Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01265/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............ хот, ........... дүүрэг, .........., ..........., ............. байрлах, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ........ аймаг, ..... сум, ........ баг, .......... хороолол, ......... байрны ............ тоотод оршин суух, /утас ........./, ............. регистрийн дугаартай, М овогт Д-ийн Э,

Хариуцагч: .......... хот, ........... дүүрэг, ......... хороо, ................ гудамж, ........... тоотод оршин суух, /утас ........./, ........... регистрийн дугаартай, Б овогт Ц-ийн Б нарт холбогдох

 

Зээлийн төлбөр нийт 12 707 466.60 төгрөг гаргуулахыгы хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-, Д.Н-, хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-, хариуцагч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төв салбарын захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-, Д.Н- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Э-, Ц.Б- нар нь Х ХХК-ийн төв салбарын нэг цэг тооцооны төвөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201642531709 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 14 091 031.81 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Д.Э-, Ц.Б- нарын өмчлөлийн LGD 42 инчийн зурагт 1 ширхэг, гэрийн ком тавилга, Брюса маркийн хөргөгч 1 ширхэг, иргэн Д.Э-ын өмчлөлийн ирээдүйд бий болох цалингийн орлого зэргийг тус тус барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7 675 446.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 453 430.5 төгрөг, нийт 8 928 876.8 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1098 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6 415 567.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5 600 894.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 691 004.60 төгрөг, нийт 12 707 466.60 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүх хуралдаанд: Х ХХК-ийн төв салбараас 2016 оны 1 сарын 21 өдрийн Зээлийн 2016425326 дугаартай Барьцаат зээлийг гэрээ байгуулан иргэн Д.Э-, Ц.Б- нар  14 091 036 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй авсан. Энэ зээлийн үлдэгдэл дээр нэмээд 1.500.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд тухайн үед иргэн Д.Э-, Ц.Б- нар нь телевизор, хөргөгч, гэрийн ком, Д.Э-ын ирээдүйд авах цалин зэргийг барьцаалсан. Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.675.446 төгрөг, хүү 1.453.430 төгрөг нийт 8.928.876 төгрөг төлж барагдуулсан байдаг. Зээлдэгч нь гэрээ ёсоор зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй учир зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн учир банк зээлийн гэрээний 7.1.1-т заасныг үндэслэн дараах шаардлагыг гаргасан. Үүнд: 2016 оны 1 сарын 21 өдөр авсан зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг зээлдэгч гаргаагүй байдаг. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 6.415.567.37  хүү 5.600.894.96 нэмэгдүүлсэн хүү 691.004.60 төгрөг нийт 12.707.466.60 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр нотариатын үйлчилгээний төлбөр 22000 төгрөг нэмж нэхэмжилсэн. Дээрх төлбөрийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

   Хариуцагч Д.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Миний бие нь Х ХХК-д 12 591 013 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөгийн зээлийг нэмж авч, нийт 14 091 031 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг авах үед хариуцагч Ц.Б-тай хамтран амьдарч Төв аймагт орон сууц түрээслэн амьдарч байсан. Зээлийн мөнгийг орон сууцны түрээс, өдөр тутмын амьжиргааны зардал болон автомашин авахад зарцуулсан. Зээл ашиглалтын хугацаанд миний бие нь ажлаас гарч, тогтмол цалин орлогогүй болсны улмаас 2016 оны дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зээл, хүүгээ зээлийн эргэн төлөлтийн графикт заасан хуваарийн дагуу төлж чадахгүй болж эхэлсэн ба 2017 оны 02 сарын 20-н өдөр зээлийн ангиллыг Х ХХК бууруулж энэ өдрөөс хойш төлсөн төлөлтийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон байсан нь Х ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсаргасан зээлийн тооцоолол болон миний зээлийн дансны хуулгаас харагдаж байна. Дээр дурдснаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн ангилал буурсан байхад Х ХХК нь Барьцаат зээлийн гэрээний 7.1.1-д заасан Зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах эрх, үүргээ биелүүлэлгүй бүтэн 2 жил 7 сар болсны зээлийн хүү өсч, 5 600 894.96 төгрөгийн хүү надаас нэхэмжилж байгаа нь надад хохиролтой байна. Энэ хугацаанд ажилгүй байсан ч үүргээ ухамсарлан сар бүр аль болох хэмжээгээрээ төлж байсныг зээлийн төлөлтийн хуулгаас харж болно. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үеэс буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү тооцон 691 004 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болон 5 600 894.96 төгрөгийн үндсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6 095 417.31 төгрөг болох нь зээлийн дансны хуулгаас харагдаж байхад 6 415 567.31 төгрөг нэхэмжилсэн нь 509 176.08 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл болох 6 095 417.31 төгрөгийг нэхэмжилж байгаа хуримтлагдсан зээлийн хүүгийн 50 хувь буюу 5 600 894.96 төгрөг*50 хувь= 2 800 447.48 төгрөгийн хүү, нийт 9 405 040.87 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байна гэв.

 

Хариуцагч Ц.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б- нь 2016 оны 01 сарын 21-ний өдөр Д.Э-ын цалингийн зээлээ нэмэгдүүлж авах гэсэн юм гэрээнд нэг хүний гарын үсэг шаардлагатай болоод байна, чамд айх эмээх зүйл байхгүй, чамд ямар ч хамаагүй гээд гуйгаад байхаар нь би гарын үсэг зурж өгсөн гэдэг. Х тухайн үед хамтран зээлдэгчийн үүрэг хариуцлагыг тайлбарлаж, ойлгуулаагүй, Ц.Б-, Д.Э-д итгэсэн зэргээс уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Тухайн үед Д.Э- нь Төв аймаг дахь Дэлхийн зөн байгууллагад даргын ажилтай, Ц.Б- нь мөн Дэлхийн зөн байгууллагад жолоочоор ажиллаж байсан бөгөөд Д.Э-ын албан ажил, хариуцлагатай байдалд туйлын итгэлтэй байсан, түүнчлэн барьцаанд тавьсан эд хөрөнгө нь Д.Э-ын хөрөнгө бөгөөд Ц.Б- юу барьцаалсан, ямар эд хөрөнгө байсныг ч мэдээгүй юм. Х ХХК нэхэмжлэлдээ Д.Э-, Ц.Б- нарын өмчлөлийн LGD-42 инчийн зурагт, гэрлийн ком тавилга, брюса маркийн тавилга гэж дурджээ. Мөн Д.Э-ын өмчлөлийн ирээдүйд бий болох цалингийн орлого зэргийг тус тус барьцаалж зээлсэн тухай дурджээ. Гэвч Ц.Б-гийн гэх хөрөнгө юу ч байхгүй юм. Мөн Ц.Б- нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, түрээсийн байранд амьдарч, 2 хүүхдэд шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэмж сар бүр төлдөг ч үүнийгээ ч төлж чадаагүй өрөнд орсон байгаа болно. Мөн 2 хүүхдээ бас асрамжилдаг. Ц.Б- нь 2018 онд заамарын алтны хүдэр компанид эксковаторчнаар ажиллаж байх үедээ барьж байсан техникийн хамт мөн бусад 4 жолооч, операторчныхоо хамт нурангад дарагдаж осолд орж азаар амь мэнд гарсан хэдий ч биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны өөрчлөлтөөс болж, дахин уг ажил үүргээ гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл ажлаасаа гарч, одоог хүртэл тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орон байргүй, олсон орлогогүй амьдарч байгаа. Иймд Д.Э-ын өөрийнхөө хэрэгцээнд авсан цалингийн зээлийг төлөлцөх ямар ч боломжгүй, үндэслэлгүй юм. Харин Д.Э- нь тодорхой эрхэлсэн ажилтай, Оюу толгой уурхайд ажил алба эрхлээд цалин хөлстэй амьдардаг гэж ойлгож байгаа. Дээрх зээлийн мөнгийг Х ХХК шууд Д.Э-ын харилцах /өөрийнх нь/ данс руу шилжүүлж өгсөн ба Ц.Б- нэг ч төгрөг аваагүй нь тодорхой харагддаг. Иймд цалингийн зээл авсан эзэн болох Д.Э- өөрөө шударгаар хандаж, өөртөө хэрэглэсэн зээлээ төлнө гэдэгт итгэлтэй байгаа. Ц.Б- уг нэхэмжлэлийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Б- шүүхэд тайлбар гаргахдаа “Миний бие Д.Э-ыг гуйгаад байхаар нь тус зээлд хамтран зээлдэгч гэж орсон. Зээл бол Э-ын өөрийнх нь цалингийн зээл өмнө нь зээлтэй байж байгаад нэмж авсан. Гэрээ хийхдээ хамтран зээлдэгч байхгүй  бол болохгүй байна гэж гуйгаад авсан.  Авсан зээлээс нь нэг ч төгрөг аваагүй. Тус зээлийг хариуцах боломжгүй” гэсэн тайлбар өгсөн. Зээлийн гэрээнээс харахад банк Э- Б- нар харилцан тохиролцож хугацаа тогтоож гэрээ хийсэн байдаг. Хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд Х ХХК нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл зээлийн хугацаа хэтэрснээс хойш нэхэмжлэл гаргахгүй байсны дараа нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Б-гийн хувьд тус зээлээс нэг ч төгрөг аваагүй. Хоёрдугаарт тус зээлийг төлөх төлбөрийн чадваргүй одоо ажилгүй, орон гэргүй, түрээсийн байранд амьдардаг. Өмнө хүнтэй сууж байгаад салсан бөгөөд 2 хүүхдийн тэтгэлэг төлдөг. Одоо нэг хүүхдээ өөрөө асрамжилдаг гэсэн. Үүнтэй холбоотой түрээсийн гэрээ, хүүхдийн тэтгэлэг төлдөг талаар шүүхийн шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төв салбар нь хариуцагч Д.Э-, Ц.Б- нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 6 415 567,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5 600 894,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 591 004,60 төгрөг, нийт 12 707 466,60 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Д.Э- нь банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний график зөрчигдсөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр гэрээгээ цуцлах ёстой байсан тул түүнээс хойших нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй, зээлийн хүүгийн 50 хувийг төлөх санал гаргаж байна гэж,

 хариуцагч Ц.Б- нь цалингийн зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан, би нэг ч төгрөг авч хэрэглээгүй, ажил төрөл эрхэлдэггүй төлөх чадваргүй, айлын байр түрээсэлж амьдардаг, гэрлэлтээ цуцлуулсан, нэг хүүхдийн тэтгэлэг төлж, нэг хүүхдийг өөрөө асрамждаа байлгадаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Төв аймаг дахь салбар, хариуцагч Д.Э-, Ц.Б- нар 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр №201642531709 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 12 591 013,81 төгрөг дээр нэмж 1 500 000

төгрөг буюу нийт 14 091 013,81 төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалин барьцаалан зээлж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагаас олгосон Д.Э-ын албан тушаал, цалингийн тодорхойлолт, зээлдэгч нарын зээл хүссэн анкет, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Төв тооцооны төв нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр 1 500 000 төгрөгийг зээлдэгч Д.Э-ын Х ХХК-ийн харилцах дансанд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 3-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

 

            Хариуцагч Д.Э-, Ц.Б- нар нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн төлбөрийг графикт заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлж байсны улмаас зээлийн хүү хуримтлагдаж, 2016 оны 11 дүгээр сарын 17-оос нэмэгдүүлсэн хүү тооцож ирсэн байх бөгөөд зээлийн төлбөрөөс тэргүүн ээлжинд үндсэн зээлээс суутгаж байсан болох нь хэрэгт авагдсан Д.Э-ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Э-ын зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Ц.Б- нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг авч ашиглаагүй, Д.Э-ын гуйлтаар гарын үсэг зурсан, энэ хүнтэй ямар ч холбоогүй гэж маргаж нотлох баримтаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 618 дугаартай тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.Батчимэгийн гэрчилсэн Д.Ганболд, Ц.Б- нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, Ц.Б-гийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримт ирүүлсэн байна.

            Дээрх нотлох баримтаар хариуцагч Ц.Б- нь 2014 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Отгончимэгтэй гэрлэлтээ батлуулсан  болох нь тогтоогдож байх боловч 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ хүссэн анкетад зээлдэгч Д.Э-ын нөхөр, охины хамт амьдардаг болохоо мэдүүлсэн, үүнээс өмнө 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Х ХХК-тай байгуулсан 12 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 4 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авах үед хамтран зээлдэгчээр үүрэг хүлээж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар зээлийн гэрээнд хамтран үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

            Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Э-, Ц.Б- нараас шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагч Д.Э- нь зээлийн эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах эрхтэй байсан гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээг цуцлах талаар болон зээлийн хүүг зогсоолгох талаар нэхэмжлэгч талд хүсэлт гаргаж байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгч Х ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 260 150 төгрөг, 60 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан Х ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 6 415 567,31 төгрөгөөс хасч үндсэн зээл 6 095 417,31 төгрөг, хүүгийн төлбөр 5 600 894,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 691 004,60 төгрөг, нийт 12 387 316,87 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ийн төв салбарт олгож, 320 150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э-, Ц.Б- нараас 12 387 316,87 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ийн төв салбарт олгож, 320 150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218 269,46 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 213 147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА