Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 19

 

С.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, С.Батболд, хохирогчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1007 дугаар магадлалтай, С.Л-д холбогдох 1707003490135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт С-ийн Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Л-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Л-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Л-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Л-ийг 3 жил 06 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн, “...Шүүгдэгч С.Л-ийг нэн даруй хорьж, оногдуулсан хорих ялын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Л гаргасан гомдолдоо “...Миний бие үйлдсэн гэм буруудаа чин сэтгэлээсээ гэмшиж, хүлээн зөвшөөрч, гэм буруугийн улмаас учирсан бодит хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчид бүрэн төлж барагдуулсан болно. Хохирогч Х.М давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1007 дугаар магадлалаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн атал анхан шатны шүүхийн шийдвэрт 3 жил 06 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр өөрчлөлт оруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшин харамсаж байгаа болон хохирлыг барагдуулсан” зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. С.Л нь ийм асуудалд холбогдсондоо гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөн хүндэтгэж, шүүхээс тогтоосон хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчид төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Х.М нь “Хохирлыг энэ хурлын өмнө төлсөн” гэсэн мэдүүлгээс харахад, анхан шатны шүүхийн “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо 3 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын торгох ял оногдуулах тухай гаргасан санал, тайлбар, хохирогчийн ялын талаарх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт хийж, хэргийн үйл баримтад үнэн зөв үнэлэлт өгч шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зохицуулалтын мөн чанар, агуулгатай нийцсэн байхад давж заалдах шатны шүүх нийцээгүй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг барьж, С.Л-ийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх С.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгч С.Л-д ашигтайгаар шийдвэрлэсэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Энэ хугацаанд хохирогч 9,200,000 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилсэн. Хохирогч Х.М нь гомдол саналгүй, хохирол бүрэн барагдсан гэж хүсэлт гаргасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Барсүрэн хэлсэн саналдаа “...С.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч С.Л-ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, эмчилгээний зардлыг бүрэн төлсөн байна. Ял шийтгэлийн хувьд тусгайлан гаргах санал байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Л-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

С.Л нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уурхайн ажилчдын амралтын гэрт Х.М-тэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Л-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Х.М нь “Миний бие хохирол болох нийт 10,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээн авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. С.Л-ийг нийгмээс тусгаарлалгүйгээр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Л-ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, хуульд заасан хэмжээгээр оногдуулсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн оногдуулсан торгох ял нь яагаад тохироогүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж үгүйсгэн няцааж чадаагүй атлаа торгох ялыг хорих ял болгон өөрчилсөн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1007 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн С-ийн Л-ийг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

2 дахь заалт буюу “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн, “Шүүгдэгч С.Л-ийг нэн даруй хорьж, оногдуулсан хорих ялын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай” гэснийг,

3 дахь заалтын “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож” гэснийг тус тус хүчингүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН