Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01927 дугаар шийдвэртэй, “Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.С-, Э.Э-, Б.Б- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 67 605 083.19 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч Н.С-, Э.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.С- нь “К к- ББСБ” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ15/40 тоот зээлийн гэрээг байгуулж, түүний баталгаа болгож БГ15/31 дугаартай барьцааны гэрээ болон барьцаалбар үйлдэгдэн 65 000 000 төгрөгийн зээлийг хүлээн авсан болно. Энэ зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтанд талууд тохиролцсон. Зээлдэгч Н.С- нь эргэн төлөлтийн хувиараас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, үндсэн зээл эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг нийт 263 хоногоор хэтрүүлээд байна. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 87 удаагийн зээлийн эргэн төлөлтөнд 52 195 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн ба үүнээс хойш зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг төлөөгүй, удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах талаар ямар нэг үйлдэл хийгээгүй байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т ...Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ цуцлагдсан едрөөс эхлэн Барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөр бусад зардпыг нэн даруй төлүүлэх эрхтэй, 7.1.1,-т Зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг Хавсралт-г-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн зэрэг нь зээлийн гэрээг цуцлан үндсэн зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй болох тухай заасан болно. Иймээс ББСБ гэрээний 3.1.2, 7.1 1-заалтыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үндсэн зээл /зээлийн үлдэгдэл/ 51 197 894 төгрөг, хүү 14 206 363.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231 272.70 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1 969 065.91 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16 000 төгрөг, нийт 67 620 596.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн БГ15/31 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “К к- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Н.С-д холбогдох "...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үндсэн зээл /зээлийн үлдэгдэл/ 51 197 894 төгрөг, хүү 14 206 363 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231 272 өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1 969 065 төгрөг. нотариатын үйлчилгээний төлбөр 16 000 төгрөг, нийт 67 620 596 төгрөгийг хариуцагчаас гаргуулах... , мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн БГ1531 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр бүргэгдсэн хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах..., мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Б-гийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Н.С- болон “К к- ББСБ” ХХК нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №ЗГ15/40 тоот зээлийн гэрээ байгуулагдсан нь үнэн бөгөөд энэ гэрээнд хариуцагч Н.С-гийн эхнэр Э.Э-, Б.Б- миний бие гарын үсэг зурсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д зааснаар зээлийг хүлээн авах этгээд Н.С- байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8 дэх хэсэгт ...зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно... гэж зааснаар 65 000 000 төгрөгийг Н.С- хүлээн авсан бөгөөд миний бие зээлийн мөнгөн хөрөнгөнөөс ямар нэгэн байдлаар зээлийг хүлээж авсан зүйл байхгүй болно. Миний бие зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь 2015 оны 11 дүгээр сард хариуцагч Н.С- /нөхрийн найз/ манай гэрт ирж та өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65 000 000 төгрөгт барьцаалж өгөөч, оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгье гэж хэлсэн бөгөөд үүнийг нь тухайн үед би хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь Н.С- 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажлаа хийж байхад К к- ББСБ ХХК дээр хүрээд ирээч гэж дуудсан ба би нөхөр Н.М-ын хамт очиж зөвхөн барьцааны гэрээнд л гарын үсэг зурсан. Харин “К к- ББСБ” ХХК-ийн ажилтан тухайн үед миний иргэний үнэмлэхний хуулбарыг олон хувилж авч байсан. Намайг барьцааны гэрээнд гарын үсэг зурах үед тэнд Н.С-, түүний эхнэр Н.Э- нар байсан. Би барьцааны гэрээнд гарын үсэг зурчихаад гарсан бөгөөд тойргийн нотариатч болон Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өөрийн биеэр огт очоогүй байдаг. Харин бидний тохиролцсоноор зээлдэгч Н.С-гийн миний нэр дээр шилжүүлж өгөх байсан 130 м.кв орон сууцны гэрчилгээ нь Н.С-гийн нэр дээр биш байсан бөгөөд тухайн үед Н.С- орон сууцны өмчлөгчөөс нь итгэмжлэл хийлгэн авсан байсан. Улмаар Н.С- манай нөхөр М- бид гурав циркийн хажуу талын Түшиг их дэлгүүр дотор байдаг нотариат дээр очсон боловч байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх 2 хувийн татвар төлөх мөнгө байхгүй мөн итгэмжлэлийн агуулга нь зөвхөн худалдах, худалдан авах эрх олгосон итгэмжлэл байсан тул тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг би өөрийн нэр дээр шилжүүлж авч чадалгүй Э.Санжаад хууран мэхлэгдсэн. Н.С-гийн нэхэмжлэгчээс зээлж авсан гэх 65 000 000 төгрөгөөс нэг ч төгрөгийг миний бие хүлээн аваагүй бөгөөд зээлийн гэрээ бодитойгоор хариуцагч нарын хооронд үүсэн гэж ойлгож байна. Дээр дурьдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хариуцахгүй тул надаас 67 620 596.11 төгрөг гаргуулах, энэ шаардлагыг миний нэр дээрх барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөө /13311/ гудамжны 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь өнөөдөрийн байдлаар иргэн Б.Б- байгаа бөгөөд дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч “К к- ББСБ” ХХК нь зээлдэгч иргэн Н.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага гаргаснаар миний хууль ёсны эд хөрөнгө өмчлөх эрхэнд шууд халдах бодит нөхцөлийг бий болгож байна. Иргэн Н.С- нь нэхэмжлэгч “К к- ББСБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №ЗГ15/40 тоот зээлийн гэрээг байгуулан 65 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 360 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэх талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулах болсон байдаг. Миний бие дээрх барьцааны гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгааныг үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой дурдсан. Тус тайлбарт дурдсанчлан миний бие Н.С-д хууран мэхлэгдсэн, ноцтой төөрөгдсөн нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу тус банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахаар сөрөг шаардлага гаргаж байна. Н.С- нь санаатайгаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлж циркийн хажууд байдаг 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч биш атлаа миний нэр дээр шилжүүлэх эрхтэй этгээд мэтээр ойлголт төрүүлсэн. Өөрт нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрх байхгүй байхад уг орон сууцны өмчлөгч мэтээр өөрийгөө тайлбарлаж бодит үнэн биш, худал мэдээлэлээр намайг төөрөгдүүлсэн. Хэрвээ Н.С- нь надад 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65 000 000 төгрөгт барьцаалж оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгөхөөр амлаагүй байсан бол би иргэн Н.С- болон “К к- ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулагдаж буй уг барьцааны гэрээнд гарын үсэг зурж, барьцааны гэрээг хийхгүй байх байсан нь тодорхой юм. Ийнхүү Н.С- намайг төөрөгдүүлсэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар: ...Барьцааны гэрээг бичгээр байгуулна..., мөн 156.2 дах хэсэгт зааснаар: ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх... гэж заасан байх ба барьцааны гэрээнд хэлбэрийн хувьд бичгээр байгуулах, нотаритаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн үндсэн шаардлага тавигддаг. Гэтэл миний бие зөвхөн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тухайн гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд биечлэн байлцаагүй, миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй байхад нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн, улсын бүртгэлд хандан өмчлөгч хуулийн дагуу мэдүүлэг гаргаагүй байхад улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд гаргасныг миний бие 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр олж мэдлээ. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт: ... Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ..., мөн 12.2 дэх хэсэгт: ... Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно... мөн 12.3 дэх хэсэгт: ...Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэж хуулиар нарийвчлан зохицуулсан. Миний бие Улсын бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл, хүсэлт гаргаж, мэдүүлэг бөглөж өгөөгүй байхад юуг үндэслэж барьцааны гэрээг улсын бүртгэлийн ажилтан бүртгэж баталгаажуулсан нь мөн л тодорхойгүй байгаа юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар: ....Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид ипотек гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ..., мөн хуулийн 28.2 дэх хэсэгт зааснаар: ...Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана... гэж тодорхой заасан байх ба миний бие Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэхээр өөрийн биеэр очиж мэдүүлэг гаргаж байгаа болно. Түүнчлэн, Н.С- нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаанд тавиулахдаа намайг зориуд хууран мэхэлж, миний итгэлийг олж аван улмаар надад циркийн урд талд байдаг 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж худлаа ярин итгүүлж улмаар барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан энэ нь намайг хууран мэхлэх замаар ноцтой төөрөгдөлд оруулж Барьцааны гэрээнд гарын үсэг зурахад хүргэсэн гэж үзэж байгаа болно. Хариуцагч Н.С-гийн нэхэмжлэгчээс зээлж авсан гэх 65 000 000 төгрөгөөс нэг төгрөгийг миний бие хүлээн аваагүй бөгөөд зээлийн гэрээ бодитойгоор нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүүсэн гэж ойлгож байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр “К к- ББСБ” ХХК болон иргэн Батаа овогтой Батзаяа нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11 -ны өдөр байгуулагдсан №БГ 15/31 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хариуцагч Н.С-, Н.Э- нараас 55 758 659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж-” ХХК- д олгон, тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 11 861 937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 67 620 596 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Н.С-, Н.Э- нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 40И байрны 44 тоот, 90мкв /Ү-2204065907/ орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч Б.Б-гийн гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, барьцааны эрхээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.С-, Н.Э- нараас 436 743 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгон, хариуцагч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугээр сарын 05-ш өдрийн 182/ШШ2019/01927 дугаартай шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр "хүлээн авч танилцаад шүүхээс хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг ундэслэлээр шуүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дэх заалтыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шуүхэд болон шуух хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Хариуцагч Б.Б- нь хэрэгт авагдсан "Барьцааны гэрээ"-нд гарын үсэг зурах болсон шалтгаан нь 2015 оны 11 дүгээр сард зээлдэгч Н.С- /нөхрийн найз/ манай гэрт ирж та өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40и байрны 44 тоот хаягг байрлах эрхийн улсын буртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бухий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65 000 000 төгрөгт барьцаалж өгөөч, оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгий гэж хэлсэн бөгөөд үүнийг нь тухайн үед хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Дараа нь Н.С- 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажлаа хийж байхад "К к- ББСБ" ХХК дээр та хүрээд ирээч гэж дуудсан ба би нөхөр Ж.М-ын хамт очиж барьцааны гэрээнд гарын үсэг л зурж өгсөн. Тухайн үед "К к- ББСБ"  ХХК-ийн ажилтан миний иргэний үнэмлэхийг олон хувь хувилж авч байсан. Дээрх барьцааны гэрээнд гарын үсэг зурах үед тэнд Н.С-, түүний эхнэр Н.Э- нар байсан. Би барьцааны гэрээнд гарын үсэг зурчихаад гарж явсан бөгөөд тухайн барьцааны гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэхээр тойргийн нотариатч болон Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар тухайн өдөр өөрийн биеэр мөн л очоогүй байдаг. Харин бидний тохиролцсоноор Н.С-гийн миний нэр дээр шилжүүлж өгөх байсан 130 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Н.С-гийн нэр дээр биш байсан бөгөөд тухайн үед Н.С- орон сууцны өмчлөгчөөс нь итгэмжлэл хийлгэн авсан байсан ба Н.С- манай нөхөр М- бид гурав циркийн хажуу талын Түшиг их дэлгүүр дотор байдаг нотариат дээр очсон боловч тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх 2 хувийн татвар төлөх мөнгө байхгүй, мөн итгэмжлэлийн агуулга нь зөвхөн худалдах, худалдан авах эрх олгосон итгэмжлэл байсан тул тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авч чадалгүй Н.С-д хууртагдсан. "К к- ББСБ" ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхэд хандан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг миний бие олж мэдсэн бөгөөд тухайн хэргийн хариуцагч Н.С- мөн надтай утсаар ярьж энэ талаар мэдэгдсэн бөгөөд энэ үеэс эхлэн миний эд хөрөнгөнд зээлдэгч, зээлдүүлэгч нар хууль бусаар халдах гэж байгааг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр лавлагаа авснаар олж мэдсэн. Мөн хариуцагч Б.Б- нь биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой удаан хугацаанд эмчилгээ хийлгүүлж байгаа бөгөөд нөхөр болох М- нь /Н.С-гийн найз/ салж, бага насны 1 хүүхэдтэй үлдсэн бөгөөд тэдний одоо амьдарч байгаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж тухайн үед болсон үйл явдал, мөн эрүүл мэндийн шалтгаантай талаас нь гомдол гаргаж байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийн тогтох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь хариуцагч Н.С-, Н.Э-, Б.Б- нарт холбогдуулан тэдгээртэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 51 197 894 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 14 206 363 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231 272 төгрөг, өмгөөллийн зардал 1 969 065 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг, нийт 67 620 596 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Б- 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулсан БГ15/31 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “К к- ББСБ” ХХК нь оноосон нэрээ “Ж-” ХХК болгон өөрчилсөн нь хуулийн этгээдийн лавлагаа, гэрчилгээгээр тогтоогдсон талаар талууд маргаагүй. /1хх-ийн 5 дугаар тал, 2хх-ийн 7 дугаар тал/

 

            Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ15/40 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 65 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар жилийн 48 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь тогтсон хуваарийн дагуу 1 жилийн дотор төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Б-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Нийслэл хүрээ өргөн чөлөөн гудамжны 40 и байрны 44 тоот хаягтай улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай 90 мкв орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, барьцаалбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх 10-18 дугаар тал/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн жилийн хүүгийн хэмжээ 48% /сарын 4%/ гэж, гэрээний 2.1.4-т хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 57.6% /сарын 4.8%/ (хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 57.6%=Үндсэн жилийн хүү 48%+нэмэгдүүлсэн хүү 9.6%) гэж тус тус заажээ.

 

            Түүнчлэн, эргэн төлөлтийн тооцооллын хүснэгтээс харвал 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч 3 000 000 төгрөгийн эргэн төлөлт хийхэд 2 136 986.30 төгрөгийг зээлийн хүүд, 820 602.73 төгрөгийг хугацаа хэтэрсэн хүүд, 42 410.97 төгрөгийг үндсэн төлбөрт тус тус суутган тооцсон байна. Талуудын тохиролцсон эргэн төлөлтийн хуваариас харвал 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 200 000 төгрөгийг эргэн төлөх үүрэгтэйгээс зээлийн хүүнд 2 136 986 төгрөгийг, үндсэн төлбөрт 63 013.70 төгрөгийг суутган тооцох хуваарьтай байжээ.

            Гэтэл зээлдэгч тохирсон хугацаанаас 8 хоног хэтрүүлж эргэн төлөлтийг хийхдээ тохирсон төлбөрөөс 800 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн байхад зээлийн үндсэн хүүд           2 136 986.30 төгрөг, зээлийн хугацаа хэтэрсэн хүүд 820 602.73 төгрөгийг тооцож авсан нь үндэслэлгүй, зээлдэгчийн эрх ашгийг хэт зөрчсөн хууль бус тооцоолол гэж үзэж, шүүхээс хэтэрсэн хоногт тохируулан үндсэн хүүг тооцож зээлийн гэрээний зөрчлийн дүнг 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд тооцоход үндсэн зээл 41 552 294 төгрөг, хүүд 20 754 451 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хүүг 14 206 363 төгрөгөөр тооцож, хариуцагч Н.С-, Н.Э- нараас нийт 55 758 659 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин хариуцагч Б.Б- зээлийн гэрээнд барьцааны зүйлийн өмчлөгчийн хувьд оролцож гарын үсэг зурсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч үгүйсгэж гомдол гаргаж маргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 1 969 065 төгрөг, нотариатын зардалд 16 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Тодруулбал, хэргийн оролцогч нар өмгөөлөгч авах үүргийг хуулиар хүлээлгээгүй, энэ нь хэргийн оролцогчийн эрхийн асуудал тул зайлшгүй гарах ёстой зардалд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн хөлсөө тухайн гэрээний талууд тохиролцдог учир хариуцагчаас үл хамаарах зардал гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иймд нэхэмжлэгч Ж- ХХК-ийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байх ба энэ нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Б- нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Н.С-гаас миний байрыг 4 өрөө сууц болгон сольж өгөх амлалтад итгэсний үндсэн дээр өөрийн өмчлөлийн байраа барьцаалахыг зөвшөөрсөн. Гэтэл Н.С- тус тохиролцоогоо биелүүлээгүй тул миний бие тус барьцааны гэрээг ноцтой төөрөгдөж, хууран мэхлэгдэж байгуулсан” гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэж заасантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шүүх залруулах боломжтой.

           

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Б-гийн гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, барьцааны эрхээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.С-, Н.Э- нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 40И байрны 44 тоот, 90мкв /Ү-2204065907/ орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Б.Б- гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                С.ЭНХТӨР