Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0906

 

    2023          11          28                                      128/ШШ2023/0906

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нарын хоорондын “Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг  солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 1/1100 54’ 36”, 490 08’ 21”, 2/ 1100 55’ 06”, 490 08’ 21”, 3/ 1100 55’ 06”, 490 07’ 32”, 4/1100 54’ 36”, 490 07’ 32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

    1. Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст М дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн булангийн цэгийн солбицолд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан бөгөөд тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/5726 дугаартай албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
    2. Уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10/2426 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.
    3. Улмаар нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг  солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 1100 54’ 36”, 490 08’ 21”, 1100 55’ 06”, 490 08’ 21”, 1100 55’ 06”, 490 07’ 32”, 1100 54’ 36”, 490 07’ 32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Э*******” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Х аймгийн Д сумын нутагт У гэх газарт 93.87 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанид анх тусгай зөвшөөрөл олгохдоо талбайн солбицлыг 1/ 110055’20” 49007 59”, 2/110055’50” 49007 59”, 3/ 110055’50” 490 07 09”, 4/110055’20” 490 07 09” гэсэн цэгүүдээр олгосон.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1637 дугаартай “Солбицолд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрт “...3 лицензийн талбай нь одоо ашиглаж байгаа Уын алтны шороон ордныхоо гадна байгаа нь тогтоогдсон тул лицензийн талбайд дараах байдлаар өөрчлөлт оруулсугай” гээд 1/ 49007 59” 110055’20”, 2/49007 59” 110055’50”, 3/490 07 00” 110055’50”, 4/490 07 00” 110055’20”  гэсэн солбицлуудтай 93 гектар талбайг залруулж 1/ 49008’21” 110054’36”, 2/49008’ 21” 110055’06”, 3/49007’32” 110055’06”, 4/49007’32” 110054’36” гэсэн солбицлуудтай 92 гектар талбай болгосон.

Гэтэл 2009 онд манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1045 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн. Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээсэн бөгөөд ингэж сэргээхдээ анх олгосон цэгүүдээрээ сэргээсэн. /энэ үед тусгай зөвшөөрлийн дугаар М болж өөрчлөгдсөн./

Манай компанийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандахад 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10/2426 дугаартай албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах боломжгүйг мэдэгдье” гэсэн хариу ирүүлсэн.

Иймд Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн булангийн цэгийн солбицлыг 11/ 110054’36” 49008’21”, 2/110055’06” 49008’ 21”, 3/110055’06” 49007’32”, 4/110054’36” 49007’32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн булангийн цэгийн солбицлыг 1/ 110054’36” 49008’21”, 2/110055’06” 49008’ 21”, 3/110055’06” 49007’32”, 4/110054’36” 49007’32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгөхийг хүсье” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э*******” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд M ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Тухайн газрыг эзэмшээд явж байх хугацаанд Ашигт малтмал газрын тосны газраас 2012 онд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгоод ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э*******” ХХК-д олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгасан. Ашигт малтмал газрын тосны газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж ашиглалтын тусгай зөвшөөрлийн буцаан олгохдоо 2001 оны кадастрын солбицлын цэгээр тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнтэй холбоотой маргаан үүсэхэд шүүхэд 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр солбицлын цэгүүдэд өөрчлөлт орсон талаар тайлбарыг гаргадаг. Тухайн тайлбар нь солбицлын цэгт өөрчлөлт оруулсан 1194 гэсэн бичгээр тогтоогдох боловч тусгай зөвшөөрлийн хавсралт болон бусад материалд бичигдсэн зүйл байдаггүй. 2016 оны шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э*******” ХХК-д олгосон боловч зөв кадастраар олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Ашигт малтмал газрын тосны газар нь ашигт малтмалгүй газрыг бусдад олгох эрх байхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хайх зорилгоор, ашиглалтын тусгай зөвшөөрлийг газрын хэвлийд байгаа ашигт малтмалыг ашиглуулах зорилгоор олгож байгаа юм. Мэргэжилтэн бүхий хүмүүс тухайн газрын хэвлийд алтны олборлолт байхгүй бөгөөд газрын хэвлийд ашигт малтмал байх газрын цэгийг өөр газар байх талаар дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг хариуцагч тал үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж нэхэмжлэлд дурдсан цэгүүдэд солбицлын цэгийг  “Э*******” ХХК-д олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгнө үү.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Э*******” ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших 93 гектар уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах 3 дугаартай лицензийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар шийдвэрээр “Д” ХХК-нд олгосон байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 тоот шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3 дугаартай лицензийг “Т*******” ХХК-д шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 545 тоот шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3 дугаартай лицензийг “К*******” ХХК-д шилжүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Солбицолд өөрчлөлт оруулах тухай” 1637 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3 дугаартай лицензийн солбицолд өөрчлөлт оруулсан байна.

Тус солбицолд өөрчлөлт оруулсан тушаалыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Шийдвэр хүчингүйд тооцох тухай” 1194 дүгээр шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Солбицолд өөрчлөлт оруулах тухай” 1637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын 3, 6******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн солбицлыг анх олгосон солбицлоор нь бүртгэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 313 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах 3 дугаартай лицензийг “Э*******” ХХК-д шилжүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших 1661 гектар уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах 3 дугаартай лицензийг “Э*******” ХХК-д шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 295 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших ашигт малтмал ашиглах МV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай” 63 дугаар шийдвэрээр “Э*******” ХХК-ийн ашигт малтмал ашиглах МV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна.

Нэхэмжлэлд дурдсан солилцлуудыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /СМСS/-ээс шүүж үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Шийдвэр хүчингүйд тооцох тухай” 1194 дүгээр шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Солбицолд өөрчлөлт оруулах тухай” 1637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын 3, 6******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн солбицлыг анх олгосон солбицлоор нь бүртгэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гэж, 106.3.14-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу “Э*******” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын М дугаартай тусгай зөвшөөрлийг талбайн солбицлыг өөрчлөлт оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчид 120 дугаар шийдвэрээр 3152 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг талбайг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. Үүний дагуу Засгийн газар талбайн солбицлын цэгийг баталж өгсний үндсэн дээр Ашигт малтмал газрын тосны газраас сонгон шалгаруулалт зарласан. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Үүнтэй холбоотой өмнө нь 2, 3 удаа шилжилт хөдөлгөөн хийж мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн цуцлуулж мөн шүүхийн шийдвэрийн дагуу сэргээгдсэн байдаг. 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1637 дугаар кадастрын хэлтсийн шийдвэрээр солбицлыг өөрчилж өөр байрлалд шилжүүлсэн. Компанийн албан бичгийг үндэслэж кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан нь хууль тогтоомжид нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон байдаг. Үүний дагуу анх олгосон цэгээрээ нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөлд өргөдөл гомдол гаргах эрхтэй болохыг хуульд зааж өгсөн. Үүний дагуу мэргэжлийн зөвлөл тухайн нөөцийг тогтоосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог. Дээрх үндэслэлийн дагуу нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч өнөөдрийн байдлаар ашиглаж байна. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаах тухай хуулийн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан солбицлыг өөрчлөх эрх нь Ашигт малтмалын газарт олгогдоогүй бөгөөд энэ нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал юм. Засгийн газар солбицлыг өөрчилж, солбицлыг баталж өгдөг юм. Нэхэмжлэгч өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан бол Байгаль орчны яамны албан бичгээр лавлагаа болон кадастрын хэлтсийн мэдээллийн сангаас үзэхэд Засгийн газрын 2012 оны 190 дугаар тогтоолоор батлагдсан Гол мөрний урсгалын эхийн хэвлийн заагтай давхцалтай байдаг. Давхцалтай болох нь Байгаль орчны яамны лавлагаа, кадастрын хэлтсийн лавлагаагаар нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч компани нь кадастрын байрлал, усан сан болон ой сантай давхцаж байгаа эсэхийг Байгаль орчны мэдээллийн цахим сайтаас мэдэх бүрэн боломжтой байдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгосон 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1197 дугаар бүхий шийдвэртэй маргах эрх нь нээлттэй бөгөөд кадастрын солбицолд өөрчлөлт оруулсан шийдвэртэй маргаагүй байдаг. Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 1/1100 54’ 36”, 490 08’ 21”, 2/ 1100 55’ 06”, 490 08’ 21”, 3/ 1100 55’ 06”, 490 07’ 32”, 4/1100 54’ 36”, 490 07’ 32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 1637 дугаартай “Солбицолд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрээр лицензийн талбайд өөрчлөлт орсон байтал тусгай зөвшөөрлийг сэргээхдээ анх олгосон цэгүүдээрээ сэргээсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан.
  2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  3. Х аймгийн Д сумын нутаг У нэртэй газарт байрших 93 гектар уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах МV-0******* дугаартай лицензийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын,
    1. 2001 оны 120 дугаар шийдвэрээр “Д” ХХК-д анх олгосон,  
    2. 2002 оны 24 тоот шийдвэрээр “Т*******” ХХК-д,
    3. 2002 оны 545 тоот шийдвэрээр “К*******” ХХК-д,
    4. 2006 оны 313 дугаар шийдвэрээр  “Э*******” ХХК-д,
    5. 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-д тус тус шилжүүлсэн болох нь 3 тоот тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад тэмдэглэгдсэн байна(хх-28, 56 дахь талуудад).

            4. 3 тоот лиценз нь анх олгогдохдоо “1/1100 55’ 20”, 490 07’ 59”, 2/ 1100 55’ 40”, 490 07’ 59”, 3/ 1100 55’ 50”, 490 07’ 00”, 4/1100 55’ 20”, 490 07’ 00”/цаашид анхны солбицол гэх/ солбицлоор олгогдсон нь тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад тэмдэглэгджээ.

            5. 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.

            6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1045 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас уг шийдвэрийг биелүүлж 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй MV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн.

            7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийдвэрээр дээрх 1045 дугаартай шийдвэрийг биелүүлж МV-0******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн.

            8. Энэ шийдвэрийн дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаарыг M дугаараар бүртгэжээ.

            9. 2005 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ГУУКГ-ын итгэмжлэгдсэн геодезийн мэргэжилтэн доктор, дэд профессор А.Д*******, Ж.А******* нараас Х аймгийн Д сумын нутагт орших Уын алтны шороон ордын 3 лицензтэй талбайн байрлалыг газар дээр нь шалгах ажлыг хийж “...3 тоот лицензийн солбицлууд нь хайгуулаар нөөц нь тодорхойлогдсон алтны шороон ордоос зүүн урагшаа 1,1 км орчим зайтай зөрж байна...” гээд лицензийн талбайг алтны шороон орд газрын талбайг хамруулан “1/1100 54’ 36”, 490 08’ 21”, 2/ 1100 55’ 06”, 490 08’ 21”, 3/ 1100 55’ 06”, 490 07’ 32”, 4/1100 54’ 36”, 490 07’ 32” солбицлоор шилжүүлэн авч болно гэж дүгнэжээ.

            10. Улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга/хуучин нэрээр/-ын,

            10.1. 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1637 дугаар шийдвэрээр 3 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн анхны солбицлыг хэмжилтийн тодорхойлолтын дагуу 1/1100 54’ 36”, 490 08’ 21”, 2/ 1100 55’ 06”, 490 08’ 21”, 3/ 1100 55’ 06”, 490 07’ 32”, 4/1100 54’ 36”, 490 07’ 32” солбицлоор өөрчилсөн байна(хх-63 дахь талд).

            10.2. 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 тоот шийдвэрээр 3 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулсан дээрх 1637 тоот шийдвэрийг хүчингүй болгосон байна(хх-64 дэх талд).

            11. Маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хууль/шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөл байх ба Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ” гэж заасны дагуу шинэчлэн бүртгэгдэх шаардлагатай байна.

            12. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах үед дээр дурьдсан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх хуулийн хугацаа дуусаагүй байсны зэрэгцээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн солбицолд өөрчлөлт оруулсан 1167 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон дээрх 9.2-т дурьдсан шийдвэр мөн гарсан байжээ.

            13. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй тусгай зөвшөөрлийн талбайн солбицол нь хэмжилт хийсэн тодорхойлолтын дагуу өөрчлөгдсөн байсан, бидэнд мэдэгдэхгүйгээр талбайн солбицлыг анхны олгогдсон солбицлоор өөрчилсөн гэх үйл баримт нь маргаан бүхий тусгай зөвшөөрөл нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжихээс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул шүүх уг үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй.

            14. Өөрөөр хэлбэл, 3 тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицол нь  нэхэмжлэгч хуулийн этгээдэд тухайн тусгай зөвшөөрөл шилжих үед буюу 2006 оны 12 дугаар сарын 06-ны байдлаар анх олгогдсон “1/1100 55’ 20”, 490 07’ 59”, 2/ 1100 55’ 40”, 490 07’ 59”, 3/ 1100 55’ 50”, 490 07’ 00”, 4/1100 55’ 20”, 490 07’ 00” гэсэн солбицлын цэгүүдээр бүртгэгдсэн байсан, нэхэмжлэгчид энэ солбицол бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжсэн гэж үзэхээр байх тул түүнээс өмнөх цаг хугацааны үйл баримт нь нэхэмжлэгчийн “M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзнэ.

            14. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “солбицол өөрчилснийг хүчингүй болгосон 1194 дүгээр шийдвэрийн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийгээгүй” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь 1194 тоот шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамаарахаас бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэлийг дүгнэхэд хамаарахгүй.

            15. 1997 болон 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулиудаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өргөдөлдөө өөрөө тодорхойлохоор зохицуулсан байсан хэдий ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалтаар, тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т сонгон шалгаруулалтын талбай нь “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 24.4.2-т уурхайн талбай нь “..., ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, ... талбайтай давхцаагүй” байх шаардлагыг хуульчилж, 26 дугаар зүйлийн 26.3.3-д “Хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон … талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх”-ээр, 26.3.4-д “Хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх”-ээр тус тус зохицуулжээ.

            16. Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заажээ.

            17. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/5232 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 110054’36” 49008’21”, 2/110055’06” 49008’ 21”, 3/110055’06” 49007’32”, 4/110054’36” 49007’32” солбицол бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол мөрний урсац бүрэлдэх эх, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцаж байгаа нь тогтоогдож байна.

            18. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн өөрчлүүлэхийг хүсэж буй солбицол нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

            19. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээсэн бөгөөд ингэж сэргээхдээ анх олгосон цэгүүдээрээ сэргээсэн...” гэж тайлбарлах боловч дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолтой холбоотой асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгсөн байна.

            20. Улмаар хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн булангийн цэгийн солбицлыг өөрчилж тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн булангийн цэгийн солбицлын өөрчлөлтийг тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.  

            21. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг  солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг 1100 54’ 36”, 490 08’ 21”, 1100 55’ 06”, 490 08’ 21”, 1100 55’ 06”, 490 07’ 32”, 1100 54’ 36”, 490 07’ 32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.4, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг тус тус баримтлан “Ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг  солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын M дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг “1/1100 54’ 36”, 490 08’ 21”, 2/ 1100 55’ 06”, 490 08’ 21”, 3/ 1100 55’ 06”, 490 07’ 32”, 4/1100 54’ 36”, 490 07’ 32”  болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ