Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0711

 

 

 

 

 

 

 

 

 

   

                                                        “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                         захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Х, Д.Х, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны дарга Т.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/637 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “А И Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон тус газрын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/637 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.2, 46 дугаар зүйлийн 46.1.4, Патентийн тухай хуулийн 17.1, 17.2, 18.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-т “А И Б” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь тендер шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагыг гэж мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, тендер хянан үзэх үе шатны шаардлага хангаагүй гэж мэдэгдсэн боловч үнэлгээ хийх дараагийн шатанд шилжүүлээд үнээр харьцуулан шалгарсан компаниас өндөр үнийн санал ирүүлсэн гэж мэдэгдсэн нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг зөрчсөн, шалгарсан компани нь патент эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй байхад хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлага хангаагүй байхад шалгаруулсан, Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж ирсэн бодлого, 2 байгууллагын хамтын ажиллагааны үр дүнг үл ойшоосон гэх үндэслэлээр манай байгууллагыг шалгаруулаагүй тухай 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/519 тоот мэдэгдлийг эс зөвшөөрч НХААГ-ын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “И” ХХК-ийн оюуны өмчийн хууль ёсны эрхийг хамгаалах шаардлага үүссэн нь тогтоогдсон байхад Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах аргыг хэрэглээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Үүнийг доорх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч тендерт шалгаруулаагүй мэдэгдлийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар буюу шууд гэрээ байгуулах аргыг хэрэглээгүй нь хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.

Хэрэв хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасан шууд гэрээ байгуулах аргыг хэрэглээгүй гэх асуудлаар маргаж байгаа бол “И” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг баримтлан нэхэмжлэлийг шүүхэд гаргах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл, “И” ХХК нь шууд гэрээ байгуулах ёстой гэж тендер зарласныг эс зөвшөөрч Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаад Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2017 оны 03 дугаар сарын 10-ны 1/306 дугаартай албан бичгээр “Зарласан тендер нь хууль зөрчөөгүй тул тендерийг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн” албан бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан.

Гэтэл энэхүү хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна” гэж заасан байдаг. Нэгэнт тендер шалгаруулалт явуулах нь зөв байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлээд үүнд нэхэмжлэгч дараагийн шатанд буюу шүүхэд гомдол гаргаагүй бол шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Гэтэл шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас урьдчилан шийдвэрлэх журмаар эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг давхар шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А И Б” ХХК-ийн захирал Э.Гомбосүрэн давж заалдах гомдолдоо: “...“А И Б” XXK нь Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нээлттэй зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох” бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер /НХААГ-17/0002 дугаар/-ын урилгыг үзэж, холбогдох баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлэн, тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан тендерийн материал өгч, орчин үеийн SCADA төрлийн удирдлагын самбар /шит/-ыг нийт 888,385,778 төгрөгөөр нийлүүлэх буюу хамгийн бага үнийн санал гаргаснаар уг тендерт шалгарч, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр захиалагчтай гэрээ байгуулсан.

Тендер зарлах болон шалгаруулах явцад тендерт оролцогчдоос гаргасан удаа дараагийн гомдлыг ШӨХТГ, Сангийн яам зэрэг газруудаас хянан үзээд тендер хууль зөрчөөгүй талаар дүгнэлт хийж. тендерийг үргэлжлүүлэн явуулах тухай шийдвэр гаргасан Тухайн үед энэхүү шийдвэрийн галаар шүүхэд гомдол гараагүй учраас тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж ялагчтай гэрээ байгуулагдан, улмаар манай компани гэрээний үүргийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 150 шитийг угсарч дуусгасан болно.

Гэтэл шүүх тендерт оролцогч “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаан бүхий энэхүү хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 зүйлийг зөрчсөн, түүнчлэн захиалагч болон Үнэлгээний хороо нь мөн хуулийн 46, 47 дугаарт заасан эрх үүргээ зөрчсөн үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилтэй явагдсан гэж үзэж Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. Үүнээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагын дурдсан хэсэг нь маргаан бүхий тендерийг зарлахдаа худалдан авах ажиллагааны аль журмыг хэрэглэх талаар маргаагүй, харин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар явагдаж буй тендерийг хянах, үнэлэх, эрх бүхий этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх процесс хууль зөрчсөнийг тогтоолгох үүнийг үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох шаардлага гэж ойлгохоор байна.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахад нээлттэй тендер зарласан асуудал дээр маргаагүй болох талаар тайлбарласнаар давхар нотлогдож байна. Гэтэл шүүх “...шууд гэрээ байгуулах аргыг хэрэглээгүй...” гэж хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч нээлттэй тендер шалгаруулалтын журам хэрэглэсэн асуудал дээр маргаагүй төдийгүй зарласан тендерт оролцсон байдаг. Үүнээс үзэхэд нээлттэй шалгаруулалт зарласныг нэхэмжлэгч өөрийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзээд тендерийн баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад өрсөлдсөн. Гэтэл шүүхийн дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагаас давж худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлсэнтэй холбож нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Зүй нь шүүх тендерийн тухай хуулийн 27, 28 болон 46, 47 зүйлийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх нь оновчтой байв.

Шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх тендерийн тухай хуулийн 34.1.2-т заасныг зөрчсөн дүгнэлтдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, шууд гэрээ байгуулах арга нь зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой буюу түүнийг орлох этгээд байхгүй онцгой тохиолдол болно. Түүний нэг хэлбэр нь патент, гэрчилгээ эзэмшигчийн шинэ бүтээл, ашигтай загварыг ашиглах тохиолдол мөн болохыг Патентийн тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд зааснаар бусдын шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг зөвхөн ашиглах тохиолдолд л эрхийн хамгаалалт үүсэж /зөвшөөрөл авах, хориглох/ буюу үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх гэх мэтээр ашиглахыг хамааруулдаг.

Маргаан бүхий хэрэгт “А И Б” ХХК-ийн нийлүүлж буй бараа нь “И” ХХК-ийн патент, гэрчилгээгээр хамгаалагдсан удирдлагын аппарат LCS 485-V 1.4 болон удирдлагын хайрцаг /шит/-ийг огт ашиглаж хэрэглээгүй, харин түүнтэй дүйцэхүйц БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SCADA төрлийн удирдлагын аппарат, удирдлагын самбар /шит/-ын бүрдэл юм. Ийнхүү шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаагүй тохиолдолд эрхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлага үүсэхгүй.

Түүнчлэн оюуны өмч ашигласан талаарх маргаан бий бол Патентийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар маргаан шийдвэрлэх өөр журмаар шийдвэрлэгдэх учиртай. Нэхэмжлэгч эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласан талаар гомдол гаргаагүй. Гэтэл шүүх “...үнэлгээний хорооны шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэсгүй.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлж чадаагүй тухайд: Тус тендерийг тендерийн баримт бичигт зааснаар “Нийтийн эзэмшлийн гудамж. зам талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх тендер” буюу 150 шитийг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах туйлын тодорхой асуудал байхад шүүх захиалагчийн санал болгосон тендерийн талаар “...Тулга системд холбож өргөтгөх цогц тендер, ...шит нийлүүлэх, суурилуулах, түүнийг хяналт удирдлагын сүлжээнд холбох ажиллагаа нь нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цогц үйл ажиллагаа...” гэж хэт өргөтгөн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “И” ХХК-д ирүүлсэн 011489 дугаар албан бичгийг “И” ХХК-ийн эзэмшиж буй электрон шитийн удирдлагын аппаратаас ...команд илгээх, хүлээн авах, мэдээлэл солилцох форматыг гарган өгч хамтран ажиллахыг хүссэн мэтээр тайлбарлаж энэ тохиолдолд ямар “...нэхэмжлэгчийн хууль ёсоор өмчилж буй патент, ашигтай загварын эрх хөндөгдөхөөр байсан нь тогтоогдож байна” гэж дүгнэлт өгсөн нь нотлох баримтыг анхаарамжгүй буруу үнэлсэнтэй холбоотой. Тодруулбал, тус албан бичигт “И” ХХК-ийн эзэмшиж буй” гэсэн санаа агуулагдаагүй, харин “А И Б” ХХК-ийн өөрийн эзэмшиж буй электрон шитний удирдлагын аппарат...” гэсэн утга санаа агуулагдсан.

Тендер зарлагдсанаас хойш буюу тендерийн нээлт болохоос 2 өдрийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ашигтай загварын эрх “И” ХХК-д шилжсэн байгаа нь тендерийн шаардлагатай нийцэх эсэх, түүнчлэн тус загварыг эзэмшигч Иийн хүрээлэн хэдэн жилийн өмнө татан буугдсан байхад төрд эзэмшигдэж үлдсэн гэрчилгээг хэрхэн шилжүүлсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай. Түүнчлэн ШУА-ийн Иийн хүрээлэнг “И” XXK гэсэн хувийн болгон өөрчилсөн үйл баримтууд тогтоогдов” гэсэн боловч энэ талаарх нотолгоо үндэслэлийг орхигдуулжээ.

2016 оны 12 дугаар сарын 30 өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний зорилгоос үзвэл талууд гарах зардал. хугацааг хэмнэх, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, оюуны өмчийн эрхийн асуудлаар хамтран ажиллах, мөн гэрээний 2-р зүйлд зааснаар талууд гадна гэрэлтүүлгийн удирдлагыг Тулга системд холбож өргөтгөх, системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах нийтлэг тохиролцоог хийсэн.

Харин гэрээний 2.1-д төвлөрсөн удирдлагаар хангах ажлыг үе шатны дагуу үргэлжлүүлэхдээ Тендерийн хуулийн 34.1.2 заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулах заалтыг оруулсан нь дээр дурдсанаар “И” ХХК-ийн оюуны өмчөөр хамгаалагдсан патентыг ашиглах тохиолдолд л хэрэглэгдэх зохицуулалт болно. Маргаан бүхий тендерийн хувьд нээлттэй зарлагдсан бөгөөд “И” ХХК-ийн удирдлагын аппарат LCS 485-Vl.4 болон удирдлагын хайрцаг /шит/-тай дүйцэхүйц барааг нийлүүлэхийг тендерт оролцогчдоос хүссэн техникийн тодорхойлолт бүхий бараа нийлүүлэгчийн сонгон шалгаруулах ажиллагаа болно. Иймд “И” ХХК-ийн оюуны өмчөөр хамгаалагдсан удирдлагын аппаратыг заавал ашиглаж. хэрэглэх шаардлага агуулаагүй учраас Хамтран ажиллах гэрээний 2.1 дугаар заалт энэхүү тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд хамаарахгүй болно. Шүүх дурдсан байдалд нотлох баримтын үндсэн дээр тал бүрээс бодитойгоор дүгнэлт өгч чадаагүй.

Ийнхүү шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор дүгнэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “И” ХХК-ийн нэхэмжлэлээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-т “А И Б” ХХК-ийг шалгаруулсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын /цаашид Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар гэх/ Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасанд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/ шалгаруулалтад “И” ХХК, “А И Б” ХХК-ууд оролцсон байх бөгөөд Үнэлгээний хороо 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, тендерт оролцогч нарын тендерээс “А И Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлж, гэрээ байгуулах эрхийг олгосон байна.

Харин Үнэлгээний хорооноос “И” ХХК-ийг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.1(г) болон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу нийлүүлсэн ижил төстэй бараа 236.320.000 төгрөг байгаа нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй, мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн хэмээн тус компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт “А И Б” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “...манай компани “Тулга” системийн электрон удирдлагадаа Монгол Улсын шинэ бүтээлийн патент, гадна гэрэлтүүлгийн щитдээ Монгол Улсын ашигтай загварын гэрчилгээг тус тус эзэмшигч болсон учир Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандаж, хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т зааснаар патент эзэмшигч манай компанитай гэрээ шууд байгуулан хамтарч ажиллахыг хүссэн. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага “Тулга” системийн патент эзэмшигч манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр нээлттэй тендер шалгаруулалт явуулахаар нийтэд зарласан. Бид дээрх хууль бус шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, уг тендерт оролцсон боловч манай компанийг шалгаруулаагүй талаар мэдэгдсэн. Тендерт шалгарсан “А И Б” ХХК нь патент эзэмшигч манай компаниас зөвшөөрөл аваагүй, лицензийн гэрээ байгуулаагүй учраас тус техникийн тодорхойлолтод заасан бараагаа нийлүүлэх боломжгүй, учир нь Монгол Улсад туршигдаагүй, нутагшаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн нь “Тулга” системд холбогдох боломжгүй” гэж маргаж, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд “манай компани “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.1(г)-д заасан сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэртэй маргахгүй...” гэж тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж зааснаар өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.

Тодруулбал, “И” ХХК нь тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт, өөрөөр хэлбэл тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь тендерийн шаардлагад нийцээгүй учир тус компанийн тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтаас хасаж шийдвэрлэсэн талаар маргаагүй, тендер шалгаруулалтын үр дүнгээс хамаарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тухай, эсхүл энэ тендерт гуравдагч этгээдийг шалгаруулж шийдвэрлэснийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь өөрөө уг тендерт шалгарах эрх сэргэх боломж, үндэслэлийн талаар маргаагүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллага буюу Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэхдээ Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.1(г)-д заасан сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасантай нийцжээ. Иймд захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах үндэслэлээ “Тендерт шалгарсан “А И Б” ХХК Патентын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Патент, гэрчилгээ эзэмшигч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх онцгой эрх эдэлнэ”, 17.2-т “Патент, гэрчилгээ бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг патент, гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна” гэж заасны дагуу патент эзэмшигч манай компаниас зөвшөөрөл аваагүй, лицензийн гэрээ байгуулаагүй учраас тус тендерийн тодорхойлолтод заасан бараагаа нийлүүлэх боломжгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох” бараа нийлүүлэх тендерийг зарлаж, тендерт шалгарсан “А И Б” ХХК нэр бүхий 6 дүүргийн орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн хуучин самбарыг шинэчлэх ажилд 150 ширхэг щитийг нийлүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улс орны эдийн засаг, төсөв, санхүү, хүндрэлтэй байгаа энэ үед зардал хэмнэх үүднээс зөвхөн бараа нийлүүлэхээр худалдан авалт зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2115 дугаар албан бичгээр мэдэгдсэн байх ба хариуцагч Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасныг үндэслэн бараа нийлүүлэлтийн нээлттэй тендер шалгаруулалт зарласан болох нь тогтоогджээ.

Иймд “Гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлгийн ажлын удирдлагын аппарат” шинэ бүтээлийн эзэмшигч болон “Гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын хайрцаг” ашигтай загварын зохиогчид нь уг патент, ашигтай загварыг өмчлөх онцгой эрхтэй этгээд болохын хувьд хуулийн 18.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх бүхий этгээдүүд байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Түүнчлэн Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн НХААГ-17/0002 дугаартай тендерт өрсөлдөөн хязгаарласан заалт оруулсан гэсэн асуудлыг хэлэлцэж, улмаар Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12 дугаар зүйлийн 12.1(ё)-д заасан “нийлүүлэгдэх бараа нь Монгол Улсад туршигдсан байна” гэсэн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул “А И Б” ХХК-ийн “нийлүүлж буй бараа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн патент, гэрчилгээгээр хамгаалагдсан удирдлагын аппарат болон удирдлагын хайрцаг биш, харин түүнтэй дүйцэхүйц БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SCADA төрлийн удирдлагын аппарат болон удирдлагын самбар /щит/-ын бүрдэл учраас нэхэмжлэгчийн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаагүй тохиолдолд оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлага үүсэхгүй” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн “2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-т “А И Б” ХХК-ийг шалгаруулсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                      ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                       ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                       ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН