Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2020/00125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс 135/2019/01323/и 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Монта ******* байр, ******* хаягт оршин суугаа, Гурван хайлантай овогт ******* ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Үйлдвэр *******, ******* тоот хаягт оршин суугаа, Алаг адуу овогт ******* //-д холбогдох,

 

500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие вакум цонх сайн хийдэг хүн хайж судлахаар Фэйсбүүк рүү орж Дархан зар Шуурхай зар гэх зарын сайтад орж үзэхэд Вакум цонх, хаалга, хаалт, тор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Хөөс, хүргэлт, суулгалт үнэгүй. Утас гэсэн зар тавигдсан байсан. Зарын дагуу залгаж ярихад М. гэсэн хүн байсан ба ...хувиараа вакум цонхны суулгалтын ажил хийдэг, хийгээд удаж байгаа арав гаран жил болж байна. Найдвартай чанартай хийж өгнө. 4 цонх, 1 балконы хаалга хийлгэхэд 1,371,000 төгрөг болно. Урьдчилгаа 50 хувь, үлдэгдлийг ажлаа хийж дуусгаад авдаг гэж ярьсан. М.ын ярьсанд итгээд цонхоо солиулахаар болж, урьдчилгаа төлбөрөө манай хүүхэд болох дугаарын Хаан банкны данс өгөхөөр нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр тухайн данс руу 600,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлж захиалга баталгаажсан.

2019 оны 10 сарын 26-ны өдөр ирж хийж эхэлсэн бөгөөд цонх суулгах явцад цонхны хэмжээ цонхны барилгын хананаасаа /рамнаасаа/ 4 талдаа 3-4 хуруу зайтай жижиг цонхнууд байсан тул би арай болохгүй байх гэж бодоод нөхөр рүүгээ залгасан. Тухайн үед нөхөр Улаанбаатар хотод ажил хийж байсан тул би нөхөр рүүгээ Фэйсбүүкээр залгаж харуулаад М.тай яриулсан. Тэгэхэд М. ... ямар ч асуудалгүй, угаасаа ийм зай гардаг, би мэдэж байна, танайх харин ч бага зай гарч байна. Энэ зайнд нь би зориулалтын даацын хөөс хийж өгчихнө. Ямар ч асуудалгүй гэж ярисан.

Ингээд цонх суулгах ажил тухайн өдөртөө дуусаад явсан бөгөөд 2019 оны 10 сарын 28-ны өдөр 220,000 төгрөг, 10 сарын 29-ний өдөр 551,000 төгрөг тус тус дансаар шилжүүлж өгсөн.

Цонх солиулсны дараа тухайн суулгасан хэсгээр сийгээд, гэр хүйтэн байгаад байсан тул М. руу залгаж энэ талаар хэлтэл ирж үзээд ... танайх амлагаагаа хийчих, тэгээд ямар ч асуудалгүй дулаахан болчихно, амалгаа хийгээгүй байхад сийгдэг юм гэж хэлчихээд явсан.

Ингээд 2 жоохон хүүхэдтэй, гадаа цасаар шуурахад гэрт цонхны зайгаар цас шуурч орж ирээд гэр хүйтэн байгаад байсан тул нөхрийг Улаанбаатар хотоос 11 сарын эхээр дуудаж ирүүлсэн. Нөхөр ирээд үзэхэд цонхны 4 талаар хийсэн хөөсөнцөр нь даацын хөөсөнцөр биш, зүгээр энгийн даацын бус хөөсөнцөр хийсэн байсан. Мөн хөөс шахаагүй хэсэг маш их байсан. Нэг цонхны форчикийг хаагаад түгжихэд дээгүүрээ бүрэн хаагдахгүй зай гарсан байдалтай байсан. Цонхонд даацын хөөс хийгээгүйгээс болж цонхонд суулт өгч, дээгүүрээ сийгэж зааг гарч цан цохих, хөлрөх зэрэг эрсдэл үүсээд байна.

Ингээд М. руу залгаж энэ тухай хэлж засаж зориулалтынх нь дагуу чанартай хийж гүйцэтгэхийг шаардахад эхэндээ ... за маргааш, нөгөөдөр очино, хөдөө явж байна гэх зэргээр ярьдаг байснаа сүүлдээ утсаа ч авахаа больсон тул арга буюу шүүхэд хандаж байна.

М. гуайг хүлээгээд ирэхгүй өнөөдрийг хүрч, дээрээс нь хүүхдийн даахь үргээх өдөр тулаад байсан тул аргагүй эрхэнд байгаа байдлаар амалгаа хийгээд цонхондоо тавцан суурилуулсан.

Үүнд гарсан зардал нь барилгын материалын зардалд 93,500 төгрөг, амалгаа хийлгэхэд 250,000 төгрөг, нийт 343,500 төгрөг зарцуулсан байна. М. чанаргүй, шаардлага хангахгүй зүйл хийснээс болж дээрх ажлыг мөн адил зардлаар буюу 343,500 төгрөгөөр дахин хийх шаардлагатай болоод байна. Нийт 687,000 төгрөгийг зардал гарахаар тооцоо гарч байгаа хэдий ч миний бие хариуцагчаас 500,000 төгрөг нэхэмжилж байна.

Дахин цонхны амалгаа хийлгэх, даацын хөөсөнцөр хийлгэж солиулах, дулаалгын хөөс шахуулах материалын үнэ болон хийлгэх ажлын хөлс зэрэг зардлууд багтсан гэжээ.

 

Хариуцагч М. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т.*******д ямар нэгэн өр шир байхгүй. Вакум цонхонд амалгаа засвар хийж өгөөгүй. Завсар зай их гарсан гэж мөнгө нэхэж шүүхэд өргөдөл гаргасан байна. Вакум цонх хаалга хийхдээ хүргэлт, суулгалт, хөөс үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Бүх үйлчилгээ хийгдсэн. Ямар ч хуучин байранд бага хэмжээний зай гардаг. Хуучин хороолол, төмөр зам, Монтагийн тоосгон байранд 5-10 см зай гардаг. Миний бие цонх хаалга хийж бүрэн хийх ёстой үйлчилгээ хийсэн. Хаалганы тохиргоо алдагдсан гэж ярихад нь очиж тохиргоо хийж өгсөн.

Дулаан цагт амалгаагаа хийлгээрэй гэж хэлсэн. Гэтэл хүйтэрсэн хойно засвараа хийсэн. Би даацын хөөс гэж огт яриагүй. Анхнаасаа зайгүй хийж болох байсан ч гаднаасаа үзэмжгүй, хүрээгүй мэт харагддаг юм.

Баталгаа 3 жилийн хугацаатай байгаа. Тэр хугацаанд цонхонд ямар нэгэн асуудал гарвал засварыг нь хийж өгөх ёстой байдаг. Энэ дагуу баталгаа хүчинтэй байгаа. Амалгааны хувьд цонх хийдэг үйлдвэр, хувь хүн огт амалгаа хийдэггүй.

Миний бие Т.*******гийн нэхэмжилсэн 500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч М.д холбогдуулан нийт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талууд 2019 оны 10 сард аман хэлцэл хийж, М. нь Т.*******гийн амьдарч буй орон сууцанд вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх, Т.******* нь М.д хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар буюу хийж гүйцэтгэх ажил, түүний хөлсийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-д зааснаар Т.*******, М. нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч М. нь хэлцлээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч Т.******* нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан Хаан банкны Депозит дансны хуулгаас үзэхэд эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь тоот данснаас эзэмшдэг Хаан банк дахь тоот данс руу 2019 оны 10 сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 10 сарын 29-ний өдөр 551,000 төгрөг, мөн Т.*******гийн эзэмшдэг Хаан банк дахь тоот данснаас эзэмшдэг Хаан банк дахь тоот данс руу 2019 оны 10 сарын 28-ны өдөр 220,000 төгрөг, нийт 1,371,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-5х, 6х/

 

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...4 цонх, 1 балконы хаалга хийлгэхэд 1,371,000 төгрөг болно гэж ярьсан гэж, харин шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа ...энэ хүнд 1,770,000 төгрөг өгч хийлгэсэн гэж тус тус тайлбарладаг буюу харилцан адилгүй тайлбарыг гаргадаг.

 

Захиалагч талаас ажил гүйцэтгэгч талд шилжүүлсэн мөнгөн дүнг дээр дурдсан тайлбаруудтай харьцуулан дүгнээд нэхэмжлэлд дурдагдсан дүн буюу 1,371,000 төгрөгийг үнэн зөв гэж үзэв.

 

Ажил гүйцэтгэгч М.ын хэлсний дагуу түүний хүүхэд гэх данс руу ажлын хөлсийг шилжүүлсэн байх тул захиалагч Т.*******г хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Иймд захиалагч Т.******* нь ажил гүйцэтгэгч М.ын хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч Т.******* нь шаардлагынхаа үндэслэлийг ...даацын хөөс хийгээгүйгээс болж цонхонд суулт өгч, дээгүүрээ сийгэж, зааг гарч цан цохих, хөлрөх зэрэг эрсдэл үүсээд байна гэж тайлбарладаг бол хариуцагч М. нь өөрийн татгалзлын үндэслэлийг ...даацын хөөс гэж би огт яриагүй. Миний хийсэн хөөс доошоо суухгүй. Амалгаанаас болж сийгдэг. Бүх ажил үйлчилгээ хийгдсэн. З жилийн баталгаат хугацаа байгаа. Энэ хугацаанд цонхонд асуудал гарвал засч өгнө гэж тайлбарлан маргадаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

 

Цонхонд суулт өгсөн, дээгүүрээ сийгдэг, зааг гарсан, цан цохидог, хөлөрдөг зэрэг нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байхаас гадна вакум цонх, хаалганы хэмжээ, чанарын талаар талууд тодорхой тохиролцоо хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ хэмээн зохицуулжээ.

 

Нэхэмжлэлийн үнийн дүн болох 500,000 төгрөгийн 250,000 төгрөг нь амалгаа хийлгэсэн зардал, 250,000 төгрөг нь ирээдүйд гарах зардал буюу хийсэн амалгаагаа эвдэж вакум цонх, хаалганы доголдлыг засаж дахин амалгаа хийлгэх зардал гэсэн агуулгатай тайлбарыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.******* гаргадаг.

 

Талууд анх вакум цонх, хаалга хийлгэх, ажлын хөлсөнд хүргэлт, суулгалт, хөөс багтах-аар харилцан тохиролцсон буюу амалгаа хийх талаар харилцан тохиролцоогүй байх тул амалгаа хийлгэхэд гарсан зардал гэх 250,000 төгрөгийг М.д хариуцуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн шүүх ирээдүйд гарах эсэх нь тодорхойгүй буюу бодитоор гараагүй зардлыг шийдвэрлэх боломжгүй учир ирээдүйд гарах зардал гэх 250,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангах боломжгүй юм.

 

Харин амалгаа хийлгэх зардлаас тусдаа гарсан, баримтаар нотлогдож буй 93,500 төгрөгийн зардлыг хариуцагч тал үгүйсгэхгүй байх тул хариуцагч М.аас 93,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.******* нь вакум цонх, хаалганд олгосон баталгаат хугацааны дотор буюу 2022 оны 10 сарын 29-ний өдрийн дотор вакум цонх, хаалганы доголдлын талаар хариуцагч М.д хандан засварлуулах эрхээ хэрэгжүүлэхэд нь энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.         Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч М.аас 93,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх 406,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д буцаан олгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР