Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Э.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00232/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, Л.Амарсанаа, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн  123 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Э.С-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “М-” ХХК-д холбогдох

"М-” ХХК-аас шубаны үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтөрийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Б.Мөнхтөр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие “М-” ХХК-ийн 5 дугаар багт байрлах хими цэвэрлэгээний газарт 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагаан өнгөтэй булган шубаа найз М-ын шубаны хамт цэвэрлүүлэхээр өгсөн. Улаанбаатар хотод явж байхад шуба чинь гарсан, бэлэн болсон гэж хими цэвэрлэгээний ажилтан утсаар залгаж хэлсэн. Тэр үед Улаанбаатарт байсан тул найз М-ыг өөрийн шубатайгаа цуг авчих гэсэн. Улаанбаатараас ирээд найзаасаа шубаа аваад гэртээ ирээд үзтэл шар өнгөтэй болоод химийн хоронд түлэгдсэн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-нд хими цэвэрлэгээний газар очиж гомдол мэдүүлэхэд гомдлыг хүлээн зөвшөөрч ахиад шинэ хороор цэвэрлээд өгье гээд аваад үлдсэн. 3 хоногийн дараа шубаа авах гээд очтол өнгө нь шарлаад том том цоорч түлэгдсэн байсан. Шубыг минь төлж өг гэхэд чадахгүй угаасаа шар байсан гээд намайг олон үгээр доромжилсон. Энэ талаар цэвэрлэгээнд шубаа цуг өгсөн найз Т.М- гэрчлэх болно.

Иймээс шубаны үнэ болох 2.500.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Манай хими цэвэрлэгээнд Э.С- найзын хамт 2018.01.15-нд хоёр ширхэг булган шуба цэвэрлүүлэхээр өгсөн. Үйлчилгээний хуудасны дугаар 9302 байсан. 2018.01.18-нд найз нь ирж хоёр шубыг аваад явсан гэтэл 3 хоногийн дараа Өнгө нь өөрчлөгдсөн байна гээд өөрийн шуба аваад ирсэн. Манай ажилтан Ц.Д- хими цэвэрлэгээнд хувцасны өнгө өөрчлөгддөггүй талаар учрыг тайлбарлаж хэлсэн байдаг. Хими цэвэрлэгээний бодис /трихлорэтилен/-д хувцас түлэгддэггүй талаарх тайлбарыг тоолгүй түлэгдэж, шарласан гэж уурлаад орхиод явсан байдаг. Энэ талаар хувцас хүлээн авагч Ц.Д-, машинист Н.Ч- нар мэдэж байгаа, Одоо шуба нь цэвэрлэгдсэн, өмсөхөд бэлэн хадгалагдаж байна. Иймээс шубыг 2.500.000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Манайх наран ХХК-аас 1.860.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 26 -ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 55.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1.860.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 44.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтөр давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нь өвдсөн учир 2020.01.17-ны өдрөөс 2020.01.24 өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг олгосон. Гэтэл шүүх хүүхдийн эмч магадлагааг бичсэн гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хурлыг үргэлжлүүлэн хийсэн нь хариуцагч болон өмгөөлөгчийн эрхийг зөрчиж хийсэн шүүх хурал боллоо.

2. ...гэрчийн мэдүүлгээр шаргал өнгийн шуба өгсөн гэдэг нь тогтоогдсон байхад шүүх гэрчийн мэдүүлгийг анхаарч үзсэнгүй. Гэрчийн мэдүүлэг/хх-25-26/

3. Э.С-ийн 2018.01.15-нд цэвэрлэгээнд өгсөн үеийн шаргал өнгийн шубаны зураг /хх-78/. Хими цэвэрлэгээнд орж цэвэрлэсний дараах үеийн зураг /хх-77/

4. Уг цэвэрлэгээний бодисыг Перхлорэтилен гэдэг нэртэй бодис хэрэглэснийг хавтаст хэрэгт нотолгоо баримтаар өгсөн /хх-74-75/ шүүх хавтаст хэрэгт өгсөн дээрх нотлох баримтыг судалж үнэлэхгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

5. Шинжээчийн дүгнэлт Трихлорэтилен /С2НСБЗ/ гэсэн бодис хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй нэр зөрүүтэй өөр төрлийн бодис байхад шүүх нотлох баримтаар авсан нь үндэслэлгүй байна.

6. ... гэрч болон тухайн үеийн фото зургаар, мөн цэвэрлэсэн химийн бодис зэргээр өнгө нь хувираагүй шаргал өнгө нь хэвээрээ, шуба нь уранхай цоорхойгүй, сор үс нь хугараагүй гэдгийг нотолж байхад шүүх цагаан өнгийн шуба байсан гэж дүгнэж 1.860.000 төгрөгийг хариуцагч “М-” ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа учир нэхэмжпэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Э.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж зөв шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хувцас цэвэрлэх /химийн бодисоор/ үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь аливаа ажил үйлчилгээ байдаг. Уг ажлыг гүйцэтгэхдээ хариуцагч “Манайх наран” ХХК нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тухай шаардлага бүхий нэхэмжлэлээ нотлохоор шүүхэд баримт материал бүрдүүлэн өгч мөн зохигчид хохирлын үнийн дүн болон цэвэрлэгээ хийсэн бодис технологийн талаар мэргэжлийн хүмүүсийн хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээч томилж нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийжээ.

Цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж дүгнээд түүнийг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай  гаргасан гэж үзэх  нөхцөл байдал байхгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг эрх зүйн агуулгаар авч үзвэл энэ бол түүний хувьд түүнээс гарч байгаа эд хөрөнгийн алдагдал юм. Эд хөрөнгө нь цэвэрлэгээ хийлгэснээс болж чанар нь эрс муудсан хэрэглэх боломжгүй дахин засварлаж сэргээх боломжгүй гэж үзсэн. Шинжээчид шубыг цаашид ашиглах боломжтой эсэх талаар асуулт тавьсан боловч энэ талаар дүгнэлтэд хариулаагүй  байна.

Шинжээчийн дээрх дүгнэлтийг хэргийн оролцогчид маргаагүй шүүх ч тавигдсан 2 асуултын нэгэнд хариулаагүй гэж дахин шинжилгээ хийлгэх ажиллагаа хийгээгүй байна.

Тэгээд ч энэ нь шинжлэх ухааны онцгой мэдлэг шаардагдах тухай асуулт биш юм.

Нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн хэрэглэгчийн үнэлэмж шаардах эрхийн асуудал бөгөөд өнгө үзэмж сор нь тансаг байдал үнийг хадгалж байдаг үнэт эдлэл булган шубаны тухайд түүний үнийг технологийн горим зөрчиж үнэ алдуулж муутгасан үйлчилгээний байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

Үүнийг нэхэмжилж байгаа нь хохирол нэхэмжилж байна гэж үзнэ. Хохирлыг  арилгуулахаар шийдвэрлэх хууль зүйн гол зарчим нь гэм буруугийн асуудал байдаг.

Хариуцагч үйлчилгээний байгууллагын гэм буруугийн талаар холбогдох хууль дүрэм журамд нийцүүлэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хангалттай байна.

            Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангид заасан журмыг баримтална гэж тус хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д заасны дагуу  Иргэний хуулийн 219, 228 дугаар зүйлийг шүүх баримтлан шийдвэр гаргах ёстой байжээ.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй  байна.

Давж заалдах гомдолд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хүндэтгэн үзэх  шалтгаантай  гэж баримт ирүүлсэн байхад шүүх уг баримтыг хэрэгсээгүй гэжээ.

Шүүхэд хандсан иргэн эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцааны гэрээ байгуулж, эрхээ хамгаалуулах нь түүний процессын эрх юм.

Шүүх бололцоотой хугацааны өмнө шүүх хуралдаан хэзээ хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй. Бусдын эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч шүүхэд ирэх үүрэгтэй тул хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд энэ талаар шүүхэд мэдэгдэж хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг ирүүлэх үүрэгтэй. 

Өмгөөлөгчийг ажлаас чөлөөлсөн тухай хүүхдийн эмчийн тодорхойлолтыг үнэн зөв баримт гэж үзэхгүй өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тооцохгүй гэх үзээд түүний шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч хүүхдийн эмч нь өрхийн эмч байсан бөгөөд түүнд үзүүлж бичиг авсан гэж тайлбар гаргаж байгаа хэдий ч давж заалдах шүүхэд энэ үйл баримтаа ямар нэгэн байдлаар дахин нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийг шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах  баримт байхгүй байна.

Мөн давж заалдах гомдолд шубыг цэвэрлэхээр хүлээн авахад шаргал шуба байсан энэ талаар гэрчүүд мэдүүлсэн хэргийн 77, 78 дугаар хуудаснуудад шубыг цэвэрлэхийн өмнө  болон хойно авсан гэрэл зургууд байхад шүүх харгалзан үзээгүй гэжээ.

Гомдолд дурдсаны дагуу шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулсан судалж үзлээ.

Хүлээн авагч Ц. Д- 2 шаргал шуба хүлээн авсан гэж, машинист  Н.Ч- шубаны өнгөний талаар дурдаагүй байна.

Харин гэрч Г.М- болон У.О- нар цагаан өнгийн шуба худалдаж авсан. Хими цэвэрлэгээнд өгсөн гэж тус тус гэрчилжээ. Түүнээс гадна нэхэмжлэгч цагаан өнгөтэй шуба  өмссөн зурагнуудаа нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Химийн цэвэрлэгээний газар хувцас хэрэглэлийг цэвэрлэдэг аж ахуйн үйл ажиллагааны мэргэжлийн байгууллага хувцас хүлээн авахдаа түүний өнгө чанар байдлыг бичиж авдаг тэмдэглэл байх боломжтой бөгөөд энэ баримт байгаа тохиолдолд хүлээн авагчийн гаргасан мэдүүлгийг  шүүх үнэн зөвд тооцож болохоор байна.

Харин 78 дугаар хуудсанд байгаа “хими цэвэрлэгээний өмнө 1 сарын 15-ны өдөр”  гэх тайлбартай шаргал өнгийн шубаны  зургийг үнэн зөв баримт гэж давж заалдах шатны шүүх үзсэнгүй. Учир нь анх цэвэрлэгээнд авахад шубаны зургийг авч бэхжүүлсэн талаар нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгт байхгүй түүнээс гадна нэхэмжлэгч  шубыг 1 сарын 19-нд цэвэрлэгээнд өгсөн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ.

            Маргаан гарснаас хойш нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үгүйсгэсэн баталсан аль нэг бичгийн баримтыг талууд аль аль нь шүүхэд ирүүлээгүй  өөрөөр хэлбэл ийм баримт байхгүй.

            Гэрч Ц.Д-, Н.Ч-, Г.М- нар химийн цэвэрлэгээнд хэдний өдөр шуба өгсөн өдрийн талаар мэдүүлгүүддээ дурдаагүй энэ талаар асуугаагүй байна.

            Иймд анхан шатны шүүхийг нотлох баримтуудыг буруу үнэлжээ гэж үзэх боломжгүй байна.  

            Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрийн агуулгыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар...” гэснийг, “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-т тус тус зааснаар...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                    

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                      ШҮҮГЧИД                                      Л.АМАРСАНАА

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ