маань өөрийн хүсэлтээр болгож өөрчилж өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл гаргаж байжээ.

Үйлдвэрийн захиргаа сахилгын зөрчил гаргасан /Н.А-гаас хөнгөн/ бусад ажилчдад сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд Н.А-д сахилгын шийтгэл оногдуулаагүй байхад  тэрээр “цаашдын ажил хөдөлмөр эрхлэхэд сөргөөр нөлөөлнө” гэдэг үндэслэлээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна  гэж ойлгогдохоор байна. 

Мөн хэрэгт гэрч Т.П- энэ талаар “А- нь ...өөрийн хүсэлтээр ажлаас гарах нь дээр ч юм уу гэж байсан... гэх мэдүүлэг авагдсан байгаа нь Н.А- өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зоригтой байсныг гэрчилж байна гэж үзнэ.

Харин байгууллагын зүгээс дарамт шахалт үзүүлсэн, албадан хавчсан иймд өөрийн хүсэл зоргын эсрэг өргөдөл хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А-гийн хариуцагч “Д- Т- Ү-” ХК-д холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд төлсөн 134.950 төгрөгийг, төрийн сангийн  орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                    

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                       ШҮҮГЧИД                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ