Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0068

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    “Э к ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0906 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “Э к ” ХХК

Хариуцагч А

 

 

Хэргийн индекс: 128/2023/0683/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0906 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.4, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг тус тус баримтлан “Ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг “1/110° 54’ 36”, 49° 08’ 21”, 2/ 110° 55’ 06”, 49° 08′ 21”, 3/ 110° 55’ 06”, 49° 07’ 32”, 4/110° 54’ 36”, 49° 07’ 32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

         2.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 13-д “...маргаан бүхий тусгай зөвшөөрөл нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжихээс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул шүүх уг үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй” гэсэн байна. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хавсралтад холбогдох бүртгэлийг хийсэн нь тухайн үед тогтоогдож байсан бол тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах эсэх нь эргэлзээтэй байсан. /Тусгай зөвшөөрлийн солбицлын цэгийг өөрчилснөөр тухайн тусгай зөвшөөрөл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бус газрын гэрчилгээ болсон болно./

         2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 14-д “...солбицол өөрчилснийг хүчингүй болгосон 1194 дүгээр шийдвэрийн талаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийгээгүй хэмээн маргаж байгаа нь 1194 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамаарахаас бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэлийг дүгнэхэд хамаарахгүй” гэсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалдагдаж байгаа тусгай зөвшөөрлийн хавсралтад ямар нэг тэмдэглэгээ байхгүй байгаа болно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна.

         Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0906 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч “Э к ” ХХК-аас “Ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг “1/110° 54’ 36”, 49° 08’ 21”, 2/ 110° 55’ 06”, 49° 08′ 21”, 3/ 110° 55’ 06”, 49° 07’ 32”, 4/110° 54’ 36”, 49° 07’ 32” болгон тусгай зөвшөөрлийн хавсралтад өөрчлөн оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.  Анхан шатны шүүх “... 3152А тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицол нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд тухайн тусгай зөвшөөрөл шилжих үед буюу 2006 оны 12 дугаар сарын 06-ны байдлаар анх олгогдсон 1/1100 55' 20”, 490 07' 59”, 2/ 1100 55' 40”, 490 07' 59”, 3/ 1100 55' 50”, 490 07' 00”, 4/1100 55' 20”, 490 07' 00” гэсэн солбицлын цэгүүдээр бүртгэгдсэн байсан, нэхэмжлэгчид энэ солбицол бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжсэн гэж үзэхээр байх тул түүнээс өмнөх цаг хугацааны үйл баримт нь нэхэмжлэгчийн MV-020771 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг тусгай зөвшөөрлийн хавсралтад оруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ...” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хавсралтад холбогдох бүртгэлийг хийсэн нь тухайн үед тогтоогдож байсан бол тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах эсэх нь эргэлзээтэй байсан ...” гэжээ.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл АГ-ын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрээр /1 дүгээр хавтас, 64 дүгээр хуудас/ “К Э Б” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 3152А тоот тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ГУУКА-ны даргын 1637 тоот шийдвэрээ хүчингүй болгож, энэ шийдвэр гарсантай холбоотой 3152А, 6564Х тоот тусгай зөвшөөрлүүдийн солбицлыг анх олгосон солбицлоор нь бүртгэж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэхийг үүрэг болгожээ.

5. Энэ үед нэхэмжлэгч “Э к ” ХХК-д ямар нэгэн тусгай зөвшөөрлийн эрх шилжээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, дээрх хил залгаа тусгай зөвшөөрлүүдийн солбицол анхны байдалтай болсны дараа тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байх тул нэхэмжлэгчийг 2005 онд өөрчилсөн солбицлын талбайтай тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн “... солбицлыг 2005 оны байдлаар өөрчлүүлэх хүсэлтэд татгалзсан” хариу өгсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Иймд нэхэмжлэгчийг 18 жилийн өмнө шилжүүлж авахдаа тусгай зөвшөөрлийн солбицлыг мэдээгүй байсан гэж үзэх боломжгүй, хэрэв тухайн үед мэдсэн бол шилжүүлж авах эсэх нь эргэлзээтэй байсан гэх гомдол нь хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах, улмаар солбицлыг нэхэмжлэгчийн хүссэн байдлаар байдлаар өөрчлөхийг даалгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

7. Харин тус шүүх дээрх үндэслэлээр зөвхөн “тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрчлүүлэх хүсэлтэд өгсөн хариуцагчийн татгалзсан хариуг хууль бус гэж үзэж, өөрчлөлт оруулахыг даалгах” нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан зарим зөрүүтэй баримтууд болох хариуцагчийн 2006 оны 1194 дүгээр шийдвэрээр дээрх 2 тусгай зөвшөөрлийн солбицлыг анх олгосон солбицлоор бүртгэхээр шийдвэрлэсний дараа 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр хХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын 6564Х тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Э к ” ХХК-д шилжүүлснийг зураг зүйн бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн атал нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 3152А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хавсралтад 2006 оны 1230 дугаар шийдвэрээр шилжүүлсэн гэж тэмдэглэсэн байдал, мөн энэ хэрэгт хамааралгүй, тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1045 дугаар шийдвэр, хариуцагчийн тайлбарт дурдагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд тухайн талбай хамаарч байгаа эсэх нь, тусгай зөвшөөрлийн талбай нь  2 өөр байршилд зурагдсан талбайн зураглал /1 дүгээр хавтас, 74 дүгээр хуудас/ авагдсан зэрэг нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хариуцагчийн татгалзлын үндэслэлтэй хамааралгүй байх тул эдгээр баримтыг үнэлээгүй бөгөөд тэдгээрийн зөрүүг арилгуулахаар дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзээгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э к ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э к ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                                Г.МӨНХТУЛГА

                    ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

                             ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ