Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

 

 

С.М, С.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03462 дугаар шийдвэртэй, С.М-, С.Э- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Д Ц-” ХХК болон У.Б- нарт холбогдох, Төв аймгийн Баянцогт суман дахь 154 га газарт хөрөнгө оруулсан зардал 25 752 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагч У.Мөнхбат, өмгөөлөгч Г.Жанчив, Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М-, С.Э- нар хариуцагч “Д Ц-” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Б-тэй тариалангийн талбай түрээслэх, хамтран уринш хийх тухай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Манай талаас уринш хийхэд шаардлагатай дизель түлш, ир, хүнс, газрын түрээсийн төлбөр болон ажлын хөлсийг хариуцах, хариуцагч талаас уринш хийхэд шаардлагатай газрыг ашиглах боломж олгон, техник тоног төхөөрөмж, ажилчдыг хариуцах үүргийг хүлээсэн. Энэ гэрээ дотроо түрээсийн гэрээний агуулгыг багтаасан, хамтран ажиллах холимог гэрээ. Талуудын тариалалт хийхээр тохирсон 154 га газар ямар газар вэ? гэхээр үр тарианы зориулалттай газар. Гэхдээ уг газрын эзэмшигч нь “А-” ХХК. Яагаад “Д Ц-” ХХК-тай гэрээ байгуулсан бэ? гэхээр хариуцагч компани өөрөө “А-” ХХК-ийн эзэмшилийн газрыг 3 жилийн хугацаанд ашиглах эрхтэй гэх гэрээг бидэнд үзүүлсэн. Энэ гэрээ хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан байдаг бөгөөд уг түрээсийн гэрээнд тухайн газрыг орон нутгийн зүгээс ямар нэгэн маргаангүй, эрхийн болон эд хөрөнгийн доголдол байхгүй гэх агуулгыг тусгасан бичгийг үндэслэн гэрээг байгуулан, хамтын ажиллагаа эхэлсэн. Ингээд талууд хамтран ажиллахаар болж, гэрээний дагуу тус газарт “Э-” ХХК-иар уринш хийлгэсэн. “Э-” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон тус компанид өгсөн зардлын тооцоо, тус компанийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг баримтууд хэргийн материалд авагдсан. Мөн тухайн тариалалт хийхэд шаардлагатай рапсын үрийг манай талаас 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ж.Батжаргал гэх этгээдтэй Рапсны үр худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны үндсэн дээр бидний зүгээс 1.5 тонн хэмжээтэй рапсыг 6 000 000 төгрөгөөр худалдаж аваад, төлбөрийг бүрэн төлж, рапсаа хүлээн авсан. Манай талаас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 154 га газарт хөрөнгө оруулалт хийх ажлаа эхлүүлсэн. Нэхэмжлэгчийн тооцоолж байгаагаар хариуцагчид төлсөн 6 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр, “Э-” ХХК-д ажил гүйцэтгүүлэхээр төлсөн хөлс, рапсны үнэ, уринш хийхэд гарсан зардлууд нийлээд 25 750 000 төгрөг болсон ба ингэж тооцоолсны үндсэн дээр хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, түрээсийн төлбөр болох 6 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэж өгсөн. Хэргийн материалд буй харилцан тохиролцооны гэрээний арын хуудсанд байгаа хариуцагч У.Б-ийн зүгээс 6 000 000 төгрөгийг хүлээн авч гарын үсэг зурсэн, уг мөнгийг хүлээж авлаа гэдгээ баталгаажуулсан нотлох баримт хэрэгт бий. 2016 оны 06 дугаар сарын эхээр нэхэмжлэгч нар уринш хийхээр 154 га газарт очиход “А-” ХХК-иас өгсөн зөвшөөрлийн дагуу “Элсэн цагаан” ХХК тариалалт хийсэн байсан. Үүнээс үүдэн уринш хийх боломжгүй болж, “Д Ц-” ХХК-д холбогдуулан удаа дараа шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, “А-” ХХК-тай үүссэн маргаанаа өөрсдөө зохицуулаад, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэж. Гэтэл “Элсэн цагаан” ХХК тариалалт хийсэн учраас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүрч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 25 752 000 төгрөгийн хохирлыг амсаад байна. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн зардал гаргаагүй, тариалалт хийхээр хавалт хийгээгүй гэж маргаж байгаа. Үүн дээр тайлбар хэлэхэд “Э-” ХХК-ийн ажилтан н.Анхбаярын мэдүүлгээр тус газарт хоёр удаагийн хавалт хийсэн нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Мөн гэрээний үүрэг биелэгдэхгүйд хүргэсэн буруутай этгээдийг “Д Ц-” ХХК гэж үзэж байгаа учраас хариуцагч “А-” ХХК болон Л.Д-д холбогдох нэхэмжлэлэлийн шаардлагаа татан авсан гэжээ.

 

Хариуцагч У.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М- нар над руу нэг өдөр утасдаад газар түрээслэж тариа тарих гэж байгаа юм, танд түрээслэх газар байгаа юу? газар түрээслэх хүн олоод өгөөч гэсэн. Надад газар байхгүй, манай талбайн хажууд 154 га талбайтай газар байгаа, тэр хүн надад түрээслэх хүн олоод өг гэж ярьж байсан, түүнтэй өөрсдөө тохироод үз гэж хэлсэн. Би өөрөө “А-” ХХК-ийн захирал Л.Д- гэдэг хүний 200 га талбайг түрээслэж тариа тарьдаг. Өмнө нь энэ хүн Надад гурван хэсэг талбай байна, хажуу талын талбайг хүнд түрээслэмээр байна. Түрээслэх хүн байвал хэлээрэй, надад мөнгөний хэрэг гараад газар түрээслэнэ гэж хэлж байсан. Ингээд Л.Д-д нөгөө газраа түрээслэх юмуу? Хүн асуугаад байна гэхэд тэгье тэгье гээд түрээслэхээр болоод, надад газрынхаа бичиг баримтыг өгсөн. Өөрөө очиж уулзахгүй юмуу? гэхээр яах юм бэ? одоо би завгүй байна, та очоод гэрээ хийгээд газраа түрээслэчих гэж хэлээд, би гэрээ байгуулж, газрын түрээс 6 000 000 төгрөгийг шилжүүлж аваад, Л.Д-д өгсөн. Бидний хоорондын гэрээгээр 209 га болон 154 га газарт тариалалт, уринш хийж, миний зүгээс техник болон газрын баримт бичиг, ажилчдыг хариуцаж, надаар уриншаа хийлгэхээр тохирсон. Энэ хоёр газрын 209 га Төв аймагт байдаг. Энэ газар дээрээ ажлаа хийгээд талууд маргаангүй салсан. Харин уринш хийх 154 га газар Залуучууд сангийн аж ахуй буюу эндээс 200 гаруй километрийн зайтай, цанын баазын цаана байдаг. Ингээд би ярилцсанаараа уриншаа хийх гээд С.М- дээр очиход манайх мөнгөний боломж байдаггүй, уринш хийхээ больсон гэхэд юу гэсэн үг вэ? бид гэрээ хийгээд тохирсон шүү дээ гэхэд манайх өөр компаниар уринш хийлгэхээр болсон гэж хэлсэн. Тийм бол яахав гээд болиод яваад өгсөн. Үүнээс хойш тэд нар уринш хийлгэсэн юмуу, хэнээр хийлгэсэн, яасан гэдгийг би мэдэхгүй. Хавар болоод 06 дугаар сарын 10-ны өдрийн хавьцаа С.М- утсаар яриад, У.Б- ахаа нөгөө талбай дээр хүн тариа тариад, хашаагаа барьж байна гэж хэлсэн. Хэн гэдэг хүн юм бэ? гэхэд н.Р- гэж хэлсэн. Энэ хүн чинь эд нартай уринш хийх гэрээ байгуулж, уриншийг нь хийж өгсөн хүн гэж өөрсдөө хэлээд, батлаад байгаа биз дээ. Судлаад үзэхээр, Л.Д- н.Р- гуайд уринш хийсэн, хийгээгүй гэдгийг мэдэхгүй талбайгаа зарсан юм билээ. Иймээс нэхэмжлэгч нар анх уриншаа хийлгүүлээд, дараа нь тариагаа тариулна гэсэн тохиролцоотой байсан ч энэ гэрээ хэрэгжээгүй, өөр хүнээр хийлгүүлнэ гэхээр орхиж явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. Намайг эд нар хотоос 50 километр байдаг газар өдөр болгон давхиж ирээд, уринш хийсэн газрыг хамгаалах ёстой мөн уриншийг би хийсэн юм шиг ярьж байна. Та нар чинь өөрсдийн 8 дугаар сард хөрөнгө гаргаад хийсэн уриншаа дараа оны 5, 6 дугаар сар болтол эргэж тойрдоггүй юмуу? Бид маргаад зөндөө удаж байгаа. н.Р- гуай юу ч хийгээгүй газар байсан, би өөрөө түрүү сард эхлээд янзалж, хэд хэд уринш хийж байж тариа тарьсан гэж хэлдэг. Энэ хүмүүс яагаад тухайн газраа харж хандахгүй байгаа юм бэ? Тариа тарьсан, хашаа барьж байхад нь мэдэггүй юмуу? Хүн чинь хийсэн ажлаа эргэж тойрох, харах, хамгаалах үүрэгтэй. Надад холбогдуулах гээд баахан материал бүрдүүлж, уринш хийсэн гээд 25 752 000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад? Хэрэгжээгүй гэрээний төлбөрийг би төлөхөөр болов. Намайг ажил хийгээгүйг нэхэмжлэгч мэдэж байгаа. Уринш хийлгүүлсэн гэрээг нь уншаад үзэхээр, 250 000 төгрөгөөр хоёр ээлжийн 4 жолоочтой, эхний уринш хийхэд 20 өдөр, дараагийн удаа бас 20 өдөр гэсэн үү, нийт 40 хоног уринш хийсэн гэж бичсэн байсан. Би тариалангийн ажлыг насаараа хийж байна. 4 жолоочтой бол энэ ажил 2 өдрийн нормын ажил байдаг. Надтай хоолны зардалд 300 000 төгрөг зарцуулахаар тохиролцож, гэрээ байгуулж байсан хүн “Э-” ХХК-тай гэрээ байгуулахдаа хоолны зардлыг 1 000 000 төгрөгөөр тохиролцсон байгаа юм. Энэ мэтчилэн хэд дахин нэмсэн үнээр баримт бүрдүүлээд уринш хийхэд гарсан зардал гэж нэхэж байгааг зөвшөөрөхгүй, уринш хийгээгүй хүнээс юу нэхээд байгааг ойлгохгүй байна. Гэрээнд энэ бүх зардлаа өөрөө хариуцана гэж заасан. С.М- өөрөө 154 га газарт уринш хийлгэнэ гэсэн гэрээ хүчингүй болсон, гэрээг хүчингүй болголоо гэж надад хэлсэн. Хэрвээ би уринш хийсэн тохиолдолд тодорхой хэмжээгээр буруутай, гомдол санал гарвал хариуцах ёстой. Хаанаас “Э-” гэж компани гараад ирсэн юм бүү мэд. Тэр компаниар яагаад уриншаа хийлгэх болсон юм, яагаад надаар хийлгэх гэж байгаад больсон талаар мэдээлэл байхгүй, мэдэхгүй байна. Мөн 6 000 000 төгрөгийн рапсны үнэ нэхэж байна. Тариалан тарих гээд рапс худалдан авсан юм байна. Рапс гашилж, муудаж, илжирнэ гэж байдаггүй. Хэрвээ надаар төлүүлэхээр бол би 1.5 тонн рапсыг чинь авч байж төлнө шүү дээ. Надад рапс өгөөгүй. Үнэхээр хэлэх үг алга. Энэ хүмүүст туслаж явсан. Намайг ийм зүйлээр гүтгэнэ гэж бодоогүй дахин хэлэхэд хэрэгжээгүй гэрээний үүргийг би зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дуутан овогт Сүрьеэбазарын М-, Дуутан овогт Сүрьеэбазарын Э- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Д Ц-” ХХК, Элжгэн овогт Ухнаагийн Б-өд холбогдох 25 752 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М- нар, хариуцагч “А-” ХХК, Сорто овогт Лийгэнжавын Д-д холбогдох нэхэмжлэлээ татан авсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 710 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд, Шүүхээс нэхэмжлэгч С.М-, С.Э- нар, хариуцагч "Д Ц-" ХХК-тай "Тариалангийн талбай түрээслэх, уринш хийх гэрээ" байгуулсан нь талуудын хэрэгцээ шаардлагыг хангаж, хамтран ажиллах шинжийг агуулсан, гэрээний агуулга гол нөхцөлөө тохирсоноос дүгнэхэд 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд хамтран ажиллах болон түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзжээ. Гэтэл уг харилцаа нь огт хамтран ажиллах гэрээний харилцаа биш бөгөөд шүүгчийн тодорхойлсон Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 -т заасан "..,. ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ...." гэх талууд харилцан ашиг олохын тулд үүрэг хүлээдэг хамтран ажиллах гэрээний шинж онцлогийг огт агуулаагүй байхад Хамтран ажиллах гэрээ байсан мэтээр тайлбарлаж, Иргэний хуулийн 343, дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинж болох "Гүйцэтгэсэн ажлын үр дүн"-г тус шийдвэрт дурьдсаар байсан мөртлөө Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь хуулийг илт буруу хэрэглэж хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дүгээр хэсэгт заасныг баримталсан. Шүүгч шийдвэр гаргахдаа уг маргаантай асуудалд тал бүрээс нь судлаж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Гэтэл тэр зөвхөн нэг талыг барьж уг хууль хэрэглээний алдааг гаргасан юм. Учир нь талуудын харилцаа нь анх Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн харилцаагаар эхэлж байгааг хавтаст хэрэгт авагдсан материал болон зохигчдын тайлбарт бэлээхэн харуулсаар байтал Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэн нь шүүгч Иргэний хуулийн 318 дугаар зүйл болон 330 дугаар зүйлийн гэрээний зүйлийг ялгаж, салгаж ойлгоогүйтэй шууд холбоотой гэж үзэж байна.

Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч С.М-, С.Э- нар нь нэхэмжлэлдээ хариуцагч “Д Ц-” ХХК-ийн захирал У.Б-тэй хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ хийж, тус гэрээгээр түрээслэсэн газраа уринш хийлгэхээр харилцан тохиролцсон талаар дурдсаар байхад шүүхээс дээрх хууль хэрэглээний алдааг гаргаж, нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг илт зөрчиж, тэдний эрх зүйн байдлыг доройтуулан, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчсөн талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дүгээр зүйлийг баримталж шийдвэрлэсэн нь шүүх маргаагүй асуудлаар шийдвэр гаргаж өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж болохоор байна. Учир нь шүүх талуудын маргаантай асуудлыг эрх зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгч хуульд нийцүүлж шийдвэрлэдэг байгууллага юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч “Д Ц-” ХХК, У.Б-, “А-” ХХК, Л.Д- нарт холбогдуулан Төв аймгийн Баянцогт суман дахь 154 га газарт хөрөнгө оруулсан зардал 25 752 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг “Д Ц-” ХХК, У.Б-өөс, 19 752 000 төгрөгийг “А-” ХХК, Л.Д-аас гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “А-” ХХК болон Л.Д-д холбогдох нэхэмжлэлээ татан авч, хариуцагч “Д Ц-” ХХК болон У.Б-өөс 25 752 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./1хх 1-3, 40-41, 85, 133-134, 2хх 28-29 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч “Д Ц-” ХХК-тай түүний “А-” ХХК-иас түрээслэн эзэмшиж буй 209 га, 154 га тариалангийн талбайг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уринш хийлгүүлж, тариалангийн зориулалтаар ашиглах зорилгоор хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулж, нэхэмжлэгч нар уринш хийхэд шаардагдах дизель түлш, ир, боолт ир, хүнс, түрээс, ажлын хөлс, техникийн түрээсийн талыг төлөх, хариуцагч уринш хийх 209 га, 154 га талбайн бичиг баримт, захиргаа, тоног төхөөрөмж, ажилчдыг хариуцахаар, газрын түрээсийн 14 000 000 төгрөгийн 8 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээжээ./1хх 17 дугаар тал/

 

Гэтэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах болон түрээсийн гэрээ байгуулахаар хэлэлцэн тохиролцож гэрээг бичгээр хийсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл зохигчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээгээгүй байх ба мөн хуулийн 476.3 дахь хэсэгт заасан зүйлийг бичгээр байгуулсан гэрээндээ тусгаагүй байна.

 

Харин хөдөө аж ахуйн зориулалттай газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэж, төлбөр төлөх шинжтэй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний нэг төрөлд хамаарах харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ хэн зөрчсөн буюу гэрээний зарим хэсэг биелээгүйд хэн буруутай, түрээсийн гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх үр дагаврын талаарх үйл баримтыг талуудын мэтгэлцээнд үндэслэн тогтоох шаардлагатай байжээ. Уг ажиллагааг хийгээгүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тодруулахаар уриншийн ажлыг гүйцэтгэсэн “Э-” ХХК-ийн ажилтан Х.Анхбаяр, “Элсэн цагаан” ХХК-ийн захирал Ш.Р- нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг уг өдөр 102/ШЗ2018/13540 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ./1хх 135, 141-142 дугаар тал/ Гэтэл шүүх Х.Анхбаярыг гэрчээр асуусан атлаа Ш.Р-ийг гэрчээр асуугаагүй байна. Нэхэмжлэгч талаас гэрчээр Ш.Р-ийг асуулгах хүсэлтээсээ татгалзсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг уг өдөр 102/ШЗ2018/15734 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байна./1хх 172, 177-178 дугаар тал/ Иймд шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                          

                                      ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         С.ЭНХТӨР