Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0863

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэл гаргагч: Ш ХХК /РД:***/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Хот тохижилтын газар ОНӨААТҮГ

Гуравдагч этгээд: Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ө, гуравдагч этгээд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, өмгөөлөгч А.Н, иргэдийн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн*** тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 1136 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа.

Энэхүү газарт үйлчилгээний зориулалтаар холимог карказан бүтэцтэй 25 давхар барилгын барихаар 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар батлуулан улмаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас Техникийн нөхцөлийг тус тус аваад байсан юм.

Гэвч Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаниас тухайн барилгыг барихад одоогоор төвлөрсөн дулаанаар хангах боломж бүрдээгүй, дулааны шинэ эх үүсвэр баригдаж дулаан үйлдвэрлэл нэмэгдэх хүртэлх хугацаанд техникийн хувьд хүндрэлтэй тул төлөвлөж буй барилгыг дулааны шинэ эх үүсвэртэй уялдуулахыг зөвлөсөн хариуг манайд ирүүлсэн. Энэхүү шалтгааны улмаас барилгын ажил хүлээгдэж улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн*** тоот захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгуулсан.

Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулснаас хойш тухайн газарт хашааг буулган шинэчилж үйл ажиллагаа явуулах гэсэн боловч С ХХК-ийн 1 талт 3 ширхэг тулгуурт байгууламжийг хууль зөрчин эзэмшиж уг байгууламжийн тал хэсэг нь манай эзэмшлийн газарт байршиж, хашааг буулгах, шинэчлэх, үйл ажиллагаа явуулахад саад болж байсан юм.

Энэхүү асуудлаар манай компани нь С ХХК, Улаанбаатар хотын захирагчийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэгт удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг самбарыг буулгаагүй байна.

Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэл байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн заалт нь газрыг зориулалтаар 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм .

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт бусдын буруутай үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй байх нөхцөл байдал хамаарахаар Улсын дээд шүүхийн 2006 оны Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид дурдсан байдаг. Нийслэлийн Засаг дарга манай компани өөрийн эзэмшлийн газрыг ямар үндэслэлээр 2 жилийн хугацаанд ашиглаагүй талаарх нөхцөл байдлыг судалж үзэлгүй өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн нийслэлийн Засаг дарга 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *** дугаар захирамжийг гаргасан тухай Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа мэдэгдээгүй бөгөөд манай компанийн хувьд газрын төлбөрийн тооцоо нийлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр очихдоо мэдэж улмаар хуулбарлан авсан болно. Иймээс 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс тоолох үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий 2 захирамжийг гаргаж, тус захирамжуудаар Нийслэлийн хөрөнгөөр буюу нэг захирамжид хавтас хэргийн 114 дүгээр талд 200,000,000 төгрөгөөр, мөн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай өөр нэг захирамжаар 543,900,000 төгрөгөөр уг төслийг гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, төслийг санхүүжүүлэх эрхийг нээхийг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус зөвшөөрсөн байдаг.

Мөн дээрх захирамжийн хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан.

Дээрх эрх шилжүүлэх тухай захирамжийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай НЗДТГ ***-1 дүгээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хэрэгжүүлэх*** зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, төслийн ажлыг гүйцэтгэж дууссан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буюу шүүхийн шатанд хянагдаж байхад хариуцагч дээрх төслийн ажлыг хууль бусаар зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого гэж хардахаар байна.

Хариуцагчийн дээрх үйлдлээс болж, хэрвээ шүүх нэхэмжлэгч Ш ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн тохиолдолд хуулийн дагуу эзэмших эрхтэй газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад саад учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасанчлан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захиргааны акт нь 2 янзаар гарсан байдаг нь хэрэгт авагдсан. Уг актын 1 дүгээр зүйлд зааснаар уг төслийг гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгосон ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна гэж заасан бөгөөд уг зүйлийн 7.1.1-7.1.14-д заасан журмуудыг алийг нь ч хэрэглэлгүй шууд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэхээр захирамж гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Маргаан бүхий захиргааны актын 3 дугаар заалтаар хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 75 дугаар зүйлийн 75.1, 77 дугаар зүйлийн 77.3-т заасанд нийцээгүй, хуулиар олгосон эрх хэмжээгүй этгээд буюу Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон тэргүүлэгчдийн эрх хэмжээг хэрэгжүүлсэн, өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар тус захиргааны актуудыг гаргасан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий 2 захирамжуудын 3 дугаар заалтаар хөрөнгө эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан нь дээрх 2 захирамжийг гаргах гол үндэслэл болсон байх тул захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий 2 захирамжуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш ХХК нь Сүхбаатар 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын *** дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар 1116 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан байна .

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар Ш ХХК-ийн эзэмшлийн Газрын талбайн хэмжээг нэмж 1136 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар тус газрын хугацааг сунгаж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Ш ХХК-ийн Газар эзэмших эрх 2012 онд үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Газраа зориулалтын дагуу ашиглаагүй мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэж заасныг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр захирамжаар Ш ХХК-ийн эзэмшлийн 1136 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тус захирамж гарахаас өмнө иргэн Ш ХХК-д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчингүй болох үндэслэл бий болсон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн мөн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжийг Ш ХХК-д Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ***0 тоот албан бичгээр тус тус хүргүүлж хуулийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Иймд мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. гэв.

Гуравдагч этгээд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хэрэгжүүлсэн *** зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан. Дээрх ажлын захиалагч болох Нийслэлийн засаг даргын тамгын газартай Нийслэлийн засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай захирамжийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр НЗДТГ-ын ***-1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 519.762.990 /таван зуун арван есөн сая долоон зуун жаран хоёр мянга есөн зуун ерэн/ төгрөгийн ажлыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу чанартай гүйцэтгэснээр 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан.

Иймд*** зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтийн ая тухтай амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий бүтээн байгуулалтын ажил дууссан. Тендертэй холбоотой асуудал нь энэ хэрэг маргаанд огт хамааралгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компанид Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн *** дүгээр захирамжаар Ш ХХК нь эзэмшлийн газрын талбайн хэмжээг нэмж 1136 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар тус газрын хугацааг сунгаж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Олон жилийн хугацаанд Ш ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын *** дүгээр захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх 549,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй*** зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил / СБД, 1 дүгээр хороог төсөл арга хэмжээг дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг манай газарт даалгасан. Захирамжийн дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ирүүлсэн 519,8 сая төгрөгийн өртөгтэй шинээр бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэх асуудлыг зохион байгуулахаар манай газраас ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны *** дугаар захирамжийн хүрээнд шинээр бий болсон 519,8 сая төгрөгийн өртөгтэй нийтийн эзэмшлийн эд хөрөнгө нь Нийслэлийн өмч юм.

Иймд Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хянан хэлэлцэхдээ нийслэлийн өмч буюу өмчлөгчийн эрх ашиг хангагдаж байгаа асуудлыг хянаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын буруу, хариуцагч талын зөв гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-иас тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт хийсэн үзлэг зэрэг баримтуудад үнэлэлт өгч, нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр[1] захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ш ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч компани тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэгч Ш ХХК нь нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар[2] захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын *** дугаартай 1116 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг Зт ХХК-иас шилжүүлэн авч, нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар[3] захирамжаар эзэмшлийн газрын хэмжээг 1136 м.кв болгон нэмэгдүүлж, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар[4] захирамжаар Ш ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгуулсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 оны*** дугаар[5] албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн 2017-2019 оны маргаан бүхий газрын сансрын фото зураг болон маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Ш ХХК нь маргаан бүхий газарт 2017-2019 оны хугацаанд суурийн зориулалттай гэх нүх ухаж, хашаа барьснаас өөрөөр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдож байна.

Улаанбаатар хотыг ерөнхий менежерийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/260 дугаар[6] тушаалаар маргаан бүхий газарт Мэтис ХХК, Сипимедиа ХХК-д гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгосон боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02-07-108/356 дугаар[7] дүгнэлтээр маргаан бүхий газарт байршиж байгаа сурталчилгааны самбаруудыг яаралтай буулгахыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд даалгаж, Ш ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 09, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд өөрийн эзэмшил газарт зар сурталчилгааны самбар байрлуулсан талаар гомдол, хүсэлт гаргаж байжээ.

Хэдийгээр маргаан бүхий газарт дээр дурдсан зар сурталчилгааны самбар байрлуулсан зөрчил байсан боловч Ш ХХК нь нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Зт ХХК-ийн батлуулсан Архитектур төлөвлөлтийн даалгавар[8]-ийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй.

Хариуцагчаас Ш ХХК-д Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар[9] албан бичгээр Ш ХХК-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдэн энэ асуудалтай холбоотой тайлбар, санал, тодруулга ирүүлэхийг, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн ***0 дугаар[10] албан бичгээр нийслэлийн Засаг даргын 149 дүгээр захирамж хүчингүй болсныг тус тус мэдэгдсэн байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасанд нийцсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Ш ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар[11] захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр*** зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлын төслийг /маргаан бүхий газарт/ гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, төслийг санхүүжүүлэх эрхийг нээхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст, төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан.

Дээрх захирамжийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хэрэгжүүлэх*** зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх НЗДТГ ***-1 дүгээр[12] гэрээг байгуулж, *** дүгээр[13] тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар[14], ЗТ-40/2020 дугаар[15] Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр төслийн ажлыг гүйцэтгэж дууссан.

Нэхэмжлэгчээс энэхүү нийслэлийн Засаг даргын *** дугаар захирамжийг 2 өөрөөр гарсан гэж маргаж байгаа боловч уг захирамжаар батлагдсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Нийслэлийн өмчийн удирдлагын газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/303 дугаар[16] албан бичгээр Нийслэлийн өмчид бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсний дагуу тус дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн *** дугаар[17] тушаалаар нийслэлийн өмчид бүртгэсэн нь илэрхий болжээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9/36 дугаар[18] тогтоолыг хэрэгжүүлэх, өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд харьяа хэлтэс газрууддаа үүрэг чиглэл өгч, эрх олгосон нь дотогшоо чиглэсэн акт буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгч Ш ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 

[1] 1-р хавтасны 7 дахь тал

[2] 1-р хавтасны 127 дахь тал

[3] 1-р хавтасны 44 дэх тал

[4] 1-р хавтасны 43 дахь тал

[5] 2-р хавтасны 16 дахь тал

[6] 2-р хавтасны 153 дахь тал

[7] 2-р хавтасны 208 дахь тал

[8] 1-р хавтасны 16 дахь тал

[9] 1-р хавтасны 97 дахь тал

[10] 1-р хавтасны 98 дахь тал

[11] 2-р хавтасны 172 дахь тал

[12] 2-р хавтасны 176 дахь тал

[13] 1-р хавтасны 75 дахь тал

[14] 1-р хавтасны 100 дахь тал

[15] 2-р хавтасны 173 дахь тал

[16] 2-р хавтасны 166 дахь тал

[17] 2-р хавтасны 163 дахь тал

[18] 2-р хавтасны 210 дахь тал