Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/03286

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/03286

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байрлах Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01109 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж, С.Даваадуламд 40,752,700 төгрөгийг төлөхөөр шийдвэрлүүлсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж байна.

Би ажилгүй байгаа ба 10 настай охиноо сургууль, дугуйланд хүргэж өгөх далимаар халтуур хийж, өөрийн боломжийн хэрээр өнгөрсөн хугацаанд 27 сая төгрөгийг төлж, одоо 13 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Охин бид хоёрт үлдсэн ганц үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 40 дүгээр байрны 17 тоот орон сууцыг албадан борлуулахаар хөрөнгийн үнэлгээг “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар хийлгэж, хөрөнгийн үнэлгээний тайлан гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай орон сууцыг 117,207,247 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас бага байна. Манай байр нь хотын А зэрэглэлийн бүсэд Нарантуул захын хажууд байх ба эрэлт хэрэгцээ маш ихтэй, үнэлгээ өндөр юм. Гэтэл уг тайланд 3 орон сууцыг харьцуулсан байх ба тэднийг дунджаар үнэлсэн нь буруу юм. Учир нь манай барилга “Гангар инвест” ХХК-ийн анхны барилгуудын нэг бөгөөд маш чанар сайтай, тоосгон барилга юм. Гэтэл харьцуулсан судалгаа хийсэн барилгууд бол арагт бүтээц буюу карказан барилга бөгөөд Гангарын ногоон төгөл барилгад амьдарч буй иргэд байнга хэл ам хийдэг, чанар муу барилга гэсэн. Тийм учраас байнга зарах зарлал гаргаж байдаг юм.

Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 40 дүгээр байрны 17 тоот орон сууцыг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд  гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01109 дүгээр шийдвэрээр Б.Гөөс 40,752,000 төгрөгийг гаргуулж С.Даваадуламд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрөөс 25,852,500 төгрөгийг барагдуулж төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 40 дүгээр байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17350537/08 тоот тогтоолоор хураан авч, 2019 оны 3/2155 тоотоор үнийн санал өгөх мэдэгдлийг хүргүүлэхэд шүүхэд хандан үнэлгээнд гомдол гаргасан шүүх хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээг Баянзүрх дүүргийн 2019 оны 1323 дугаар шийдвэрээр хүчингүй болгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж дээрх эд хөрөнгийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дахин үнэлгээ хийлгэн үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Б.Гт мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Б.Гийн үл хөдлөх эд хөрөнгөд явуулсан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 40 дүгээр байрны 17 тоот орон сууцыг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01109 дүгээр шийдвэрээр Б.Г, С.Даваадулам нарын гэрлэлтийг цуцалж, Б.Г 40,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 31, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдэд 10,000,000 төгрөгөөр С.Даваадуламж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, улсын тэмдэгтийн хураамжид 752,700 төгрөгийг Б.Гөөс гаргуулж С.Даваадуламд олгохоор шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 17360537 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 40 дүгээр байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17350537/2 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17350537/08 дугаартай тогтоолоор хураан авчээ.

Хариуцагч нь хураагдсан эд хөрөнгийн үнийн санал өгөхийг төлбөр төлөгчид 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3/2155 дугаар албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй байна.

Хариуцагчийн томилсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1323 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгасан байна.

Хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06/11 дугаартай тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 40 дүгээр байрны 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 117,207,247 төгрөг болохыг тогтоолгожээ.

Төлбөр төлөгч Б.Г нь дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй буюу шинжээчийн үнэлгээний тайланд 3 орон сууцыг харьцуулж, дунджаар үнэлсэн нь буруу, харьцуулсан барилгуудын чанар муу, шинжээчийн дүгнэлт илт хууль бус, томилогдсон шинжээч хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, татгалзал, тайлбараа нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хүлээхийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох, Б.Гийн өмчлөлийн Ү-2204012448 дугаарт бүртгэлтэй орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргасан “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА