Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02163

 

 

2019 оны 10 сарын 11 өдөр                       Дугаар 183/ШШ2019/02163                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ... тоотод байрлах, Н ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...... тоотод оршин суух, Н /РД:........./

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, П /РД:........../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 178.015.500.33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын төлөөлөгч А , хариуцагчийн өмгөөлөгч О , нарийн бичгийн дарга Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах, зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н ХХК-ийн зүгээс зээлдэгч П , С  нарт 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 65,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар дээрх гэрээг сунгах хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж зээлийн гэрээг нэмэлт өөрчлөлт оруулах, зээлийн гэрээг дахин 6 сараар сунгасан. Мөн дахин зээлийн болон барьцааны гэрээ сунгах хүсэлт гаргаж 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээг дахин 2 сараар сунгаж 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээлийн болон барьцааны гэрээг тус тус сунгасан. Зээлдэгч нар 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 жил 10 сар 09 хоногийн хугацаанд 65,000,000 төгрөгийн зээлд 152,750,000 төгрөгийн хүү, 18,438,333.33 нэмэгдүүлсэн хүү төлөхөөс 58,172,833 төгрөг зээлийн хүүд төлсөн. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 65,000,000 төгрөгийн зээл, төлсөн зээлийн хүүг хасаад 94,575,165 төгрөгийн зээлийн хүү, 18,438,333.33 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийтдээ 178,015,500,33 төгрөг төлөөгүй байна. Энэ хугацаанд зээлдэгч С , П  нарт удаа дараа зээлийг төлөх шаардлага гаргасан боловч тогтоосон хугацаанд төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451, 452, 156, 157 заалтыг үндэслэж гэрээ байгуулсан. Одоо зээлдэгч С , П  нартай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг болон Иргэний хуулийн 453, 158 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар М зээл авч өгсөн. Зээлийг төлж чадахгүй байдал нь тогтоогдоод Май удаа дараа уулзаж байсан. Зээлийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлийн дагуу зээлийн гэрээг 2 удаа сунгаж байсан. Нэгэнт зээлдэгч зээлийг төлөх боломжгүй болсон тул үүргээ гүйцэтгэх дарааллыг шүүхээс тусгайлан анхаарч үзэхийг хүсч байна. Анх зээлийг авснаас хойш 58,572,833 төгрөгийн хүү төлсөн. Иргэний хуулийн 216.4-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Анхнаасаа зээлийг төлөх боломжгүй байдал тогтоогдсон байхад энэ ББСБ зээлийн төлөлтийг хүүд суутгаад үндсэн зээл рүү төлөлт ордоггүй байсан. Зээлийн гэрээний график зөрчигдсөн үеэс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулахыг хүсч байна. Анх 65 сая төгрөгийн зээл аваад нийт 233 орчим сая төрөг буцаагаад төлж байна. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй, иймд үүрэг гүйцэтгэлийн дарааллыг өөрчилж өгнө үү. Хоёрдугаарт зээлийн график зөрчигдөөд зээлийн төлбөрийг гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулах санал удаа дараа нэхэмжлэгчид хариуцагч талын зүгээс тавьсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 16/18 тоот зээлийн график зөрчигдсөн тохиолдолд гуравдагч этгээд Аын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдэг асуудал нэхэмжлэгч талаас тавьж байсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн гэрээг цуцлах үндэслэл нь ноцтой зөрчил гэсэн байна. Зээлийн гэрээний график зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцалж зээлдэгчийн хувьд зээлийн үүргийг шаардах ёстой гэсэн. Гэтэл хариуцагч нар зээлийн гэрээг төлөх чадваргүй нь тогтоогдсон байхад ББСБ зээлийн гэрээг цуцлах эрхтэй атлаа өнөөдөр хүртэл зээлийн гэрээг цуцлаагүй. Мэдэгдэл хүргүүлснээс хойш зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хүүг шаардах эрхгүй. Нэгэнт хүү төлөх чадваргүй нь тогтоогдоод өнөөдөр хүртэл зээлийн гэрээг цуцлаагүй. Талууд эрх үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нар зээлийг төлөөгүй, зээлийн гэрээг зөрчсөн нь тэдгээрийн буруу ч 65,000,000 төгрөгийн зээлээс 58,572,833 төгрөг төлсөн гэдгийг шүүх харгалзан 2016 оны 04 дүгээр сарын 20-ноос хойш хүү шаардах эрхгүй, мөн зээлийн график зөрчигдсөнөөс хойш үүргийн гүйцэтгэлийн дарааллыг өөрчлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний 1,2,5 дахь заалт Иргэний хуулийн 200-д заасан стандарт нөхцөл шинж агуулсан. Хууль зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус заалт гэж үзэж байна. Банк болон ББСБ-иас тавьж байгаа гэрээ бүгд стандарт нөхцөл байдалтай гэрээнүүд. Стандарт нөхцөл нь хууль зөрчсөн үү зөрчөөгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлд банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны, зээлийн үйл ажиллагаанд тухайлбал Иргэний хуулийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 1.3-д шууд 20 хувьтай тэнцэх, өөрт ашигтайгаар тодруулсан нь зээлдэгч нарт хохиролтой шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тус хуулийн заалтыг үзэх бол 1-20 хувь хүртэл тооцно гэсэн. 1-20 хувь тооцохдоо Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалд хүү тооцох аргачлал байдаг. Зээлийн гэрээн дээр нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлал нь Монгол банкнаас гарсан тушаал зөрчигдсөн гэж үзэж байна. Хуулиар 1-20 хувь гэж байхад ББСБ шууд 20 гэж тогтоосон нь шударга бус, Иргэний хуулийн 202.1-д заасан гэрээний энэ заалт хариуцагч нарт үнэхээр хохиролтой тул энэ заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн бүрэн үндэслэлтэй гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал стандарт гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Гэвч гэрээг 2 тал ярилцаж байгаад гэрээг байгуулсан. Зээлийн нэмэгдүүлсэн хүү бол зээлийн үүргийг хангуулах зорилгоор байдаг нэмэлт зохицуулалт. Нэмэгдүүлсэн хүү 20 хувь байх нь тооцоололтой. ББСБ ямар шалтгааны улмаас өндөр хүүтэй байдаг нь ББСБ-ын хөрөнгийн эх үүсвэр нь цэвэр өөрсдийнх нь хөрөнгө. Харилцагч нарын хадгаламжийн мөнгийг эргэлтэнд оруулж ашиг олдоггүй. Өөрсдөө эх үүсвэрээ бүрдүүлж зээл гаргадаг. Зээлдэгч нарын санхүүгийн сахилга бат муугаас болж ББСБ үйл ажиллагаа маш эрсдэлтэй. Жишээ нь 2015 онд гаргасан зээлийг өнөөдөр нэхэмжилж байна. 4 жилийн хугацаанд ББСБ зардал маш их гардаг. Нөгөө талаас инфляци яригдана. Тухайн үеийн 60 сая төгрөг өнөөдөр хэдэн төгрөгтэй тэнцэх, энэ бүх тооцооллыг гаргаж үүргийн гүйцэтгэлийг гаргаж ирдэг. Санхүүгийн сахилга бат сайн бол ББСБ үйл ажиллагааны зардал бага гардаг. Үүнийг дагаад хүү нь бага байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг дахин дахин яриад байна. Зээл авсан хүмүүсийн төлсөн зээлийн хүүг бид ямар ч тохиолдолд өөр зүйл рүү шилжүүлэх боломжгүй. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцож байна. Үүнээс хойш хариуцагч нар ямар нэгэн төлөлт хийгээгүй. Төлүүлэх шаардлага удаа дараа тавьж байсан гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх Н ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж, нэр бүхий хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Нэхэмжлэгч Н ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65.000.000 төгрөг, үндсэн хүү 94.577.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.438.333.33 төгрөг нийтдээ 178.015.500.33 төгрөгийг хариуцагч нараас шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн, харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн гэрээний үүрэгт 90,000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, улмаар нэмэгдүүлсэн хүү тооцсон гэх зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

 

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015.05.22-ны өдрийн ...........  дугаар зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үндсэн хүүг сарын 5%-иар, намэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувиар төлөхөөр тохиролцож, 65.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нар өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ........... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-...........  дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж 2015.05.22-ны өдөр ............ тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

 

 

 

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2015.11.22-нд дуусахаас өмнө зээлдэгч нар хугацааг сунгах хүсэлтийг гаргаж 2015.11.20-ны өдрийн ЗГН151101 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, гэрээний хугацааг 6 сараар сунгасан байх бөгөөд П , С  нараас зээл, барьцааны гэрээг дахин сунгах хүсэлт ирүүлсэнээр 2016.05.21-ний өдрийн ...... тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016.05.21-ний өдрийн ........... тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг дахин байгуулж, гэрээний хугацаа 2 сараар сунгагджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, зохигчдын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

 

 

Талуудын тайлбар, зээл, зээлийн хүү төлөлтийн тооцоолол зэргээс үзэхэд хариуцагч С , П  нар 2019.03.31-ний байдлаар зээлийн үндсэн хүү 152,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,438,333.33 төгрөг төлөх үүрэгтэй байсанаас зээлийн хүүд нийтдээ 58.172.833 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна.

 

 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 

 

Иймд Н ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 65.000.000 төгрөг, үндсэн хүү 94.577.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.438.333.33 төгрөг нийтдээ 178.015.500.33 төгрөгийг зээлдэгч С , П  нараас гаргуулж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ........... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-...........  дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016.07.21-ний өдөр дууссан, хариуцагч нарыг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

 

 

Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч буруутай гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

 

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

 

 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2015.05.22-ны өдрийн ...........  дугаар зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хариуцагч хүссэн боловч шүүх зээлийн болон барьцааны гэрээг хуульд нийцсэн гэж дүгнэсэн, дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

 

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар С , П  нараас зээлийн гэрээний үүрэгт 178.015.500.33 төгрөг гаргуулж Н ХХК /РД:5796954/-д олгосугай.

 

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ........... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-...........  дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1.118.227 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1.118.227 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ