Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1698

 

 

  

 

 

  

 

  2018 оны 08 сарын 08 өдөр           Дугаар 181/ШШ2018/01698              Улаанбаатар хот

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц М /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МП” ХХК /РД: /-д холбогдох,

 

“М П” ХХК-тай байгуулсан үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлсөн төлбөр 307,500,000 төгрөгийг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 130,000,000 төгрөгийн хамт буюу нийт 437,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, Г.Бямбажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Э.Банзрагч, Ч.Должинсүрэн, гэрч Г.Ган-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ө.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Ц.М нь “МП” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 дугаар бүхий үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээний дагуу 307,500,000 төгрөг төлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол 1/9 байр, 1-1-2 тоот хаягт байршилтай 123 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Тус гэрээгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн заалтын дагуу захиалагч тал нь хөлсийг бүрэн төлж, үйлчилгээний талбайн дотоод засал чимэглэл тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж, “Эрхэсийн ертөнц” нэртэй тоглоомын газар иж бүрнээр нь тохижуулан үйл ажиллагаа явуултал 2015 оны зун наадмын үеэр 00-ийн бохир нь хальж, үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Тухайн үед орон сууцны контор, СӨХ, “М П” ХХК-аас ирсэн хүмүүс “Цэвдэгтэй газар барьсан барилгын шугам нь хөлдөх, халах үеэр шугамд өөрчлөлт орж, дээд айлын бохир шууд доошоо орж байна, доод 00 тоот давхар бариагүйгээс танайд орохоос өөр аргагүй“ гээд бөглөөсийг гаргаад дахин бохир халихгүй гэсэн. Түүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад 2017 оны хавар 5 сард мөн оны 8 дугаар сард удаа дараа бохир хальснаас бохирын үнэр салахааргүй болж, цаашид ямар ч хэлбэрээр хэвийн ашиглах боломжгүй болсон. Улмаар халуун зун нян бактери ихээр үржиж, бохирын үнэр шингэсэн нь хүүхдийн цэцэрлэгийн зориулалт бүхий үйлчилгээний байрны эрүүл ахуйд нийцэхгүй юм.

“М П” ХХК-ийг дахин бохир халихгүй болгож өг” гэж удаа дараа шаардахад манайд хамааралгүй, одоо СӨХ, орон сууцны контор хариуцна гэдэг. СӨХ, орон сууцны контор нь болохоор анхнаасаа буруу зохион байгуулалттай баригдсан бид яаж ч чадахгүй гэдэг. Ингээд бүгд хариуцлагаас зугтаад байгаа тул хэвийн байдалд нь оруулж өгтөл СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэдэг шаардлага тавьж өнөөдрийг хүрсэн ч хэн ч засварлаж чадаагүй, хэвийн байдалд нь оруулж өгөөгүй байдаг. Иймд тус үйлчилгээний талбайг зориулалтын дагуу дахин ашиглах, засварлах ямар ч боломжгүй барилга гэдэг нь үнэн болсон юм.

Ажил гүйцэтгэгч тал нь зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй доголдолтой барилга барьсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225 дугаар зүйл, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барьж худалдах, худалдан авах SG-CO-11/66 тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, “М П” ХХК-аас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу төлсөн 307,500,000 төгрөг, барилгын дотоод засвар тохижилтод зарцуулсан 130,000,000 төгрөгийн зардал, нийт 437,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

SG-CO-11/66 тоот гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг гүйцэтгэгч буюу хариуцагч тал бүрэн гүйцэд барьж, захиалагч буюу нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ба захиалагч тал нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэгчид төлж, гэрээний үүргийг зохигч талууд биелүүлснээр энэхүү гэрээ дуусгавар болсон.

Мөн түүнчлэн, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах бол гэрээний үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байхыг шаарддаг. Зохигч талуудын хооронд байгуулсан SG-CO-11/66 тоот гэрээний нөхцөлийг шалгаж үзвэл, гэрээний 3.5 дахь заалт “Үйлчилгээний талбайн доторх сантехникийн тоног төхөөрөмж, угаалтуур, цэвэр, бохирын шугам, хаалга, цонх, ханын цаас, ханын доторх өнгөн хэсэг болон ашиглалтын элэгдэлд өртөх бусад эд хөрөнгөнд 3.4-т заасан баталгаат хугацаа хамаарахгүй бөгөөд гэрээний 3.4-т заасан 1 сарын хугацаанд гомдол гаргаагүй бол ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч хариуцна.” гэж тодорхойлсон байдаг.

Мөн нэхэмжлэгч Ц.М нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан, 2015 оны зун буюу наадмын үеэр 00-ын бохир хальж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж дурдсан байдаг. Энэхүү үйл явдлын цаг хугацааны дарааллын хувьд SG-CO-11/66 тоот гэрээний захиалагч нь шугам сүлжээний баталгаат хугацаанд буюу үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсанаас хойш 1 сарын дотор аливаа гомдлын шаардлага гаргаагүй байх тул түүний ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч тал хариуцах үүрэгтэй байна.

Ингэхдээ, Зохигч талууд SG-CO-11/66 тоот гэрээний үүргийг биелүүлснээр тус гэрээ дуусгавар болсон ч, энэхүү гэрээгээр талуудад эрсдэлийг хуваарилсны дагуу талууд эрсдэлийг хариуцах тул хариуцагч тал болох “М П” ХХК нь иргэн Ц.Мгийн нэхэмжлэлд дурдсан эрсдэлд аливаа хариуцлага хүлээхээргүй байна. Үйлчилгээний талбайн 00-ийн бохир хальсан явдал нь гүйцэтгэгчийн буруугаас бус харин ашиглалтын явцад гарсан гэмтэл тул хариуцагч үүнд буруугүй.

Иймд, Иргэн Ц.Мгийн гаргасан нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага буюу гэрээг цуцлах шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг эс зөвшөөрч байна.

Иргэн Ц.М нь нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 307,500,000 төгрөг, барилгын дотоод засварт зарцуулсан 130,000,000 төгрөг буюу нийт 437,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэрээний төлбөр болон түүнд зарцуулсан зардлын хамт нэхэмжилж буй тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээ нь цуцлагдсан байхыг шаардах бөгөөд ингэхдээ гэрээний аль нэг тал нь ноцтой зөрчил бий болгосон байхыг шаарддаг. Гэтэл, иргэн Ц.Мгийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага буюу зохигч талуудын хооронд байгуулсан SG-CO-11/66 тоот гэрээг цуцлах шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байх тул гэрээний үнэ болон түүнд гарсан зардлын хамт хариуцагчаас гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Цэцээ гүн овогт Ганхуягийн Ган-Эрдэнэ  /РД:ЦВ87101407/ өгсөн мэдүүлэгтээ:

Би “Эрхэсийн Ертөнц төв”-д 2013 оны 9 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Хэргийн нэхэмжлэгч Ц.Мтай садан төрөл биш, хариуцагч компанитай ямар нэгэн холбоо байхгүй.

Намайг “Эрхэсийн Ертөнц төв”-д ажиллаж байхад 2015 оны 4 дүгээр сарын дундуур “М П” ХХК-ийн барилгын инженер н.Баяраа гэх хүн “...засвар хийж явна, ямар нэг асуудал байна уу, 2015 оны 7 дугаар сард барилгын ашиглалтаа СӨХ-д шилжүүлэх гэж байгаа юм, түүнээс өмнө засвар үйлчилгээ хийж байгаа” гээд орж ирсэн. Манай төвийн 2 давхарт 2015 оны 3 дугаар сараас ус алдаж байсныг зассан боловч 2015 оны 5 дугаар сард дахин алдаж эхэлсэн. Мөн 00-ийн өрнөөс өмхий үнэртээд байдаг байсан. Үүнийгээ хэлсэн байгаа. Тэгтэл хажуугийн жимсний дэлгүүрээс ус хальсан, бас цонхны урд талын явсан хүний зам цөмөрсөн учир ус алдаж, өмхий үнэр гарч байгаа байх гээд тэдгээрийг засварлахтай зэрэгцэн манай энэ асуудлыг шийдвэрлэхээр засварын ажил хийсэн юм.

Ингэхдээ манай 00-оос бохир үнэртээд байсан тул 00-ийн доорх шалыг, автомат тоглоомын хэсгийн болон хүүхдийн өлгүүрийн хэсгийн, бас тоглоом зардаг лангууны урдах хэсгийн шалыг хуулж, 10 гаран хоног засвар хийгээд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Бүх шалыг сөхөж, 00-ын суултуурыг аваад, ханын хэсгүүдийг салгаж, 00-ийн хоолойн холболтыг салгаж сольж холбосон.

Гэтэл түүнээс хойш хэдхэн хоногийн дараа 2015 оны 7 дугаар сарын 13-ны баярын өдөр хариуцлагатай жижүүрийн хувьд намайг ажлын байраа шалгахад тус төвийн бохир хальсан байсан. Ингэж анх удаа бохир хальсан. Би тухайн үед Санконфорт төвд дуудлага өгөхөд саяын засварын ажлын үед буруу холболт хийсэн байх, засвар хийсэн хүмүүстээ ханд гэсэн үндэслэлээр гэмтлийг үзэхээс татгалзсан...” гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “М П” ХХК-тай байгуулсан үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлсөн төлбөр 307,500,000 төгрөгийг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 130,000,000 төгрөгийн хамт буюу нийт 437,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон, барилгын инженерийн шугам, сүлжээнд гарсан гэмтэл нь угсралтын ажлын буруугаас бус харин ашиглалтын явцад үүссэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 тоот “Үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал болох “М П” ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/9 байр, 1-1-2 тоотод байрлах 123 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийг инженерийн шугам сүлжээ, гадна зам талбайн тохижилтын хамт батлагдсан зураг төсвийн дагуу, стандарт-техникийн нөхцөлд нийцүүлэн, чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч тал болох Ц.М нь барилгын ажлын төлбөрт 307,500,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Барилгын ажил 2011 оны 4 дүгээр сард эхэлсэн, зохигчид 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулснаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулж байгаа үндэслэлээр шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзлээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байдаг.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

 Нэхэмжлэгч тохирсон хөлс төлсөн, хариуцагч үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгсөн нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доторх талбайн засвар, заслын ажлыг “Ий Энд Ий” ХХК-аар хийлгэхээр Ц.М 01/03 тоот ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байгуулснаар тогтоогдсон бөгөөд Ц.М  нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 000302324 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /хх-ийн 11, 213-214 хуу/

 

Үл хөдлөх эд хөрөнгийг “Эрхэсийн Ертөнц тоглоомын төв”-ийн зориулалтаар Ц.Мг ашиглаж байх хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сард таазнаас ус гоожих, 2015 оны 7 дугаар сард бохир халих буюу бохир усны алдагдал зэрэг шугам, сүлжээний гэмтэл удаа дараа гарсан, хариуцагчаас шугам сүлжээний засварын ажлыг 2015 оны 7 дугаар сард хийсний хойно бохир ус алдагдах болсон зэрэг үйл баримт гэрчийн мэдүүлэг, хэргийн баримтууд, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Шугам сүлжээний гэмтэл нь угсралтын буруугаас болоогүй гэж хариуцагч маргасан.

 

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй” гэж үзэхээр заасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн МИ-09-788/03 тоот дүгнэлтэд:

“...Тус үл хөдлөх эд хөрөнгийн инженер /цэвэр ус, бохир усны/-ийн шугам сүлжээнд ашиглалтын явцад илэрсэн гэмтэл гарч байжээ. Мөн үзлэг шалгалтын үеэр кино танхимын таазаар явсан шугамын хаалтаар ус дусаж, өнгөлгөөний материалаар бүрсэн ханын гадаргуу дагаж урссан байдалтай, хар шалан доогуур явсан халаалтын шугаманд гэмтэл гарч ус алдагдаж байгаа нь тогтоогдсон. Инженерийн шугам сүлжээний гэмтэлтэй холбоотой шугамын усны алдагдал, бохир усны алдагдал зэрэг нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч, ашиглагч иргэн Ц.Мгийн буруутай үйлдэл байгаагүй /хамааралгүй/, харин шугамын усны бохир усны алдагдлуудаас үүссэн зөрчил нь захиалагч болон гүйцэтгэгч байгууллагуудтай холбоотой нь тухайн /хийгдсэн ажлын/ үеийн фото зураг, шинжээчид гаргаж өгсөн баримт материал, үзлэг шалгалтын үеийн фото зураг, улсын байцаагчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

...Инженерийн шугам сүлжээний усны алдагдлаас үүссэн гэмтлийг арилгуулахаар “М П” ХХК-аас зохион байгуулан засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг ба хийгдсэн ажлууд нь технологи, норм дүрмийн дагуу хийгдээгүй, үзлэг шалгалтын үед усны алдагдалтай байгаа нь тогтоогдсон.

...Уг үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар цаашид ашиглахад эрсдэл өндөртэй, ашиглах боломжгүй. Харин эрх бүхий байгууллагаар газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийлгүүлэн, түүнтэй уялдуулан хүчитгэх, засварын ажлыг барилгын норм ба дүрэм, технологийн дагуу гүйцэтгэж баталгаажуулснаар ашиглах нөхцөл бүрдэх юм...” гэжээ. /хх-ийн 69-72 хуу/

 

Харин шинжээч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дүгнэлтэд:

“...Газар дээр нь судлан үзэхэд тус байрны дотор хэрэглээний халуун, хүйтэн усны шугам сүлжээ, халах хэрэгслийн хуваарилах коллектор руу явсан шугам сүлжээнд усны алдагдалтай байсан ба ...үүнд байрны дотор инженерийн шугам сүлжээний угсралтын гүйцэтгэлийн ажлын зураг, гэрээ, холбогдох бичиг баримтыг бүрүүлээгүй гүйцэтгэсэн холбогдох этгээд буруутай гэж үзэх нь зүйтэй” гэжээ. /2-р хх-ийн 11 хуу/

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэгтээ:

“...Намайг “Эрхэсийн Ертөнц төв”-д ажиллаж байхад 2015 оны 4 дүгээр сарын дундуур “М П” ХХК-ийн барилгын инженер н.Баяраа гэх хүн “...засвар хийж явна, ямар нэг асуудал байна уу, 2015 оны 7 дугаар сард барилгын ашиглалтаа СӨХ-д шилжүүлэх гэж байгаа юм, түүнээс өмнө засвар үйлчилгээ хийж байгаа” гээд орж ирсэн. Манай төвийн 2 давхарт 2015 оны 3 дугаар сараас ус алдаж байсныг зассан боловч 2015 оны 5 дугаар сард дахин алдаж эхэлсэн. Мөн 00-ийн өрнөөс өмхий үнэртээд байдаг байсан. Үүнийгээ хэлсэн байгаа. Тэгтэл хажуугийн жимсний дэлгүүрээс ус хальсан, бас цонхны урд талын явсан хүний зам цөмөрсөн учир ус алдаж, өмхий үнэр гарч байгаа байх гээд тэдгээрийг засварлахтай зэрэгцэн манай энэ асуудлыг шийдвэрлэхээр засварын ажил хийсэн юм.

Ингэхдээ манай 00-оос бохир үнэртээд байсан тул 00-ийн доорх шалыг, автомат тоглоомын хэсгийн болон хүүхдийн өлгүүрийн хэсгийн, бас тоглоом зардаг лангууны урдах хэсгийн шалыг хуулж, 10 гаран хоног засвар хийгээд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Бүх шалыг сөхөж, 00-ын суултуурыг аваад, ханын хэсгүүдийг салгаж, 00-ийн хоолойн холболтыг салгаж сольж холбосон.

Гэтэл түүнээс хойш хэдхэн хоногийн дараа 2015 оны 7 дугаар сарын 13-ны баярын өдөр хариуцлагатай жижүүрийн хувьд намайг ажлын байраа шалгахад тус төвийн бохир хальсан байсан. Ингэж анх удаа бохир хальсан. Би тухайн үед Санконфорт төвд дуудлага өгөхөд саяын засварын ажлын үед буруу холболт хийсэн байх, засвар хийсэн хүмүүстээ ханд гэсэн үндэслэлээр гэмтлийг үзэхээс татгалзсан...” гэжээ.

 

Шинжээчдийн дээрх дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг болон хэргийн бусад баримтаар ажлын үр дүн болох үл хөдлөх эд хөрөнгийн инженерийн шугам сүлжээнд гарсан усны алдагдал гэмтэл нь ашиглалтын буруугаас болж гараагүй болохыг нотолж байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч “М П” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан гэх дүгнэлтэд хүрэв.

 

Нэхэмжлэгч Ц.М нь анхнаасаа тухайн үл хөдлөх хөрөнгийг хүүхдийн тоглоомын төвийн зориулалтаар ашиглах зорилготой байсан нь 2012 оны “Эрхэсийн Ертөнц төв”-ийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, ажлын хөтөлбөр гэх баримтаар тогтоогдсон ба одоо энэ зориулалтаар ашиглахад ариун цэврийн шаардлага хангагдахгүй үндэслэлээр гэрээг цуцлахаар шаардаж байна. /хх-ийн 217-246 хуу/

 

Бохирын буюу хэрэглээний халуун, хүйтэн усны шугамын гэмтэл одоо ч бүрэн засварлагдаагүй нь тогтоогдсон, цаашид уг үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй гэж шинжээч үзсэн байдаг.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Манай тохиолдолд ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрээ цуцлах нэхэмжлэгчийн шаардах эрхэд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх бөгөөд ажлын үр дүн болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авснаас хойш хариуцагчийн гаргасан 3 жилийн баталгаат хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дууссанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол нэхэмжлэгчийн шаардлага хуулийн хугацааны дотор байна.

 

Цаашид үл хөдлөх эд хөрөнгийг энэ хэвээр нь үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Иймд доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ хариуцагч зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нийцсэн үзнэ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.” гэж, 221.6-д “Хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна.” гэж тус тус заасан тул талууд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Энэ дагуу хариуцагч “М П” ХХК-аас 307,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан ба энд заасан хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал хамаарахыг мөн зүйлийн 227.3-т заажээ.

 

Тиймээс нэхэмжлэгчийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доторх талбайн засвар, заслын ажлыг “Ий Энд Ий” ХХК-аар хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн төлбөр хохиролд тооцогдох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс гаргасан баримтаар “Ий Энд Ий” ХХК-ийн ажлын хөлсөнд 116,668,700 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон бөгөөд энэ баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, хохиролтой холбоотой өөр баримтыг нэхэмжлэгч гаргаагүй тул шүүх 116,668,700 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй үлдсэн 13,331,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан шаардлагын хувь хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д нийцнэ.

 

Харин шинжээчийн ажлын хөлсний тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар мөн хуваарилагдах бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагчийн ажлын хөлс 1,510,320 төгрөгийг хариуцагч төлсөн гэх боловч баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагын нийлбэр дүнг 100% гэж тооцон, хангагдсан хувь хэмжээнд хувьчлан тооцох замаар талуудад шүүхийн зардлыг хуваарилах нь зүйтэй байна.

 

Шинжээч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь зардлын баримт ирүүлээгүй тул хуваарилах шинжээчийн зардалгүй гэж үзнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан “М П” ХХК-аас 424,168,700 төгрөгийг гаргуулж Ц.Мд олгож, Ц.Мгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,331,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,278,793.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь зардлын баримтаа ирүүлээгүй тул хуваарилах зардалгүй гэж үзэн, нэхэмжлэгч Ц.Мгаас 45,309.6 төгрөг, хариуцагч “М П” ХХК-аас 1,465,010.4 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч Ц.Алтансүхэд олгосугай.

 

4. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ө.УЯНГА