Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

“Н- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.С-, О.П- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 178 015 500.33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А-, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах, зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н- ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч О.П-, Н.С- нарт 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 65 000 000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар дээрх гэрээг сунгах хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж зээлийн гэрээг нэмэлт өөрчлөлт оруулах, зээлийн гэрээг дахин 6 сараар сунгасан. Мөн дахин зээлийн болон барьцааны гэрээ сунгах хүсэлт гаргаж 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээг дахин 2 сараар сунгаж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээлийн болон барьцааны гэрээг тус тус сунгасан. Зээлдэгч нар 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 жил 10 сар 09 хоногийн хугацаанд 65 000 000 төгрөгийн зээлд 152 750 000 төгрөгийн хүү, 18 438 333.33 нэмэгдүүлсэн хүү төлөхөөс 58 172 833 төгрөг зээлийн хүүд төлсөн. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 65 000 000 төгрөгийн зээл, төлсөн зээлийн хүүг хасаад 94 575 165 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү. нийтдээ 178 015 500.33 төгрөг төлөөгүй байна. Энэ хугацаанд зээлдэгч Н.С-, О.П- нар удаа дараа зээлийг төлөх шаардлага гаргасан боловч тогтоосон хугацаанд төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451, 452, 156, 157 дугаар заалтыг үндэслэж гэрээ байгуулсан. Одоо зээлдэгч Н.С-, О.П- нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 453, 158 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн эөөшөөрөхгүй байна. Хариуцагч нар н.Мянганбаярт зээл авч өгсөн. Зээлийг төлж чадахгүй байдал нь тогтоондоод Н.Мянганбаяртай удаа дараа уулзаж байсан. Зээлийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлийн дагуу зээлийн гэрээг 2 удаа сунгаж байсан. Нэгэнт зээлдэгч зээлийг төлөх боломжгүй болсон тул үүргээ гүйцэтгэх дарааллыг шүүхээс тусгайлан анхаарч үзэхийг хүсч байна. Анх зээлийг авснаас хойш 58 572 833 төгрөгийн хүү төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ" гэж заасан. Анхнаасаа зээлийг төлөх боломжгүй байдал тогтоогдсон байхад энэ ББСБ зээлийн төлөлтийг хүүд суутгаад үндсэн зээл рүү төлөлт ордоггүй байсан. Зээлийн гэрээний график зөрчигдсөн үеэс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулахыг хүсч байна. Анх 65 сая төгрөгийн зээл аваад нийт 233 орчим сая төгрөг буцаагаад төлж байна. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд үүрэг гүйцэтгэлийн дарааллыг өөрчилж өгнө үү. Хоёрдугаарт зээлийн график зөрчигдөөд зээлийн төлбөрийг гуравдагч этгээдийн   хөрөнгөөр хангуулах санал удаа дараа нэхэмжлэгчид хариуцагч талын зүгээс тавьсан. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16/18 тоот зээлийн график зөрчигдсөн тохиолдолд гуравдагч этгээд н.А-ын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдэг асуудал нэхэмжлэгч талаас тавьж байсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн гэрээг цуцлах үндэслэл нь ноцтой зөрчил гэсэн байна. Зээлийн гэрээний график зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцалж зээлдэгчийн хувьд зээлийн үүргийг шаардах ёстой гэсэн. Гэтэл хариуцагч нар зээлийн гэрээг төлөх чадваргүй нь тогтоогдсон байхад ББСБ зээлийн гэрээг цуцлах эрхтэй атлаа өнөөдөр хүртэл зээлийн гэрээг цуцлаагүй. Мэдэгдэл хүргүүлснээс хойш зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хүүг шаардах эрхгүй. Нэгэнт хүү төлөх чадваргүй нь тогтоогдоод өнөөдөр хүртэл зээлийн гэрээг цуцлаагүй. Талууд эрх үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нар зээлийг төлөөгүй, зээлийн гэрээг зөрчсөн нь тэдгээрийн буруу ч 65 000 000 төгрөгийн зээлээс 58 572 833 төгрөг төлсөн гэдгийг шүүх харгалзан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй, мөн зээлийн график зөрчигдсөнөөс хойш үүргийн гүйцэтгэлийн дарааллыг өөрчлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг хүлзэи зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний 1,2,5 дахь заалт Иргэний хуулийн 200-д заасан стандарт нөхцөл шинж агуулсан. Хууль зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус заалт гэж үзэж байна. Банк болон ББСБ-иас тавьж байгаа гэрээ бүгд стандарт нөхцөл байдалтай гэрээнүүд. Стандарт нөхцөл нь хууль зөрчсөн үү зөрчөөгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлд банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны зээлийн үйл ажиллагаанд тухайлбал Иргэний хуулийн 452.2-д "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ зргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заажболно..." гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 1.3-д шууд 20 хувьтай тэнцэх, өөрт ашигтайгаар тодруулсан нь зээлдэгч нарт хохиролтой шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тус хуулийн заалтыг үзэх бол 1-20 хувь хүртэл тооцно гэсэн. 1-20 хувь тооцохдоо Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалд хүү тооцох аргачлал байдаг. Зээлийн гэрээн дээр нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлал нь Монгол банкнаас гарсан тушаал зөрчигдсөн гэж үзэж байна. Хуулиар 1-20 хувь гэж байхад ББСБ шууд 20 гэж тогтоосон нь шударга бус, Иргэний хуулийн 202.1-д заасан гэрээний энэ заалт хариуцагч нарт үнэхээр хохиролтой тул энэ заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн бүрэн үндэслэлтэй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал стандарт гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Гэвч гэрээг 2 тал ярилцаж байгаад гэрээг байгуулсан. Зээлийн нэмэгдүүлсэн хүү бол зээлийн үүргийг хангуулах зорилгрор байдаг нэмэлт зохицуулалт. Нэмэгдүүлсэн хүү 20 хувь байх нь тооцоололтой. ББСБ ямар шалтгааны улмаас өндөр хүүтэй байдаг нь ББСБ-ын хөрөнгийн эх үүсвэр нь цэвэр өөрсдийнх нь хөрөнгө. Харилцагч нарын хадгаламжийн мөнгийг эргэлтэнд оруулж ашиг олдоггүй. Өөрсдөө эх үүсвэрээ бүрдүүлж зээл гаргадаг. Зээлдэгч нарын санхүүгийн сахилга бат муугаас болж ББСБ үйл ажиллагаа маш эрсдэлтэй. Жишээ нь 2015 онд гаргасан зээлийг өнөөдөр нэхэмжилжбайна. 4 жилийн хугацаанд ББСБ зардал маш их гардаг. Нөгөө талаас инфляци яригдана. Тухайн үеийн 6С сая төгрөг өнөөдөр хэдэн төгрөгтэй тэнцэх, энэ бүх тооцооллыг гаргаж үүргийн гүйцэтгэлийг гаргаж ирдэг. Санхүүгийн сахилга бат сайн бол ББСБ үйл ажиллагааны зардал бага гардаг. Үүнийг дагаад хүү нь бага байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг дахин дахин яриад байна. Зээл авсан хүмүүсийн төлсөн зээлийн хүүг бид ямар ч тохиолдолд өөр зүйл рүү шилжүүлэх боломжгүй. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцож байна. Үүнээс хойш хариуцагч нар ямар нэгэн төлөлт хийгээгүй. Төлүүлэх шаардлага удаа дараа тавьж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Н.С-, О.П- нараас зээлийн гэрээний үүрэгт 178 015 500.33 төгрөг гаргуулж “Н- ББСБ” ХХК /РД:5796954/-д олгож, 2015.05.22-ны өдрийн ЗГ1505005 дугаар зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 22222 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206025706 дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1 118 227 төгрөгийг гаргуулж “Н- ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1 118 227 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь дүгнэж чадалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрээс 88 015 500.33 төгрөгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 65 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар нэхэмжлэгчээс зээлж авсан ба зээлийн хугацаанд нийтдээ 58 172 833 төгрөгийн хүү болон үндсэн төлбөрт төлөөд байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан 178 015 500 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 58 172 833 төгрөг нийтдээ 236 188 333 төгрөгийг 65 000 000 төгрөгийн зээлэнд төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Тодруулбал, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон зээлийн үйл ажиллагааны явцад хариуцагч нь нар нь зээлийн мөнгийг өөрсдөө захиран зарцуулаагүй, н.Мянганбаяр гэх хүнд зээл авч өгсөн, хариуцагч нар нь зээл төлөх чадваргуй болох нь тогтоогдсон. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж хариуцагч нарын зүгээс зээлээ өөрсдөө аваагүй, зээл төлөх чадваргүй болохыг нэхэмжлэгч тал мэдсээр байж ашиг олох, хариуцагчийн нарын өмчлөлийн орон сууцыг төлбөртөө бүрэн тооцуулж авах зорилгоор зээлийн гэрээг 2 удаа сунгаж, улмаар 4 жилийн хугацаанд зээлийг төлүүлэхээр шүүхэд огт хандаагүй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч төлбөрийг график зөрчсөн, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан бол ноцтой зөрчилд тооцож зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээс зээлийг шаардахаар зохицуулсан. Зээлдэгч нарын зүгээс эхний зээлийн гэрээний хугацаа дуусахад нь зээлийг аваагүй тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдэж, төлбөр төлөх чадваргүй гэдгээ илэрхийлж зээл төлөлтийн график зөрчигдсөөр байхад нэхэмжлэгч талаас зээлийг сунгаж, улмаар зээлийг шаардаагүй нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16/018 дугаар албан бичиг хүргүүлсэн өдрөөс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэттэх дарааллыг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн төлбөрт тооцох үндэслэлтэй байна. Ийнхүү дээрх үндэслэлийн дагуу хариуцагчийн зүгээс 30 000 000 төгрөгийг төлөхөөр байгаа юм. Харин хариуцагчийн зүгээс аль аль талдаа шударга ёсны үүднээс 90 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй байгаа тул шүүхийн шийдвэрээс 88 015 500.33 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Н- ББСБ” ХХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 94 577 167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 438 333.33 төгрөг, нийт 178 015 500.33 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хэргийн 1-3, 135-136 дугаар тал/

            Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ЗГ1505005 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч 65 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувиар төлөхөөр тохиролцож, 6 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нар өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 22222 хаягт байрлах улсын бүртгэлийн Y-2206025706 дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээлдэгч нарын хүсэлтээр дээрх гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2 удаа сунгагдсан байна. /хэргийн 14-17 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ./хэргийн 9-13, 18-21 дүгээр тал/

 

Хариуцагч нар зээлийн хүүд 58 172 833 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээгээр тохиролцсон хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-т “Зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй, тогтоосон төлбөрийн графикийг 2 удаа зөрчсөн тохиолдолд уг зээлийн эрсдэлтэйд тооцож 14 хоногийн дотор зээл, хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулахыг зээлдүүлэгч сануулах ба энэ шаардлага биелэгдээгүй тохиолдолд ББСБ барьцаа хөрөнгийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдан борлуулж үндсэн зээлийн үлдэгдлээс гадна дуудлага худалдааны орлогоор зээл төлөгдөх өдөр хүртэл бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг гаргуулна.” гэж, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т “ББСБ зээлдэгчийн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний 1.2.2-т заасан зээлийн хугацаа болмогц зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар суутган авах эрхтэй. Зээлдэгчийн дансны үлдэгдэл нь тухайн хуваарьт төлбөр эсхүл энэ гэрээний нийт төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу ЗБ1505001 тоот Барьцааны гэрээнд тодорхойлсон эд хөрөнгийг ББСБ нь шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдан борлуулж үндсэн зээлийн үлдэгдлээс гадна дуудлага худалдааны орлогоор зээл төлөгдөх өдөр хүртэл бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг гүйцэтгүүлэх эрхтэй болно.” гэж тус тус зааснаар хариуцагч нар гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх  үүргээ зөрчиж, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэхэмжлэгч төлбөр төлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авахаар тохиролцжээ.

 

Гэтэл зээлдүүлэгч гэрээгээр тохиролцсон дээрх заалтуудыг хэрэгжүүлж, төлбөрийг барагдуулахтай холбоотой шаардлагатай ажиллагааг хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба зээлдэгч нар төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй, гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж, хэн аль нь гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ биелүүлээгүй буруутайгаас гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2 жил 8 сар 15 хоногийн дараа зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү буюу төлбөрийн хэмжээ ихсэхэд нөлөөлсөн байна.  

 

Тодруулбал, эрх зүйн харилцаанд оролцогч талууд хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн зохицуулалтыг талууд зөрчжээ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульчлан тогтоосон байна.

 

Шүүх хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дууссанаас буюу 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлсөн 12 022 833 төгрөгийг үндсэн зээл 65 000 000 төгрөгөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдэлийг 52 977 167 төгрөг гэж тооцолгүй, 58 172 833 төгрөгийг бүхэлд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн хүүгийн төлбөр гэж үзсэн нь буруу болжээ. Энэ талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, хэргийн 17 дугаар талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дуусч, зээлдэгч нар тус өдөр хүүгийн төлбөрт нийт 46 150 000 төгрөг төлөх байжээ. /хх-ийн 17 дугаар хуудас /

 

Дээрх байдлаас дүгнэвэл, хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 65 000 000 төгрөг зээлж, 58 172 833 төгрөг төлсөн болон төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд талууд гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ хэрэгжүүлээгүй буруутай зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд хариуцагч нарын зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 90 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 88 015 500.33 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Харин шүүхээс барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 22222 хаягт байрлах улсын бүртгэлийн Y-2206025706 дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Мөн нэмэгдүүлсэн хүү тооцсон гэрээний 1.2.5 дахь заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндэсн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй гэснийг зөрчөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй ба энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Давж заалдах шатны шүүх уг хэргийн үйл баримт, зээлийн эргэн төлөлтөд дээрх байдлаар эрх зүйн дүгнэлт хийснээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 90 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Н- ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 015 500.33 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “1 118 227” гэснийг “607 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                С.ЭНХТӨР