Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01252/и

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ аймаг, ........ сум, ......... баг, ............ гудамж, ....... тоотод оршин суух С овогт Н-ийн А /РД:............./-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймаг, ........... сум, ............ багт байрлах “ДТҮ” ХК-д холбогдох,

 

"Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, Д.Эрдэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДТҮ-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1161 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 30-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны цалин сарын 1,030,000 төгрөг, нийт 3,090,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Н.А- анх 2017 оны 08 дугаар сараас тус үйлдвэрт ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын болон ёс суртахууны хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 10-р сарын 18-ны өдөр хуулийн хэлтсээс уурхай дээр нь очиж тооцоологч нарын ажлыг шалгасан байдаг. Энэ шалгалтын үр дүнгээр ажилд ирээгүй хүний цагийг бүртгэсэн гэдэг үндэслэлээр ажлаас халах асуудал яригдсан байдаг. Ингээд өнөөдрийн шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцож буй Б.Ц- энэ асуудалтай холбоотой тодорхойлолт бичиж өг гэж хэд хэдэн бичвэрүүдийг бичүүлж авч “чамайг алдаа дутагдал гаргасан учраас ажлаас чөлөөлнө” гэсэн асуудлыг ярьсан байдаг. Алдаа дутагдал гээд байгаа зүйл ямар байдлаар хэрхэн тогтоогдож, үүнтэй холбоотой ажил олгогч ямар баримтад үндэслэж, алдаа гаргасан гэж үзсэн, түүнтэй холбоотой ямар тушаал шийдвэр гаргах гэж байгаа нь тодорхойгүй байдаг. Зөвхөн чамайг зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлнө гэсэн асуудал ярьж, ажилгүй болж байгаа хүний сэтгэл зүйд нь нөлөөлж, чи алдаа дутагдал гаргаж ажлаас халагдсан гэвэл дараа дараагийн чинь ажилд муугаар нөлөөлнө гэдэг байдлаар ятгаж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичиг хийлгэж аваад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлж 1161 тоот тушаал гаргасан. Тухайн тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39.2 дахь заалт, Компанийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг баримталж Н.А-г өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг агуулгаар тушаал гаргасан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэхээс дуусгавар болох хүртэлх бүх харилцаа уг хуулиар зохицуулагдах ёстой. Хариуцагч Н.А- зөрчил гаргасан гэдгийг нотлох гэж оролдсон, гэрчүүдийн мэдүүлэг авахуулсан. Бидний маргаад байгаа тушаал өөрийн хүсэлт байгаагүй, хүсэлт гэдэг нь өөрийн сайн дурын үндсэн дээр ямар нэгэн шахалт дарамт, гадны нөлөөгүй чөлөөт байдлаар гаргасан хүсэлт байх ёстой. Ийм чөлөөт байдлаар хүсэлтээ гаргаагүй, дарамт шахалтад орж хүсэлт гаргасан гэдэг утгаар 1161 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн татгалзал Н.А-г зөрчил гаргасан гэдэг утгаар татгалзлаа нотлох арга хэмжээг авч тайлбар шүүхэд гаргаж өгсөн байдаг. Хэрэв зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж тушаал гаргах байсан. Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад 38.1.1-д зааснаар Н.А- өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй, 1161 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хүний үндсэн эрхэд хуульд заагаагүй ямар нэгэн үндэслэлээр хуулиас гадуур халдах эрх байхгүй гэж байдаг. Тийм учраас Н.А- өөрөө ямар нэгэн байдлаар энэ ажлаас гаръя гэсэн хүсэл зориг байгаагүй учраас 38.1.1-д зааснаар буюу өөрийн хүсэлтээр гарсан гэсэн үндэслэлийг үгүйсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/1161 дугаартай тушаалыг хүчингүй болгож, туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3,090,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “ДТҮ” ХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн хууль хариуцсан нэгжээс Төмөртолгойн уурхайд цаг ашиглалттай холбоотой шалгалт хийхэд тус уурхайн туслах тооцоочин Н.А- нь Хөдөлмөрийн гэрээ болон Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой эөрчиж "ДТҮ” ХК-ийн ажилтнуудын цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтад хяналт тавих журам”-ын 2.6-д заасан эрхээ хэтрүүлэн өөрийн гарын хуруунууддаа өөрөөсөө гадна 3 хүнийг таниулан цагийн бүртгэлийн төхөөрөмжид уншуулж ажлын цагийг оруулан компанийг хохироосон үйлдэл гаргасан нь Н.А-ийн өөрийн болон түүний хамт ажилладаг Ж.Б-, Х.Б-, Т.П-, Б.Б- нарын тодорхойлолтоор тогтоогдсон. Миний бие "ДТҮ” ХК-ийн ахлах хуульчийн хувьд зөрчил гаргасан ажилтан Н.А-г дуудаж уулзахад өөрийн буруугаа хүлээж байсан бөгөөд хэд хоногийн дараа халагдах тушаал гарахын өмнө дахин гуйж ажлаас халахгүйгээр цалингийн арга хэмжээ авч өгөхийг хүсч байсан. Дээрх үйл баримтаас харахад Н.А- нь Компанийн хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилсан.

Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт тухайн ажлын байранд ажиллах хугацаандаа ажлын болон ёс суртахууны хувьд алдаа дутагдал гаргасан удаа байхгүй гэж дурдсан. Н.А- нь туслах тооцоочноор ажиллаж байх хугацаандаа ажлын байранд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 2018 оны 11-р сарын 07-ны өдөр 1669 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн компанийн дотоод журмын 9.7-д компанийн бүх ажилтнууд эрхэлсэн ажлын хүрээнд компанийн өмч хөрөнгийг хамгаалж ашиглалтын хугацааг уртасгах, хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх талаар санаачлагатай ажиллана. Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам удирдлагын шийдвэрийг чанд мөрдөх, 4.2.3-т өөрийн ажил үүргийг үнэнчээр гүйцэтгэх зэрэг заалтуудыг Н.А- зөрчсөн. Хэдийгээр ийм үйлдэл гаргасан боловч Н.А-гийн удаа дараагийн өөрийнх нь бичиж өгсөн хүсэлтийн дагуу хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан. Тийм учраас ДТҮ ХК-ийн 2019 оны 10-р сарын 30-ны өдрийн Б/1161 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.А- нь “ДТҮ” ХК-д холбогдуулан туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 3,090,000 төгрөгийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нэхэмжлэлийн үндэслэлээ “...нэхэмжлэгч Н.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтны санаачилгаар түүний хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч Н.А- нь ажил олгогчийн шахалтаар хүсэлтийг бичиж өгсөн, нөгөө талаас хариуцагч тал Н.А-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэлд хамаарахгүй байгаа тул тушаал хууль зүйн үндэслэлгүй...” гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “...Н.А- нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасны дагуу ажлаас халах шийдвэр гаргах үед удаа дараа хүсэлт тавьж, дараагийн ажилд ороход хэрэгтэй, залуу хүн гэдэг утгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг өөрийн хүсэлтээр болгон өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу ажилтны эрх зүйн байдлыг бодож, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд тус тушаал хууль зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Н.А- нь “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 257/01 тоот “Ажилд авах тухай” тушаалаар пүүлэгчээр ажилд орж, улмаар 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 494 тоот тушаалаар тус компанийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст туслах тооцоочноор томилогдсон, ажиллаж байсан хэлтсийн нэр Санхүү, эдийн засгийн хэлтэс болон өөрчлөгдсөн үндэслэлээр 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 388/А тушаалаар тус хэлтэст туслах тооцоочноор томилсон тушаал гарч, хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр шинэчлэн байгуулсан болох нь хэрэгт авагдсан №А 0709067 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №Гэ3176 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт нэхэмжлэгч Н.А-г туслах тооцоочноор томилсон 494, 388/А дугаартай тушаалууд авагдаагүй боловч нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт дээр талууд маргаангүй тул энэ тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагагүй гэсэн болно.

 

Тус компанийн Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/1161 дугаартай “Н.А-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, “ДТҮ” ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12.9 дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоор журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Н.А-гийн өргөдлийг тус тус үндэслэн туслах тооцоочин Н.А- нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2019 оны 10 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Дээрх тушаалын үндэслэл болсон Н.А-гийн 2019 оны 10 сарын 28-ны өдөр компанид гаргаж байсан өргөдөл хэрэгт авагдсан бөгөөд тус өргөдөлд “миний бие өөрийн эрхэлж буй албан тушаалын байрны хориглосон заалтыг зөрчин бусдын цагийг дарсан тул үйлдвэрийн дотоод журмыг зөрчиж ажлаас чөлөөлөгдөж байна. Энэ нь 8.4.12 буюу албан тушаалаа урвуулан ашигласан. Иймд миний дараа дараагийн алхамд минь сөргөөр нөлөөлөх магадлалтай учир ажлаас чөлөөлөгдөж байгаа шалтгааныг минь өөрийн хүсэлтээр болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

Мөн Н.А- нь 2019 оны 10 сарын 21-ний өдөр тус компанид “...өөрийн гаргасан энэхүү алдаагаа ухамсарлан дахин ийм алдаа гаргахгүй байхыг туйлаас ойлгож, гэмшиж байгаа тул надад тооцох хариуцлагыг /ажлын байрнаас минь чөлөөлөх/ халахаас өөр шийтгэлээр хүлээлгэж өгнө үү... Надад ганцхан удаа боломж болон итгэл үзүүлээд ажлын байрыг минь хэвээр нь үлдээгээч” гэсэн өргөдлийг гаргаж байсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч Н.А- нь Хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчин эрхээ хэтрүүлэн өөрийн гарын хуруунууддаа өөрөөсөө гадна 3 хүнийг таниулан цагийн бүртгэлийн төхөөрөмжид уншуулж ажлын цагийг оруулан компанийг хохироосон үйлдэл гаргасан нь тогтоогдсон, хэд хоногийн дараа халагдах тушаал гарахын өмнө дахин өрөөнд орж ирж, ажлаас халахгүйгээр цалингийн арга хэмжээ авч өгөхийг хүсч байсан” гэжээ.   

 

Дээр дурдсан нэхэмжлэгч Н.А-гийн “ДТҮ” ХК-д гаргаж байсан өргөдөл, тодорхойлолт, хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Н.А-г өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан буюу хүсэлт гаргасан үндэслэлээр цуцалж болохоор заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ”ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно”, 39.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн заалтаас харахад ажилтны өргөдөл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цааш үргэлжүүлэхгүй тухай түүний сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байх учиртай.

 Гэтэл хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.А-гийн компанид гаргаж байсан өргөдөл, тодорхойлолтууд болон хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс дүгнэхэд хөдөлмөрийн гэрээг дан ганц ажилтны санаачилгаар цуцлах хүсэл зориг байгаагүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Н.А- нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар байсан, Н.А- нь өөрийн гаргасан зөрчил, буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гуйлтаар дараагийнх нь ажилд орох зэрэг эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалаа гаргасан” гэх тайлбар нь дээрх хуульд заасан агуулгатай нийцэхгүй байна.

Мөн Н.А-г дээрх тайлбарт дурдсан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах талаар шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл болон бусад баримтууд хэрэгт авагдаагүй байхад ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах байсан, энэ үед ажилтан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасныг ажил олгогчийн зүгээс ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг сонгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ж.Б-, Х.Б-, Т.П-, Б.Б- нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд энэхүү мэдүүлгүүдээр  нэхэмжлэгч Н.А-гийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдал нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1161 дугаартай “Н.А-гийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.А-г тус компанийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Н.А-гийн сарын үндсэн цалин 1,030,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан 2019 оны 05 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, “ДТҮ-” ХК-ийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 3-2/142 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3,090,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч Н.А-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн тушаал нь 2019 оны 10 сарын 30-ны өдөр гарсан бөгөөд мөн өдрөөр тасалбар болгон холбогдох тооцоо хийхийг даалгажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т тус тус зааснаар 2019 оны 10 сарын 30-ны өдрийг Н.А-гийн ажлаас халагдсан өдөр гэж тооцож, энэ өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааг тоолох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Н.А-гийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг тооцоход 50,423 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс нь 1,084,101 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 1,084,101/21,5=50,423 төгрөг/ гэж тооцож, ажилгүй байсан нийт 65 хоногийн хугацааны цалинд 3,277,495 төгрөг ногдохоор байгаа боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 3,090,000 төгрөг гэж тодорхойлж ирүүлсэн байх тул энэхүү шаардлагын хэмжээгээр олговрыг тооцож, хариуцагч “ДТҮ” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Н.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн   69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.А-г “ДТҮ” ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ДТҮ” ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох 3,090,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгосугай.          

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “ДТҮ” ХК-д даалгасугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ДТҮ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,590 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор             Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ОЮУНЦЭЦЭГ