Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/03370

 

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/03370

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: КБ ХХК ЭХА

Хариуцагч: С.Т

К.Б ХХК, С.Т нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн 000000000 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Тийн өмчлөлөөс гаргуулж К.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, Н.Борхүү, хариуцагчийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч К.Б ХХК дахь ЭХА шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-202 дугаарт К.Бинд авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалаар К.Бны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт зээл, авлага, өмчлөх бусад хөрөнгө, арилжааны үнэт цаасны шаардах эрхийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байхыг даалгасан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-219 дугаарт тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар К.Бны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт К.Б ХХК-ийн бус мөнгөн хөрөнгөөр өмчлөх бусад хөрөнгийг тайлан тэнцлийн цэвэршүүлээгүй үнэлгээнээс доошгүй үнээр бусад этгээдэд зөвхөн мөнгөн хэлбэрээр худалдан борлуулахыг даалгасан. Гэтэл энэ тушаалыг зөрчиж К.Б, С.Т нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцыг С.Тийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэлцэл гэж үзэх үндэслэлийг үүсгэсэн. К.Б ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Номунгранд ХХК-тай 84 тоот зээлийн гэрээ байгуулж 2.800.000.000 төгрөгийг олгосон. К.Б ХХК иргэн Д.Ч нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 84 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн зарим хэсэг болох 810.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 000000000 тоот хаягт байрлалтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг К.Б ХХК-ны нэр дээр 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл улсын бүртгэлийн лавлагаагаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүд С.Тийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Бэлэглэлийн гэрээнд хөрөнгийн үнэлгээг 300.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Цагдаагийн байгууллага К.Бны нэр дээрх 150 гаруй эд хөрөнгийг битүүмжилж шалгаж байгаа. Эрүүгийн хэрэгт К.Бны гүйцэтгэх удирдлага А.А, зээлийн газрын захирал С.Д, И.Т, Б.Я нар шалгагдаж байна. С.Тийн нэр холбогдон шалгагдаагүй. С.Т нь гүйцэтгэх захирал А.Аын хүн. Мөнгө төлсөн баримтад зурагдсан гарын үсэг С.Тийн гарын үсэг ч биш. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны хөрөнгийг цэвэршүүлээгүй үнээс доошгүй үнээр бусдад зөвхөн худалдан борлуулна гэж үүрэг болгосныг зөрчиж бэлэглэлийн гэрээ хийж байгаа үйлдэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд К.Б ХХК, С.Т нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, түүний үр дагавар болох хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн 000000000 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Тийн өмчлөлөөс гаргуулж К.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн хэлцэл хууль зөрчсөн хэлцэл, банкны мөнгө эд хөрөнгийг шамшигдуулж түүнийгээ нуун дарагдуулах зорилгоор халхавчилж хийгдсэн хэлцэл юм уу, нэхэмжлэгч талын дурьдаж байгаачлан 2.000.000.000 төгрөгийн өрөнд хураагдаж ирсэн хөрөнгийг С.Тд бага үнээр зарсан талаарх асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолд К.Бны удирдах албан тушаалтнуудын нэрийг бичсэн байгаа хэдий ч тухайн хэрэг маргаан шүүхийн журмаар хэлэлцэгдээд гэм буруутай эсэхийг тогтоохдоо нэмж хүн татах зарим хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болоод явах асуудлыг одоо тодорхойлж дүгнэх эрх зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн журмаар шалгагдаж байхад иргэний журмаар нэхэмжлэл гаргаж хүний нэр дээр шилжсэн хөрөнгийг буцааж шилжүүлж авна гэж улайран дайраад байгаа нь ойлгомжгүй байна. Гэмт хэргийн журмаар олдсон хөрөнгийг шалгаж шүүхээр шийдвэрлэхдээ тухайн хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлж шийдэж болно. Цагдаа дээр нэг мөр шийдвэрлэж болно. С.Т тухайн хөрөнгийг худалдаж авахдаа хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний чөлөөт байдлыг үндэслэж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахдаа төлбөрийн зөрүү төлбөрт 2 өрөө орон сууцыг К.Б ХХК-нд шилжүүлж, 300.000.000 төгрөг төлсөн. Шилжүүлсэн эд хөрөнгийг ямар гэрээ хэлцэлээр шилжүүлсэн талаарх материалыг К.Бнаас авах гэхээр тийм материал байхгүй гээд гаргаж өгөөгүй. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор иргэн С.Т мөн хохирч үлдэх нөхцөл үүссэн. Яагаад тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүйг мэдэхгүй. Татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Маргаан бүхий байр С.Тийн өмчлөлд бүртгэлтэй боловч хэн амьдарч байгааг нь мэдэхгүй. Бэлэглэлийн гэрээ байгуулсан ч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний нөхцөл үүссэн. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон ч үл хөдлөх хөрөнгө цагдаагийн газраас хязгаарлалт битүүмжлэлтэй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Б ХХК дахь ЭХАийн нэхэмжлэлтэй С.Тд холбогдох К.Б ХХК, С.Т нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн 000000000 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Тийн өмчлөлөөс гаргуулж К.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэл гаргажээ.

К.Б ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Номунгранд ХХК-тай №84 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2.800.000.000 төгрөг зээлдүүлж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тодорхой хэсэг буюу 810.000.000 төгрөгт Хан-Уул дүүрэг 0000000 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийг тооцон шилжүүлэн авч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөх бусад хөрөнгөд бүртгэн үлдсэн төлбөрийг талууд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулж үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр тохирч, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн дээрх хөрөнгийн өмчлөгчөөр К.Б ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэжээ.

Шүүх хуралдаанд хариуцагч С.Т үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа төлбөрийн зөрүүд тооцон 2 өрөө орон сууцыг К.Б ХХК-нд шилжүүлж, 380.915.000 төгрөг дансаар шилжүүлж төлсөн. Татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн гэж тайлбарлан маргажээ.

К.Б ХХК, С.Т нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг 0000000 тоот хаягт байрлах, 200 мкв талбайтай орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэхээр заасан ба хариуцагч нь К.Бнаас гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авахдаа төлбөрийн зөрүүд 2 өрөө орон сууц, 380.915.000 төгрөг төлсөн хэмээн тайлбарласан тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзхээр байх ба зөвхөн өмчлөлийг шилжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авч татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн гэсэн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд хийгдсэн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй тул хариуцагч С.Т Хан-Уул дүүрэг 0000000 тоот хаягт байрлах, 200 мкв талбайтай орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь бэлэглэлийн гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн орон сууц, автозогсоолын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 2755 прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж тайларбарлан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч энэ нь иргэний журмаар хэргийг хэлэлцэхэд саад болохгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.

Хэргийг хянан хэлэлцэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул 1.657.950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар К.Б ХХК, С.Т нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 000000000 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг К.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С.Тд үүрэг болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Таас улсын тэмдэгтийн хураамжид 1.657.950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА