Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 3277

 


 

 

 

2020 11 02 102/ШШ2020/03277

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.М

Нэхэмжлэгч: С.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДЦ ХХК

Хариуцагч: У.Б

Хариуцагч: АХ ХХК

Хариуцагч: Л.Д нарт холбогдох,

25,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагч У.Б, хариуцагч ДЦ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Жанчив, Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М, С.Энар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М, С.Энар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч ДЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Бтэй Тариалангийн талбай түрээслэх, хамтран уринш хийх тухай гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн 209 га газар болон АХ ХХК-аас түрээсэлсэн гэх 154 га талбайд уринш хийж, тариалан эрхлэх зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр нэхэмжлэгч нарын зүгээс уринш хийхэд шаардлагатай дизель түлш, ир, хүнс, газрын түрээсийн төлбөр болон ажлын хөлсийг хариуцах, хариуцагч талаас уринш хийхэд шаардлагатай газрыг ашиглах боломжоор ханган, техник тоног төхөөрөмж, ажилчдыг хариуцаж, хамтран ажиллахаар болсон.

Хариуцагч ДЦ ХХКнь дээрх гэрээг байгуулах үедээ АХ ХХК-ийн эзэмшлийн 154 га газрыг түрээсийн журмаар 3 жил эзэмших эрхтэй гэж тайлбарласнаар талууд гэрээний 4 дүгээр заалтад Уринш хийж байгаа 209 га, 154 га талбайд бичиг баримт, захиргаа гэх мэт маргаан гарвал ДЦ ХХКхариуцна гэж зааж өгсөн.

Нэхэмжлэгч нарын зүгээс гэрээнд заасны дагуу ДЦ ХХК-ийн эзэмшлийн 209 га газарт ДЦ ХХК-аар уринш хийлгүүлсэн. Харин түрээсээр эзэмшдэг гэх 154 га газарт Э ХХК-аар уринш хийлгүүлсэн бөгөөд уг 154 га газарт уринш хийлгүүлэх зардал болон түрээсийн төлбөрт 25,752,000 төгрөгний зардал гаргасан.

Ийнхүү нэхэмжлэгч нарын зүгээс уринш хийлгэсэн дээрх 154 га талбайдаа тариалалт хийхээр очиход уг газарт АХ ХХК-ийн зөвшөөрлөөр Элсэн цагаан ХХК тариалалт хийсэн байсан. Ингээд нэхэмжлэгч нар нь ДЦ ХХКболон АХ ХХК-д хандан биднийг хохиролгүй болгож өгөөч гэж хандсан боловч хэн алин нь хариу өгөөгүй. Нэгэнт тухайн газарт Элсэн цагаан ХХК тариалалт хийсэн учраас нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газрын гэрээнд зааснаар ашиглах боломжгүйд хүрч, хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 25,752,000 төгрөгийн хохирлыг амсаад байна. Иймд 154 га газарт хөрөнгө оруулсан зардал нийт 25,752,000 төгрөгийг ДЦ ХХК болон У.Б нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд хариуцагчаар ДЦ ХХК, АХ ХХК, Л.Д, У.Б нарыг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч АХ ХХК, Л.Д нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 25,752,000 төгрөгийг ДЦ ХХКболон У.Б нараас нэхэмжилж байна.

154 га газарт гарсан зардал болох 25,750,000 төгрөгний задаргааг тайлбарлавал: Тухайн 154 га газарт тариалалт хийхэд шаардлагатай рапсын үрийг худалдан авсны төлбөр 6,000,000 төгрөг, тус газрын түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг хариуцагч У.Бөд хүлээлгэн өгсөн, Э ХХК-аар уринш хийлгэсэн ажлын хөлс 6,160,000 төгрөг болон ажилчдын хоол хүнсний зардал, тоног төхөөрөмжийн зардалд нийт 25,752,000 төгрөг болсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээг түрээсийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь түрээсийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 327 дугаар зүйлийг баримтлах ба хэргийн нөхцөл байдлаас харвал Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн мөн давхар баримтлах ёстой. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээсэлж болно гэж заасан. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал АХ ХХК-аас Э.Батмөнхөд маргааны зүйл болоод байгаа хөдөө аж, ахуйн зориулалттай газрыг дамжуулан түрээслэх зөвшөөрөл олгосон баримт байдаггүй. Үүнээс харвал У.Буг газрыг дамжуулан түрээслэх эрхгүй байсан хэрнээ нэхэмжлэгч нарт түрээсэлсэн нь харагдана. Талуудын хооронд байгуулсан гэрээг харвал ДЦ ХХКболон У.Б нар бичиг баримтын болон захиргааны маргаан гарвал уг асуудлыг бүрэн хариуцах үүрэг хүлээсэн нь харагддаг. Дээрх нөхцөл байдлаас харвал бичиг баримтыг зөрчилтэй нь тогтоогдож байна гэж үзэж байхаас гадна яагаад У.Бийг хариуцагчаар татсан бэ гэвэл: У.Б нь гэрээг байгуулсан этгээд тул гэрээ байгуулсан этгээдээсээ давхар шаардах нь зүйтэй гэж үзсэн.

Иймд хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад бусдад түрээслүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тул тариалалт хийхэд зарцуулсан мөнгийг л хариуцагч нараас шаардаж байгаа. Түүнээс биш олох байсан ашиг, алданги гэх мэт зүйлийг шаардсан зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Б болон хариуцагч ДЦ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Мгэх хүн нь анх надтай утсаар холбогдож ...Танд уринш хийгээд тариа тарьчих газар байна уу... гэж асуусан. Үүний дагуу миний бие маргааны зүйл болоод байгаа газрын эзэнтэй холбогдож уринш хийж түрээслүүлэхээр холбож өгсөн. Ингээд С.Мнь надтай тухайн газрыг түрээслэж, уринш хийлгэх тухай гэрээг байгуулсан байдаг. Тухайн гэрээнээс надад зөвхөн ажилчдынхаа цалинг тавьж өгөх л ашигтай байсан. Ингээд манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Б.Мөнхбаярын түрээслэж байгаа газарт ажлаа хийхээр очиход танайхаар уринш хийлгэхгүй, мөнгөний бололцоогүй болчихлоо гэж хэлэхэд нь гэрээ байгуулсан байж яагаад больж байгаа юм бэ бид нар 200 километрийн цаанаас трактороо аваад хүрээд ирчихсэн байхад гэхэд мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн.

Гэтэл С.Мдараа нь Э ХХК-аар гэх компаниар уринш хийлгэсэн гээд тухайн зардлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд Э ХХК-аар уринш хийлгэсэн гэх баримттай танилцаад хуурамчаар бүрдүүлсэн баримт гэж үзэж байгаа. Учир нь уринш хийлгэсэн гэх төлбөр тооцооны актыг харвал дан тэгш тоо байдаг. Бодит байдал дээр тухайн төлбөр тооцооны актад бичигдсэн шиг бүх зардал нь тэгийн тоогоор төгсөх боломж байхгүй. Тэгээд ч С.Мтухайн компанитай гэрээ байгуулахдаа надтай байгуулсан гэрээнээс илүү өндөр үнээр тохиролцож гэрээ байгуулсан байдаг. С.Мнадтай байгуулсан гэрээндээ хоолны зардалд 300,000 төгрөг төсөвлөсөн байсан бол Э ХХК-тай байгуулсан гэрээнд 1,000,000 гаруй төгрөгийг хоолны зардалд төсөвлөсөн байдаг. Мөн уг гэрээнд уринш хийлгэхэд 2 жолооч түрээсэлж, хоногийн ажлын хөлсийг 250,000 төгрөгөөр тооцсон бөгөөд 40 хоног ажиллуулсан гээд тэр талаараа гэрчээс мэдүүлэг авч тухайн гэрч нь 6-7 сард уринш хийсэн гэж мэдүүлэг өгөх байдлаар хуурамч нотлох баримт цуглуулж тухайн уринш хийсэн зардал гэх 13,000,000 төгрөгийг нэхэмжлээд байдаг. Гэтэл бодит байдал дээр тухайн 154 га газрыг 3 хоногт л хагалаад дуусгачихыг ямар ч мэргэжлийн хүн хараад хэлнэ. Тэр рапсны үр худалдаж авсан гэх 6,000,000 төгрөгийн тухайд тухайн үр нь одоо хүртэл байж байх ёстой ямар нэг байдлаар гашилна, муудна гэж зүйл байхгүй. Миний хувьд нэхэмжлэгч нарыг тухайн үрийг бусдад зарсан эсхүл өөрсдөө хэрэглэсэн гэж үзэж байгаа. Би нэхэмжлэгч нараас ...Надаас нэхээд байгаа 6,000,000 төгрөгийн рапс чинь хаана байгаа юм. Би худалдаж авъя.. гэж асуухаар ...Агуулахад байгаа... гэж хариулдаг хэрнээ зарах, зарахгүй талаар огт юм ярьдаггүй. Иймд миний бие нэхэмжлэгч нарыг тухайн рапсыг аль хэдийн зарсан эсхүл ашиглачихсан хохиролгүй гэж үзэж байгаа. Түрээсийн төлбөрийн тухайд нэхэмжлэгч нар нь тухайн газрын өмчлөгч болох АХ ХХК-ийн захиралтай уулзаад түрээслэх талаараа болон надаар уринш хийлгэх болсон талаараа хэлж харилцан тохиролцсон. Гэтэл АХ ХХК, нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж тухайн талбайд өөр хүнээр тариалалт хийлгэчихсэн юм байна лээ. Нэхэмжлэгч нарын хувьд надтай 6 сард ...Та гэрээний үүргээ зөрчиж өөр хүнд уринш хийлгэх талбайг ашиглуулчихлаа... гэж холбогдсон. Гэтэл түүнээс өмнө аль хэдийн 4-5 сард тухайн газрыг АХ ХХК бусдад түрээслүүлээд тухайн хүн нь уриншаа хийгээд, хашаа татаж тариалалтаа хийчихсэн байсан. Миний хувьд Б.Мөнхбаяртай байгуулсан гэрээгээр тухайн газрын харж хамгаалах, хашаа барих үүрэг хүлээгээгүй байхад намайг гэрээгээ зөрчсөн, уринш хийгээгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд ч нэхэмжлэгч нар надаар уринш хийлгэхгүй гэж хэлж байсан. Тэр түрээсийн төлбөр гэх 6,000,000 төгрөгийг миний бие яах уу гэж АХ ХХК-ийн захирлаас асуухад ...Та аваад ир... гэж хэлсэн. Үүний дагуу миний бие нэхэмжлэгч нартай уулзаад гэрээ байгуулж тухайн түрээсийн төлбөрийг бэлнээр аваад 4,000,000 төгрөгийг нь АХ ХХК-ийн захирал н.Дашням гэх хүний данс руу шилжүүлсэн. Яагаад 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн бэ гэвэл н.Дашням гэх хүн надад ...Би одоо Хятад улс руу явах гэж байгаа. Надад мөнгөний хэрэг байна. Та газар тариалангийн хүн, таньдаг мэддэг хүн байвал миний газрыг түрээслүүлээд хөлсөнд нь 2,000,000 төгрөгийг нь ав... гэж хэлсэн. Нэг зүйл тодруулж хэлэхэд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа яг тодорхойлж чаддаггүй байнга өөрчилдөг. Хамгийн сүүлд л гэхэд надад холбогдуулан Төв аймгийн шүүхэд 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АХ ХХК болон Л.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн С.М, С.Энарын нэхэмжлэлтэй, ДЦ ХХК, У.Б, АХ ХХК, Л.Д нарт холбогдох, иргэний хэрэгт Л.Д, АХ ХХК нар нь хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч АХ ХХК болон Л.Д нарт холбогдох, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Иймд АХ ХХК болон Л.Д нар хариуцагч биш тул ямар нэгэн тайлбар бичих шаардлагагүй байна. Мөн хариуцагч биш болсонтой холбоотой 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч У.Бийн өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан тариалангийн талбай түрээслэх, уринш хийх гэрээний үүргийг шаарддаг. Тэгвэл өнөөдөр бид тухайн гэрээгээр хэн ямар үүрэг хүлээсэн юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ хэн зөрчсөн гэдгийг онцгой анхаарах ёстой гэж үзэж байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа дараах үндэслэлүүд байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл маш тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгч талаас уг гэрээг ямар гэрээ гэж үзээд байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч тал нь хариуцагч талаас Иргэний хуульд заасан ямар үүргийг шаардаад байгаа нь тодорхойгүй.

2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 25,752,000 төгрөгөөс хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй.

3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд тариалалт хийхээр түрээсэлсэн газарт бичиг баримт болон захиргааны маргаан гарвал ДЦ ХХК хариуцахаар зааж өгсөн байдаг. Өнөөдрийн маргааны хувьд АХ ХХК-ийн газарт С.Мтариа тарьснаас болж үүссэн маргаан. Гэрээнд зааснаар бол нэхэмжлэгч нарын түрээслэхээр тохиролцсон газар нь гэрээнд заасан хугацаандАХ ХХК-ийн эзэмшлийн газар биш болоод тухайн асуудлаас болж захиргааны маргаан үүсвэл ДЦ ХХК хариуцахаар зааж өгсөн байгаа. Яагаад уг асуудлыг дурдаж байна вэ гэвэл нэхэмжлэгч нар тухайн тариа тариалах газрыг хэний өмчлөлийн газар гэдгийг мэдэхгүйгээр очиж үйл ажиллагаагаа явуулна гэж байхгүй. Нэхэмжлэгч нар нь хэний эзэмшлийн газарт тариа тарих гэж байгаагаа мэдэж байсан. Энэ талаар нэхэмжлэгч нар ч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. Үүнээс харвал хэнээс болж нэхэмжлэгч нар нь тухайн газарт тариалалт хийх боломжгүй болсон нь тодорхой болсон буюу АХ ХХК-ийн захирал Л.Дын буруутай үйл ажиллагаанаас болж л тариа тарьж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн байдлаар хариуцагчаар татагдсан этгээдүүд хариуцах ёсгүй гэж үзэж байна. Хариуцагч нарын тухайд нэхэмжлэгч нарт гэрээнд заасны дагуу тариа тариалах боломжтой газар шилжүүлсэн үү гэвэл, шилжүүлсэн. Энэ нь яаж нотлогдож байна вэ гэвэл. Нэхэмжлэгч талын Э ХХК гэх компаниар газар хагалуулсан ба тухайн газар хагалуулсан зардал болох 13,752,000 төгрөг, газар хагалахтай холбогдуулан 6,000,000 төгрөгийн рапс авсан гэж нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэнээр тогтоогдож байна.

Хэргийн материалд авагдсан гэрээг харвал С.М154 га газрыг түрээслэх тухайн түрээсэлсэн газрыг У.Бхагалж өгөөд, үр тариаг нь хурааж авахаар л зохицуулалт хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан газрыг өөрсдийн ашиглалтад шилжүүлж авсныхаа дараа У.Бтухайн газрыг хагалуулаагүй хэрнээ өөр этгээдээр хагалуулсан гэдэг тайлбар өгдөг. Гэхдээ хэргийн нөхцөл байдлыг харвал тухайн газрыг өөр этгээдээр хагалуулсан гэдэг нь ч маргаантай. Яг хагалуулсан эсэх нь тодорхойгүй, үнэхээр тухайн газрыг хагалуулсан бол тухайн хагалсан газарт өөр этгээд тариалалт хийхгүй байх. Өөрөөр хэлбэл тухай газрын аюулгүй байдлыг харж хандах үүрэг талуудын хооронд байгуулсан гэрээгээр хэнд нь байсан бэ гэдгийг харах хэрэгтэй болно. Маргаан бүхий газрыг түрээслэх эрхтэй этгээд нь ДЦ ХХК болон У.Ббиш байдаг. Тэгээд ч талуудын хооронд байгуулсан гэрээгээр тухайн 2 этгээд нь түрээсэлж буй газрын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч нар үнэхээр түрээсийн гэрээ байгуулаад хавар нь тариа тарина гэсэн бол тухай газрын аюулгүй байдал болон бусдад түрээслүүлэхгүй байх нөхцөл байдлыг хангах үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нар нь өөрсдөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газарт тариа тарьж чадаагүй нь хариуцагч нарыг шууд буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байгаа.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд ДЦ ХХК зөвхөн бичиг баримт болон захиргааны маргаан гарсан тохиолдолд л тухайн асуудлыг хариуцна гэж заасан байдаг. Хэргийн материалаас харвал нэхэмжлэгч нар нь хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгоогүй байж өөрсдөө түрээсэлсэн талбайдаа тариалалт тарьж чадаагүй гэх тайлбар нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл биш бөгөөд тухайн асуудлыг бичиг баримтаас болж үүссэн маргаан гэж үзэх боломжгүй.

Түрээсийн төлбөр гэх 6,000,000 төгрөгийн тухайд тухайн мөнгө нь хэний данс руу шилжиж орсон тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс хойших зардал болох уринш хийх болон рапс худалдаж авсан гэх зардал нь тус тусдаа өөр асуудал. Рапсны хувьд муудаж, гашилдаггүй тул нэхэмжлэгч нар одоо ч ашиглах, захиран зарцуулах боломжтой гэж үзэж байгаа. Үнэхээр ашиглах боломжгүй болсон бол тэр талаарх баримтаа гаргаж өгөх ёстой байсан гэж үзэж байна. Харин уринш хийхтэй холбогдуулан гарсан гэх зардлын тухайд нэхэмжлэгч нар нь У.Ббус Э ХХК гэх компаниар уринш хийлгэсэн гэж тайлбарладаг тул тухайн уринш хийлгэсэн гэх компаниасаа л шаардах ёстой гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч нар ДЦ ХХКболон У.Бнарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгоогүй байж, танайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Бийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2016 онд талууд ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг байгуулсны дараа нэхэмжлэгч нь хариуцагч У.Б нараар хийлгэх ёстой байсан ажлыг хийлгэхгүй Э ХХК-аар уг ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсоныг талуудын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хавтаст хэргийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М, С.Энар нь хариуцагч ДЦ ХХК, У.Б, АХ ХХК, Л.Д нарт холбогдуулан Төв аймгийн Баянцогт суман дахь 154 га газарт хөрөнгө оруулсан зардал 25,752,000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг ДЦ ХХК, У.Бөөс, 19,752,000 төгрөгийг АХ ХХК, Л.Д нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, АХ ХХК болон Л.Дд холбогдох нэхэмжлэлээ татан авч, хариуцагч ДЦ ХХКболон У.Бөөс 25,752,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэгэнт нэхэмжлэгч нар нь хариуцагч АХ ХХК, Л.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч АХ ХХК, Л.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин хариуцагч ДЦ ХХК, У.Б нар нь 25,752,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ... АХ ХХК-ийн эзэмшлийн 154 га газрыг нэхэмжлэгч нарт дамжуулан түрээслээгүй, харин АХ ХХК-тай нэхэмжлэгч нарыг холбон өгч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн, ...уг 154 га газарт манай компаниар уринш хийлгэнэ гэж тохиролцсон боловч мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хийлгээгүй байж, Э ХХК-аар уринш хийлгэсэн гэдэг нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч нар болон хариуцагч ДЦ ХХКнарын хооронд байгуулагдсан Тариалангийн талбай түрээслэх, уринш хийх тухай харилцан тохиролцооны гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар нь уринш хийхэд шаардагдах дизель түлш, ир, боолт ир, хүнс, түрээс, ажлын хөлс, техникийн түрээсийн талыг төлөхөөр, хариуцагч ДЦ ХХКнь уринш хийх 209 га, 154 га талбайн бичиг баримт, захиргаа, тоног төхөөрөмж, ажилчдыг хариуцахаар харилцан тохиролцжээ./1хх 17 дугаар тал/

 

Талууд дээрх гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргахгүй байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ДЦ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тус гэрээнд гарын үсэг зурсан У.Б биш байх боловч хариуцагч ДЦ ХХКнь уг гэрээ байгуулагдсан гэдэгт маргаагүйгээс гадна уг гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар ямар нэгэн сөрөг шаардлагыг гаргаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарладаг.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгаас үзвэл хөдөө аж ахуйн зориулалттай газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэж, төлбөр төлөх шинжтэй байх тул Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.1 дэх хэсэгт заасан Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Уг гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар хариуцагч ДЦ ХХКнь 154 га газрыг гэрээний хугацаанд зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүрэг хүлээжээ.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт давхар байгаа мэт боловч хариуцагч ДЦ ХХКнь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх тул энэ чиглэлийнхээ хүрээнд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг хүртэхэд нь зориулж, өөрийн тоног төхөөрөмж, ажиллах хүчээ нэхэмжлэгч нар ашиглуулахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар 154 га газар нь АХ ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд уг газарт Элсэн цагаан ХХК тариалалт хийснээр нэхэмжлэгч нар нь гэрээний хугацаанд уг 154 га газарт тариалалт хийх боломжгүй болсон нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч ДЦ ХХК-ийг нэхэмжлэгч нарт уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах нөхцлийг бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байх боловч хохирол учирсан гэдгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн учраас Э ХХК-аар тус 154 га газарт уринш хийлгэхэд төлсөн ажлын хөлс, хоол, унааны зардал болон тоног төхөөрөмжийн зардалд 13,752,000 төгрөгийг, тариалалт хийх зорилгоор худалдан авсан рапсын үнэ 6,000,000 төгрөгийг нэхэмжилж, энэхүү нэхэмжлэлээ нотлохоор Рапсын үр худалдах, худалдан авах гэрээ, Э ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн байх боловч уг гэрээнүүд хэрэгжсэн эсэх, уг гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүх шинжээч томилж, уг 154 га газарт уринш хийхэд хэдэн төгрөгний зардал гарах талаар дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлт нь нэхэмжлэгч нарыг тухайн талбайд уринш хийсэн болохыг нотолсон баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/09581 дугаартай захирамжаар шинжээчийг 154 га газарт хавалтаар уринш хийхэд хэдий хэмжээний зардал гарахыг тогтоолгохоор даалгасны дагуу уг дүгнэлт гарчээ.

 

Иймд дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нар нь Э ХХК-аар уринш хийлгүүлсэн, рапсын үр худалдаж авсан гэж дүгнэх боломжгүй байна гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нар нь 154 га газрын түрээсийн төлбөр гэж 6,000,000 төгрөгийг хариуцагч У.Бөд өгсөн болохыг хариуцагч У.Б хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Хариуцагч У.Б нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ямар нэгэн эрх, үүрэг хүлээсэн этгээд биш байх тул 154 га газрын түрээсийн төлбөрт нэхэмжлэгч нараас 6,000,000 төгрөг хүлээн авсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч У.Бөөс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын хариуцагч ДЦ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,752,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 327 дугаар зүйлийн 327.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Бөөс 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нар олгож, нэхэмжлэгч нарын хариуцагч ДЦ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,752,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч АХ ХХК, Л.Д нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА