Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч С.Х

шүүгдэгч С.Х түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х холбогдох эрүүгийн 1806 0149 30705 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Х /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хан билгүүдэй цэцэрлэг дотор хүүхэд зодсон байна гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Э.Цэцэгсүрэнг цохих үсдэх өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хохирогч өөрөө эхлээд намайг цохиогүй бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Цэцэгсүрэн өөрөө эхлээд намайг түлхсэн. Миний бугуй гэмтсэн. Тиймээс би энэ хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цэцэгсүрэнг анх дуудахад гарч ирээд намайг цохих гээд далайхаар нь би баруун гараараа хаасан, тэгэхэд гарын бугуй хэсэгт цохигдсон, тэгээд гарыг мушгиад тавихгүй байсан, заамдахаар нь би зөрүүлж заамдаад түлхсэн, салчихаад эргэж буцаад дахиж намайг заамдаад авахаар нь би үснээс нь зулгааж нэг алгадсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 53-57 дугаар хуудас/,

Хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн ангийн хүүхдүүдийн хоолыг зөөгөөд явж байтал манай цэцэрлэгт суралцдаг Амин-Эрдэнэ Номин-Эрдэнэ нарыг ээж, эмээ нар нь хүргэж ирсэн байсан ба намайг дуудаад “хүрээд ир, чи миний хүүхдийг зодсон байна” гэсэн. Би очоод зодоогүй гэж хэлэхэд хүүхдүүдийн ээж болох эмэгтэй намайг заамдаж барьж аваад нүүрлүү цохиод татаж унагаагаад гэдэс, цээж рүү өшиглөөд толгой дээр хөлөөрөө дэвссэн. Тухайн асуудал цэцэрлэгийн үүдний хүлээлгийн танхимд болсон ба тэнд байсан багш Одсар, Даваажаргал нар тэр эмэгтэйг салгах гээд дийлдэхгүй байсан. Уг эмэгтэй намайг зодсон учир нь түүний хүү Амин-Эрдэнийг намайг зодсон гэж гүтгэсэн. Амин-Эрдэнэ нь ахлах ангид сурдаг бөгөөд би өөрөө дунд ангийн туслах багшаар ажилладаг. Намайг зодохоос 1, 2 хоногийн өмнө мөн л миний утас руу залгаад намайг хүүхэд зодсон байна гэхээр нь би зодоогүй гэдгээ хэлэхэд хэл амаар доромжилж харааж, зүхэж байгаад тасалсан. Тухайн үед баруун хөлийн гуянд хөхөрөөд гишгэж чадахгүй болсон, толгой энд тэндгүй булдруу болоод хавдсан, хэвлий доогуур чинэрч өвдөж байгаад маргааш  үүрээр буюу 2 сарын 1-ний өдөр зулбасан. Тэгээд маргааш нь ажилдаа ирж чадаагүй бөгөөд эмнэлэгт үзүүлэхэд зулбасан байна гэсэн. Би тухайн үед 1 сар гарантай жирэмсэн байсан бөгөөд харьяалалгүй тул хувийн эмнэлэгт 1 сарын 27-ний өдөр очиж үзүүлээд 1 сар гарантай жирэмсэн болсноо мэдсэн байсан юм. Эдгээр гэмтлийг болон үр зулбасныг Амин-Эрдэнэ гэдэг хүүхдийн ээж намайг зодож учруулсан. Хүүхдийнхээ худлаа ярианаас болоод намайг хардаж гүтгэж зодсон...” гэх мэдүүлэг. /хэргийн18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд Цэцэгсүрэнг дуудчихаад би ангидаа ороод байж байтал Цэцэгсүрэн ёолоод орилохоор нь би ангиас гараад очиход үүдэнд Х нь Ц үснээс зулгаачихсан, Цэцэгсүрэн шалан дээр суучихсан, Х нь түүний бөөр,гэдэс рүү өшиглөөд байсан ...Одсар, Ариунтүшиг нар очоод салгах гээд дийлэхгүй байсан. Ингээд зууралдаж байгаад салгасан бөгөөд Цэцэгсүрэнг анги руу оруулсан, тэгтэл Х нь үүдэнд гараад ир гэж орилж хашхирч байгаад яваад өгсөн. Ц үс нь зулгаалгаснаас болоод ихээр унасан байсан. Би Ц биед гэмтэл бэртэл учирсан эсэхийг нэг их сайн хараагүй бөгөөд маргааш нь бие өвдөөд явж чадахгүй байна гэж байсан. Цэцэгсүрэн Хонгорзулыг цохиж зодоогүй…” гэх мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”…Х нь Ц үснээс зулгаагаад газар унагаад чирээд, толгой руу нь нөгөө гараараа цохиод,элэг бөөр, нуруу руу нь өшиглөөд зодоод байсан, би салгах гээд очиход Х нь “та нар цаашаа бай, бүгдийг чинь ална шүү” гээд орилоод байсан. Ц үснээс зулгаагаад байсан ба толгой өвдөж байна гээд уйлж байсан, мөн хөл гишгэж болохгүй байна гээд доголоод, эвхэрээд явж чадахгүй байна гээд байсан. Миний харснаар толгой нүүх нь хавдсан байсан. Намайг харж байх хугацаанд л Хонгорзулыг Цэцэгсүрэн нэг ч цохиогүй, ямар ч үйлдэл хийгээгүй. Хонгорзулын биед ч ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹ 2117 дүгнэлтэд “Ц биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд зулгаралт, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шинэ байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн яадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Цэцэгсүрэн нь 6-7 долоо хоногтой бүрэн зулбасан байдал тогтоогдлоо. Дээрхи зулбалт нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаантай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэжээ /хэргийн 40 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн шинжээчийн ¹ 2125 дүгнэлтэд: “С.Х ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хэргийн 44 дүгээр хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 46 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хан билгүүдэй цэцэрлэг дотор “хүүхэд зодсон байна” гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Э.Цэцэгсүрэнг цохих, үсдэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Х д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “аргагүй хамгаалалт байсан” талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Х ын болон түүний ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль хууль бус ба тулгарсан довтолгоон хийгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр С.Х ын биед гэмтэл тогтоогдоогүй бөгөөд хохирогч Б.Ц нь Хонгорзулын эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй болон нь хохирогчийн болон гэрч Б.Даваажаргалын “…Цэцэгсүрэн Хонгорзулыг цохиж зодоогүй…” гэх мэдүүлэг. /хэргийн 21 дугаар хуудас/, гэрч Б.Одсарын “…Намайг харж байх хугацаанд л Хонгорзулыг Цэцэгсүрэн нэг ч цохиогүй, ямар ч үйлдэл хийгээгүй. Хонгорзулын биед ч ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/ мэдүүлэгүүдээр аргагүй хамгаалалт гэх байдал нь үгүйсгэгдэж байна.

Шүүх шүүгдэгч С.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Ц нь “хохиролд 500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.