Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 119/2022/0034/З |
Дугаар | 114/шш2023/0027 |
Огноо | 2023-12-08 |
Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 114/шш2023/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
119/2022/0034/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эрдэнэт таймс сонин ХМБ /Регистрийн дугаар 1191446/
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Эрдэнэт таймс сонин ХМБ-ын
итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Чинзориг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Болдхүү, Э.Хашчулуун,Б.Батмөнх
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын
итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттүвшин,
Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга,
хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Дүүрэнжаргал,
Иргэдийн төлөөлөгч Л.Алтантуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Газрын байршил шилжүүлэх тухай А/350 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1.1. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай ” 117 дугаар албан бичиг нь Орхон аймгийн Засаг даргад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 160 иргэнээс хандсан хүсэлтийг үндэслэж гарсан гэх боловч цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны актаас өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарсан, захиргааны байгууллага нь нийтийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар шалгаж тогтоолгүйгээр барилгын үйл ажиллагааг зогсоосон нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах,
1.2. Орхон аймгийн Засаг даргын 2022 оны А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжийг гаргахдаа Эрдэнэт таймс сонин ХМБ-аас Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт газрын байршлыг шилжүүлэх санал гаргаагүй байхад газрын байршлыг шилжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах, 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг тус тус баримталж хангаагүй гэж,
1.3. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэдээс барилгын ажлыг эсэргүүцсэн санал, гомдлыг удаа дараа гаргасан тул Эрдэнэт таймс сонин ХМБ-д барилга угсралтын ажлыг нэн даруй зогсоож, иргэдэд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж тухайн талбайн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг мэдэгдэж, БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нь түдгэлзүүлсэн гэж,
1.4. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас Эрдэнэт таймс сонин ХМБ-ын барьж буй барилгын ажлыг иргэд эсэргүүцэж санал, хүсэлт удаа дараа гаргасан тул нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газрын байршлыг шилжүүлэн эзэмшүүлсэн гэж тус тус маргасан.
2. Нэхэмжлэгч Эрдэнэт таймс сонин ХМБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзоригоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Есөн цагаан туг” компанийн захирал барилгын ажил явагдаж байх үед шахалтууд ирж байсан ба тохиролцоо хий гэж ч хэлж байсан.160 иргэний гарын үсэгтэй хүсэлт нь манай барилгын ажил зогссоноос хойш 1 сарын дараа ирсэн бичиг. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар амралтын өдөр 19 цаг 50 минут болж байхад өөрийн фэйсбүүк дээрээ манай компаний зөвшөөрлийг түдгэлзүүлсэн захиргааны актыг нийтэд илэрхий тавьсан байсан ба маргааш нь манай компаний үйл ажиллагааг зогсоосон. Надад төрийн байгууллагад таньдаг хамаатан садан, найз нөхөд байхгүй. Танил талаараа зөвшөөрөл авч энэ барилгын ажлыг хийгээгүй, Засаг даргатай зөвшилцөж тохиролцсон зүйлгүй. Би Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг, барилгын үйл ажиллагаа явуулах гэж Эрдэнэт хотод ирсэн. Гэтэл Улаанбаатарын компани энд үйл ажиллагаа явуулна гэж байхгүй газрын чинь хувь заяаг зурчихсан, удахгүй тендер зарлана тендер авдаг 2-3 компани байдаг гэсэн дарамт шахалт удаа дараалан ил далд байдлаар хүн явуулж Засаг даргатай тохиролц, тохиролцохгүй бол ажил чинь нэг, хоёр хоногийн дараа зогсоно гэдэг шахалтуудыг үзүүлдэг байсан. Би хэнд ч хахууль өгөхгүй хуулийн дагуу явна гээд тохиролцоогүй. Манай компани 8 жилийн хугацаанд Монгол улсын хууль тогтоомжийг нэг ч удаа зөрчиж байгаагүй мөн татварын өр төлбөр байхгүй, улсын чанартай ямар нэгэн ажил үйлчилгээ хийдэггүй, зөвхөн хувийн бизнесээ хувийн хөрөнгөөрөө хийж ирсэн гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт таймс сонин” ХМБ нь Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/907 дугаартай захирамжаар Баян - Өндөр сум, Их булаг багийн нутгийн
удирдлагын ордны хойд талд байрлах 400 м.кв газрыг соёл урлагийн барилга бариулах зориулалтаар эзэмшсэн байдаг ба энэ газартаа “Есөн цагаан туг” групп ХХК-тай зөвшилцөн есөн давхар барилга байгууламжийн чиглэлээр хамтарч ажиллахаар зохих бэлтгэлээ хангаад эрх бүхий албан тушаалтнуудаас зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас БЭЗ610222 дугаартай барилгын зөвшөөрлийн гэрчилгээг авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэдээс ирсэн гомдлын дагуу барилгын үйл ажиллагааг түдгэлзүүлэх болсон гэж мэдэгдлийг өгсөн ба нэхэмжлэгч тал хууль ёсны журмын дагуу үйл ажиллагаагаа гүйцэтгэж байсан учраас тухайн үед гарсан мэдэгдлийг ойлгоогүй. Барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасны дагуу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд уг захиргааны актыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаад Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаартай газрын байршил шилжүүлэх тухай захирамж гарсныг 2022 оны 7 сарын 1-нд мэдсэн, урьдчилсан хэлэлцүүлэг дээр хариуцагчаас нотлох баримт цуглуулж өгөх ажиллагааны явцад хэлэлцсэн байгаа.
Уг захирамжийг хууль бус гэж үзэж байгаа учир нь захирамжид “Эрдэнэ таймс сонин” ХМБ-ийн гаргасан хүсэлтийн дагуу газрын байршлыг шилжүүлсэн гэж нөхцөл байдлыг тодорхойлсон байсан. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан маягтад заасан шаардлага, хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл газрын байршил, хэмжээ нь тодорхой бус, иргэдийн хүсэлттэй холбоотой гомдол нь зохих журмын дагуу гаргах ёстой байсан ба зохих журмын дагуу гараагүй гэж үзэн маргаж байна. Манай байгууллагын зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 022/95 дугаар албан бичгээр хамтын шийдэлд хүрсэний үндсэн дээр газрыг солих эсвэл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх талаар саналаа хүргүүлсэн. Бусдын эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж байхаар зохицуулсан байдаг.
Захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн нэг талын санаачилгаар асуудлыг шийдвэрлэх бус тухайн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчлөөс сэргийлэх, тэдгээрийн оролцоог хангах зорилгоор энэ үйл ажиллагааг явуулах ёстой боловч нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, мэдэгдэх энэ үйл ажиллагаа огт явуулаагүй, мөн албан ёсоор одоо болтол гардуулж өгөөгүй байгаа.
Орхон аймгийн Засаг дарга 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжийг гаргахдаа нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлсэн, түүнээс зайлсхийхийн тулд энэхүү маргаан бүхий захирамжийг гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс байгууллагын эзэмшил бүхий 400 м.кв талбайд 12 ш зулзаган мод мөн өөр бусад модыг тарьж, нийтийн ногоон байгууламж бий болгон, газрын доор байсан инженерийн байгууламжийн сүлжээ, холбоо мэдээллийн кабель зэргийг өөрсдийн зардлаар гүйцэтгэн аюулгүй нүүлгэн шилжүүлсэн.
Ийм учраас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, ноцтой сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдалд огт үүсээгүй, үүсэх
боломжгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллага захирамжийнхаа үндэслэлийг нийтийн ашиг сонирхол ноцтой зөрчсөн гэж байгаа бол нотлох баримтаар нотлох ёстой ба нотлох баримтаар нотлогдоогүй ийм баримт байхгүй.
Орхон аймгийн цэцэрлэг ногоон байгууламжийн газарт шинээр 40 мод, бутыг өөрийн зардлаар тарьж суулгаж шилжүүлсэн. Шинээр баригдах барилга байгууламжийнхаа талбайд ногоон байгууламж бас усан оргилуур барихаар төлөвлөж, Цогтчулуун даргаар батлуулсан. Барилга барих талбайн бэлтгэл ажлыг хангах зорилгоор талбайн ойр орчимд байх мод, бут сөөгийг шилжүүлэх, хашаа барих, газарт байрласан хуучин шугам сүлжээг зөөвөрлөх зэрэг ажлыг хийхэд 180-аад сая төгрөгийн зардал гаргасан, хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа гэв.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 04 дүгээр сард маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ ажиллагаа эхэлсэн ба анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болсон. Анхан шатны шүүх дээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээс 2 удаа хэлэлцэгдэж анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэгдэхээр буцаагдсан. Нэхэмжлэгчээс газрын эрхийг Орхон аймгийн Баян-Өндөр сум 7 дугаар хороолол руу шилжүүлсэн гэсэн ийм тайлбар хийж шүүхийн шатанд маргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Нийтийн мэдээллийн төв нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх байгууллага ба 2001 онд байгуулагдсан гээд тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст 6 болон 17 дугаар талд хуулийн этгээдийн гэрчилгээ бий. Нэг нь ХХК нөгөө нь Эрдэнэт Таймс хэвлэл мэдээллийн байгууллагын гэрчилгээ бий. Энэ гэрчилгээнүүдээс харахаар нэг нь хувьцаа эзэмшигч, нөгөө нь гүйцэтгэх удирдлага гэсэн үг.
Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны актыг хууль бус,мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага л гаргасан. Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг анхан шатны шүүх рүү буцаахдаа Захиргааны хэргийн шүүх нотлох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүх дээр энэ маргааныг хэлэлцэж байна. Газрын эрх нь 2001 онд шилжсэн байна уу 2000 онд үүссэн байна уу энэ нэр нь өөр байна уу үгүй байна уу гэдэг төрийн байгууллагын буюу энэ эрх бүхий газар олгогчийн шийдвэртэй холбоотой асуудал. Хэрвээ захиргааны актыг гаргахдаа захиргааны байгууллага албан тушаалтан эдгээр үндэслэлүүдийг буюу одоогийн газрын эрх үүссэн асуудлыг дурдсан бол захиргааны акт дээрээ анхнаасаа өөр үндэслэл өөр тайлбар л ярих ёстой байсан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу захиргааны актаар тусдаа асуудлаар дахиж шүүхэд дүгнэлт өгөх шаардлагатай юм шиг ийм нөхцөл байдал руу оруулаад
байна аа. Шүүх бүрэлдэхүүн энэ асуудалд анхаарлаа хандуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.
160 иргэнээс гарын үсэг зуруулаад санал аваад байгаа нь бодитой юу үнэхээр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал байна уу үгүй юу гэдгийг шалган тогтоох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага албан тушаалтан хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байна гэсэн асуудал дээр бодит байдлыг захиргааны байгууллагын албан тушаалтан нотолж тогтоогоогүй өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийгээгүй бодитой шийдвэр гаргахад чиглэсэн ямар нэгэн ажиллагаа хийгээгүй энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй. Анх давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү 2 дахь удаагаа хэлэлцүүлэхээр буцаагдахдаа энэ үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх бүрдүүлээгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.
Иргэдийн эрх ашиг хөндөгдсөн гэдгийг захиргааны байгууллага хэрхэн яаж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй. Захиргааны байгууллага 3-4 долоо хоногийн өмнө иргэдээс өргөдөл, гомдлыг ирнэ гэдгийг урьдчилж мэдээд дүгнэлт гаргаад байгаа нь ноцтой асуудал. Өөрөөр хэлбэл 160 иргэний нийтийн эрх ашгийг хохироогоод байна гэсэн дүгнэлтийг захиргааны байгуулага гаргаад, шийдвэр гарсаны дараа хохирсон гээд байгаа 160 иргэний гомдол гаргасан үйл баримт ирдэг. Нийтийн эрх ашгийг хөндсөн гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан буруу буюу бодит байдал дээр огт тогтоолгүй шийдвэр гаргасан, захиргааны акт үндслэлгүй байна гэдэг нь нотлогдож байна.
Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны А/350 дугаар захирамж нь эерэг нөлөөллийн захирамж гэж үзэж та бүхэн өөрсдөө газрын асуудлыг шилжүүлж өгөхийг хүссэн түүний үндсэн дээр газрыг шилжүүлж өгсөн гэж тайлбарладаг. Манай талаас 7 дугаар хороололд газар шилжүүлж авъя гэсэн нэг өгүүлбэр ч байхгүй, харин газар шилжүүлэх асуудлыг зөвшилцөж болох юм гэсэн байр суурийг илэрхийлсэн. 2022 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 7 дугаар хороололд газар шилжүүлж өгнө гэсэн захирамж гараагүй байхад аймгийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж газар олгосон. Анх 7 дугаар хороололд биш Хуримын ордны ойролцоо Хөх ордон гэдэг хашаан дотор газар шилжүүлж авах талаар ярилцсан байдаг нэхэмжлэгч тал боломжгүй гээд газрыг шилжүүлж аваагүй.
Төрийн байгууллагаар 2 жилийн хугацаанд яваад техникийн нөхцөл болох 26 зөвшөөрлийг авсан. Зураг төслөө батлуулаад тухайн газрын трасс доогуур явж байсан шугам сүлжээг зөөн байршуулсан. Тухайн газар дээр байсан мод бут сөөгийг Орхон аймгийн Хуримын ордонд өөрсдийн хүч хөрөнгөөр шилжүүлэн суулгасан, дахиад мод бут аваад өөр газар тариарай гээд орон нутгийн захиргааны байгууллагын дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Ингээд барилгын ажил эхлээд газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх явцад гэнэт нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үндэслэлээр амралтын өдөр 19 цаг өнгөрч байхад аймгийн Засаг даргын өөрийнх нь албан ёсны фэйсбүүк хуудсан дээр газар эзэмших гэрчилгээг цуцаллаа гэдэг шийдвэр гарсан. Энэ хүмүүсийн хууль ёсны эрх буюу өнөөдрийг хүртэл явсан барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилга байгуулах өөрийнхөө газрыг ашиглах Барилгын тухай хуулиар барилгын хөрөнгө оруулагч захиалагчид олгогдсон эрхүүдийг хөндөж 350 дугаартай захирамж гаргаж байгаа нь өөрөө хууль бус
үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас шүүхээс захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 106.7 дугаар хэсэгт заасан дүгнэлтийг хийж өгнө үү гэж хүсэж байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар иргэн хуулийн этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй байдаг. Үүний дагуу Орхон аймгийн Засаг дарга нь “Эрдэнэт таймс сонин” ХМБ-ийн Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг нь зөрчиж байна гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн итгэл хамгаалах зарчимд нийцээгүй байна.Нэгэнт барилга эхлэх зөвшөөрөл авсан байна гэдэг нь өмнөх шатны байгууллагуудын техникийн нөхцөлүүд, гэрээ, дүгнэлтүүдийг бүгдийг нь авч хангасан болоод Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас зөвшөөрөл олгосон гэж ойлгож байгаа. Хөрөнгө оруулагч компани, үйлчлүүлэгч 2-ын дундаас техникийн нөхцөлүүдийг авахад төр болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд төлбөр хураамжуудыг төлж, дээрээс нь шугам сүлжээг зайлуулах, барилгын хундам суурийн ажил хийх, хашааг татах зэрэгт нийтдээ 180-аад сая төгрөгийн зардлыг гаргаж хийж гүйцэтгэсэн бөгөөд баримтаар гаргаж өгсөн байгаа. Хэрэв сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарвал гарсан зардлууд, хохирлыг хэн хариуцах хэрхэн яаж шийдвэрлэх юм.
Газрын тухай хуулинд газрын байршил шилжүүлэхийг хуульчлаагүй байдаг. Геодиз, зураг зүйн газрын даргын тушаалаар батласан нийт 8 хавсралт байдаг. Энэ маягтууд өөрөө газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ажилтнуудын хөдөлмөрийн багж зэвсэг гэсэн үг. Иргэн газар хүсэх, өөрийнхөө газрыг цуцлуулах, бусдад шилжүүлэх бүхий л харилцаанд энэ маягтуудыг ашигладаг. Энэ дээр нь барилга хот байгуулалтын газар хяналт тавьж боллоо гэж үзвэл зөвлөлийн хурлаар оруулаад дагах бичигтэй аймгийн засаг даргад явуулдаг процесстой. Маргаан бүхий газар дээр ямар процесс яаж явагдах ёстой байсан бэ гэхээр. “Эрдэнэт таймс сонин” ХМБ нь маргаан бүхий газраасаа татгалзах хүсэлт өгөөд, үүн дээр нь ажиллагаа хийгдэж, дараа нь шилжүүлэн шинээр олгож байгаа газараа тохиролцоод газар эзэмших хүсэлт буюу маягтыг дахин гаргах ёстой байсан. Шинээр захирамж гарган, үүний дараа гэрээ, гэрчилгээ гаргах процессын үйл ажиллагаа явагдах байсан боловч ийм процесс огт болоогүй байхад хүсэлт гаргасан гээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт таймс сонин” ХМБ-аас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Маргаан бүхий газрыг 2005 оны 386 дугаар захирамжаар нийтийн мэдээллийн төв телевиз студийн зориулалтаар анх олгож байсан. Нийтийн мэдээллийн төв гэдэг газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх нийтийн мэдээллийн төв нэршилтэй төрийн байгууллага байсан.
“Эрдэнэт таймс сонин” хэвлэл мэдээллийн байгууллага нь анх 2001 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн, гүйцэтгэх захирал нь Мөнгөнтуяа. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр ХХК хэлбэртэй бүртгэгдсэн байдаг. 2005 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх нийтийн мэдээллийн төвд
эзэмшүүлсэн газар яаж яваад “Эрдэнэт таймс сонин” ХМБ-д шилжсэн бэ гэдэг асуудал яригдана. 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 457 дугаар захирамжаар газар эзэмшигч нийтийн мэдээллийн төвөөс үл хамаарах шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, “Эрдэнэт таймс” ХХК-д хуучнаар Нийтийн мэдээллийн төвд газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн захирамж гарсан. Нийтийн мэдээллийн төв нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд 2004-2009 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж байгаад татан буугдсан. Гэтэл 2018 онд хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй “Эрдэнэт таймс” ХХК гэдэг газарт эзэмшүүлсүгэй гэсэн хууль бус захирамж гарч ирсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “хуулийн 29 дүгээр зүйлд заасан хэмжээнээс илүү хэтэрсэн бол дуудлага худалдаагаар болон төсөл сонгон шалгаруулалах зарчмаар эзэмшүүлж ашиглуулах ёстой” гэж заасан байдаг. Үүн дээр ямар ч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй. 2005 онд анх 300 м.кв газрыг эзэмшүүлсэн, “Эрдэнэт таймс” ХМБ нь 2019 онд газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гарган талбайн хэмжээгээ 400 м.кв болгосон. Анхнаасаа хууль бусаар газар эзэмшүүлсэн байсан.
Маргаан бүхий газар дээр барилгын ажил эхэлсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэр бүхий 160 иргэдийн гарын үсэгтэй аймгийн Засаг даргад хандсан хүсэлт ирсэн бөгөөд уг хүсэлтэд Эрдэнэт хотынхоо хөгжил болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө ногоон байгууламжаа эвдэн барилга бариулмааргүй байна, хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгож газрыг нөхөн сэргээж хуучин хэвэнд нь оруулж өгнө үү гэсэн утга бүхий санал хүсэлт тусгагдсан байсан. Хүсэлт гарсантай холбоотой “Эрдэнэт таймс сонин” ХМБ-ийн захирал Мөнгөнтуяа 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр буюу иргэдийн хүсэлт ирсэний 5 хоногийн дараа Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан ба хүсэлтдээ аймгийн Засаг даргын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Сошиал болон аман шийдвэрээс хойш биднээс шалтгаалахгүйгээр сул зогсолт хийсэн. Аймгийн Засаг даргад хууль эрх зүйн хүрээнд асуудлаа танилцуулж нөхцөл байдалтай холбоотой албан бичгийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 022/95 дугаартайгаар манайд хүргүүлсэн. Уг албан бичигт шүүхээр асуудлаа шийдүүлье эс бөгөөс хамтын шийдэлд хүрч газраа солих санал тавьсан гэдгээ өөрөө албан бичиг дээрээ дурдсан байдаг. “Эрдэнэт таймс сонин” ХМБ нь газраа солий гэсэн хүсэлт ирүүлсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 буюу одоо маргаад байгаа захиргааны акт гарсан. Хүсэлт гаргасны дагуу газрыг Орхон аймаг, Цагаан чулуут багийн орон сууцны 7 дугаар хороололд шилжүүлэн өгсөн. Гэтэл энэ дээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаад байна. Захиргааны ерөнхий хуульд иргэн аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан өргөдөл гомдлыг хангаж шийдэж байгаа тохиолдолд 28 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж заасан байдаг.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалыг баримт болгон гаргаж өгч байна. Иргэн, хуулийн этгээдээс хүсэлт гаргах тухай загвар нь тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар зүйлд өргөдөл гаргах 6 нь төрөл байгаа. Үүнд газрын байршил шилжүүлэхтэй холбоотой өргөдөл, гомдол гаргах харилцааг зохицуулаагүй байдаг. Нэгд газар шинээр эзэмших асуудал, хоёрт газар эзэмших эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, гуравт
газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, дөрөвт гэрээ гэрчилгээнийхээ хугацааг сунгах, тавт зориулалтаа өөрчлөх, зургаад эзэмших газраа бусдад ашиглуулах гэжээ.Энэ журамд заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлээд хүсэлт, өргөдөл, гомдлоо гаргаарай л гэдэг. “Эрдэнэт таймс”ын гаргаад байгаа 2022 оны 22/95 дугаартай хүсэлт энэ зургаан төрөлд хамаарахгүй байгаа.
Давж заалдах шатны шүүхээс хэрэг хоёр үндэслэлээр буцаж ирсэн байдаг. Нэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин миний бие эрх үүрэг тайлбарласан болон нөлөөллийн мэдүүлэг дээр гарын үсэг зураагүй,мөн газрыг шилжүүлэхдээ зөвшилцөөгүй, 80 сая төгрөгийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй гэж маргаад байхад энэ асуудал дээр дүгнэлт хийгээгүй гэсэн хоёр асуудлаар анхан шатны шүүх рүү буцаагдаж анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, аймгийн Засаг даргын А/350 дугаартай захирамж хуульд нийцэж гарсан хүчин төгөлдөр шийдвэр гэв.
7. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмшигч нь өөрийн эзэмшил газар дээрээ барилга барих зургийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээд холбогдох бусад баримтыг бүрдүүлэн өгсний дагуу “Эрдэнэт таймс сонин” ХМБ-д БЦ610222 дугаартай барилгын ажлын эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон байдаг. Эрдэнэт Таймс сонин хэвлэл мэдээллийн байгууллага нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу барилга угсралтын ажлаа эхлүүлэн хашаа барьж, газар шорооны ажил хийгдэх үеэр Орхон аймгийн иргэд аймгийн Засаг даргад хандан барилгын ажлыг эсэргүүцсэн санал гомдлыг олон нийтийн цахим сүлжээгээр мөн аймгийн 70353511 утсанд удаа дараа гаргаж тухайн газарт ногоон байгууламж байгуулахыг шаардах болсон. Үүний дагуу Орхон аймгийн Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэгдэж Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргад иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нутгийн удирдлагын хойд талын газрын асуудлыг шийдвэрлэх, хашааг буулгах, ногоон байгууламжийг сэргээх үүрэг даалгавар өгсний дагуу Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “Эрдэнэт таймс сонин” хэвлэл мэдээллийн байгууллагад олгосон БЦ610222 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн ба энэ түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилд газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон тухайн жилд газрын харилцаагаар баримтлах үйл ажиллагааг батлахаас гадндуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчим, эзэмшүүлэх газрыг баталж өгдөг ба шилжүүлэх гэж байгаа газрыг баталдаггүй. Шилжүүлэх газрыг 2015 оны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголоор батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан байршилд шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Л.Алтантуяа нь дүгнэлтээ: Нэхэмжлэгчийн зүгээс уг газар дээрээ инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлаа хийхийн тулд холбогдох шатны байгууллагуудаас зөвшөөрөл авч ажлаа эхлүүлсэн байхад нь тухайн байгууллагаас ямар нэгэн боломжгүй гэсэн хариу өгөөгүй, бүгд зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн талд шийдэх үндэслэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Эрдэнэт таймс сонин” ХМБ нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Орхон аймгийн Газрын
харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 106.7 “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Эрдэнэт таймс сонин” ХМБ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Нутгийн удирдлагын ордны хойд талд 9 давхар Соёл урлагийн барилга барих “Барилгын ажлын зөвшөөрлийн БЭЗ-61-02/22 дугаар гэрчилгээ”-г 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авч, барилгын ажлаа явуулж байх хугацаанд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 117 дугаар бүхий албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
Энэхүү 117 дугаартай албан бичигт “Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтын хүрээнд иргэдээс барилгын ажлыг эсэргүүцсэн санал, гомдлыг удаа дараа гаргаж байгаа” гэсэн үндэслэлийг дурдаж “Эрдэнэт таймс сонин” ХМБ-д барилга угсралтын ажлыг нэн даруй зогсоож, иргэдэд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж тухайн талбайн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг мэдэгдэж, БЭЗ-61-02/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлжээ. /1 хх-ийн 85-86/
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байх бөгөөд маргаан бүхий 117 дугаартай албан бичиг нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Эрдэнэт таймс сонин” ХМБ-д олгосон БЭЗ-61-02/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж байгаа тухайгаа мэдэгдсэн, өөрөөр хэлбэл эрх зүйн шууд үр дагавар бий болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй шийдвэр бөгөөд уг шинжээрээ захиргааны актад хамаарч байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс “иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нутгийн удирдлагын ордны баруун хойд талын газрын асуулыг шийдвэрлэх хашааг буулгах, ногоон байгууламжийг сэргээх” талаар өгсөн үүрэг даалгаварын дагуу нэхэмжлэгч компанийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн тухай 117 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарласан. /Ш хх-ийн 183 дугаар хуудас/
Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Барилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй” гэх заалт нь иргэдээс санал гомдол гаргах эрхийг олгосон хуулийн зохицуулалт бөгөөд захиргааны байгууллага нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр нэхэмжлэгчийн барилга барих үйл ажиллагааны явцад нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шалгах ёстой.
Хэдийгээр Аймгийн Засаг дарга шуурхай зөвлөгөөнөөр үүрэг даалгавар өгсөн ч хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэдээс ямар үндэслэл, шалтгаанаар гомдол гаргасан бодит байдалд үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож, шийдвэр гаргах атал уг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон шүүхээс уг байдлыг нотолсон баримтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтыг газраас шаардсан боловч ирүүлээгүй зэргээр тус тус нотлогдож байна. / хх-ийн 159 дүгээр тал/.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 /Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй/, 57 дугаар зүйлийн 57.2 /...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ/ гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ нотлох бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий 117 дугаартай захиргааны актын үндэслэл болгосон гэх 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Засаг даргад хандсан 160 иргэдийн хүсэлтэд үнэлэлт өгч шийдвэрлэв. /1 хх-ийн 134-139 дүгээр тал/
Хүсэлт гаргасан иргэдийн төлөөлөл Ө.Цэрэндолгор, Р.Болор-Эрдэнэ нарын 160 иргэд нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Засаг даргад /захирамжийг цуцалж, өөр газар шилжүүлж өгөх/ хандсан байх бөгөөд энэ нь маргаан бүхий 117 дугаартай албан бичгээс цаг хугацааны хувьд хойно, тодруулбал 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 117 дугаартай албан бичгээс 23 хоногийн дараа хүсэлтээ илгээсэн байхад барилгын ажлыг эсэргүүцсэн иргэдийн санал гомдлыг үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй ба хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл /Захиргааны үйл ажиллагааны зарчим/-ийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан зарчмыг зөрчжээ.
Түүнчлэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь маргаан бүхий 117 дугаартай албан бичгийн талаар нэхэмжлэгч Эрдэнэт таймс сонин ХМБ-д урьдчилж мэдэгдээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/, 26 дугаар зүйл /Оролцогчийг сонсох/, 27 дугаар зүйлийн 27.5 /Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна/ заасныг хэрэгжүүлээгүй байна.
Иймд хариуцагч /Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар/ нь дээрх хуулийн заалтаар Эрдэнэт таймс сонин ХМБ-ын барилгын үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр 117 дугаар захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжийг хууль бус тул хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Эрдэнэт таймс сонин ХМБ хүсэлт гаргасны дагуу Орхон аймгийн Засаг дарга 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/457 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Нутгийн удирдлагын ордны хойд талд 300 м.кв газрыг телевизийн студийн зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000330289 дугаар гэрчилгээг “Эрдэнэт таймс сонин”-д олгожээ.
Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай А/907 дугаар захирамжаар Эрдэнэт таймс сонин ХХК-д /урлаг соёлын байгууллагын зориулалттай/ 400 м.кв газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдан, эзэмших эрхийн 000013713 дугаар гэрчилгээ /нэгж талбарын дугаар-6103343517/ олгогдон эрхийн улсын бүртгэлийн Э-2101001216 дугаарт бүртгэгдсэн байна. /Газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр Эрдэнэт таймс сонин ХМХ, R1191446 гэж бичигдсэн/ /1 хх-ийн 15, 166-170 дугаар тал/
Хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаартай захирамжаар Эрдэнэт таймс ХХК-ийн эзэмшиж буй газрыг хүчингүй болгож, Эрдэнэт таймс сонин ХМБ-д Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн орон сууцны 7 дугаар хороолол руу шилжүүлж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ./1 хх-ийн 14, 15 дугаар тал/
Маргаан бүхий захиргааны акт нь газрын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акт тул уг захиргааны актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас маргаан бүхий 2022 оны А/350 дугаартай захирамжийн үндэслэлээ ...Эрдэнэт таймс сонин ХМБ-ын барьж буй барилгын ажлыг иргэд эсэргүүцэж санал, хүсэлт гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 /шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол/, 49.3.5 /нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд/, Газрын тухай
хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 /аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна/-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Эрдэнэт таймс сонин ХМБ-ын гаргасан хүсэлтийн дагуу газрын байршлыг шилжүүлж шийдвэрлэсэн гэж тайлбарласан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө хэрхэн ямар байдлаар учирсныг шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд уг байдлыг шалгаж тогтоогоогүй болох нь нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс үзлэг хийсэн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс газрын байршлыг шилжүүлэх тухай хүсэлтээ гаргаагүй, аймгийн Засаг даргын захирамжаар Цагаанчулуут багийн 7 дугаар хороолол руу байршлыг шилжүүлсэн гэх маргаан бүхий газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хариуцагч тухайн сумын засаг даргын саналыг аваагүй болох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх ба харин хариуцагч Орхон аймгийн Засаг дарга болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Эрдэнэт таймс сонин ХМБ-ын захирал Мөнгөнтуяа нь аймгийн Засаг даргатай уулзаж, байршлыг шилжүүлэх талаар ярилцан зөвшилцсөн, өөрөө шилжүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн, Захиргааны ерөнхий хуульд зааснаар хүсэлтийг хангаж, газрын байршлыг шилжүүлсэн талаар Мөнгөнтуяад мэдэгдсэн гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй.
Нэхэмжлэгч “Эрдэнэт таймс сонин” ХМБ-аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 022/95 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгийг Аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд энэхүү албан бичигт “...боломж нөхцөлөөр хангах ба гадна талбайн зогсоолын асуудлыг хамтад нь шийдвэрлэж өгөх, хөрөнгө оруулагч компанийн зардал 80 сая төгрөгийн хохирлыг барагдуулах” гэж байгаагаас үзэхэд газрын байршлын талаар тусгаагүй байхад нэхэмжлэгчийг газар шилжүүлэх хүсэлтийг гаргасан гэж үзэх боломжгүй, Цагаанчулуут багийн 7 дугаар хороолол руу шилжүүлэх санал гаргаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзориг, өмгөөлөгч Б.Батмөнх, Э.Хашчулуун, У.Болдхүү нарын тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1 хх-ийн 17-18, 239 дугаар тал/
Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т /Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 /хуульд үндэслэх/, 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/, 4.2.8 /хууль ёсны итгэлийг хамгаалах/ гэж тус тус заасан зарчмыг баримтлан ажиллах бөгөөд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шууд
газрын байршлыг шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй байхад Эрдэнэт таймс ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг Эрдэнэт таймс сонин ХМБ-ын хүсэлтээр гэх үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчид олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Маргаж буй газрыг нэхэмжлэгч 2018 оны А/457 дугаар захирамж гарснаар анх эзэмшиж эхэлсэн бөгөөд тухайн газрыг хариуцагч эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг төсөл сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олгосон боловч нэгэнт гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсон учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй маргахгүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/0483 дугаар магадлалд “нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх анх ямар арга замаар үүссэн, ... маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх” гэсэнд дүгнэлт хийлгүй маргаж буй А/350 дугаар захирамжийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн маргаан бүхий А/350 дугаартай захирамжийн талаар Эрдэнэт таймс сонин ХМБ-д мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, уг шийдвэрээ гардуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д /иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд/ зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан боловч Эрдэнэт таймс сонин ХМБ нь Цагаанчулуут баг, 7А хороололд газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад түүний Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, нутгийн удирдлагын ордны хойд талд байршилтай 400 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/ зарчмыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал тухайн тохиолдолд хариуцагчийн А/350 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт биш тул хариуцагч маргаж буй захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулах байжээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.3.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.4-т Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэж тус тус заасан.
“Эрдэнэт таймс сонин” ХМБ-аас Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7А хороололд газраа шилжүүлэн эзэмших хүсэлт гаргаагүй байхад Орхон аймгийн Засаг даргаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Газрын байршил шилжүүлэх тухай А/350 дугаартай захирамж гаргаж, аймгийн Засаг даргын 2019 оны А/907 дугаартай захирамжаар эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд дээрх хуульд заасан үндэслэлүүд болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 117 дугаартай албан бичиг, аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Газрын байршил шилжүүлэх тухай А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
“Эрдэнэт таймс сонин” ХМБ /РД:1191446/ -аас шинээр газар эзэмших болон газрын хэмжээг өөрчлүүлэх тухай өргөдөл, хүсэлтдээ Эрдэнэт таймс ХМБ гэж тодорхойлсон байхад аймгийн Засаг даргын захирамжинд Эрдэнэт таймс ХХК-д гэсэн нэршлээр зөрүүтэй бичсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Эрдэнэт таймс сонин ХМБ /Регистр 1191446/ 2017 оны 05 дугаар сарын 22, Эрдэнэт таймс ХХК /Регистр 4403762/ 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд бүртгэгдсэн бүртгэлтэй 2 өөр хуулийн этгээд болох нь тодорхойлогджээ. /Ш хх-ийн 193, 216 дугаар тал/
Мөн Аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ний 505 дугаар захирамжаар Эрдэнэт таймс ТББ-д хуучин шүүхийн урд талд 300 м.кв, 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/670 дугаар захирамжаар Эрдэнэт таймс ХХК-д Зэст багийн 1А хорооллын нутагт 280 м.кв /нэгж талбарын 18431433426777 дугаартай/, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 дугаар захирамжаар Эрдэнэт таймс ХХК-д газрын хэмжээг өөрчилж 500 м.кв /нэгж талбарын дугаар 610294349/ болгон тус тус шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй. /Ш хх-ийн 111-120 дугаар тал/
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Алтантуяа нь “нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба нэхэмжлэгч Эрдэнэт таймс сонин ХМБ-ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрдэнэт таймс сонин ХМБ-ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар албан бичиг, мөн аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч Орхон аймгийн ЗДТГ-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ