Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03366 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н.С-” ХХК-д холбогдох,

 

11 784 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б- би “Н.С-” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №42 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан тус компанийн барьж ашиглалтанд оруулах А--2 орон сууцны хотхоны 3 байрны 1 орцны 10 давхар 1003 тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв талбай бүхий 1 өрөө байрны 1 мкв 1 450 000 төгрөг, нийт 39 280 500 төгрөгийн урьдчилгаа төлбөр болох 30% болон 11 784 150 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот төгрөгийн дансанд төлсөн болно. Уг орон сууц нь гэрээний 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэхэд ашиглалтад орох ёстой байсан. Мөн тус компанийн захирал Д.Г-той 2019 оны 5 сард утсаар ярихад барилга 6 давхартаа явж байгаа, орох хугацаа хойшлоод 2019 оны 12 сард орохоор босон гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар суурийн ажил нь ч эхлээгүй байна. Цаашид барилгын ажил эхлэх болон миний захиалгын байр хэзээ бэлэн болох нь тодорхойгүй байна. Иймд “Н.С-” ХХК-аас миний төлсөн урьдчилгаа төлбөр болох 11 874 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ө.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Н.С-” ХХК нь А- 1, 2, 3 гэсэн хотхонуудыг 2017 оноос барьж төслүүдээ эхэлсэн. Гэтэл Чингис хаан банкнаас 1,9 тэрбум төгрөгийг манай зөвшөөрөлгүй татсан байгаа. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа. Одоогоор шийдвэр гараагүй байна. Мөн захиалагчид маань А- 2 хотхон руу захиалгаа шилжүүлэх боломжтой талаар саналаа хүргүүлсэн байгаа. Манай саналыг хүлээн аваагүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “Н.С-” ХХК-аас 11 784 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 497 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Н.С-” ХХК-аас 203 497 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч "Н.С-" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О- миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Дугаар 101/ШШ2019/03366 тоот шийдвэрийг хүлээн зөвшөерөхгүй байгаа тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.   Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар :

Шүүх хариуцагч "Н.С-" ХХК болон нэхэмжлэгч Товуусүрэнгийн Батбаяр нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн кэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 11 784 150 төгрөгийг нэхзмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлзлд дурьдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Товуусүрэнгийн Батбаярын нэхэмжлэлийн шаарддага тодорхойгүй, 11 784 150 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрзэг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх ".. .талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж цуцлах эрхтэй." гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Т.Б-, хариуцагч “Н.С-” ХХК-д холбогдуулан 11 784 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 42 дугаартай Орон сууц захиалгын нэртэй гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт А--2 орон сууцны хотхоны 3 байрны 1 орцны 10 давхар 1003 тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны төлбөрт 39 280 500 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тэдгээрийн тайлбар, болон гэрээгээр тогтоогдож байна./хэргийн 3-5 дугаар тал/

 

            Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзэх юм бол нэг тал нь орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 426010888 тоот дансанд 11 784 150 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид байрыг хүлээлгэн өгөөгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А- 1,2,3 гэсэн хотхонуудыг 2017 оноос барьж төслүүдээ эхэлсэн. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж, шийдвэр гараагүй байгаа гэх тайлбараар тогтоогдож байна.

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлсэн 11 784 150 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03366 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Нарны хүү, сарны охин” ХХК-аас 11 784 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 497 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                С.ЭНХТӨР