Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

К Б- эрх хүлээн авагчийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03370 дугаар шийдвэртэй, К Б- эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т-д холбогдох, К б- ХХК, С.Т- нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Т-ын өмчлөлөөс гаргуулж “К б-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч К Б- эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-202 дугаарт К б-инд авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалаар К б-ны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт зээл, авлага, өмчлөх бусад хөрөнгө, арилжааны үнэт цаасны шаардах эрхийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байхыг даалгасан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-219 дугаарт тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар К б-ны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт “К б-” ХХК-ийн бус мөнгөн хөрөнгөөр өмчлөх бусад хөрөнгийг тайлан тэнцлийн цэвэршүүлээгүй үнэлгээнээс доошгүй үнээр бусад этгээдэд зөвхөн мөнгөн хэлбэрээр худалдан борлуулахыг даалгасан. Гэтэл энэ тушаалыг зөрчиж “К б-”, С.Т- нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцыг С.Т-ын өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэлцэл гэж үзэх үндэслэлийг үүсгэсэн. “К б-” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Номунгранд” ХХК-тай 84 тоот зээлийн гэрээ байгуулж               2 800 000 000 төгрөгийг олгосон. “К б-” ХХК иргэн Д.Чулуунбат нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 84 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн зарим хэсэг болох 810 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байрлалтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “К б-” ХХК-ийн нэр дээр 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл улсын бүртгэлийн лавлагаагаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүд С.Т-ын өмчлөлд бүртгэгдсэн байна. Бэлэглэлийн гэрээнд хөрөнгийн үнэлгээг 300 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Цагдаагийн байгууллага К б-ны нэр дээрх 150 гаруй эд хөрөнгийг битүүмжилж шалгаж байгаа. Эрүүгийн хэрэгт К б-ны гүйцэтгэх удирдлага А.Ариунболд, зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг, И.Түвдэндорж, Б.Янжин нар шалгагдаж байна. С.Т-ын нэр холбогдон шалгагдаагүй. С.Т- нь гүйцэтгэх захирал А.Ариунболдын хүн. Мөнгө төлсөн баримтад зурагдсан гарын үсэг С.Т-ын гарын үсэг ч биш. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны хөрөнгийг цэвэршүүлээгүй үнээс доошгүй үнээр бусдад зөвхөн худалдан борлуулна гэж үүрэг болгосныг зөрчиж бэлэглэлийн гэрээ хийж байгаа үйлдэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд “К б-” ХХК, С.Т- нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, түүний үр дагавар болох хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С. Т-ын өмчлөлөөс гаргуулж “К б-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн хэлцэл хууль зөрчсөн хэлцэл, банкны мөнгө эд хөрөнгийг шамшигдуулж түүнийгээ нуун дарагдуулах зорилгоор халхавчилж хийгдсэн хэлцэл юм уу, нэхэмжлэгч талын дурьдаж байгаачлан 2 000 000 000 төгрөгийн өрөнд хураагдаж ирсэн хөрөнгийг С.Т-д бага үнээр зарсан талаарх асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолд К б-ны удирдах албан тушаалтнуудын нэрийг бичсэн байгаа хэдий ч тухайн хэрэг маргаан шүүхийн журмаар хэлэлцэгдээд гэм буруутай эсэхийг тогтоохдоо нэмж хүн татах зарим хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болоод явах асуудлыг одоо тодорхойлж дүгнэх эрх зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн журмаар шалгагдаж байхад иргэний журмаар нэхэмжлэл гаргаж хүний нэр дээр шилжсэн хөрөнгийг буцааж шилжүүлж авна гэж улайран дайраад байгаа нь ойлгомжгүй байна. Гэмт хэргийн журмаар олдсон хөрөнгийг шалгаж шүүхээр шийдвэрлэхдээ тухайн хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлж шийдэж болно. Цагдаа дээр нэг мөр шийдвэрлэж болно. С.Т- тухайн хөрөнгийг худалдаж авахдаа хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний чөлөөт байдлыг үндэслэж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахдаа төлбөрийн зөрүү төлбөрт 2 өрөө орон сууцыг “К б-” ХХК-д шилжүүлж,      300 000 000 төгрөг төлсөн. Шилжүүлсэн эд хөрөнгийг ямар гэрээ хэлцэлээр шилжүүлсэн талаарх материалыг К б-наас авах гэхээр тийм материал байхгүй гээд гаргаж өгөөгүй. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор иргэн С.Т- мөн хохирч үлдэх нөхцөл үүссэн. Яагаад тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүйг мэдэхгүй. Татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Маргаан бүхий байр С.Т-ын өмчлөлд бүртгэлтэй боловч хэн амьдарч байгааг нь мэдэхгүй. Бэлэглэлийн гэрээ байгуулсан ч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний нөхцөл үүссэн. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон ч үл хөдлөх хөрөнгө цагдаагийн газраас хязгаарлалт битүүмжлэлтэй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар “К б-” ХХК, С.Т- нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “К б-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С.Т-д үүрэг болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 657 950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д 'Энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана." гэжээ. Нэхэмжлэгч талын дурьдаснаар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар Зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрх шилүүлэх гэрээний дагуу 810 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож авсан хөрөнгийг хариуцагч С.Т-д бэлэглэлийн гэрээ байгуулах замаар албаны нөлөө, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад шилжүүлж мөнгө угаасан гэх эрүүгийн хэрэгт холбогдуулан тухайн үеийн “К б-” ХХК-ийн удирдлагууд болох А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг, И.Түвдэндорж нарт холбогдуулан эрүүгийн 1902002900121 дугаартай хэрэг үүсгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шалгаж байгаа нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага болсон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 104 тоот, зоорийн давхарын 38, 39 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууц, авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэмт хэрэг үйлдэх замаар иргэн С.Т-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эсэх асуудлыг Нийслэлийн прокурорын газрын хяналтад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн энэхүү эрүүгийн хэргийн хүрээнд Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2755 прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол; гэх үндэслэлд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгч захирамж, шүүх тогтоол гаргах ёстой байсан. Давж заалдах шатны шүүх тогтоол, захирамж гаргах замаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүх рүү буцааж хэргийг дахин шийдвэрлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д "гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно." гэж заасан. Мөн энэ хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагааг хийдэг. Энэхүү ажиллагаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах зорилгыг агуулж байдаг. Эрүүгийн журмаар эцэслэн шалгаж дууссаны дараа Иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэгэнт эрүүгийн хэрэг үүссэн, тус хэргийн хүрээнд прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байх тул тус хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа Иргэний журмаар шийдвэрлэх нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хуулиудад нийцэх юм. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй тухайд, Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагчид улсын бүртгэлийн Ү-2206012716 дугаарт бүртгэлтэй маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгаж өгөх тухай хүсэлтийг нэхэмжлэлтэйгээ хамт гаргасан байсныг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 11759 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамж гаргаж нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариу тайлбар гаргах хуулийн хугацаа тоологдож эхэлсэн. Ийнхүү 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн О.Болдбаатарт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь хавтаст хэргийн 19-24 дэх талд байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа шүүхэд гаргахад дээрх "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамж хэрэгт байгаагүй бөгөөд энэ тухай танилцуулаагүй байдаг. Гэтэл үүний дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойшхи хугацаанд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 11759 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамж бичгээр албажин гарч хавтаст хэргийн 25 дахь талд орсон байна. Тус захирамжийн захирамжлах нь хэсгийн 3-т Захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор зохигчид  тус   шүүхэд   гомдол   гаргах   эрхтэйг   дурьдсан.   Өөрөөр   хэлбэл,   энэхүү захирамжид гомдол гаргах хуулийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан. Хавтаст хэрэгт байгаа дарааллаар захирамж бичгээр 2019 оны 10 дугаар сарын 04-нээс хойш хутацаанд гарсан байх тул хариуцагч болон үүний төлеелөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зуйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжоор анхан шатны шүүх хангаагүй байна. Дээрх захирамжийг гарсан талаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа талаар мэдэгдснээр хариуцагч болон төлөөлөгч нар мэдсэн болно. Энэ нь тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигдсөн” гэдэгт хамаарах тул "168.3-т зааснаар тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхээр байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар, Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хураамжийн хэмжээг буруу бодсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргасан. Тиймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй тул 70 200 төгрөг төлөх ёстой. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр хаанаас ямар дүнг гаргаж ирээд 1 657 950 төгрөгийн тэмдэгтийн   хураамжийг  хариуцагч  төлөхөөр   шийдвэрлэснийг   ойлгохгүй,   хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхпй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Жич: Хариуцагчийн зүгээс Давж заалдах гомдол гаргахдаа 70 200 төгрөг төлөх ёстой байсан боловч шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжид 1 657 950 төгрөг төлөхөөр хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байх тул тэмдэгтийн хураамж дутуу төлсөн үндэслэлээр давж заалдах гомдол хүлээн авахаас татгалзах эрсдэл гарч магадгүй гэсэн шалтгаанаар тэмдэгтийн хураамжид 1 657 950 төгрөг төлсөн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 болон 168 дугаар зүйлийн 168.3-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч К Б- эрх хүлээн авагч нь хариуцагч С.Т-д холбогдуулан “К б-” ХХК, С.Т- нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, 200 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарын 38, 39 тоот хаягт байршилтай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Т-ын өмчлөлөөс гаргуулж “К б-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, төлбөрт 50 000 000 төгрөгт тооцон 2 өрөө орон сууцыг “К б-” ХХК-д шилжүүлж, 380 915 000 төгрөг дансаар шилжүүлсэн гэж маргажээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-т зааснаар Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар зохицуулсан байх ба 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр С.Т-д шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2755 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр “К б-” ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 1902002900121 дугаартай хэргийг байцаан шийтгэх ажиллагааны явцад шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлаж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна./хэргийн 24, 68-69 дүгээр тал/ Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдэж, захиран зарцуулах эрх нь түдгэлзжээ.

 

            Мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1707 дугаартай Прокурорын зөвшөөрөлөөр хариуцагч С.Т-аас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 169 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр “К б-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай Хилчний/13280/ гудамжны 106 дугаар байрны 138 тоот хаягт байршилтай, 55 м.кв талбайтай, хоёр өрөө байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна./хэргийн 61-64 дүгээр тал/

 

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д "гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.” гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болгожээ.

 

            Тодруулбал, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг, эрх бүхий этгээдүүдийн холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн явцад битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь холбогдох хуулийн байгууллагаас хязгаарласан байгаа тохиолдолд шүүхээс тухайн эд хөрөнгийн өмчлөлийн талаарх маргаантай иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.           

            Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн үйлдэлтэй холбоотой эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа тохиолдолд иргэний журмаар шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэх үед хариуцагч талаас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэснийг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                    

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

      С.ЭНХТӨР