Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02346 дугаар шийдвэртэй, Ц.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М-” ХХК-д холбогдох, үйлчилгээний талбай захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг цуцлах, хохиролд 437 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.М- нь “М-” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-СО-11/66 дугаар бүхий үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-СО-11/66 дугаар бүхий үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээ нь нэрний хувьд худалдах, худалдан авах гэрээ боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн гэрээний агуулгад нийцэж байгаа юм. Учир нь тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т Гэрээний зорилго нь ... төмөр бетонон каркасан цутгамал худалдаа, үйлчилгээний барилгыг инженерийн шугам, сүлжээ, /дулаан, цахилгаан, цэвэр, бохир усан хангамж/, гадна зам талбайн тохижилтын хамт бүрэн барьж гүйцэтгэн... захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг Худалдагчид төлөхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заасны дагуу “М-” ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хороолол 1/9 байр,1-1-2 тоот хаягт байршилтай Худалдаа үйлчилгээний барилгын 123 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж, захиалагч тал нь гэрээний дагуу 307 500 000 төгрөгийг төлж, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ албан ёсоор гарч, Эрхэсийн ертөнц нэртэй хүүхдийн тоглоомын төв нээсэн. Гэтэл дээрх байр нь дараахь биет байдлын доголдолтой байна. Үүнд, “М-” ХХК-ийн инженер н.Б ирж Байруудаар шалгалт хийж байна засуулах юм байвал засуулаарай энэ удаад үнэ төлбөргүй засаад СӨХ-д хариуцуулж өгнө гэхэд нь манай харилцааны менежер н.Г Ариун цэврийн өрөөнөөс байнга эвгүй үнэр үнэртдэг, мөн кино театрын шал дээшээ хөөрч овон товон болсон засуулмаар байна гэсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр кино театрын шалыг хуулж, засварлаж байх үедээ Хөрсний нурангатай байна, доороос ус ундарч гараад болохгүй байна гээд 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл засварласан. Харин ариун цэврийн өрөө болон бусад хэсгийн засварыг дараа ирж хийсэн ба 2015 оны 7 дугаар сарын 09- ний өдөр бүрэн засварлаж дууссан. Гэтэл засвар дуусснаас хойш 4 хоногийн дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ариун цэврийн өрөөний бохир нь хальж, “М-” ХХК-ийн инженер н.Б-д мэдэгдэхэд одоо манайд хамааралгүй болсон Санконфорд орон сууцны контор хариуцана гэсний дагуу тус орон сууцны 000000 дугаарын утас руу 1111111 дугаарын утсаар удаа дараа залгаж дуудлага өгсний дагуу инженер Лхагвабаяр болон ерөнхий инженер ирж, засварлаж байх үедээ Цэвдэгтэй газар барьсан барилгын шугам нь хөлдөх, халах үеэр шугамд өөрчлөлт орж, дээд айлын бохир шууд доошоо орж байна, доод зоорийн давхар бариагүйгээс танайд орохоос өөр аргагүй гээд бохирын бөглөөс гаргаж, засварлаад дахин бохирын асуудал гарахгүй гэсэн. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин бохир хальсныг Аж ахуйн үйлчилгээг хариуцсан СӨХ-ийн 222222 дугаарын утас луу залгаж дуудлага өгсний дагуу сантехникич ирж засварласан. Ийнхүү удаа дараа бохир сальсны учир шалтгааныг илрүүлэх зорилгоор шалыг хуулсан ба өнөөдрийг хүртэл засварлаж чадаагүй, СӨХ болон орон сууцны конторын мэргэжлийн инженерүүд хэлэхдээ анхнаасаа зохион байгуулалт нь буруу баригдсан одоо бид яаж ч чадахгүй гэдэг. Бүгд хариуцлагаас зугтаад байгаа тул хэвийн байдалд нь оруулж өгтөл СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй гэдэг шаардлага тавьж өнөөдрийг хүрсэн ч хэн ч засварлаагүй, бохир хальсаар байгаа төдийгүй бохирын үнэр салахгүй болсон. Барилгын үндсэн хийц болох дамнурууны ажлын арматур ил гарсан зэвэрсэн байгаа нь барилгын чанар стандарт, бат бэх байх шаардлага алдагдсан төдийгүй цаашид аюулгүй байх нөхцөлийг алдагдуулсан. Барилгын нягтруулан асгасан хөрс усанд нэвтэрсэн байгааг солиогүйгээс шал нь овойн хотойсон, гарнизны хэсэгт их хэмжээний зай гарч, суулт өгснөөс шал нь өндөр, нам тэгш бус байдалтай болсон. Мөн түүнчлэн дээд давхраас буюу ханын завсраар байнга ус алддаг. Тодруулбал, кинотеатрын өрөөний таазаар шугамын усны алдагдалтай ус алдснаас ханын доод битүү хэсгээр хөгцөрч мөөгөнцөртсөн, ил харагдах хэсгээр хужир үүсч, судал татсан байгаа. Захиалагч тал нь үйлчилгээний талбайн дотоод засал чимэглэл тохижилтын ажил болох ханын цаас наах, гоёлын тааз, болор гэрэл буюу абжур тогтоох, гоёлын шал угсрах, хана нь дээр товгор үсэг хийлгэх болон зураг зуруулах, кинотеатрын болон хүүхдийн тоглоомын өрөөг чимэглэх, тохижуулахтай холбоотой ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Эдгээр засвар тохижилтын ажилтай холбоотой барилгын туслах материалыг худалдан авч байсан. Улмаар энэ ажлуудыг “И энд И” ХХК-тай байгуулсан гэрээнд заасны дагуу барилгын төсөвт тусгасан 116 000 000 төгрөгийн дотоод засварын ажлыг өөрийн зардлаар тус компаниар гүйцэтгүүлсэн. “М-” ХХК-ийн барьсан худалдаа үйлчилгээний барилгыг гэрээний зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, захиалагч талд их хэмжээний хохирол учирч байгаа. Ажил гүйцэтгэгч тал нь зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй доголдолтой барилга барьсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барьж худалдах, худалдан авах SG-CO-11/66 тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, “М-” ХХК-аас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу төлсөн 307 500 000 төгрөг, Барилга дотоод засвар тохижилтонд зарцуулсан 130 000 000 төгрөг, нийт 437 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Э.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ц.М-тай Үйлчилгээний талбай захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үүний үндсэн дээр манай компани барилгын гүйцэтгэлийг хийж, дотоод засалгүй барилгын үндсэн бүтээцийг хийж 2013 онд нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-д үйлчилгээний талбайг цахилгаан болон сантехникийн үндсэн шугамууд, халаалт, бохирын шугамтай хийж гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд энэ нь барилгын үндсэн хийцэд ордог инженерийн шугам, сүлжээг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчилгээний талбайг худалдаж авсан хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдөө цаашид хэрхэн ашиглах боломжтой байгаа, тэр талаарх тохижилтоо өөрсдөө хийх учраас цахилгаан, халаалт, бохирын үндсэн шугамын оролтуудыг талбайд нь оруулж өгөхөөр л зааж өгсөн. Мөн 2013 оны 7 дугаар сард Вивасити хотхон-д барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүн ажиллаж барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Энэ бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газар гэх мэт эрх бүхий мэргэжлийн бүх байгууллага төлөөлөн оролцож тухайн барилгын гүйцэтгэлийг хянаж, баримт бичигт үзлэг хийж, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг хянан шалгаж, барилгын бараа материалыг нормын дагуу ашигласан эсэхийг дор бүр нь шалгаж байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс үзвэл манай барилга Барилгын норм дүрмийн дагуу стандартын шаардлага хангаж баригдсан биет байдлын доголдолгүй гэдэг нь илэрхий байна. Иймээс барилгын өөрийн үндсэн хийц биет байдлын доголдолгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. SG-CO-11/66 тоот гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг гүйцэтгэгч буюу хариуцагч тал нь бүрэн гүйцэд барьж, захиалагч буюу нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ба захиалагч буюу нэхэмжлэгч тал нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэгчид буюу хариуцагчид төлж, Гэрээний үүргийг Зохигч талууд биелүүлсэнээр энэхүү Гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 355.1-д заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээг аль нэг талын санаачлагаар цуцлах бол гэрээний үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байхыг шаарддаг. Манай компанийн нэхэмжлэгч Ц.М-д хүлээлгэж өгсөн үйлчилгээний саарал талбайн ажлын үр дүн доголдолгүй тул гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа бохир хальсан гэх асуудлын хувьд тайлбар хэлэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хөндлөнгийн шинжээч ажиллуулсан. Хамгийн сүүлд орон сууц нийтийн аж ахуйн газраас томилогдсон бүрэлдэхүүнээр хянасан хөндлөнгийн шинжээч нь 2019 оны 6 дугаар сард тухайн барилгын талбайд очиж биечлэн үзлэг хийсэн байдаг. Үзлэг хийхдээ үйлчилгээний талбайн доор байх техникийн өрөөнд орж үзээд сантехникийн асуудалгүй байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр илэрхий болсон. Үүний дараа тухайн хотхоны ашиглалтыг хариуцаж байгаа контор руу очиж, дээрх асуудалтай холбоотойгоор үүссэн асуудал байгаа эсэхийг тодруулахад ...тийм асуудал гарч байгаагүй гэдэг нь үзлэгээр тодорхой болсон байгаа. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байгаа ...инженер н.Б- гэх хүн манайд мэдэгдсэн гэх асуудал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн дам нуруу ил гарч зэвэрсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь тухайн объектод өөрсдийн зардлаар дотоод засварыг хийсэн бөгөөд чийг татдаг, агаар нэвтрүүлдэггүй, зориулалтын бус хулдаасан материалаар битүү доторлосон байдаг бөгөөд ус алдахад тухайн материалыг нэвчиж гарахгүй, байнгын чийгтэй байсны улмаас барилгын үндсэн хэсэг буюу дам нурууг бүрсэн савардлага нурж, арматур төмөрт зэврэлт үүссэн байсан. Энэ нь гадны нөлөөтэй буюу нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас үүссэн гэмтэл тул манайд хамааралгүй юм. Нэхэмжпэгч Ц.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан нь И- ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тухайн компани нь хууль зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл барилгын тусгай зөвшөөрөлгүй атлаа Ц.М-гийн үйлчилгээний барилгын дотор заслын ажлыг Л.Э-ийн хууль зүйн нөхөрлөл хийж гүйцэтгэсэн. Дотоод засал хийсэн гэх 130 000 000 төгрөгийн орлогын баримт нь И- хууль зүйн нөхөрлөлийн баримт байгаа. Энэ нь 1 хавтаст хэргийн 210-216 хуудаст авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Барилгын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу барилгын дотоод заслыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хийж гүйцэтгэхээр зохицуулсан байтал Ц.М- нь тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хууль зүйн нөхөрлөлөөр дотоод заслаа хийлгэсэн байдаг. Түүнчлэн барилгын чанартай холбоотойгоор шүүхээс томилогдсон олон удаагийн шинжээч ажиллаж байхад барилгын дотор заслын зураг төсвийг гаргаж өгдөггүйтэй холбоотойгоор шинжээч нар ус алдсан, бохир халсан шалтгааныг тогтоох боломжгүй байна гэдэг. Өөрөөр хэлбэл Үйлчилгээний талбайг зориулалтын бус резинин материалаар битүү бүрснээс болж халаалт болон бохирын шугам сүлжээ тавигдсан байдал, холболтууд нь харагдахгүй байгаа. Шинжээчээр томилогдсон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 3/751 тоот албан бичгээр Манай компаниас нотлох баримт ирүүлэхийг шаардсан бөгөөд манай компани нь шаардсан бүх баримтыг нь архивын ерөнхий газраас гаргуулан авч өгсөн. Харин иргэн Ц.М- нь шаардсан баримтыг гаргаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр гадна бохирын шугам сүлжээг барилга байгууламжийн норм, нормативын дагуу гүйцэтгэсэн, хэвийн ажиллагаатай байна гэж дүгнэсэн байгаа. Иймээс манай компанийн хийж гүйцэтгэсэн барилгын үндсэн хийцийн бохирын шугам сүлжээ доголдолгүй болох нь тогтоогдсон байгаа. Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М-гийн хариуцагч М- ХХКд холбогдуулан гаргасан үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах, хохирол 437 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 345 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны олон төрлүүд байдгаас ямар төрлийн маргаанд ямар нотолгооны хэрэгсэл чухал байдаг вэ? гэдэг нь шүүхийн практикт ач холбогдолтой бөгөөд үүнийг анхан шатны шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал "үзлэг" хийлгэх хүсэлт гаргахад хэрэгсэхгүй болгосныг хэлж байгаа юм. Мэдээж хэрэгт бичгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт бий. Гэвч, тодорхой физик шинж чанартай обьектийн биет байдлын доголдол дээр маргаж байгаа үед үзлэг хийх нь шүүхийн танин мэдэхүйд зайлшгүй чухал бөгөөд зохигч "өөрөө нотлох" үүргээ гагцхүү хуульд заасны дагуу шүүхийн тусламжтайгаар хэрэгжүүлэх хүсэлт гаргахад түүнийг хангаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд ОСНААУГ-ын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн талаар заасан байх бөгөөд тэнд: "Вива сити барилга, орон сууцны хорооллын гаднах шугам сүлжээг хэвийн ажиллагаатай" гэсэн байгаагаас, харин 1/9 байрны 1-1-2 тоотын үйлчилгээний зориулалт бүхий 123 тоотын ашиглах, түүнд хамаарах шугам сүлжээний талаарх биш байна. Шүүх, тухайн барилгын дотоод заслыг Ц.М- өөрөө эсхүл, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн, энэ нь өөрөө бохир халих, ус алдах үндэслэл болсон мэтээр дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн хийсэн ажил нь өөрөө бохир халих, ус алдах эрсдэл үүсгэсэн үү? Эсхүл барилгын тэр хэсэг буюу маргаан бүхий орон зайд нэвтэрсэн, тухайн барилга байшингын инженерийн шугам сүлжээний угсралт, ажлаас шалтгаалаад байгаа юу гэдэгт эргэлзээгүйгээр хариулт өгөөгүи, тийнхүү өгөх  боломжит  эргэлзээгүй     нотлох  баримт  ч   цуглараагүй  байхад  хэргийг шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, ийнхүү нэг мөр хариултыг өгөөгүй, нэхэмжлэгч эргэлзэж байгаа явдал бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хэрэглэх, ашиглах байсан юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...2015 онд бохир хальсан дуудлага өгсөн баримтгүй, нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй" мэтээр дүгнэсэн бөгөөд энэ онд бохир хальсан нь тогтоогдсон бол нэхэмжлэлийг хэрхэх байсан бэ? Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараас гадна гэрч н.Ган-Эрдэнэ "...2015 онд бохир хальсан" гэж мэдүүлсээр байтал түүний мэдүүлгийг "ажлын үр дүн доголдолтой байсныг нотлохгүй" гэж үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрчээр 2015 оноос эхлэн бохир хальсан үйл баримтыг нотлуулахыг эрмэлзсэн болно. Анхан шатны шүүхээс томилсон НМХГ-ын улсын байцаагч Ц.Алтансүх шинжээчийн дүгнэлт болон ОСНААУГ-ын шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйгээс хэргийн гол мөн чанар гараагүй. Гэтэл зохигчдын маргааны гол зүйл бол үл хөдлөх хөрөнгө тул энэхүү барилгатай холбоотой асуудалд мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдана. Иймээс 2 шатны шинжээчийг шүүхээс томилсон. Дээрхээс үзэхэд, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь эсгий гэр биш, харин наад зах нь хэдэн арван жилийн насжилтай гэж үзэж болох, мөн өндөр үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байгааг анхаарсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг цуцлах, хохирол 437 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-СО-11/66 дугаар Үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хороолол 1/9 байр 1-1-2 тоот хаягт байршилтай 123 мкв үйлчилгээний зориулалттай талбайг захиалан бариулах, талбайн нийт үнэ 307 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь тэдгээрийн тайлбар болон гэрээгээр тогтоогдож байна. /1хх-6-10 дугаар тал/

 

            Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзэх юм бол нэг тал нь үйлчилгээний зориулалттай талбайг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Зохигчид гэрээгээр тохиролцсон 307 500 000 төгрөгийг бүрэн төлж, хариуцагч “М-” ХХК нь үйлчилгээний талбайг Ц.М-д хүлээлгэн өгсөн талаар маргаагүй, харин хүлээлгэн өгсөн үйлчилгээний талбай нь доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 7 сард бохир хальсан, огт үйл ажиллагаа явуулаагүй байхад дахин 2017 оны 5, 8 сард бохир хальсан гэх үндэслэлээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой байсан гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд хүлээн авсан эд хөрөнгө нь доголдолтой байсны улмаас гэрээг цуцалж доголдолтой эд зүйлийг буцаан өгөх, өөрийн шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг буцаах нөхцөл байдал үүссэн гэж байгаа бол эд хөрөнгийн доголдлыг тодорхойлох шаардлагатай.

 

            Гэрээний 1.2-д “Гэрээний зорилго нь худалдагч ... төмөр бетонон каркасан цутгамал Худалдаа, үйлчилгээний барилгыг инженерийн шугам, сүлжээ /дулаан, цахилгаан, цэвэр, бохир усан хангамж/, гадна зам талбайн тохижилтын хамт бүрэн барьж гүйцэтгэн... захиалагчид хүлээлгэн өгөх, ... гэж, 3.4-т “Худалдагч талаас гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу худалдсан үйлчилгээний талбайд биет байдлын доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг үйлчилгээний талбай хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргана.” гэж, 3.5-д Үйлчилгээний талбайн доторх сантехникийн тоног төхөөрөмж, угаалтуур, цэвэр, бохирын шугам, хаалга, цонх, ханын цаас, ханын доторх өнгөн хэсэг болон ашиглалтын элэгдэлд өртөх бусад эд хөрөнгөд дээрх баталгаат хугацаа хамаарахгүй бөгөөд гэрээний 3.4-т заасан 1 сарын хугацаанд гомдол гаргаагүй бол ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч хариуцна.” гэж тус тус заасан байна.

 

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.” гэж,  251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж тус тус заажээ.

 

            Нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд зүйл, гэрээг цуцалсантай холбоотой өөрт үүссэн нэмэлт зардал, хохирлыг шаардах эрх үүснэ.

 

            Гэрээний зүйлд доторх шугам сүлжээ хамаарах эсэх талаар шууд дүгнэлт хийх боломжгүй хэдий ч тухайн үед гэрээний зүйлийг дутуу хүлээлгэж өгсөн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Харин бохирын шугам хальсан гэж маргажээ. Энэ тохиолдолд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлоос болж бохир хальсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн хүлээлгэн өгсөн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь доголдолтой байсан гэдэг нь гэрээний зүйлд хамаарахгүй байгаа учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

            Хариуцагч “М-” ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хороолол 1/9 байр 1-1-2 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалт бүхий 123 м.кв талбайг дотоод засалгүйгээр хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан Ц.М-гийн “И-” ХХК-тай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Эрхэсийн ертөнц төвийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө ажлын хөтөлбөр зэрэг баримтаар хариуцагчаас талбайг дотоод засалгүйгээр хүлээж авсан болох нь тогтоогдож байна. /1хх-210-246 дугаар тал/

 

            Орон сууцны засвар үйлчилгээ, барилга, сантехник угсралтын “Санкомфорт” ХХК-аас ирүүлсэн албан бичгээр нэхэмжлэгч Ц.М- нь тухайн байгууллагад 2015 оны 10 дугаар сарын 05, 09-ний өдрүүдэд дээрээс ус алдсан, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр суултуураар бохир хальсан, мөн оны 5 дугаар сарын 24, 8 дугаар сарын 15-ны өдөр 00 бөглөрсөн, 2018 оны 3 дугаар сарын 19, 22, 24, 25-ны өдрүүдэд дээрээс ус алдсан гэх дуудлага өгч байсан /хх-140, 185-189х/ байх бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бохир бөглөрч тухайн талбайд их хэмжээний бохир хальсныг цэвэрлэсэн болохоо Вива сити аж ахуйн нэгжүүдийн холбоо тодорхойлсноос үзэхэд “2015 онд бохир хальсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд харин 2017 оны 5 дугаар сарын 24, 8 дугаар сарын 15-ны өдөр бохирын шугам бөглөрсөний улмаас бохир хальсан болох нь тогтоогдож байна./1хх-141-144, 149-150 дугаар тал/

 

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч Ц.Алтансүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн МИ-09-788/03 тоот шинжээчийн дүгнэлтийг шүүх дүгнээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Энэ дүгнэлт хэрэгт авагдсан байх боловч үүнийг шүүхийн журмаар бүрдүүлсэн хуульд заасан журмын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу гаргасан дүгнэлт гэж үзэх боломжгүй. Харин хуульд заасан журмын дагуу шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж, шүүхийн журмаар томилогдсон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт хэрэгт авагдсан. Уг шинжээчийн дүгнэлтээр шүүгчийн тавьсан зарим асуултад “үл хөдлөх хөрөнгийн бохирын шугам сүлжээ нь батлагдсан зураг байхгүй, шугам сүлжээ нь далд угсрагдсан тул зориулалтын материалаар хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн боловч тухайн доголдол гэж байгаа буюу “бохир хальсан тухайн барилга дээр хийсэн шугам сүлжээтэй холбоотой асуудлаар барилгын норм дүрмийн дагуу батлагдсан зураг төсвөөр засвар үйлчилгээ хийсний дараа ашиглах боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан байна. Ийм учраас ашиглах боломжгүй буюу эд хөрөнгө доголдолтой эд зүйл байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар няцаагдсан гэж үзнэ./2хх 141-142 дугаар тал/ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт заасан ашиглах боломжгүй буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Мөн дээрх шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч талаас материал шаардахад гаргаж өгөөгүй талаар заажээ. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд архивт баримт байх ёстой гэх тайлбар гаргаж байх боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архивын Ерөнхий газраас уг баримтыг гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байна. Талууд мэтгэлцэх зарчмын хүрээнд баримтаа өөрөө гаргах, өөрөө гаргаж авах боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргах эрхтэй байсан. Харин шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх эрхгүй. Иймд нэхэмжлэгч өөр газар байгаа баримтыг гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул энэ баримттай холбоотой дүгнэлт хийх, уг баримтыг шүүх гаргах ёстой байсан гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

 

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “М-” ХХК-ийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүн доголдолтой гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.М- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд зүйл, гэрээг цуцалсантай холбоотой өөрт үүссэн нэмэлт зардал, хохирол шаардах эрх үүсээгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Ц.М-гийн хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг цуцлах, хохирол 437 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02346 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-гийн хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, 437 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.”гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 345 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                С.ЭНХТӨР