Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03317 дугаар шийдвэртэй, Т.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.О-, Б.М- нарт холбогдох, орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э-, өмгөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууцыг миний аав 1953-1982 хооронд Барилгын яамны сайдын ажил хийж БНМАУ-ын гавьяат цол олгоход нь хамт уг байрыг өгсөн. Би Ү.О-тэй гэр бүл олж дундаасаа үр хүүхэдтэй болсон. Манай эцэг энэ байр чиний гал голомт гэсэн учир уг байранд гэр бүлийн хамт амьдрах болсон. Энэ байр дундын өмч биш, аав ээжээс өвлөж ирсэн миний хуваарт эд хөрөнгө гэж бодож байна. Я.Ү-тэй цуг амьдарч байх хугацаандаа Я.Ү-т уг байрыг чөлөөлж өг, би амьдармаар байна гэж хэлдэг байсан. 2012 оноос хойш гэр бүлийн асуудал хүндэрсэн учир удаа дараа байр чөлөөлж өгөхийг утсаар болон биечлэн мэдэгдэж байсан. Одоо хүртэл орох сууц чөлөөлж өгөөгүй байна. Я.Ү- амьдрахаа больсон Ү.О-, Б.М- нар амьдарч байгаа. Хууль ёсны өмчлөгч нь би. Өөрийн гал голомт байранд амьдармаар байна. Англи улсад олон сар байсан хөдөлмөрийн орлого байхгүй, хөдөлмөрийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Айлуудаар хэсч амьдрах хэцүү байна. Иймд миний орон сууцыг Ү.О-, Б.М- нараас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т.Э- нь Ү.О-тэй 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Нийтдээ 25 жил хамт амьдарсан. Т.Э- 2015 оны 9 дүгээр сараас эхэлж н.Э- гэдэг эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болж дундаасаа хүүхэдтэй болсон. Нэхэмжлэгч нь гэр бүлээ цуцлуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдагдаж буй орон сууцанд 2010 оноос хойш амьдраагүй. Ү.О- 2015 оны 9 дүгээр сарыг хүртэл Ү.Алтайгын хамт амьдарч байгаад Англи явсан. Т.Э-ээс гэр бүлээ цуцлуулах мөн Гүнт дэх зуслангийн байшингаас эд зүйлс алдагдсан зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 2016 онд Ү.О- ирсэн. Тухайн үед уг маргаан бүхий орон сууцыг харж хамгаалах гэрээг Я.Ү-, Ү.О- нартай 2016 ны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр уг гэрээг дахин 3 жилийн хугацаатай сунгасан. Т.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус байранд Б.М-г гэртээ байхад нь дайран орж, өөрт холбогдолгүй бичиг баримтуудыг дээрэмдэн авч явсан. Цагдаагийн байгууллагад өгсөн боловч иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Мөн бусдын өмчлөл болох автомашины гараашийн хаалгыг эвдэж дугуй болон бусад эд зүйлсийг авч явсан. Т.Э- нь орон гэргүй өнөөдөр төрөл садангийн айлуудаараа амьдарч байгаа гэж тайлбарлаж байна. Хан-Уул дүүрэг Нүхтэд байрлах хаусыг 350 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хаусанд н.Э-ы хүү болон Т.Э-ийн төрсөн охин мөн н.Э- нарын хамт амьдардаг гэсэн мэдээлэл ирсэн. Ү.О- гэрлэлтээ цуцлуулахаар хөөцөлддөг Т.Э- цуцлуулахгүй зугтаад байдаг. 2019 оны хавар Т.Э- Англи улсад хамтран амьдрагчийн хамт очсон. Маргаан бүхий орон сууцны асуудлаар уулзаж ярилцаагүй, хүү Т.А эхнэр Ү.О- нартай уулзаагүй. Т.Э- уг байрны ашиглалтын зардлыг огт төлж байгаагүй, гэрлэгсдийн дундын өмчлөлийн цорын ганц эд хөрөнгө юм. Т.Э- нь худалдан борлуулах магадлалтай учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон сууц харж хамгаалах гэрээний дагуу амьдарч байгаа хүмүүсийг гэрээс нь хөөж байна. Энэ бүхнийг шүүхэд мэдүүлж байгаа нь иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн зөвшөөрөлтэйгөөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж байгаа боловч Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж зохицуулсан байдаг. Иймд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлөөр захиран зарцуулах болон өөр бусад асуудлуудыг шийдвэрлүүлэх боломжтой. Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх асуудлаар нэхэмжлэл гаргах ёстой. Холбогдох нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Үл итгэх байдал үүсч байна вэ гэхээр гэр бүлийн гишүүний эд хөрөнгө хувиарт хөвөнгүүдийг авч явж захиран зарцуулсан олон удаагийн үйлдэл байна. Цагдаагийн байгууллагад бид хандсан. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа Ү.О-, Б.М- нарыг удаа дараа хөөх асуудал үүсч байсан. Одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Т.Э-ийн эдгээр үйлдлүүд нь гэр бүлийн гишүүддээ халтай, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гээд дайран давшилж байгаа зорилго нь өөрөө авахдаа гол нь биш зөвхөн үүнийг захиран зарцуулах гэж байгаа учир хамгаалалтын арга хэмжээ авч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205013801 дугаартай, орон сууцыг хариуцагч Ү.О-, Б.М- нарын эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч И.Эрмекээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.О-, Б.М- нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. "Нэхэмжлэгч нь Я.Ү- болон хариуцагч нарт орон сууц чөлөөлж өгөхийг 2012 оноос хойш удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч чөлөөлж өгөхөөс татгалзсан" гэжээ. Т.Э- 2009-2012 оны хооронд энэ байрнаас гарахыг удаа дараа шаардсан ямар нэг барнмт байхгүй нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хууль ёсны эхнэр Ү.О- хүүхдийн хамт 2015 оны 9 дүгээр сар хүртэл амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Мөн энэхүү орон сууцанд Я.Ү-, Ү.О-, Б.М- нар 2009-2012 оны хооронд хамт амьдарч байгаагүй бөгөөд гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс амьдарсан болох нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даршн тодорхойлолтоос харагдаж байгаа болно. Дээрхи баримтуудаас үзвэл Т.Э- орон сууц чөлөөлүүлэх тухай хүсэлт, шаардлага гаргаж байгаагүй юм. Хууль ёсны эхнэр Ү.О-, хүү Ү.Б-, хүү Э.Торбат нар энэ орон сууцны хамтран өмчлөгч нар байхад Ү.О-, Ү.Батэрдэнэ, Э.Төрбат нарын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Я.Ү-, Ү.О- нартай байгуулсан БГДүүрэг 14 дүгзэр хороо. 17 дугаар байр 14 тоот хаягт байх 2 өрөө орон сууцыг "Орон сууц харж хамгаалах гэрээ"-ний дагуу харж хамгаалж байгаа Ү.О-, Б.М- нараас чөлөөлүүлэхээр шаардаж байгааг шүүх ханган шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Өөрөөр хэлбэл, Ү.О-, Ү.Б, Э.Т нар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Я.Ү-, Ү.О- нартай байгуулсан БГДүүрэг 14 дүгээр хороо, 17 дугаар байр 14 тоот хаягт байх 2 өрөө орон сууцыг "Орон сууц харж хамгаалах гэрээ"-г хүчин төгедаөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл Т.Э- нь гаргаагүй байхад шүүх"Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. гэжээ. Мөн маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Ү.О- нь уг орон сууцыг хариуцагч нарт эзэмшүүлэх, хугацааг дахин сунгахдаа хамтран өмчлөгч Т.Э-ийн зөвшөөрлийг аваагүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу "Орон сууц харж, хамгаалах гэрээ" буюу хариуцагч нартай байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулж орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хангах үндэслэлтэй байна" гэжээ. Б.М- "Орон сууц харж, хамгаалах гэрээ" байгуулаагүй этгээд юм. Хариуцагчаар татаж байгаа үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Т.Э- Ү.О-, Б.М- нараас орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа насанд хүрсэн хууль ёсны өмчлөгч нараас зөвшөөрөл аваагүй байх тул хууль бус шаардлага гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Э- нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Ү.О-, Б.М- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний дагуу эзэмшиж байгаа гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Я.Ү-т холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Ү.О-, Б.М- нараар сольсон байна. Хариуцагч нар маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа болох нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Орон сууц харж, хамгаалах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 23, 43-44 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагаа, Орон сууцны 0071568 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар маргаан бүхий орон сууц нь Т.Э-, Ү.О-, Ү.Б-, Э.Төрбат нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.Э- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. /хэргийн 6, 40 дүгээр тал/

           

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж заасныг анхан шатны шүүх энэ маргаанд хамааруулан дүгнэлт хийсэн нь буруу боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ. Учир нь өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргахад гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрөл авах агуулга байхгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусад өмчлөгч биш эдгээдийн эзэмшилээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхийг тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөгч этгээдүүдийн хийсэн хэлцэл хязгаарлахгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийг шаардаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй. Харин маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байна.

 

            Хариуцагч нь орон сууцыг хамтран өмчлөгч Ү.О-, Ү.Б-, Э.Төрбат нартай Ү.О-, Я.Ү- нар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц харж, хамгаалах гэрээ байгуулж, Уг гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дахин 3 жилийн хугацаагаар сунгасны дагуу орон сууцыг эзэмшиж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн хувьд хууль бус эзэмшилд тооцогдоно. Хариуцагч орон сууцыг эзэмшилдээ хууль ёсоор эзэмшиж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

            Иймд маргаан бүхий орон сууцыг хариуцагч Ү.О-, Б.М- нарын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                              С.ЭНХТӨР