Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0251

 

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0251

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

      “Ш ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Ш ц” ХХК

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар

Гуравдагч этгээд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 863 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, С.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0283/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ш ц” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 863 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ш ц” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Ц нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1...Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Хэдийгээр маргаан бүхий газарт дээр дурдсан зар сурталчилгааны самбар байрлуулсан зөрчил байсан боловч “Ш ц” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдөр “З и” ХХК-ийн батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна” гэж дүгнэлт өгсөн атлаа ямар үндэслэлээр тухайн зөрчил нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй талаарх нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй байна.

3.2.Харин нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэн, улмаар маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

3.3.Маргаан бүхий захиргааны акт нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/453 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгуулсан захирамжийг хүчингүй болгосон акт бөгөөд ийнхүү хүчингүй болгосон үндэслэл нь 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл бус харин тухайн захирамж гарснаас хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон болно. Энэ нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Мөн 2012 оны захирамжийн хүрээнд хуулийн дагуу газар эзэмшиж байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй газрыг ашиглаагүй, бусад ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийг сунгахгүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын өмнөх актад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

3.4.Маргаан бүхий захиргааны актаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/453 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул анхан шатны шүүх өмнөх захирамж олгосноос хойш үйл ажиллагаа явуулсан эсэх дээр ямар нэгэн дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй юм.

3.5.Гэтэл шүүх маргаан бүхий захиргааны актын хэмжээнд нотлох баримт, хэргийн нөхцөл байдлын бодитой үнэлэлгүй 2012 онд газар олгосон захирамжийн хүрээнд газрыг зохих журмын дагуу ашигласан эсэх дээр дүгнэлт өгч, улмаар 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/453 тоот захирамжийг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

3.6.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Ш ц” ХХК-ийг эзэмшиж буй газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нөхцөл байдлыг тогтоож, маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцсэн эсэх, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдач нөхцөл хангагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай юм.

3.7.“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт бусдын буруутай үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй байх нөхцөл байдал хамаарахаар Улсын дээд шүүхийн 2006 оны Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид тайлбарласан байдаг.

3.8.Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/260 дугаар тушаалаар “Ш ц” ХХК-ийн эзэмшил бүхий газарт “М” ХХК, “С” ХХК нарт зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг олгосон байна.

3.9.Энэхүү сурталчилгааны байгууламж бариулах зөвшөөрөл компани тус бүр 60 м.кв талбайтай байгууламж бариулах зөвшөөрөл бөгөөд нийт 120 м.кв талбай бүхий газарт зөвшөөрөл олгож, улмаар сурталчилгааны байгууламж барьснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотолж байхад шүүх ямар үндэслэлээр энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэн нь тодорхойгүй байна.

3.4.Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/260 тоот тушаалаар сурталчилгааны самбарыг эзэмшил бүхий газартай давхцуулан олгосноор “Б М” ХХК-тай байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ” хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд орсон нь тухайн компанийн албан бичгээр нотлогдож байдаг бөгөөд “М” ХХК, “С” ХХК нарт сурталчилгааны самбарыг байршуулах зөвшөөрөл олгохоос өмнө тухай сурталчилгааны байгууламжийг барьсан нь мөн нотлогдож байгаа.

3.5.Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3.6.2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/882 дугаар “Эрх шилжүүлэх тухай” нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...дотогшоо чиглэсэн акт буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж дүгнэн, улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.7.Тухайн акт нь гадагш чиглэсэн бөгөөд тухайн шийдвэрийн үйлчлэл нь байгууллагын дотоод харилцааны хүрээнд хамаарах (дотогш) бус, харин гуравдагч этгээдэд буюу тусдаа хуулийн этгээдэд чиглэж байгаа бөгөөд шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий газарт тохижилт хийх эрхийг шилжүүлж байгаа нь “Ш ц” ХХК-ийн хувьд эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа захиргааны акт болно.

Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг дарга өөрийн эрхийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т буюу өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн энэхүү нөхцөл байдлыг дотогш чиглэсэн захиргааны акт буюу захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

3.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Т.А бид анхан шатны шүүх хуралдааныг эхлэх үед нэхэмжлэлийн нэмэгдүүлэн шаардлага гаргах боломжоор хангах хүсэлтийг гаргасан боловч энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж багасгах эрхтэй бөгөөд шүүхээс энэхүү эрхийг хязгаарлах, уг боломжийг олгохгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй.

3.9.Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хамтад шийдвэрлэх хуулийн боломжийг олгоогүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Шийдвэрт дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

1.“Ш ц” ХХК-д анх нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжаар одоогийн маргаан бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлснээс хойш 8 гаруй жилийн турш дутуу ухсан газар шорооны ажлаас өөр үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэснээс гадна одоогийн бодит байдалд тухайн газарт иж бүрэн тохижилтын ажил хийгдэж, нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглагдаж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт болно.

2.Нэхэмжлэгчээс өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх үндэслэлээ “М” ХХК, “С” ХХК-иудад зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгосноос, уг компаниуд эзэмшил газрынх нь 120 м.кв талбайг хамарсан газарт зар сурталчилгааны самбар байрлуулснаас шалтгаалсан гэх боловч энэ нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга барихад саад учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй, учир нь самбарыг тухайн үед нэхэмжлэгчийн эзэмшил газрын хилийн заагаар хашаалсан хашааг дагуулан дээгүүр нь байрлуулсан, харин самбарын аюулгүй байдлыг хангаж, нэмэлт тулгуур хөлүүд суурилуулсан болох нь хэрэгт авагдсан фото зургаас харагдах боловч тэдгээр хөлнүүдийг үйл ажиллагаа явуулахад шууд нөлөөлсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл барилгажих талбайн хэсэгт самбар байрлуулаагүй байх тул дээрх нөхцөл байдлыг газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй, хэрэгт авагдсан баримтаар ч гомдлын үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна.

3.Цаг хугацааны хувьд маргаан бүхий газрын анхны эзэмшигч “З и” ХХК-д олгогдсон 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаварт заасны дагуу нэхэмжлэгч уг конторын барилгыг бариагүй, гэтэл нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын гол үндэслэл болох зар сурталчилгааны самбар барих зөвшөөрөл 2018 онд гарсан байгаагаас үзэхэд 2012 он, эсхүл газрын эрхийг сунгасан 2017 оны аль алинаас нь тооцоход маргаан бүхий захирамж гаргах хүртэл газраа зориулалтын дагуу хүндэтгэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзнэ.

Түүнчлэн тухайн үед барилга баригдаагүй нэг шалтгаанаа “У д с” ХК-иас нэхэмжлэгчид хүргүүлсэн “…төлөвлөж буй барилгыг дулаанаар хангах боломж техникийн хүчин чадлын хувьд бүрдээгүй…” гэх хариу нь 2012 оных болохыг тэмдэглэх нь зүйтэй.

4.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаартай 2 захирамжаар маргаан бүхий газарт тохижилтын ажлыг анх 200.0 сая төгрөгөөр, улмаар нийт 549.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх эрх нээхийг холбогдох хэлтэст зөвшөөрсөн байх бөгөөд эдгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 829 дүгээр захирамжаар хэвээр үлдээсэн, өөрөөр хэлбэл холбогдох захирамжуудыг захиргааны акт биш дүгнээгүй байна.

5.Зохицуулалтын хувьд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, улмаар санхүүжилтийн үр дүнд буй болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахтай холбоотой захирамжийн хүрээнд хийгдсэн тохижилтын ажил одоогийн маргаж буй, өмнө нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай бүхэлдээ давхцаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид шууд чиглээгүй ч, захиргааны акт биш гэж дүгнэх нь хангалтгүй.  

6.Гэхдээ нэхэмжлэгч өөрт эзэмшүүлсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүйгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөлийг бүрдүүлсэн, мөн энэ үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбогдуулан тухайн газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах зорилгоор тохижилтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэсэн нь агуулгаараа гадагш чиглэсэн, тодорхой үр дагавар үүсгэжээ.

7.Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “…эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах”, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “…төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлэх” хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт тохижилтын ажил хийх санхүүжилтийг ийнхүү шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

8..Гомдолд дурдсанчлан дээрх захирамжуудыг “шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд гаргасан” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцож болохгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдолд энэ үндэслэл хамаарахгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2020 оны А/149 дүгээр захирамжийн биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түдгэлзүүлээгүй, иймд маргаан бүхий газарт хууль тогтоомжид нийцүүлэн дараа дараагийн шийдвэр гаргах нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 863 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан “Ш ц” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар нэг огноо, дугаар бүхий 2 захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН