Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03286 дугаар шийдвэртэй, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БХЗХ-нд холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01109 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж, С.Д-д 40,752,700 төгрөгийг төлөхөөр шийдвэрлүүлсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж байна. Би ажилгүй байгаа ба 10 настай охиноо сургууль, дугуйланд хүргэж өгөх далимаар халтуур хийж, өөрийн боломжийн хэрээр өнгөрсөн хугацаанд 27 000 000 төгрөгийг төлж, одоо 13 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Охин бид хоёрт үлдсэн ганц үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 40 дүгээр байрны 17 тоот орон сууцыг албадан борлуулахаар хөрөнгийн үнэлгээг “С-” ХХК-аар хийлгэж, хөрөнгийн үнэлгээний тайлан гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай орон сууцыг 117 207 247 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас бага байна. Манай байр нь хотын А зэрэглэлийн бүсэд Нарантуул захын хажууд байх ба эрэлт хэрэгцээ маш ихтэй, үнэлгээ өндөр юм. Гэтэл уг тайланд 3 орон сууцыг харьцуулсан байх ба тэднийг дунджаар үнэлсэн нь буруу юм. Учир нь манай барилга “Г-” ХХК-ийн анхны барилгуудын нэг бөгөөд маш чанар сайтай, тоосгон барилга юм. Гэтэл харьцуулсан судалгаа хийсэн барилгууд бол арагт бүтээц буюу карказан барилга бөгөөд Гангарын ногоон төгөл барилгад амьдарч буй иргэд байнга хэл ам хийдэг, чанар муу барилга гэсэн. Тийм учраас байнга зарах зарлал гаргаж байдаг юм. Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 40 дүгээр байрны 17 тоот орон сууцыг үнэлсэн “С-” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БХЗХ- шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01109 дүгээр шийдвэрээр Б.Г-өөс 40 752 000 төгрөгийг гаргуулж С.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрөөс 25 852 500 төгрөгийг барагдуулж төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 40 дүгээр байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17350537/08 тоот тогтоолоор хураан авч, 2019 оны 3/2155 тоотоор үнийн санал өгөх мэдэгдлийг хүргүүлэхэд шүүхэд хандан үнэлгээнд гомдол гаргасан шүүх хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээг Баянзүрх дүүргийн 2019 оны 1323 дугаар шийдвэрээр хүчингүй болгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж дээрх эд хөрөнгийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дахин үнэлгээ хийлгэн үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Б.Г-т мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгөд явуулсан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч БХЗХ-нд холбогдох, Б.Г-ийн өмчлөлийн Ү-2204012448 дугаарт бүртгэлтэй орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргасан “С-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01109 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, С.Д-д 40 752 700 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн ба одоо НШШГГ-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд одоогоор миний бие нь ажилгүй бөгөөд 2 охины хамт БЗД-ийн 18-р хороо 40-р байрны 17 тоот орон сууцанд амьдарч байгаа юм. Уг төлбөрийг миний бие нь өөрийн боломжийн хэрээр төлж, одоо 13 000 000 төгрөгийн үддэгдэлтэй байхад НШШГГ-аас манай гэр бүлийн амьдарч байгаа энэ орон сууцыг албадан борлуулахаар хөрөнгийн үнэлгээг "М-" ХХК-аар хийлгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хүчингүй болгуулахаар шүүхэд нэжэмжлэл гаргасныг тус шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. НШШГГ-аас дахин хөрөнгийн үнэлгээг "С-" ХХК-аар хийлгэж, манай орон сууцыг 117 207 247 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэл гаргасан. Учир нь манай орон сууц нь "Г-" ХХК-ийн анхны барьсан барилга бөгөөд маш сайн чанартай баригдсан байдаг учраас энэ байрнаас шилжилт хөдөлгөөн гардаггүй. Өөрөөр хэлбэл, анхны худалдан авагч нар одоог хүртэл амьдарч байдаг. Тийм ч учраас манай байрны 1 м2 -ийн үнэлгээ одоогийн ханшаар 2 000 000 төгрөг болдог. Гэтэл "С-" ХХК нь зэргэлдээ орон сууц буюу Ногоон төгөл хотхоны арагт бүтээцээр баригдсан барилгуудтай харьцуулж, 1 м.кв-ийн үнэлгээг 1 762 515 төгрөгөөр үнэлсэн нь шударга бус байхад    шүүхээс энэ асуудлыг авч хэлэлцэлгүйгээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу гаргаж байгаа гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч БХЗХ-нд холбогдуулан, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 40 дүгээр байрны 17 тоот орон сууцыг үнэлсэн “С-” ХХК-ийн 2019 оны хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01109 дугаар шүүгчийн захирамжаар Б.Г-, С.Д- нарын гэрлэлтийг цуцалж, Б.Г- 40 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 31, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус бүр 10 000 000 төгрөгөөр хувааж С.Д-д төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 6-9 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 17360537 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 40 дүгээр байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17350537/2 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17350537/08 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 50-58 дугаар тал/

 

            Хариуцагч нь хураагдсан эд хөрөнгийн үнийн санал өгөхийг төлбөр төлөгчид 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3/2155 дугаар албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас шинжээчээр “М-” ХХК-ийг томилж, маргаан бүхий орон сууцыг 97 900 000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

            Уг үнэлгээг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1323 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож, хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ./хэргийн 60-63 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллага нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06/11 дугаартай тогтоолоор “С-” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. /хэргийн 64 дүгээр тал/

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “С-” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 117 207 247 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 66-83 дугаар тал/

            Нэхэмжлэгч нь “С-” ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ  3 орон сууцыг харьцуулж, дунджаар үнэлсэн нь буруу, харьцуулсан барилгуудын чанар муу, шинжээчийн дүгнэлт илт хууль бус, томилогдсон шинжээч хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл шинжээч ямар хуулийг хэрхэн зөрчсөн болон уг орон сууц нь дээрх тогтоосон үнэлгээнээс илүү үнэтэй гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                              С.ЭНХТӨР