Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 125/ШШ2023/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М ,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг дарга нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 9 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. , гуравдагч этгээд Б.Г , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, иргэдийн төлөөлөгч О.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

1.2.  Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,

1.3. ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 9 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

1.4. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол,

1.5. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

1.6. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах эсэх асуудлыг тус хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасныг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн.

2.2. Мөн хуралдаанаар сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.М нь авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр сумын засаг даргаас огцруулах тухай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/05 дугаартай тогтоол гаргаж, уг тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар Ж.М-ийг ******* сумын Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.

        

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Миний бие 1975 оны 10 сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1992 онд 8-р ангиа цэцэг сумын дунд сургуулийг дүүргэж, 1994 онд 10-р ангиа Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуульд дүүргэсэн. Улаанбаатар хот Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг 1997 онд нябо эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2001-2006 онд ******* сумын Хаан банкны эрхлэгчээр, 2008-2010 онд ******* сумын ИТХ-ын даргаар, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* сумын Засаг даргаар 2 удаа сонгогдон ажилласан.

            Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 12 дугаартай захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож баталж, хуралдаан болохоос 2 хоногийн өмнө хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо судалгаа, хурлаас гарах шийдвэрийн төслийг хавсаргаж төлөөлөгч нарт хүргүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж хуульчилжээ. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын эрэмбэд оруулж хэлэлцүүлэх санал гаргаагүй, оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаагүй, хуралдаан болохоос 2 өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараахгүйгээр Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай" тогтоол гаргаж, уг тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар намайг албан тушаалаас огцруулж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар захирамжаар Б.Г-ыг ******* сумын Засаг даргаар томилсон.

Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д “Хуульд үндэслэх”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”,  24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заажээ.

Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай" тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай "******* сумын Засаг даргыг огцруулах тухай" захирамжаар тус тус 2 удаа намайг Цэцэг сумын Засаг даргын ажил албан тушаалаас огцруулсан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “Хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих эрхийг хэрэгжүүлэх”-ээр заасан хэдий ч Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай "Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай" тогтоол гаргаж, нэхэмжлэгч Ж.М миний субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

            3.2. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Лхагвапүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны байнгын дэгийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно гэж заасан байдаг. 2022 оны 10-р сарын 26-ны ээлжит 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудал батлах явцад төлөөлөгч Б.Г-аас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Нямдоржийг огцруулах тухай, төлөөлөгч Б.Лхагвапүрэвээс сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх асуудалд нэмж оруулж батлуулах тухай санал гаргасныг төлөөлөгчдөөс санал хураахад Засаг дарга, хурлын дарга нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг 14 төлөөлөгч дэмжиж, 4 төлөөлөгч эсэргүүцсэн. Төлөөлөгчдийн олонхын саналаар тус хуралдаанаар хэлэлцэх асуудалд Засаг даргын огцруулах асуудлыг нэмж баталсан бөгөөд хурлын дарга Г.Нямдорж би өөрт хамаарах асуудлаар хуралдаан даргалахгүй, Б.Одонбаярыг хурал даргалагчаар сонгож байна гэж хэлж хуралдаан даргалагчаар Б.Одонбаярыг сонгосон.

Төлөөлөгч Б.Г Монгол ардын намын бүлгийн зүгээс завсарлага авах санал гарган олонхын саналаар 15 минутын завсарлага авч гарч явсан. Монгол ардын намын бүлгийн завсарлага дуусаад орж ирэхэд Засаг дарга Ж.М  хуралдаанд эргэж орж ирээгүй. Хурлын дарга Г.Нямдорж хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, хурал даргалагчаар Б.Одонбаярыг сонгосон байсан тул хурал цааш нь үргэлжилсэн.

Хэлэлцэх асуудлыг бид төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан. Ж.М  Г.Нямдорж нар нь 2020 оноос хойш Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2022 оны 12-р сарын 20-ны өдөр болсон ээлжит дөрөвдүгээр хуралдаан, 2023 оны 3-р сарын 31-ны өдөр болсон ээлжит тавдугаар хуралдаан дээр тус тус сумын Засаг даргыг огцруулах тухай албан шаардлага ирүүлж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс тухайн шаардлагыг хүлээн авахгүй бол цаашид хуралдаанд оролцохгүй хэмээн гарч явсан. Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид ч мөн адил Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчидтэй ижил саналтай байсан. Аймгийн намын хорооноос ажлаа өг гэж удаа дараа шаардаж байсан. Гэвч шаардлагыг хүлээн авч хэлэлцэх асуудалд оруулалгүй явсаар 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн.

Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудын дагуу төлөөлөгчид саналаа гаргаж санал хураалган олонхын саналаар дээрх асуудлуудыг хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3.3. Ховд аймгийн Засаг дарга Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ж.М-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндэслэл нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т "дээд шатны Засаг дарга дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна" гээд 64 дүгээр зүйлийн 64.2.3-д "энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан" бол гэж заасан байдаг. Засаг дарга дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-д заасан "Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн, хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн" эсэхийг дүгнэх эрх нь хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байдаг.

Нэгэнт энэ эрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгогдон тухайн хурлаас хуульд заасны дагуу сумын Засаг даргыг огцруулах саналаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай тогтоолоор ирүүлсэн тул ******* сумын засаг дарга Ж.М-ийг огцруулсан. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

            3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч талаас Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 29-ны өдрийн Б/34 дугаартай ******* сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...тус захирамж хууль нийцээгүй” гэсэн байдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Аливаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж заасан байдаг. Энэ нь аль ч шатны Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн үг. Учир нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын эрх хэмжээг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан байдаг.

Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ж.М-ийг огцруулах тухай тогтоолыг санал хүргүүлэх тухай албан тоотын хамт Ховд аймгийн Засаг даргад ирүүлсэн байсан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлийн “...35.1.7 хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” гэж заасан байх тул тухайн шатны хурлын бүрэн эрхийн хүрээнд Засаг даргыг огцруулах тухай саналыг хүргүүлсэн гэж үзэж байгаа. Мөн хуулийн 64.2.3-т зааснаар зохих шатны хурлаас санал ирсэн бол түүнийг огцруулна гэж заасан учраас Засаг дарга эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан.

3.5. Гуравдагч этгээд Б.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар захирамжаар "Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/01 дугаар "Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай" тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дугаар хэсэг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай" хуралдааны тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Б/36 дугаартай "Б.Г-ыг ажилд томилох тухай" захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага нь хууль, журмын дагуу гарсан захиргааны актууд бөгөөд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд олонхын саналаар шийдвэрлэсэн.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс засаг дарга Ж.М-ийг огцруулах саналаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр гаргаж байсан. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мөн адил огцруулах санал гаргаж байсан. Энэ асуудлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээгүй. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уг асуудлыг хэлэлцэж Ж.М-ийг Засаг даргын албан тушаалаас огцруулах шийдвэр гарсан.

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан "Сумын Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай" шийдвэр нь хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр бөгөөд Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн хуралдаанаас хойш гарсан захиргааны акт юм. Тухайн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан болно гэв.

 

3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Ж.М-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.М-ийг нэхэмжлэгч биш гэдэгтэй маргаагүй.

Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт “...хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т “...Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэх үндэслэлээр засаг даргын огцруулахаар хуульд заасан. Энэхүү үндэслэл тогтоогдоогүй.

2021 оны 12 дугаар сард болсон ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  ээлжит хуралдаанаар ******* сумын Засаг даргын үйл ажиллагааны биелэлт, тайланг хэлэлцэж хангалттай сайн буюу 92.5 хувь гэж дүгнэсэн. Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр сум байгууллагуудыг ажлыг үнэлж байр эзлүүлдэг ба 2021 онд ******* сум тэргүүн байранд орж шилдэг сумаар шалгарч байсан. Үүнээс үзэхэд Засаг дарга Ж.М нь хангалтгүй ажилласан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4-д “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад олгосон. Энэ эрхийнхээ хүрээнд хурлын бэлтгэл ажлыг хангаж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар хуралдаанаа товлон зарлаж, хурлаар хэлэлцэх асуудлыг баталсан, уг хэлэлцэх асуудлыг урилгадаа дурдаж төлөөлөгч нарт тараасан. Энэ хэлэлцэх асуудалд Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, огцруулах асуудлыг тусгаагүй.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”  47.2-т “энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг тусгаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн учраас маргаан бүхий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолууд нь хууль бус юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна. Гэтэл ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Ж.М-ийг Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэмт буруутайд тооцохгүй гэж заасан байтал гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр шүүхийн өмнөөс гэм буруутайд тооцсон мэт шийдвэр гаргаж Ж.М-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар мэдэгдээгүй. Засаг дарга Ж.М нь ажил үүргээ хангалттай биелүүлж байсан. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна. Ховд аймгийн Засаг дарга нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар 65.1-т зааснаар Ж.М-т хариуцлага тооцож захирамж гаргасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хуралд санал оруулах эрхтэй хэдий ч тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тооцоо, судалгааг шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 2 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид мэдэгдэх үүрэгтэй. Үүнийг мэдэгдээгүй тохиолдолд хэлэлцүүлэхгүй байх хуульд заасан. Энэ нь ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдааны урилгаас тодорхой харагдаж байгаа. Гэтэл тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар нь гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийн дагуу Ж.М-ийг огцруулах санал оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

            3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан шаардлага, 2022 оны 3 дугаар сарын 31-ий өдрийн А/001 дугаартай албан шаардлагуудаар Ж.М нь үүрэгт ажлаа хангалттай хийж чадаагүй, 2021 оны 9 сараас эхлэн зорчих эрхээ хязгаарлуулсан, төрийн албыг цалгардуулсан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр албан тушаалаас нь огцруулах санал гаргасан. Тухайн шаардлагыг үл тоож хурлаар хэлэлцүүлэхгүйгээр орхигдуулсан тул дараагийн хурал буюу 2022 оны 03 сарын 31-ний өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанд тухайн шаардлагыг дахин хэлэлцүүлэхээр хүргүүлсэн. Ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал нь хэлэлцэж дуусаагүй ба дараагийн 6 дугаар хуралдаанаар үлдсэн асуудлыг хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэсэн. 2022 оны 06 сард сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 6 дугаар хуралдаан хуралдах гэсэн боловч хуралдааны ирц хүрээгүйн улмаас хойшлуулсан байдаг.

            Ингээд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар хэлэлцэж Ж.М-ийг Засаг даргаас огцруулахаар шийдвэрлэж тогтоол гаргасан.

Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасантай нийцсэн юм.

 Өөрөөр хэлбэл Ж.М-ийг Засаг даргаас огцруулах саналаа төлөөлөгчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулсан, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мөн адил уг саналаа хуралдаанд танилцуулсан зэрэг нь хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд танилцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Ийм учраас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хуульд нийцсэн юм. Үүнийг дагаж гарсан Ховд аймгийн Засаг даргын захирамжууд нь өөрөө хуульд нийцсэн гэж үзэж байна.

Монгол улсын дээд шүүхээс “... нутгийн өрөө удирдах ёсны байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлснийг шүүх хянахдаа зөвхөн шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулсан эсэхийг хянах...” талаар тогтоол гаргасан байдаг. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар магадлалд энэ талаар дурдсан байдаг.

Ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Иргэдийн төлөөлөгч О.Мөнхцэцэг дүгнэлтдээ: Ж.М нь төрийн ажлыг цалгардуулсан, мөн авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх дүгнэлт гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.М нь Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг дарга нарт  холбогдуулан

1.1******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

1.2.Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

1.3.Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,

1.4. Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол,

1.5.Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

1.6.Ховд аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоох,

1.7. 2022 оны 9 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лхагвапүрэвт шүүх хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд  гаргасан ямар нэгэн хүсэлтгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг хариуцагчийг эзгүйд үргэлжлүүлсэн болно.

4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдол гаргаж урьдчилан  шийдвэрлүүлэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгаагүй, хуралдаан эхлээд хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах явцад Засаг даргыг огцруулах санал гаргаж хэлэлцсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлага хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн...” гэж,

6.Хариуцагч “...Ж.М  нь 2020 оноос хойш Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа.  Энэ шалтгаанаар 4 болон 5 дугаар хуралдаан дээр тус тус огцруулах  тухай албан шаардлагыг  Ардчилсан намын бүлгээс тус тус ирүүлж байсан. 6-р хуралдаан дээр төлөөлөгч Лхагвапүрэвээс  сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулж төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд оруулж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зөрчөөгүй ...гэж,

7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Засаг дарга Ж.М-ийн гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр огцруулах шаардлагыг 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 4 дүгээр хуралдаан болон 2023 оны 3 сарын 31-ний өдрийн 5 дугаар хуралдаанд тавьж байсан. 6-р хуралдаанаар  уг асуудлыг хэлэлцсэн  нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчөөгүй, Ж.М  нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа...” гэж,

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... аймгийн Засаг даргын хувьд сумын Хурлын тогтоолыг үндэслэн Ж.М-ийг огцруулж, Б.Г-ыг сумын Засаг даргаар томилсон захирамж гаргасан. Аймгийн Засаг даргын хувьд тогтоолоос өөр нотлох баримт шаардах эрх байхгүй....” гэж  тайлбарлан маргажээ.

9.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д “Хурлын дарга нь ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар захирамжаар ээлжит 6 дугаар хуралдаанаар

I. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай,

II. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны ажиллах журам, бүтэц бүрэлдэхүүнийг батлах тухай,

III. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоон батлах тухай

IV. Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай

V. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн дүнг хэлэлцэж, 2022 оны төсөвт өөрчлөл оруулан батлах тухай,

VI. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах тухай

VII. Хоршоо хөгжүүлэх сангийн хороо болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн байгуулах тухай нийт 7 асуудлуудыг хэлэлцэхээр баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

10. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанд нийт 18 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад төлөөлөгч Б.Лхагвапүрэв “...Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулахаар шийдвэрлэсэн нь 6 дугаар хуралдааны тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба энэ талаар талууд мөн адил маргаагүй байна.

11. Улмаар тус хуралдаанаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6-р хуралдааны 6/01 тогтоолын 2-р хавсралтын 2-т сумын Засаг даргын асуудлыг хэлэлцэхээр баталж, 6/06 дугаар тогтоолоор сумын Засаг дарга Ж.М-ийг  авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр  төлөөлөгчдийн 93.3 хувийн саналаар огцруулж, уг тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.  

12. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” бүрэн эрхийг хурлын төлөөлөгч нь эдлэх боловч энэхүү хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулсан.

13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны байнгын дэгийг баталсан ба байнгын дэгийн 9.4-д “Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэжээ.

14. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “... Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”, 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалт, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын дэгийн дээрх заалтаас үзвэл ******* сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ байнгын дэгийн 9.4 дэх заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

15. Тодруулбал, хэдийгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй хэдий ч тийнхүү хэлэлцүүлэхээр оруулж буй саналтай холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалт, хуралдааны дэгийг зөрчсөн төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлалгүйгээр нэхэмжлэгч Ж.М-ийг ******* сумын Засаг даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж, огцруулсныг хууль ёсны гэж үзэх боломжгүй, Хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн гэж үзлээ.

16. Мөн Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, ....-д санал тавих” гэж тус тус заасны дагуу Хурал нь Засаг даргыг огцруулах талаар санал хүргүүлэх эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байтал  огцруулах санал хүргүүлэхгүйгээр маргаан бүхий 6/06 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийг сумын Засаг даргаас огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг дурдах нь зүйтэй байна.

17. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “...нэхэмжлэгч Ж.М нь эрүүгийн хэрэгт холбогдсон ...” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... нэхэмжлэгч Ж.М нь сумын Засаг даргын ажлын сайн хийж гүйцэтгэж, алдаа дутагдал гаргаж байгаагүй,  аймгийн шилдэг сумаар шалгарч байсан,огцруулсан тогтоолд ажлаа хийгээгүй, гэмт хэрэг үйлдсэн мэт хуулийг үндэслэсэн энэ талаар шүүх дүгнэх хэрэгтэй.... гэж  тус тус тайлбарладаг бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

18. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй  тогтоолуудыг гаргах болсон шалтгаан буюу улс төрийн  шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй юм.

19. Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоолуудын улмаас нэхэмжлэгч Ж.М-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул  уг тогтоолуудыг тус тус хүчингүй болгох зүйтэй байна.

20.  Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоол гарсантай Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг үндэслэн  ******* сумын Засаг дарга Ж.М-ийг  огцруулж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/8 дугаар  хуралдааны тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.5 дахь заалтуудыг үндэслэн Б.Г-ыг ******* сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилж,  Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар захирамжаар  Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Г-ыг *******  сумын Засаг даргаар томилсон байна.

21. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон  бусад хууль тогтоомжид  заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний  хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан.

22. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын хувьд  хүчингүй болсон Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж гаргасныг хууль тогтоомжид нийцсэн захирамж гэж үзэхгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

23.  Нэгэнт хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийн үр дагаврыг үндэслэн гарсан дээрх  Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол,  Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.М-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.  

24. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас сумын Засаг  даргын албан тушаалаас хууль бусаар огцорч улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 12 дугаар  сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

25. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдуулан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулдаг, мөн нэхэмжлэгч Ж.М-ийг анх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огцруулж шийдвэрлэсэн  тул хариуцагч Ховд аймгийн  ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэхэмжлэгчид учирсан хохирлыг олгохыг даалгаж  шийдвэрлэлээ.

26. Дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүх хуралдаанд иргэдийн  төлөөлөгчөөр оролцсон О.Мөнхцэцэгийн “...Нэхэмжлэгч Ж.М-ийн төрийн ажил хийхгүй цалгардуулсан, мөн авлигатай холбоотой  асуудал гарсан учир Ж.М-ийг ажлаас чөлөөлсөн нь зүйтэй ...” гэсэн дүгнэлтийг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

27. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдаж шийдвэрлэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100, аймгийн Засаг даргаас /аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 35100 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1,106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.7 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2  дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “******* сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.М-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг,101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100,  хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас /аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 35100 төгрөгийг  тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.