Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 23

 

“Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01265/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Д.Э-,

                              Ц.Б- нарт холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 12.707.466,60 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Б-, хариуцагч Д.Э-, хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, хариуцагч Ц.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн төв салбарын захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, Д.Наран нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Э-, Ц.Б- нар нь Х- Б-ны төв салбарын нэг цэг тооцооны төвөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201642531709 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 14.091.031,81 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Д.Э-, Ц.Б- нарын өмчлөлийн LGD 42 инчийн зурагт, гэрийн ком тавилга, Брюса маркийн хөргөгч , иргэн Д.Э-ын өмчлөлийн ирээдүйд бий болох цалингийн орлого зэргийг тус тус барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.675.446,3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.453.430,5 төгрөг, нийт 8.928.876,8 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1098 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.415.567,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5.600.894,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 691.004,60 төгрөг, нийт 12.707.466,60 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүх хуралдаанд: Х- Б-ны төв салбараас 2016 оны 1 сарын 21 өдрийн Зээлийн 2016425326 дугаартай Барьцаат зээлийг гэрээ байгуулан иргэн Д.Э-, Ц.Б- нар 14.091.036 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй авсан. Энэ зээлийн үлдэгдэл дээр нэмээд 1.500.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд тухайн үед иргэн Д.Э-, Ц.Б- нар нь телевизор, хөргөгч, гэрийн ком, Д.Э-ын ирээдүйд авах цалин зэргийг барьцаалсан. Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.675.446 төгрөг, хүү 1.453.430 төгрөг нийт 8.928.876 төгрөг төлж барагдуулсан байдаг. Зээлдэгч нь гэрээ ёсоор зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй учир зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн учир банк зээлийн гэрээний 7.1.1-т заасныг үндэслэн дараах шаардлагыг гаргасан. Үүнд: 2016 оны 1 сарын 21 өдөр авсан зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг зээлдэгч гаргаагүй байдаг. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 6.415.567.37 хүү 5.600.894.96 нэмэгдүүлсэн хүү 691.004.60 төгрөг нийт 12.707.466.60 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр нотариатын үйлчилгээний төлбөр 22000 төгрөг нэмж нэхэмжилсэн. Дээрх төлбөрийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Х- Б-инд 12.591.013 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөгийн зээлийг нэмж авч, нийт 14.091.031 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг авах үед хариуцагч Ц.Б-тай хамтран амьдарч Төв аймагт орон сууц түрээслэн амьдарч байсан. зээлийн мөнгийг орон сууцны түрээс, өдөр тутмын амьжиргааны зардал болон автомашин авахад зарцуулсан. Зээл ашиглалтын хугацаанд миний бие нь ажлаас гарч, тогтмол цалин орлогогүй болсны улмаас 2016 оны дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зээл, хүүгээ зээлийн эргэн төлөлтийн графикт заасан хуваарийн дагуу төлж чадахгүй болж эхэлсэн ба 2017 оны 02 сарын 20-н өдөр зээлийн ангиллыг Х- Б- бууруулж энэ өдрөөс хойш төлсөн төлөлтийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон байсан нь Х- Б-ны нэхэмжлэлдээ хавсаргасан зээлийн тооцоолол болон миний зээлийн дансны хуулгаас харагдаж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үеэс буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү тооцон 691.004 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болон 5.600.894,96 төгрөгийн үндсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6.095.417,31 төгрөг болох нь зээлийн дансны хуулгаас харагдаж байхад 6.415.567,31 төгрөг нэхэмжилсэн нь 509.176,08 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл болох 6.095.417,31 төгрөгийг нэхэмжилж байгаа хуримтлагдсан зээлийн хүүгийн 50 хувь буюу 5.600.894,96 төгрөг*50 хувь= 2.800.447,48 төгрөгийн хүү, нийт 9.405.040,87 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б- нь 2016 оны 01 сарын 21-ний өдөр Д.Э-ын цалингийн зээлээ нэмэгдүүлж авах гэсэн юм гэрээнд нэг хүний гарын үсэг шаардлагатай болоод байна, чамд айх эмээх зүйл байхгүй, чамд ямар ч хамаагүй гээд гуйгаад байхаар нь би гарын үсэг зурж өгсөн гэдэг. Х- Б- тухайн үед хамтран зээлдэгчийн үүрэг хариуцлагыг тайлбарлаж, ойлгуулаагүй, Ц.Б-, Д.Э-ад итгэсэн зэргээс уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Тухайн үед Д.Э- нь Төв аймаг дахь Дэлхийн зөн байгууллагад даргын ажилтай, Ц.Б- нь мөн Дэлхийн зөн байгууллагад жолоочоор ажиллаж байсан бөгөөд Д.Э-ын албан ажил, хариуцлагатай байдалд туйлын итгэлтэй байсан, түүнчлэн барьцаанд тавьсан эд хөрөнгө нь Д.Э-ын хөрөнгө бөгөөд Ц.Б- юу барьцаалсан, ямар эд хөрөнгө байсныг ч мэдээгүй юм. Мөн Д.Э-ын өмчлөлийн ирээдүйд бий болох цалингийн орлого зэргийг тус тус барьцаалж зээлсэн тухай дурджээ.

 Иймд Д.Э-ын өөрийнхөө хэрэгцээнд авсан цалингийн зээлийг төлөлцөх ямар ч боломжгүй, үндэслэлгүй юм. Харин Д.Э- нь тодорхой эрхэлсэн ажилтай, Оюу толгой уурхайд ажил алба эрхлээд цалин хөлстэй амьдардаг гэж ойлгож байгаа. Дээрх зээлийн мөнгийг Х- Б- шууд Д.Э-ын харилцах /өөрийнх нь/ данс руу шилжүүлж өгсөн ба Ц.Б- нэг ч төгрөг аваагүй нь тодорхой харагддаг. Иймд цалингийн зээл авсан эзэн болох Д.Э- өөрөө шударгаар хандаж, өөртөө хэрэглэсэн зээлээ төлнө гэдэгт итгэлтэй байгаа. Ц.Б- уг нэхэмжлэлийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд Хариуцагч Ц.Б- шүүхэд тайлбар гаргахдаа:  

Миний бие Д.Э-ыг гуйгаад байхаар нь тус зээлд хамтран зээлдэгч гэж орсон. Зээл бол Э-ын өөрийнх нь цалингийн зээл өмнө нь зээлтэй байж байгаад нэмж авсан. Гэрээ хийхдээ хамтран зээлдэгч байхгүй бол болохгүй байна гэж гуйгаад авсан. Авсан зээлээс нь нэг ч төгрөг аваагүй. Тус зээлийг хариуцах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Зээлийн гэрээнээс харахад банк Д.Э-, Ц.Б- нар харилцан тохиролцож хугацаа тогтоож гэрээ хийсэн байдаг. Хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд Х- Б- нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл зээлийн хугацаа хэтэрснээс хойш нэхэмжлэл гаргахгүй байсны дараа нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.Б-гийн хувьд тус зээлээс нэг ч төгрөг аваагүй. Хоёрдугаарт тус зээлийг төлөх төлбөрийн чадваргүй одоо ажилгүй, орон гэргүй, түрээсийн байранд амьдардаг гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э-, Ц.Б- нараас 12.387.316,87 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- Б- ХХК-ийн төв салбарт олгож, 320.150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218.269,46 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 213.147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дамдинсүрэнгийн Э- нь анх 2015 онд “Дэлхийн зөн” байгууллагын дарга хийж байх хугацаандаа: “цалингийн зээл авахад надад 1 хүний гарын үсэг дутаад байна. Заавал 2 хүний гарын үсэг байх ёстой учраас гарын үсгээ зураад өгөөч. Надад итгэж байгаа биз дээ” гэж гуйж байсан учраас би тэр Д.Э- гэдэг хүнд итгээд гарын үсгээ зурж өгсөн.

Д.Э- нь анх зээл авч байх үедээ Дархан уул аймагт 3-н өрөө 2 байртай, мөн эцэг эх 2 нь 1-р давхрын 3-н өрөө байранд нь хүнс барааны 8-н нэрийн дэлгүүр ажиллуулдаг хөрөнгө мөнгөтэй хүн байсан болохоор энэ нь тэр хүнд итгэх бас 1 шалтгаан болсон. Шүүх байгууллагаар орсон байсан ч энэ хүний хөрөнгө зээл төлөхөд

хангалттай учраас надад ямар нэгэн асуудал үүсэхгүй юм байна гэдэгт тэр үед итгэсэн.

Д.Э-ын өмгөөлөгч нь надад мөн манай өмгөөлөгчид намайг энэ хэрэгт огт холбогдолгүй, ямар ч мөнгө аваагүй гэдгийг хэлж байсан боловч шүүх хурлын үеэр мөнгө хөрөнгөө дундаа үрж зарцуулсан гэх зэргээр шүүх байгууллагын өмнө өмгөөлөгчийн ёс зүйг зөрчин баримт нотолгон дээр үндэслэгдээгүй худал мэдүүлэг өгсөн байсан. Д.Э-ыг залилангийн хэрэг үйлдэхээр зэхэж байгааг ингэж баттай мэдэж авсан. Мөн энэ этгээд нь зээлээ төлж барагдуулах хөрөнгө мөнгөний хангалттай чадвартай хүн боловч одоо болтол зээлээ хугацаанд нь төлөхгүй хойшлуулж байсан нь залилангийн шинж чанартай санаатай үйлдэл гэдэг нь тодорхой байна.

Д.Э-ын зээлж аваад өөрийнхөө амьдралд зарцуулсан мөнгийг өөрөөр нь төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал нар давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дах Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талаас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Зээлийг авах үед хариуцагч Ц.Б-тай хамтран амьдарч, Төв аймагт орон сууц түрээслэн амьдарч байсан. Зээлийн мөнгийг орон сууцны түрээс, өдөр тутмын амьжиргааны зардал болон автомашин авахад л зарцуулсан.

Зээл ашиглалтын хугацаанд миний бие нь ажлаас гарч, тогтмол цалин орлогогүй болсны улмаас 2016 оны 9 дүгээр сарын 18 өдрөөс эхлэн зээл, хүүгээ зээлийн эргэн төлөлтийн графикт заасан хуваарийн дагуу төлж чадахгүй болж эхэлсэн ба 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн ангиллыг Х- Б- бууруулж, энэ өдрөөс хойш төлсөн төлөлтийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцож байсан нь Х- Б-ны нэхэмжлэлдээ хавсаргасан зээлийн тооцоолол болон миний зээлийн дансны хуулгаас харагдаж байна.

Зээлийн үлдэгдэл 2016.09.05-нд 11.570.091 байх ёстой байтал 11.970.3934 зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, улмаар 2016.10.18-ны өдрөөс 30 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1.173 төгрөг тооцож эхэлсэн байх ба 2017.02.20-ны өдрөөс эхлэн орж ирсэн мөнгийг зээлийн эргэн төлөлтөнд суутгаж эхэлсэн ба үүнээс хойш 2019.11.20 хүртэл нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил 9 сарын хугацаанд зээлийн эргэн төлөлтөд орж мөнгийг хийж зөвхөн үндсэн зээлийн төлбөрт суутгаж байсан нь Х- Б-ны гаргаж өгсөн Зээлийн бүртгэлийн картаар нотлогдож байна.

Иймд хариуцагч тал зээлийн төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээ аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдэж, ийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ноогдсон нь шударга бус байгаа тул хуримтлагдсан зээлийн хүүгийн 50% буюу 5.600.894,96*50%=2.800.447,48 төгрөгийн хүүг хариуцагч нараас гаргуулах нь шударга зарчимд нийцнэ гэж үзэж байна.      

Түүнчлэн нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 6.095.417,31 төгрөг болох нь ХХ-ийн авагдсан зээлийн дансны хуулгаас харагдаж байхад 6.415.567,31 төгрөг нэхэмжилсэн үндэслэн нэхэмжилж байна гэж хариуцагч тал маргасан ба анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэлийн 6.095.417,31 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх үндсэн зээлд 6.415.667,31 төгрөг буюу үндсэн зээлийн бодит үлдэгдлээс 320.000 төгрөгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд үндсэн зээлээс илүү шийдвэрлэсэн 320.000 төгрөг, төгрөгийг, хуримтлагдсан зээ хүүгийн 50% буюу 5.600.894,96*50%=2.800.447,48 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 691.004 төрөгг буюу нийт 3.811.451,48 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх тул   хариуцагч  нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  үзэв.

            Нэхэмжлэгч Х- Б-ны  төв салбараас  хариуцагч  Д.Э-, Ц.Б- нарт холбогдуулан  зээлийн гэрээний  үүрэг  үндсэн зээлийн  үлдэгдэл  6.415.567,31 төгрөг, хүү 5.600.894,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 691.004,60 төгрөг  нийт 12.707.466,60  төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч Д.Э- “...тогтмол цалин, орлогогүйн улмаас зээл, хүүгээ  зээлийн  хуваарийн дагуу төлж чадахгүй болж эхэлсэн..., ...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон..., ...үндсэн зээлийн үлдэгдэл болох  6.095.417,31 төгрөг, нэхэмжилж байгаа хүүгийн  50 хувь буюу  2.800.447,48 төгрөг,  нийт  9.405.040,87 төгрөгийг төлөхөөр...,  ...санал гаргаж байна”  гэж

            Хариуцагч  Ц.Б- “...Х- Б- тухайн үед хамтран зээлдэгчийн үүрэг хариуцлагыг тайлбарлаж  ойлгуулаагүй..., ...Э-ад итгэн гарын үсэг зурсан...,   ...Э-ын авсан зээлийг төлөх ямар ч боломжгүй, үндэслэлгүй...,   ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй”  гэж  тус тус маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар Д.Э-, Ц.Б- нар нь  2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Х- Б-наас 12.000.000 төгрөгийн зээлийн  үлдэгдэлтэй байхдаа нэмж  4.500.000  төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  12.591.013,81 төгрөгийн  зээлийн үлдэгдэлтэй байхдаа  нэмж 1.500.000 төгрөг, нийт 14.091.014  төгрөгийг жилийн  18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, хөдлөх хөрөнгө болон цалингаа  барьцаалсан барьцааны гэрээ  байгуулсан ба гэрээ 2019 оны 01 дүгээр сарын  05-ны өдөр дуусгавар болоход  зээлдэгч нь зээлийн хүүд  4.233.648  төгрөг төлж, үндсэн зээл 14.091.014  төгрөгийн хамт нийт  18.324.662  төгрөг  төлөх  үүргийг хүлээсэн.

Гэрээний дагуу хариуцагч нар “Х- Б-ны төв салбараас авсан зээлийн талаар маргаагүй бөгөөд гэрээгээр тохирсон  эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.675.446,3 төгрөг, зээлийн хүүд 1.453.430,5 төгрөг, нийт 8.928.876,8 төгрөг  төлжээ.

            Гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд  заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх   үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ  хүчин төгөлдөр учир  гэрээний  үүргийг  талуудын хэн аль нь   биелүүлэх үүрэгтэй.

            Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зээлийн эргэн төлөлт  зөрчигдсөнийг харсаар байж зээлийн гэрээг цуцлахгүй төлүүлэх арга хэмжээ авахгүй явсаар 2 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ нь  шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Ийм учраас зээлийн хүүгийн 50 хувийг төлөхгүй гэсэн тайлбарыг   үндэслэлтэй байна гэж үзэж байна. 2019 оны  12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 6.095.417 төгрөг байгаа гэтэл нэхэмжлэл гаргахдаа 6.415.567 төгрөг нэхэмжлээд байна...” гэсэн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр гаргаж  мэтгэлцжээ.

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг  шаардана гэжээ.

            Өөрөөр хэлбэл  гэрээ  цуцлахыг шаардах эрх нь банк буюу нэхэмжлэгчид байна. Харин энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэрээгээ цуцалсангүй гэж түүнийг буруутгах боломжгүй  юм.

            Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хулийн  24 үгээр зүйлийн  24.1-д “зээлийг ашигласан хугацаанд  гэрээнд заасан хэмжээгээр  тооцсон зээлдэгчийн хариу төлбөр  буюу зээлийн үнэ”-ийг зээлийн хүү гэж томьёолсон байх тул зээлдэгчийн төлөгдөөгүй үндсэн зээлийг  ашигласан хугацааны төлбөр буюу  хүүг  төлөх  үүрэгтэй.

            Хариуцагчийн тайлбарласнаар түүнийг зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөх  үндэслэл болохгүй байна.

            Хариуцагч  Ц.Б-  “... цалингийн зээл авах гэсэн юм, гэрээнд нэг хүний гарын үсэг  шаардлагатай болоод байна, чамд айх эмээх зүйл байхгүй...  гуйгаад байхаар нь  гарын үсэг зурсан..., ... Д.Э-ын өөрийнхөө хэрэгцээнд авсан цалингийн зээлийг төлөлцөх ямар ч боломжгүй, үндэслэлгүй..., гэж  маргаж байгаа  хэдий ч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил  эрхийг эдэлж үүргийг хүлээнэ” гэж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ  зурсан байх тул  тайлбарт дурдсан үндэслэлээр мөн  зээлийн  гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг  хэрэгт ач  холбогдолтой  эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, талуудын  хооронд  үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсний үндсэн дээр нэхэмжлэлийн зарим хэсэг 12.387.316,87 төгрөгийн шаардлагыг хангаж, 320.150 төгрөгийн шаардлагыг хариуцагч  Д.Э-ын  тооцооллоор  хэрэгсэхгүй  болгосон  нь  хуульд  нийцсэн байна.

            Иймд хариуцагч нарын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байх  тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч Ц.Б-, хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй  орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162  дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагч Ц.Б-гаас төлсөн 150.000 төгрөг, Д.Э-аас төлсөн 75.933 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                     

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ  ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                             Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ