Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 13

 

С.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 965 дугаар магадлалтай, С.Х-д холбогдох 1806014930705 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Энх-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, И овогт С-ийн Х нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Х-д мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Х гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д шүүхийн шийдвэр нь 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4-д шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, мөн зүйлийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл, нотолбол зохих асуудлыг заасан бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг /Ханбилгүүдэй/ цэцэрлэг дотор хүүхэд зодсон байна гэх шалтгаанаар хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шалтгаан нөхцлийг тодорхойлдог. Гэтэл миний бие яагаад хүүхдийг минь зодоод байгаа талаар асууж тодруулсан ба зохих ёсны шаардлага тавьсан. Уг шаардлагыг хохирогч Ц хүлээж аваагүй миний гарыг цохиж хэрүүл, маргааныг эхлүүлсэн нь шалтгаан нөхцөл бөгөөд үүний улмаас миний бие гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн байх үндэслэлийг заагаагүй бол хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан. Үүнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өмгөөлөгч нарын байр суурь, шинжлэн судлуулсан нотлох баримтууд, Х-ын амбулаторын карт, томографикийн зураг, эмчилгээтэй холбоотой баримтууд гэрчээр Х болон Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй. Хохирогч Ц, гэрч Д, гэрч О нарын мэдүүлгээр “элэг, бөөр, гэдэс, нуруу өшиглөөд зодоод байсан” гэсэн. Хэрэв толгой дээр нь дэвсээд, элэг, бөөр, гэдэс өшиглөсөн бол энэ хэсэгт хөхрөлт, няцралт үүсэх ба шинжээчийн дүгнэлтэд тусгагдах байсан. Энэ үйл явдал болох үед зөвхөн Ц, би, гэрч Э байсан. Харин намайг яг үснээс зулгааж, шилбэ өшиглөх үед цаанаас нь багш нар гарч ирж салгасан. Харин салгасны дараа миний уур хүрч хашхирсан. Миний бие Ц-гийн биед учирсан хөнгөн гэмтлийг учруулсан болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үйлдэл нь өөрийн эрүүл мэндийг эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл буюу аргагүй хамгаалалт байсан талаар мэдүүлсэн. Надад баруун шуу, бугуйгаар өвдөх бага зэргийн эмзэглэл байсан. Шинжээч эмчийн анхны үзлэгт тодорхой байдаг. Нэмж хавтаст хэрэгт өгсөн материалууд КТГ-н шөвөг яс сэтэрч, эмнэлгийн карт, гипс, боолт бинт, эм тариа авсан баримтуудаар тогтоогддог. Энэ нь миний эрүүл мэндэд учирсан довтолгоон байсныг нотлох бөгөөд гэрч Э-гийн мэдүүлгээр давхар нотлогддог. Гэрч Д, О нар нь Ц эхлээд миний гарыг цохих, мушгих үед байгаагүй. Ц текийн ард зогсчихоод “яасан зодсон уу, яасан гэж хэлэхээр нь би “чи гараад наад үгээ хэлчих” гэхэд өөрөө хажууд гарч ирээд миний гарыг цохисон, тухайн үед миний баруун гар маш их өвдсөн ба гараа бариад байж байтал намайг Ц заамдан авахад цааш нь түлхсэн, эргэн зууралдаад өвчтэй байсан гарыг минь мушгихад нь би гарыг нь тавиулахын тулд Ц-гийн үснээс зулгаагаад шилбэ рүү нь өшиглөсөн, хоромхон зуур л болсон. Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн 16 зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх” болон бусад эрхээ эдлэх энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм. Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл билээ. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан бодит агуулгаас хууль бус халдлагын эсрэг хийгдсэн байгаа аргагүй хамгаалалт юм. Иймд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх тайлбар гаргах, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн №2125 дүгнэлтээр миний биед учирсан гэмтлийг “...баруун шууны доод 3\1 тэмтрэхэд бага зэрэг эмзэглэн зовиуртай, баруун шуу, бугуйгаар өвдөнө, баруун сарвууны долоовор хурууны хумс хугарсан гэж тусгагдсан. Тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргах тодорхой хугацаа байсаар байтал үзлэг хийсэн өдрөө шинжээч эмч дүгнэлт гаргасан байсан. Шинжээч эмч Ц.Бадрал нь тухайн үөдээ томографик хийлгээд ир гэсэн мөртлөө хугацаа хүлээхгүй шууд дүгнэлтээ гаргасан. Нэмж материал өгөх гэж 2 удаа очиж уулзахад байцаагчдаа өг гээд аваагүй. Төр-Од байцаагчид өгөх гэж очиход байхгүй, утсаар ярихад утсаа авахгүй, эсвэл ажилтай байна, хүүхэд өвчтэй байна, түр хүлээж бай дараа аяндаа дуудаж авна гэдэг байсан. Энэ үед миний бие өвчтэй байсан учраас цэргийн төв эмнэлэгт цагаан мах эргэж, судас тайруулах мэс засал 2018 оны 02 дугаар сарын 20-нд хагалгаанд орсон. Мэс заслын дараа явж чадахгүй сар шахуу боолт хийлгэж хэвтэрт байсан. Энэ хооронд цагдаагийн байгууллагаас дуудаагүй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулах гэж дуудсан. Намайг шинжээчийн дүгнэлтийг танилцахаас өмнө хохирогч Ц 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирээд танилцсан байсан. Дүгнэлтэд гаргах санал байхгүй, эвлэрэх санал тавьсан байсан, гомдол саналгүй, 500,000 төгрөг замын зардал болон бусад зардал хэрэгтэй байна гэхээр нь өмгөөлөгчөөрөө дамжуулж өгсөн. Мөн хохирогч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хааж өгнө үү, миний ч буруу байсан талаар бичиж өгсөн учраас би дахин шинжээч томилуулаагүй, мөн хүүхдээ зодуулсан, нотлох баримт шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Ц-гийн эрх зүйн байдлыг дордуулахыг хүсээгүй уучилсан. Төр-Од байцаагч миний мэдүүлгийг Ц-тэй муудалцсан хэсгийг өөрөөр бичсэн байсан. Засуулах гэсэн чинь “өргөдлөө бичиж бай, тэр хооронд засъя” гэж хэлсэн. Байцаалт авах гээд байна, яараад байна гээд уншуулаагүй гарын үсэг зуруулсан. Дараа нь орой ажил дээр нь уулзахад “та зассан уу” гэсэн чинь одоо компьютер болохгүй байна. Эсвэл дараагийн байцаагчид хэлээд засуулчих гэж хэлсэн. Мөн миний хүүхдэд шинжээч томилж өгөөгүй ба ажлаа сайн мэдэхгүй байна, шинэ хүн болохоор ахлахаасаа асууж байгаад болно гээд яваад байсан. Дээрх үйл явдлыг манай өмгөөлөгч гэрчилнэ. Төр-Од байцаагч тэр үед нярай хүүхэдтэй байсан учраас бид хүний мууг үзээд яахав гээд ямар нэгэн гомдол гаргаагүй хүлээцтэй хандсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д нотлох баримтын талаар заасан бөгөөд нэгэнт хохирогч бид 2 эвлэрсэн учраас нотлох баримт шалгуулах талаар хүсэлт гаргаагүй, энэ талаар миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 27 болон 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ц-гийн эхо зурагнууд өгсөн. Энэ 2 зураг нь 4 хоногийн зайтай авхуулсан зурагнууд. Эхний зураг 6 долоо хоногтой жирэмсэн гэдэг бол дараагийн зураг умайд ургийн цэврүү тодорхойлогдохгүй, эндометр 0.56 см, доплероор судасжилт тодорхойлогдохгүй баруун өндгөвчид 3.6х2.6 см эхо негатив үүсгэвэртэй, онош “жирэмсний эрт үеийн бүрэн зулбалт дараах байдалтай” гэжээ. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эхо зургаар умайн ургийн цэврүү тодорхойлогдохгүй гэдэг нь анхнаасаа ураг үүсээгүй, ураг үүссэн бол доплероор судасжилт тодорхойлогдох юм байна. Энэ “эхийн савны ханаас ураг нь судсаар бэхлэгдэж амьдардаг” байна. Хэрэв зулбасан бол савны хаанаас тасарсан судасжилтуудын ором үүсэх ёстой байсан. Мөн өндгөвчид З.6х2.6 см эхо негатив үүсгэвэртэй гэдэг өндгөвчийн том хэмжээний уйланхай буюу киста байгааг зааж байна. Гэтэл 4 хоногийн өмнөх зураг энэ уйланхай нь байхгүй байна. Жирэмсэн үед эндометр харагдахгүй юм байна. Эмэгтэй хүнд 0.1-0.9 см хүртэл эндометр үүсээд эргээд 0.9-0.1 хүртэл буурдаг энэ нь биеийн юм буюу сарын тэмдэг ирэх үед үүсдэг байна. Дээрх 2 зураг нь нэг хүний зураг гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлт дээрх зулбалт нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаантай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэсэн тул дээрх нотлох баримтуудыг шалгуулах хүсэлт гаргаагүй. Тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөр тэгэхгүй бол чамайг бид хүндрүүлэн шалгаж болно шүү гэж дарамталж байсан. Миний бие 2008 оноос 2013 оны хооронд Нийслэлийн цагдаагийн газрын харьяа хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө аваад эргэж ажилдаа ороогүй, одоо 2 настай, 4 настай хоёр хүүхэдтэй, бага охины маань төрөөд 3 хоногтой байхад эцэг нь хаяад явсан, одоо өдрийн цагаар таксинд явж хоёр хүүхдээ тэжээдэг. Миний ээж Э, аав С нь хоёулаа гуч гаруй жил цагдаагийн байгууллагад нэр төртэй ажиллаж байгаад цагдаагийн хошууч цолтой тэтгэвэрт суусан. Би аав, ээжийнхээ мэргэжлийг эзэмшсэн бөгөөд хүүхдүүдээ жаахан том болохоор мэргэжлийнхээ ажлыг хийнэ гэж боддог. Гэтэл энэ хэрэгт холбогдсоноос хойш ирээдүйд хуульч мэргэжлээр ажиллах боломжгүй, хоёр хүүхдээ хэрхэн өсгөх талаар санаа зовж байна. Иймд хувийн байдлыг минь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гэм буруугүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр хэлсэн саналдаа “...анхан болон давж заалдах шатны шүүх С.Х-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч нь С.Х-ын гарыг цохих гэснийг гараараа хаасан нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй тул С.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн зорилго, сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын хэр хэмжээг тогтоох” талаар бодитой ажиллагаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлт цаг хугацааны хувьд зөрүүтэй, С.Х-ын биед хууль зүйн дагуу шинжилгээ хийгээгүй гэж үзэж байна. Иймд уг хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хэлсэн саналдаа “...дээрх хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт” байсан гэж үзэж байна. С.Х нь өөрийн эрүүл мэндийн эсрэг ирсэн довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, хохирогчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч нь Х-ын эсрэг эрүүл мэндийн шинжтэй довтолгоо хийсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. С.Х тухайн үед томографикийн шинжилгээ хийлгэхэд “гарын шуу, яс сэтэрсэн” гэж гарсан. Ингээд сар гаруй эмчилгээ хийлгээд, гараа гипсдүүлээд явсан. Энэ талаар баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Шинжээчийн дүгнэлт гарах үед баримтууд нэмж өгсөн боловч дүгнэлт нь гарчихсан байсан, шинжээч эмч нь “нотлох баримтуудаа байцаагчдаа аваачиж өг” гэж хэлсэн байдаг. Эдгээр байдлуудаас харахад “аргагүй хамгаалалт” байсныг нотлох баримтууд хэрэгт байсаар байтал анхан шатны шүүх уг баримтыг хэлэлцэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр анхны үзлэгээр довтолгооны улмаас зовиур шаналгаа илэрсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас С.Х-д гэмтэл учирсан. Үүнийг “аргагүй хамгаалалт” гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн яллах дүгнэлт болгон шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь “миний хүүхдийг зодлоо” гэсэн шалтгааны улмаас болсон гэдэг. Гэтэл С.Х “миний хүүхдийг яагаад зодож байгаа юм бэ” гэсэн зохих ёсны шаардлага тавихад хохирогч өөдөөс нь хүлээж авахгүй, доромжилж, биед нь халдсан. Уг хэрэг болох үед С.Х-ын ээж хажууд нь байсан бөгөөд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн ч уг мэдүүлгийг үнэлж, дүгнээгүй, шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иймд өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, шүүхээс хууль буруу хэрэглээгүй. Хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлттэй С.Х нь танилцаад ямар нэг санал хүсэлт байхгүй гэсэн. Аргагүй хамгаалалт гэдэг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Энх-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” цэцэрлэг дотор “хүүхэд зодсон байна” гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Э.Ц-г цохих, үсдэх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс С.Х-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Аргагүй хамгаалалт гэдэг нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон бөгөөд шүүгдэгч С.Х-ын үйлдэл нь энэхүү хамгаалалтад тооцогдохгүй болно.

Учир нь шүүгдэгч С.Х “Х” цэцэрлэгийн ахлах ангид хүмүүждэг хүү М.А-г зодсон гэх шалтгаанаар дунд ангийн туслах багш Э.Ц-г тухайн цэцэрлэгийн хүлээлгийн танхимд зодож, хохирогчийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд дээрх үйлдлийг хийхийн өмнө С.Х-ын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгоон бий болсон гэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт байхгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Энх-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 965 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Энх-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН