Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 18

 

Т.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01323/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.М-д холбогдох

"500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч М.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...хувиараа вакум цонхны суулгалтын ажил хийдэг, хийгээд удаж байгаа арав гаран жил болж байна. Найдвартай чанартай хийж өгнө. 4 цонх, 1 балконы хаалга хийлгэхэд 1.371.000 төгрөг болно. Урьдчилгаа 50 хувь, үлдэгдлийг ажлаа хийж дуусгаад авдаг гэж ярьсан. М.М-ын ярьсанд итгээд цонхоо солиулахаар болж, урьдчилгаа төлбөрөө хүүхэд  н.Уранбилэгийн 5108255850 дугаарын Хаан банкны данс өгөхөөр нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр тухайн данс руу 600.000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлж захиалга баталгаажсан.

2019 оны 10 сарын 26-ны өдөр ирж хийж эхэлсэн бөгөөд цонх суулгах явцад цонхны хэмжээ цонхны барилгын хананаасаа /рамнаасаа/ 4 талдаа 3-4 хуруу зайтай жижиг цонхнууд байсан тул би арай болохгүй байх гэж бодоод нөхөр рүүгээ залгасан.

Тухайн үед нөхөр Улаанбаатар хотод ажил хийж байсан тул би нөхөр рүүгээ Фэйсбүүкээр залгаж харуулаад М.М-тай яриулсан. Тэгэхэд М.М- ... ямар ч асуудалгүй, угаасаа ийм зай гардаг, би мэдэж байна, танайх харин ч бага зай гарч байна. Энэ зайнд нь би зориулалтын даацын хөөс хийж өгчихнө. Ямар ч асуудалгүй гэж ярьсан.

Ингээд цонх суулгах ажил тухайн өдөртөө дуусаад явсан бөгөөд 2019 оны 10 сарын 28-ны өдөр 220.000 төгрөг, 10 сарын 29-ний өдөр 551.000 төгрөг тус тус дансаар шилжүүлж өгсөн.

Ингээд 2 жоохон хүүхэдтэй, гадаа цасаар шуурахад гэрт цонхны зайгаар цас шуурч орж ирээд гэр хүйтэн байгаад байсан тул нөхрийг Улаанбаатар хотоос 11 сарын эхээр дуудаж ирүүлсэн. Нөхөр ирээд үзэхэд цонхны 4 талаар хийсэн хөөсөнцөр нь даацын хөөсөнцөр биш, зүгээр энгийн даацын бус хөөсөнцөр хийсэн байсан. Мөн хөөс шахаагүй хэсэг маш их байсан. Нэг цонхны форчикийг хаагаад түгжихэд дээгүүрээ бүрэн хаагдахгүй зай гарсан байдалтай байсан. Цонхонд даацын хөөс хийгээгүйгээс болж цонхонд суулт өгч, дээгүүрээ сийгж зааг гарч цан цохих, хөлрөх зэрэг эрсдэл үүсээд байна.

М.М- гуайг хүлээгээд ирэхгүй өнөөдрийг хүрч, дээрээс нь хүүхдийн даахь үргээх өдөр тулаад байсан тул аргагүй эрхэнд байгаа байдлаар амлагаа хийгээд цонхондоо тавцан суурилуулсан.

Үүнд гарсан зардал нь барилгын материалын зардалд 93.500 төгрөг, амлагаа хийлгэхэд 250.000 төгрөг, нийт 343.500 төгрөг зарцуулсан байна. М.М- чанаргүй, шаардлага хангахгүй зүйл хийснээс болж дээрх ажлыг мөн адил зардлаар буюу 343.500 төгрөгөөр дахин хийх шаардлагатай болоод байна. Нийт 687.000 төгрөгийг зардал гарахаар тооцоо гарч байгаа хэдий ч миний бие хариуцагчаас 500.000 төгрөг нэхэмжилж байна.

Дахин цонхны амлагаа хийлгэх, даацын хөөсөнцөр хийлгэж солиулах, дулаалгын хөөс шахуулах материалын үнэ болон хийлгэх ажлын хөлс зэрэг зардлууд багтсан гэжээ.

Хариуцагч М.М- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т.С-д ямар нэгэн өр шир байхгүй. Вакум цонхонд амлагаа засвар хийж өгөөгүй. Завсар зай их гарсан гэж мөнгө нэхэж шүүхэд өргөдөл гаргасан байна. Вакум цонх хаалга хийхдээ хүргэлт, суулгалт, хөөс үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Бүх үйлчилгээ хийгдсэн. Ямар ч хуучин байранд бага хэмжээний зай гардаг. Хуучин хороолол, төмөр зам, Монтагийн тоосгон байранд 5-10 см зай гардаг. Миний бие цонх хаалга хийж бүрэн хийх ёстой үйлчилгээ хийсэн. Хаалганы тохиргоо алдагдсан гэж ярихад нь очиж тохиргоо хийж өгсөн.

Дулаан цагт амлагаагаа хийлгээрэй гэж хэлсэн. Гэтэл хүйтэрсэн хойно засвараа хийсэн. Би даацын хөөс гэж огт яриагүй. Анхнаасаа зайгүй хийж болох байсан ч гаднаасаа үзэмжгүй, хүрээгүй мэт харагддаг юм.

Баталгаа 3 жилийн хугацаатай байгаа. Тэр хугацаанд цонхонд ямар нэгэн асуудал гарвал засварыг нь хийж өгөх ёстой байдаг. Энэ дагуу баталгаа хүчинтэй байгаа. Амлагааны хувьд цонх хийдэг үйлдвэр, хувь хүн огт амлагаа хийдэггүй.

Миний бие Т.С-гийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч М.М-аас 93.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С-д олгож, үлдэх 406.500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.М- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие Т.С-гийн гаргасан вакум цонх, хаалганд амлагаа хийж өгөөгүй гэж нэхэмжилсэн 93500 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь вакум цонх, хаалгандаа 3 жилийн баталгаа гаргаж өгсөн бөгөөд вакум цонхонд амлагаа засвар хийдгүй цонх хаалга хийж суурилуулахад хүртэл суулгалт хөөс үнэгүй дагалддаг. Бүх ажлыг миний бие 100 хувь хийсэн.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.С- хариуцагч М.М-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулж, учирсан хохирол 500.000 төгрөг гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна, хариуцагч М.М- нэхэмжлэгчийн шаардсан 500.000 төгрөгөөс баримтаар нотлогдож буй 93.500 төгрөгийн шаардлагыг үгүйсгээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Болсон үйл явдал болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл хэргийн зохигчид 2019 оны 10 дугаар сард аман хэлцэл хийж нэхэмжлэгч Т.С-гийн өмчлөлийн байрны 4 ширхэг модон цонх, 1 хаалгыг вакум цонх хаалгаар сольж, суурилуулж өгөх ажил гүйцэтгэх, ажлын хөлсөнд 1.371.000 төгрөг өгөөхөөр харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэгч М.М- хэлцлээр тохирсон ажлыг хийж өгсөн,  захиалагч Т.С- ажлын хөлс 1.371.000 төгрөгийг ажил гүйцэтгэгчийн дансанд шилжүүлж, тус тусын үүргээ гүйцэтгэсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэн энэ талаарх гэрэл зургаар бэхжүүлсэн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн.

Нэхэмжлэгч Т.С- нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэгч М.М- цонх хаалганд “даацын хөөс” хийгээгүйгээс болж, цонхонд суулт өгч, зааг гаран сийгэж, түүгээр дулаан алдаж, цан цохих, хөлрөх зэрэг эрсдэл үүсч байна, эдгээр доголдлыг арилгахад гаргасан зардал 93500 төгрөг  амлагаа хийлгэхэд  250.000 төгрөг, ирээдүйд дахин амлагаа хийхэд гарах зардал 250.000 төгрөг болно гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Т.С- цонхны хэмжээ алдагдсан, мөн хуучин цонхны хүрээг хамаагүй хуулж авснаас болж тал талдаа их хэмжээний зай гарсан тул түүнийг битүүлэхэд барилгын материалын нэмэлт зардал гарсан гэж үзээд  худалдаж авсан тодорхой барилгын материалын баримт гаргаж ирүүлснийг хариуцагч тал маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчийн 250.000 төгрөгөөр амлагаа хийлгэсэн, мөн ирээдүйд 250.000 төгрөгийн засварын ажил хийлгэнэ гэж шаардсаныг хариуцагч М.М- гэрээгээр цонхны амлагаа хийхээр тохиролцоогүй мөн цонхонд доголдол гараагүй гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь вакум цонх хийх, хүргэх, суурилуулах бөгөөд харин цонхны амлагаа хийх үүрэг хүлээгээгүй байна.

Нэхэмжлэгч Т.С- нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гарсан хохирол гэж тодорхойлж, өөрөөс гаргасан барилгын материалын зардлыг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй хохирлын талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 1-д  “ ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг   нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэжээ.

Аливаа хохирлыг төлүүлэх асуудал нь төлбөр төлөгчийн гэрээгээр буюу хуулиар хүлээсэн үүрэг, эсхүл үйлдэл, эс үйлдэл түүний гэм буруутай холбоотой байдаг.

Тухайн маргааны хувьд нэхэмжлэгч тал хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой гаргасан зардал /хохирол/-ын талаар шүүхэд баримт гаргаж ирүүлснийг хариуцагч тал няцааж мэтгэлцээгүй байх тул. Хариуцагч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй гэж  үзнэ.

Иймд Иргэний хуулийн ерөнхий ангид заасан гэм хорын талаарх заалтуудыг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн хууль буруу тайлбарласан гэж шийдвэрийг хүчингүй болгох тухай  гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч М.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар  зүйлийн 343.1, ,352.  дугаар зүйлийн 352. 1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус  зааснаар...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                            АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                          ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                             ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            Л.АМАРСАНАА