Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 3366

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр           Дугаар 101/ШШ2019/03366                 Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

11,784,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б би Н ХХК-тай 2018.09.16-ны өдөр №42 тоот “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан тус компанийн барьж ашиглалтанд оруулах “Амар Амгалан-2” орон сууцны хотхоны ******* тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв талбай бүхий 1 өрөө байрны 1 мкв 1,450,000 төгрөг, нийт 39,280,500 төгрөгийн урьдчилгаа төлбөр болох 30% болон 11,784,150 төгрөгийг 2018.09.16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ******* тоот төгрөгийн дансанд төлсөн болно.

Уг орон сууц нь гэрээний 2019.08.25-ны өдөр гэхэд ашиглалтад орох ёстой байсан. Мөн тус компанийн захирал Г-той 2019.05 сард утсаар ярихад барилга 6 давхартаа явж байгаа, орох хугацаа хойшлоод 2019.12 сард орохоор босон гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар суурийн ажил нь ч эхлээгүй байна. Цаашид барилгын ажил эхлэх болон миний захиалгын байр хэзээ бэлэн болох нь тодорхойгүй байна.

Иймд “Н” ХХК-иас миний төлсөн урьдчилгаа төлбөр болох 11,874,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н ХХК нь Амар амгалан 1, 2, 3 гэсэн хотхонуудыг 2017 оноос барьж төслүүдээ эхэлсэн. Гэтэл Чингис хаан банкнаас 1,9 тэрбум төгрөгийг манай зөвшөөрөлгүй татсан байгаа. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа. Одоогоор шийдвэр гараагүй байна. Мөн захиалагчид маань Амар амгалан 2 хотхон руу захиалгаа шилжүүлэх боломжтой талаар саналаа хүргүүлсэн байгаа. Манай саналыг хүлээн аваагүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б, хариуцагч Н ХХК-д холбогдуулан 11,784,150 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч өөр байр санал болгох боломжтой одоо бэлэн мөнгө өгөх боломжгүй гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа татгалзлаа илэрхийлжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б, хариуцагч Н ХХК нар 2018 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр 42 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Амар Амгалан-2” орон сууцны хотхоны ******* тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, хариуцагч уг орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч үнэ 39,280,500 төгрөгийг төлөхөөр гэрээний 2.1, 3.6-д тус тус заажээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхын зэрэгцээ ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулсан.

Гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч 11,784,150 төгрөгийг хариуцагчид төлөх үүргээ биелүүлсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “дотоод шилжүүлгийн маягт”-ын баримтаар хариуцагчийн тус банкинд дахь ******* тоот дансанд мөнгийг шилжүүлжээ.

Хариуцагч гэрээний 3.6-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй явдал нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргийн зөрчлийг бий болгосон нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх тухай үүргийн суурь зарчмыг зөрчсөнөөр тайлбарлагдана. Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйг Амар амгалан-2 орон сууцны барилгын ажил эхлээгүй шалтгаанаар гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардсан үндэслэлийг хариуцагч тал маргаагүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байхаар зохицуулсан ч хариуцагч хугацаа хэтрүүлсэн нь түүний буруугаас болоогүй бодит шалтгаан, үйл баримтыг баримтаар нотлоогүй. Хариуцагч гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй нь зохигчийн харилцан тохиролцож тогтоосон гэрээний үүрэг биелэгдэхгүй боломжгүй болсон, гэрээг хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчид хугацаа алдах хохиролтой үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шаардсан нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нийцнэ. Мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан журмаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн явдалд нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, үр дүн гарахгүй нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож тодорхой болсон гэж үзэхээр байна.

Иймд мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 219.3-т заасан нөхцөл хангагдсан гэж үзэж дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Н ХХК-иас 11,784,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 11,784,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,497 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н ХХК-иас 203,497 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.ЭНЭБИШ