| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00142/И |
| Дугаар | 142/ШШ2024/00954 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2024/00954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоотод оршин суух, Х совогт Ггийн Ц /РД:***, ***/-ийн хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: талийгч эцэг Г.Дын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацаа сунгуулах, өвлүүлэгчийн өмчөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** тоот 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өвлөж авах эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг Орхон аймгийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Г.Ц,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н, Т.Э
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Н,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Ц шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Ц нь 1958 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд ээж Ггийн С, аав Ггийн Д нарын ганц охин болон мэндэлсэн. Миний аав тухайн үедээ Баян-Агт сумын морин станцад ажиллаж байгаад Улаанбаатар Налайх руу ажиллах болоод ээж бид хоёрыг нутагтаа өвөөгийнд орхиод явсан гэдэг. Дараа нь ээж бид хоёр аав руу Улаанбаатарт очин хамт байсан боловч Улаанбаатар хотын агаар таарахгүй юм уу, эсвэл өвчин туссан юм уу тэрийг нь сайн мэдэхгүй, миний бие өвдөөд байсан болохоор ээжийн аав болох Г өвөө ээж бид хоёрыг Улаанбаатар хотоос Булган аймгийн Баян-Агт суманд буюу гэртээ авчирсан гэсэн. Тэрнээс хойш аав ээж бид хоёрын араас ирэлгүй, ээж Улаанбаатар хот руу яваагүй салчихсан. Харин миний төрсний гэрчилгээг өвөө Г маань нэлээн хожуу авахдаа өөрөөрөө овоглосон гэдэг юм. Гэвч аав минь намайг бага балчир байхаас л сураг тавин ирж уулздаг байсан. Миний ээж Г.С нь Булган аймгийн Сайхан суманд хүнтэй сууж, нийт 7 хүүхэд төрүүлсэн. Эцэг өөр ч би 7 сайхан дүүтэй. Миний ээж 37 настайдаа нас барсан. Намайг жаахан байхад ээж өөрөө хүнтэй суух үедээ намайг өвөөгийнд үлдээгээд явсан гэдэг. Миний аав Г.Д нь сүүлд мэдэхнээ 2 хүнтэй суусан бөгөөд хүүхэд огт гаргаагүй юм билээ. Би Г.Дынхаа ганц хүүхэд нь байгаа юм. Миний бие нутагтаа С.Мтай гэр бүл болж 4 сайхан хүүхэд төрүүлсэн. Энэ үед ч аав маань намайг дэмжиж, хүүхдүүдийг маань хайрлаж, тэдэнтэй маань хамт амьдарч байсан. Аав маань 2009 онд Эрдэнэт сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа сувиллын эмчийн өрөөнд хий сууж унан дунд чөмөгний толгой хэсгээ хугалсан. Үүний улмаас миний хүү Б хүргэн Зын хамт Улаанбаатар ГССҮТ-д хагалгаанд оруулж, хүү бид хоёр сар гаран аавыг асарч байлаа. Ингээд л энэ гэмтлийн улмаас аав минь хөл муутай болж асаргаанд байх болсон. Манай хүүхдүүд ээлжлэн асарч сүүлдээ асарч байсан хүүхдийнх маань нялх хүүхэдтэй болж бусад хүүхдүүд ажил төрлийн боломжгүй байдлаас болж аавыг хүн хөлсөлж асруулдаг болсон. Хамгийн сүүлд 2020 оноос аавын үеэл дүүгийнх нь хүүхэд гэх Ө.Н гэгч эмэгтэй асрах болсон. Ид ковидын үе ч байсан. Аав маань ковид туссаны улмаас 2021 оны 10 сарын 20-ны өдөр нас барсан. Манай хүүхдүүд болон бид аавын оршуулах бүх ажлыг зохион байгуулж, нас барсных нь гэрчилгээг авч, ажил явдлынх нь бүх юмыг зохицуулсан. Би тэтгэврийн зээл авч байж оршуулах зардлыг нь гаргасан. Гэтэл аавыг асарч байсан Ө.Н аав Г.Дыг нас барж ажил явдал болсны дараагаас эхлээд биднийг аавын орон сууцнаас хөөж оруулахаа больсон. Бид за яахав хүн дөнгөж өнгөрчихөөд уй гашуугаа ч тайлаагүй байхад хэрүүл болоод яахав гээд л явцгаасан. Ө.Н аавын орон сууцыг цоожлоод орох ямар ч боломжгүй болгосон. Нэгэнт ийм явдал болоод байгаа учраас эцэг Дынхаа охин мөн юм байна гэдгийг тогтоолгох нь зөв юм байна гэж үзэж Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 132/ШШ2022/00467 тоот шийдвэрийг гаргуулсан. Ингээд байж байтал хань маань бас нас барж бидэнд дахин уй гашуу тохиосон. Энэ байдлаас болж бид бас нэлээд сатаарсан. Ингээд нотариат дээр аавын өмчилж байсан орон сууцыг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлт гаргах гэсэн боловч аавын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа байх шаардлагатай болчихоод Ө.Нгээс авах гэсэн боловч өгөөгүй. Ингээд би 2022 оны 10 сарын 16-ний өдөр тус шүүхэд Ө.Нд холбогдуулан “Аав Г.Дын нэр дээрх Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг ***тоот 18 м.кв нэг өрөө байрыг суллуулах, аавын эд зүйлс, бичиг баримтууд, одон медаль, тэмдэгүүдийг гаргуулах” нэхэмжлэл гаргасан. Гэтэл аав маань Нд орон сууцаа гэрээсэлсэн байсан юм байна. Ингэсээр байтал өв хүлээн авах хугацаа маань өнгөрчихлөө. Харин миний бие аав Дынхаа хууль ёсны ганц өвлөгч юм. Иймээс дээрх шалтгаануудын улмаас өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн тул Ц миний аав Г.Дын өвлөгдөх эд хөрөнгүүд /Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот орон сууц болон бусад/-ийг өвлөж авах өв хүлээн авах хүсэлтийг нотариатын байгууллагад гаргах хугацааг сунгаж өгнө үү. Г.Ц нь Г.Дын төрсөн охин тул түүний хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Г.Д нь өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот 1 өрөө орон сууцыг нас барахаасаа өмнө өөрийгөө хамгийн сүүлд асарч байсан Ө.Нд 100 хувь гэрээслэлээр үлдээсэн байгаа тул түүний уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3-т “ ...өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ...” гэж заасны дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот 1 өрөө орон сууцны 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох гэж нэмэгдүүлж байгаа тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
2. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Өвийн тухай асуудал яагаад хөндөгдөв гэхээр Ц нь өөрийнхөө хүүхдүүдийн хамт ажил явдал зохион байгуулаад 49 хоногийг нь дуустал гэрт нь байсан, дараа нь Н гэрээс нь хөөсөн гэдэг юм байна билээ. Тэгээд тухайн орон сууцыг авна, авахгүй, өгнө, өгөхгүй гэдэг асуудал бас тодорхой хэмжээгээр энэ хүмүүсийн хооронд маргаан үүссэн юм байна. Цийн тухайд нэгэнт Н аавын байранд оруулахгүй байгаа учраас аавын байрыг авах нь зөв юм байна гэсэн үүднээс энэ асуудлыг хуулийн үндсэн дээр өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авсан гэдэг. Нэгэнт өөрөө эцгээрээ овоглоогүй байгаа учраас өв хүлээн авах хүсэлт гаргах боломжгүй юм байна гэдгийг ойлгосон байдаг. Ийм учраас 1 дүгээрт Д гэдэг хүний охин мөн гэдгийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэж үзээд Булган аймгийн шүүхэд 2022 оны 6 сард нэхэмжлэл гаргаад 2022 оны 8 сарын 15-ны өдөр энэ асуудлыг Булган аймгийн шүүх авч хэлэлцээд 00467 тоот шийдвэрээр Цийг Дын охин гэдгийг тогтоож шийдвэрлэжээ. Үүний дараа өв хүлээн авах хүсэлт гаргахаар мөн зөвлөгөө авсан байдаг. Гэтэл өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа байхыг шаардсан гэж хэлдэг. Дахин өв хүлээн авах хүсэлт гаргах боломжгүй болсон байна. Ингээд аавынхаа баримт бичгийг Нгээс гаргуулж авах нь зүйтэй гэж үзээд 2022 оны 9 сарын 16-ны өдөр Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шат шатны шүүхэд Нгээс аавынхаа эд зүйл болон холбогдох баримт бичгүүдийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэл дээр 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэж бичсэн байдаг юм байна билээ. Хэдийгээр энэ нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй ч өв хүлээн авах хугацаандаа гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Яагаад гэхээр талийгаач 2021 оны 10 сарын 20-ны өдөр нас барсан нэхэмжлэлийг 2022 оны 9 сарын 16-ны өдөр гаргасан. Тэгэхээр өнгөрсөн энэ цаг хугацаанд Ц өв хүлээн авахаасаа татгалзсан биш өв хүлээн авах боломжгүй байсан учраас өв хүлээн авах боломжийг бий болгох ажиллагааг хийж ирсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан байна. Цийн эцгээрээ овоглоогүй байсан байдлаас болоод өв хүлээн авах хүсэлтийг нотариатын байгууллагад гаргах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг арилгахын тулд холбогдох байгууллагад хандсан. Энэ байдлууд өв хүлээн авах хүсэлтээ нотариатын байгууллагад гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн талийгаачийг нас барсны дараа Цэд дахиад хэд хэдэн таагүй үйл явдлууд тохиолдсон байдаг. Тухайлбал Дын хүргэн болох Цийн нөхөр М гэдэг хүн 2022 оны 3 сарын 4-нд нас барсан байдаг. Дараа нь өөрийнх нь асаргаанд нилээд олон жил асруулсан өөрийг нь өсгөсөн ээж Г гэдэг хүний эхнэр Д.Х 2022 оны 8 сарын 4-ний өдөр нас барсан байдаг. Эдгээр байдлууд Цэд сэтгэл санааны хувьд давхар цохилт болсон. Мөн корона тусаж биеийн байдал муу байсан нөхцөл байдал байна. Тэгэхээр сэтгэл санааны хямралд орсон байдлууд нь нотариат шүүхийн байгууллагад хандах хугацааг сааруулсан байна. Гэсэн хэдий ч шүүх нотариатын байгууллагад хуульд заасан хугацаанд асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байдлууд байгаа. Ийм байдлууд хугацаа алдахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Хэвтрийн өвчтэй байсан Х гэдэг хүнийг 2021 оноос эхэлж 2022 оны 08 дугаар сар хүртэл асарсан байдаг. Энэ хүнийг хэвтэрт байсан гэдгийг тодорхой баримт, эмнэлгийн картаар харагддаг. Мөн Ц нь зүрхний архаг дутагдалтай, өөрийн биеийн байдал муугаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь нотлогддог. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнээд Цийн өв хүлээн авах хүсэлтийг нотариатын байгууллагад гаргах хугацааг сэргээн сунгаж өгөх боломжтой байна. 2 дугаар шаардлагын тухайд Ц нь Дын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлага байгаа. Нэгэнт Ц нь Дын төрсөн охин болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 сарын 15-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр тогтоогдож байгаа учраас нас барагч Дын төрсөн охин Ц мөн байна. Ц нас барагчийг нас барсны дараа гэнэт өөрийнх нь охин гэдэг байдлаар гарч ирээгүй. Аавтайгаа сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд эцэг үрийн холбоо, харилцаатай байсан байна. Энэ хугацаанд өөрийн төрсөн охинтойгоо биш юмаа гэхэд зээ нартайгаа сайдах муудах зүйл гарч байсан байх. Хэдийгээр тийм зүйл болж байсан ч гэсэн эцэг үрийн холбоо тасрах хэмжээний зүйл болоогүй байх гэж үзэж байна. Иймээс Ц түүний 1 дүгээр зэргийн хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа тул хууль ёсны өвлөгчөөр тогтоох бүрэн үндэслэл байна. 3 дугаарт нь Орхон аймгийн Баян-Өндөр сум *** тоот нэг өрөө орон сууцны 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д нь улсын бүртгэлийн Ү2111016431 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг ***тоот орон сууцны өмчлөгч байсан. Д өөрийн өмчлөлийн нэг өрөө орон сууцыг нас барахаасаа өмнө өөрийгөө хамгийн сүүлд асарч байсан Нд 100 хувиар гэрээслэлээр үлдээсэн байдаг. Нэгэнт Иргэний хуулийн 522.1-д зааснаар гэрээслэж үлдээсэн байгаа учраас үүнийг нэхэмжлэгч хүндэтгэж байгаа. Гэхдээ 100 хувиар гэрээсэлж байгаа явдлыг бас хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр хууль ёсны өвлөгчийн тухайд энэ өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулж авна гэдэг. Иргэний хуулийн 522.3-т зааснаар гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өвлөгч бус этгээдэд гэрээсэлсэн ч хууль ёсны өвлөгчид өвлүүлбэл зохих хөрөнгийн ½-ээс багагүй хэсгийг заавал өвлүүлэхээр заасан байгаа. Иймээс Цийг Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3-т заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг ***тоот нэг өрөө орон сууцын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н өмгөөлөгчтэй адилхан саналтай байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аав Мын ярианаас сонсож байхад “Г гэдэг хүний малыг Д ах маллаж байсан, энэ айлд мал хариулж байхад нь унах унаа бусад зүйлээр хязгаарлагдмал байсан учир нутгаасаа өөр тийшээ явах хүсэл эрмэлзэлтэй болж нутгийн найз Гд унааны нэг морь зарж замын зардлын мөнгөтэй болсноор Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод очоод, хань Энхээтэй танилцаж хамтран амьдардаг болсон, удалгүй Налайхын нүүрсний уурхайд ажилд орж Улаанбаатараас Налайх чиглэлд ажилдаа ирж очдог байсан. Энэ үед хүүхэд гэж хаана ч байхгүй гэж...” аав маань ярьдаг байсан. Эрдэнэт хотод ах маань шилжин ирээд, миний төрсөн ах Быг 1-р 10 жилд анх сургуульд оруулж 3-уулаа хамт амьдардаг болсон. Мөн үр хүүхэдгүй байсныг ах гэрчилдэг. Талийгаачийн оршуулгын зардалд нийгмийн даатгалаас олгодог 1,000,000 төгрөг, нэг сарын тэтгэврийн мөнгө 860,000 төгрөгийг тус тус авсан байсан. Мөн буяны ажилд ирсэн ах дүү, найз нөхдийн буянд өгсөн өглөгүүд нь оршуулгын зардалд хүрэлцээтэй байсан нь харагдсан. Ахынхаа хүсэлтийг биелүүлэхээр төрсөн нутаг болох Булган аймгийн Баян-Агт сум руу 2021 оны 8 дугаар сарын 27-нд очоод 2021 оны 9 дүгээр сарын 18-нд ирсэн. Ах маань нутагтаа очоод сэтгэл санаа нь амгалан, агаар салхи нь сайхан байсан гэж ярьдаг байсан. Харин Г.Ц нь хүүхдүүдийн хамт ойрхон намаржиж байсан боловч нэг ч эргэж ирээгүй. Ах маань ахмадын баяраас 10 хоногийн өмнө харина гээд хамт ирсэн. Тэгээд ахмадын баяраар ажиллаж байсан газраас нь хүн ирж гарын бэлэг гардуулсан. 10 дугаар сарын 10-ны үед Г.Цийн хүү Г ирсэн, ирээд ахад маань корона тусгачихна гэж хэлж байсан. Талийгаач ах маань ирдэггүй хүн өвчин тусчихаад яах гэж манайд ирсэн юм бол гээд дургүйцэж, ихээр цээрлэж, арц хүжээр утуулсан. Маргааш нь ахын маань хоолой нь сэрвэгнэж, бие нь тавгүйтэж байна гээд намайг дуудаад эмчид үзүүлсэн. Эмч ирээд шинжилгээ авахад ах эерэг, би сөрөг гарсан. Иймээс Гас талийгаач ахад корона халдварласан. Талийгаач корона туссан үедээ өөрөө эмнэлэгт хэвтэхгүй гэрээр эмчилгээгээ хийлгэнэ гээд эмчлүүлж байсан. Талийгаач ахынхаа хэлж ярьснаар явна, ах надад гэрээслэл үйлдэж нотариатаар баталгаажуулж өгсөн гэхэд Г.Цийн охин Мбитгий балайраад бай, үхсэн хүн юугаа ярьдаг юм гэж янз бүрээр дайрч байсан. Намайг ажил гараад ахыг түр хараад өгөөч гэхэд энэ хүмүүс бүгд наад хүн чинь бид нарт хамаагүй гэдэг байсан. Нэг удаа Г.Цийн охин ахыг харахдаа өдрийн 50,000 төгрөгөөр харна гээд 3 өдөр хараад 150,000 төгрөг авсан. Талийгаач ахын хэлж ярьж байсан бичлэг нь байгаа. 2020 оны 10 дугаар сарын 09-нд Г.Ц, хүү Г нар нь ирж талийгаач ахыг тэргэнцэртэй нь түлхэж чирээд зурагт, ор, хувцасны шкапыг булаан авч явсан. Өдөр ирэх тусам ахын биеийн байдал муудаж, өрхийн эмнэлгээс тусламж хүсэхэд асарч байгаа надаас давтан шинжилгээ авч би сөрөг гарсан. Энэ үед асаргаа илүү их шаардлагатай болж тусалж дэмжих хүнгүй ганцаардаж Г.Ц, Г, түүний эхнэр Мнарт утсаар тусламж хүсэхэд бидэнд хамаагүй, бид очиж чадахгүй, корона тусчихна гэдэг байсан. Тэгээд ах маань удалгүй нас барсан. Талийгаач ахыг маань амьд сэрүүн байхад нь үр хүүхэд нь гэдгээ баталж тогтоогоогүй мөртөлөө нас барсны дараа ямар үндэслэлээр тогтоолгосныг би мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д төрсөн хүүхэд нь хууль ёсны өвлөгч болох хэдий ч талийгаач Г.Д нь өөрийнхөө өмчлөлийн орон сууцаа өөрийгөө харж хандаж асарч байсан хамаатны дүү Ө.Нд гэрээслэлийг нотариатчаар үйлдүүлж тус эд хөрөнгөө өгсөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш тус эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан тухайгаа зохих байгууллагад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Мөн хуулийн 528.2-т зааснаар өвлөгч өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авах буюу мөн зохих байгууллагад нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хүсч өргөдөл гаргасан тул уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Харин нэхэмжлэгч Г.Ц нь Иргэний хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Дээрх тохиолдолд Г.Цийг өвлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн өвлөгчөөр тогтоолгож, тус орон сууцны 50 хувийн өмчлөгч болох ямар ч боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талийгаач өөрийнхөө гэрээслэл дээр орон сууцны үнэлгээг 30.000.000 төгрөг гээд тогтоочихсон. Энэ дээр бас шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно гэж хуульд заасан. Тэгвэл хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Г.Ц хүлээн авахаас нөхцөл байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна...” гэжээ.
6. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Г.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Г.Дын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 132/ШШ2022/00467 дугаартай шийдвэр /хх-6-9/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Мэндцэцэн ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-63/, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1338 дугаартай албан бичиг /хх-64/, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-65-66/, Д.Хгийн нас барсны гэрчилгээний хуулбар, С.Цийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-39/, С.Мын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-40/, талийгаач аав Г.Дын хамт авахуулсан гэрэл зураг /хх-28-38/, Д.Хгийн амбулаторийн карт, Г.Цийн амбулаторийн картыг,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16/01 дугаартай гэрээслэл /хх-20/, Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот улсын бүртгэлийн Ү-2101016131 дугаартай орон сууцны гэрчилгээний хуулбар /хх-26/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00117 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж /хх-27/, 2 ширхэг СД-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Хэргийн оролцогчийн хүсэлтээр: Монголын Нотариатчдын танхимаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан Г овогт Ггийн Д /РД: ***/-ын өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх талаарх лавлагаа /хх-111/, Далайван аудит” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/03-02 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-132-139/-г гаргуулж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/000117 дугаартай иргэний хэргээс шүүх хуралдаанд нотлох баримтуудыг судласан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.Ц нь талийгч эцэг Г.Дын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацаа сунгуулах, өвлүүлэгчийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** тоот 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өвлөж авах эрхтэй болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...би талийгч эцэг Г.Дын төрсөн охин нь мөн бөгөөд өвөө Ггаар овоглосон байсан тул Г.Дын охин нь мөн гэдгээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Мөн хүүхдүүд маань өвөөгийндөө цуг амьдарч, байнгын холбоотой байсан. Манай охин М аавыг асардаг байсан, би хөдөө мал малладаг, хүнд өвчтэй ээж болон нөхрөө асардаг байсны улмаас сүүлийн жилүүдэд аавыгаа өөрөө асарч чадаагүй, хүнээр асруулдаг байсан, мөн сүүлд аавын дүүгийн хүүхэд болох Ө.Н аавыг асарч байсан. Аавыг нас барсны дараа өв хөрөнгийг нь өвлөж авахаар нотариатчид хүсэлт гаргасан боловч байрны бичиг баримт нь Ө.Нд байсан, тэгээд бас охин нь гэдгээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Мөн өвчтэй өндөр настай ээж, нөхрийгөө асардаг байсан, ковид гарсан хөл хориотой үе байсан учраас хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаж чадаагүй. Иймд өв хүлээн авах хугацааг сунгаж, намайг Г.Дын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү. Аав маань амьд сэрүүн байхдаа асруулж байсан Ө.Нд өөрийнхөө байрыг гэрээслэл хийж өгөхөөр шийдвэрлэсэн байсныг мэдээд аавынхаа шийдвэрийг хүндэтгэж, хуульд заасны дагуу уг байрны 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна...” гэсэн.
4. Тухайн хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Ө.Н хүсэлтийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргасан. Үүнд: “...талийгаач ахынхаа шийдвэрийг хүндэлж байна, хүүхэд нь гээд байгаа Г.Ц болон хүүхдүүд нь ахыг тоодоггүй, харж ханддаггүй байсан, ...хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй өвлөх эрхээ алдсан тул хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Г.Ц нь 1958 оны 11 дүгээр сарын 04-нд Булган аймгийн Баян-Агт суманд Ггийн Д, Ггийн С нарын охин болж төрсөн боловч өвөө Ггаар овоглож 1959 оны 10 дугаар сарын 05-нд төрснөөр иргэний бүртгэлд бүртгүүлж бичиг баримтуудаа авсан байна.
Г.Ц нь эцэг Г.Дтай байнгын холбоотой байсан бөгөөд түүний хүүхдүүд болох М.Мболон М.Г нар нь эцэг Г.Дтай цуг нэг гэрт амьдарч харж асардаг байсан, мөн үеэл дүү Ө.Н нь 2020 оноос эхлэн талийгч Г.Дыг 2021 оны 10 дугаар сарын 20-нд ковид өвчнөөр нас барах хүртэл нь хамт амьдарч, асарсан болох нь тогтоогдож байна.
6. Мөн талийгч Г.Д нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ө.Нд өмчлүүлэхээр гэрээслэл үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн бөгөөд гэрээслэл хуулийн шаардлага хангасан, гэрээслэлийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
7. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаартай шийдвэрээр Г.Цийг Г.Дын охин болохыг тогтоосон бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;” гэж зааснаар хүсэлт гаргагч нь талийгч Г.Дын хууль ёсны өвлөгч мөн байна.
8. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй.” гэж заасан.
9. Хүсэлт гаргагч Г.Ц нь “...шүүхэд эцэг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргасан, ...өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өөрт нь байхгүй байсан, ...өвчтэй өндөр настай эх Хг болон нөхөр Мандал нарыг асардаг байсан, ...өөрөө өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан...” гэх хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас талийгч эцэг Г.Дын өв хүлээн авах хүсэлтийг хуулийн хугацаанд зохих байгууллагад гаргаагүй хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул түүний өв хүлээн авах хугацаа сунгуулах хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Хэдийгээр өвлүүлэгч Г.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Ө.Нд 100 хувь өвлүүлэхээр гэрээслэл үйлдсэн байх боловч Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3-т “Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ.” гэж зааснаар өвлөгдвөл зохих эд хөрөнгийн 50 хувийг өвлөж авахаар хүсэлтийн шаардлага гаргах эрх хүсэлт гаргагч Г.Цэд үүссэн байна.
11. Нөгөөтэйгүүр хүсэлт гаргагч Г.Ц нь талийгч Г.Дын өвийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл болон Иргэний хуулийн 517 дугаар зүйлийн 517.1-д “Өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх эрхээ алдана.” гэж заасан үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр Г.Цийг талийгч Г.Дын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, түүний өв хүлээн авах хугацааг сунгаж, өвлүүлэгч Г.Дын өвлөгдөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** тоот 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өвлөх эрхтэйг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13. Хүсэлт гаргагч Г.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Х совогт Ггийн Ц /РД:***/-ийг талийгч Г.Д /РД: ***/-ын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, түүний өв хүлээн авах хугацааг сунгаж, өвлүүлэгч Г.Дын өвлөгдөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** тоот 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өвлөх эрхтэйг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ