Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

“А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02480 дугаар шийдвэртэй, “А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-, Э.Ө- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 83 611 866 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус ББСБ-иас иргэн С.Б-, Э.Ө- 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр хариуцагч нар 65 000 000 төгрөгийг бизнесийн зориулалттай сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн хугацааг 6 сарын хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр 12 сарын хугацаатай зээлийг гэрээг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээ байгуулагдах үед зээлдэгч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 105 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 45 дугаар байр, 7 тоот байрлах 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлдэгч С.Б-, Э.Ө- нар 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж зээлийн төлөлтийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч нар үүнээс хойш зээлийн төлөлт таслагдсан тул ББСБ-аас зээл төлөх шаардлага удаа дараа хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар ор тас алга болдоггүй, ямар нэгэн байдлаар утсаар холбогдож боломжтой үедээ ирж уулздаг. Барилгын ажлаас орж ирсэн төлбөрөөс зээлийг төлж барагдуулна гэж илэрхийлдэг. Зээлийн хугацаа дуусаад 5 сар болж байсан ба энэ хугацаанд ойлготойхон зээлийн төлөлт хийгээгүй тул бид 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тухайн өдрийн байдлаар тооцож 75 562 889 төгрөг гаргуулах, зээлийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нар зээлийг төлөхгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үндсэн зээл 63 360 000 төгрөг, хүү 11 371 745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831 144 төгрөг нийт 75 562 889 төгрөг. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 63 360 000 төгрөг, зээлийн хүү 18 079 226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 172 640 төгрөг нийт 83 611 866 төгрөг гэж нэмэгдүүлсэн. Зээлийн үндэслэл нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 3.2-т гэрээний хугацаа дуссанаас эхлээд үндсэн хүүгийн төлөгдөөгүй нийт үлдэгдлээс хүү тооцогдож төлөгдөх хүртэл үндсэн хүүг 2.1.2-т зааснаар зээлүүлэгчид төлөх үүрэгтэй. Ийм зохицуулалтыг талууд харилцан тохиролцсон. Тэгэхээр үндсэн хүүг үндэслэлгүй тооцсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийг С.Б- авч, зарцуулсан. С.Б-ы компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн тул зээлийн гэрээний хугацааг сунгасан. С.Б- хэдий гэрээг зөрсөн ч өнөөдөр хүртэл 83 000 000 төгрөг зээлийн төлөлт хийсэн. Үүнээс 63 000 000 төгрөгийн үндсэн зээлээс 1 640 000 төгрөг хасагдаж, дандаа хүү төлсөн байна. Үүнийг зээлийн эргэн төлөлтийн баримт нотлох болно. Хоёрдугаарт С.Б- зээлийг авсан тул түүний эхнэр Э.Ө- жинхэнэ хариуцагч биш. Гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Э.Ө-гийн хувьд авсан зээлээс нэг ч төгрөг захиран зарцуулаагүй. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш. С.Б- зээлийг өөрөө төлж, хариуцлага хүлээнэ гэдгийг илэрхийлдэг. Иймд хариуцагчаар С.Б-ыг тодорхойлж хэрвээ нэхэмжпэлийг хангах шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зөвхөн С.Б- хариуцаж төлөх ёстой. Нөгөө талаас тооцоолол хийж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ямар ч хүүгийн үлдэгдэлгүй гарч ирсэн. Үүнээс хойш үйл ажиллагаанд саад учирч 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 300 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2 300 000 төгрөг төлсөн. 2017 оны зээлийн гэрээ сунгагдаад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дуусахаас өмнө 2 300 000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр                    2 300 000 төгрөг, нийт 4 600 000 төгрөг төлсөн. Ингээд бодоход 63 360 000 төгрөгийн сарын 3,5 хувийн хүү нь 2 217 600 төгрөг сарын хүү төлөгдөхөөр харагдаж байна. 2019 оны эхэлснээс хойш мөнгө ашигласан хугацааны төлбөрийг төлөв гэж үзвэл сарын сүүлээр бодож 07 дугаар сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 6 сар 16 хоног байна. Өөрөөр хэлбэл, 6 сарын хүү нь 13 305 600 төгрөг. 16 хоногийн хүү 1 182 720 төгрөг гэж тооцож, 6 сарын 16 хоногийн хүү 14 488 320 төгрөг болж байна. 14 488 320 төгрөгөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 300 000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр 2 300 000 төгрөгийн төлөлт хийсэн. Нийт 4 600 000 төгрөг. 14 488 320 төгрөгийн төлбөрөөс төлсөн 4 600 000 төгрөгийг хасаж тооцох ёстой. 9 888 320 төгрөг хүүд төлөхөөр гарч ирж байна. Зээлийн гэрээ 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Шаардлага гаргах эрх нь ББСБ-д өөрт нь байсан. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ББСБ дахин 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэмж хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох эрх байхгүй. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа зохицуулсан. Мөн шаардлага нэмэгдүүлэхийн хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шаардлага гаргах эрх нь үүсч байна. Энэ шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлснээр тухайн шаардлагатай холбоотой зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлага гаргах эрх нь зогсож байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжпэл гаргаснаас хойш шаардах эрх нь хэрэгжиж үүнээс хойш тухайн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нь дуусгавар болж байна. Иймд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдүүлж байгаа зээлийн хүү 18 079 226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 172 640 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаас бид 63 360 000 төгрөг үндсэн зээл дээр 9 888 320 төгрөгийн тооцоололтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч С.Б-, Э.Ө- нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 75 562 889 төгрөг гаргуулж “А-” ББСБ ХХК /РД:6029361/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 048 977 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох 000327109 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-2206032527 дугаартай, 105 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 45 дугаар байр, 07 тоот хаягт байршилтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-, Э.Ө- нараас 605  965 төгрөгийг гаргуулж “А- ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 749 699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. С.Б- “А- ББСБ “ХХК-аас 65 000 000 төгрөгийн зээл авч, энэхүү зээлийн харилцаанд хамтран зээлдэгчээр Э.Ө-г татан оролцуулсан байна. Э.Ө-гийн хувьд дээрх зээлсэн мөнгөний талаар, захиран зарцуулалтын талаар ямар нэгэн ойлголт байхгүй бөгөөд дээрх мөнгийг хүлээн аваагүй байдаг. Анхан шатны шүүхээс мөнгө хүлээн аваагүы уг мөнгийг авч хэрэглээгүй Э.Ө-гаас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. С.Б- зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар тайлбарладаг. Харин шүүхээс 11 371 745 төгрөгийн хүү, 831 144 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 12 202 889 төгрөгийн үндсэн зээл дээр нэмэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч С.Б-ы зүгээс хүү төлөхгүй гэж маргаагүй, харин төлөх хүүгийн хэмжээг бодитоор тооцоолж төлөх талаар ярьдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас гаргуулахаар заасан 11 371 745 төгрөгийн хүү, 831 144 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс зээлдэгч С.Б-ыг ор тас алга болдоггүй, ямар нэг байдлаар холбогдож боломжтой үедээ ирж уулздаг гэдгийг хэлдэг. Зээлдэгчийн зүгээс уг зээлийг төлөхгүй, үүргээ гүйцэтгэхгүй байх санаа зорилго байхгүй тул барьцаанд тавьсан эд бүгдийн амьдардаг орон байрыг үүргийн гүйцэтгэлд гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь С.Б-ы гэр бүлд хүнд тусч байна. Хариуцагч нарын хувьд орон байраар нь үүрэг гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 202 889 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

            Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч С.Б-, Э.Ө- нараас үндсэн зээл 63 360 000 төгрөг, хүү 11 371 745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831 144 төгрөг нийт 75 562 889 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нийт 83 611 866 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нар “А- ББСБ” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №1703005 тоот зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 65 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн 000327109 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-2206032527 дугаартай, 105 м.кв талбай бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 45 дугаар байр, 07 тоот хаягт байршилтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 11-14, 17-20 дугаар тал/

 

            Улмаар зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулж,

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгажээ./хэргийн 15-16 дугаар тал/ Зохигчид дээрх гэрээний дагуу 65 000 000 төгрөг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүг хасч тооцох үндэслэлгүй. Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг 63 800 000 төгрөг гэж тооцож, хугацааг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгаснаас хойш хариуцагч нар нь2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 300 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2 300 000 төгрөг нийт 4 600 000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд өөр төлбөр хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас 75 562 889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

            Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцсон буюу 8 048 977 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд гомдолд дурдагдаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.          

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                    ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                         С.ЭНХТӨР