Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 175

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогчийн өмгөөлөгч Д.Барсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд,

шинжээч эмч С.Төгсбуян,

хохирогч Х.*******,

гэрч О.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:    

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707003490135 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар *******,******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Ч.******* нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн оройн 19 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт байрлах уурхайн ажилчдын амралтын гэр дотор Х.*******тай маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбээ, зүүн хацарт цус хуралт, баруун хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С.******* нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой ны нутаг дэвсгэрт байрлах уурхайн ажилчдын амралтын гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуу сууж байсан Х.*******тай 19 цагийн орчимд нүүрс ачих очер дугаараас болж маргалдан түүнийг зодож, цохин улмаар түүний эрүүл мэндэд зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбээ, зүүн хацарт цус хуралт, баруун хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим намайг уурхайн гэрт ороход ******* гэх хүн 0.75 шилийн архины талыг уусан, хоёр тийшээ алхсан бухимдалтай байдалтай байсан. Би хохирогчоос ыг асуухад ууртайгаар “би танихгүй, таних ч албагүй” гэж хэлсэн. Би хохирогчийг согтуу гэдгийг мэдээд “чамтай ярих юм байхгүй, чи согтуу байна” гэж хэлээд гэрээс гарах гэхэд хохирогч “миний согтуу байх чамд хамаагүй” гэж хэлээд миний араас татаж, баруун гар луу цохиод цамцнаас зуурсан. Би сандарсандаа *******ыг хойшоо нь түлхээд гэрээс гараад машиндаа суугаад явсан. Дээрхи асуудал 5-6 минут үргэлжилсэн. Энэ явдал болсны 2-3 хоногийн дараа манай таньдаг хүн надад “чиний нэртэй өргөдөл цагдаа дээр байна лээ” гэж хэлсэн. Би өөрөө цагдаа дээр очиж лавлахад ******* гэх хүн өргөдөл өгсөн байсан. Хохирогчийн утасны дугаарыг аваад гэрт нь очиход ******* надад “шүүх дээр очиж асуудлаа шийдүүлье, би чамтай зодолдсон байх гэж бодож байна” гэж хэлсэн. Би ийм асуудалд холбогдсондоо гэмшиж байна. Энэ асуудлыг харсан хүн байхгүй. Би шүүхийн эцсийн шийдвэрийг хүндэлж 3.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.*******ын өгсөн: “... 2017 оны 12 оны 03-ны өдөр би Улаанбаатар хотод байрлах гэрээсээ гарч ы уурхайгаас нүүрс ачихаар ирсэн. Зил-130 машин нүүрс ачиж байсан. Би нүүрс ачихад туслах үедээ оосорлогч Шонхоотой 0.33 литрийн архийг хувааж уусан. Зил-130 машины толгойг ачаад чиргүүлийн ачааг ачиж байх үед тэнд байсан хүмүүстэй дахиж архи авч хувааж уусан. Тухайн үед би ууртай бухимдуу байгаагүй. Надад уурлах шаардлага байхгүй. Нүүрсээ ачаад дуусан бол би найз нөхдөө дуудаж машинаа бариулах байсан. Уурхайн аман дээр зогсож байхад шүүгдэгч ирж байгаа нь харагдсан. Шүүгдэгч гэрт орж ирээд оочероос болж бид хоёр маргалдсан. Намайг шүүгдэгч “чи хөгшин юм байж яах гэж дандаа ийм зан гаргадаг юм бэ, дуугүй бай” гэж хэлээд гэрийн хаалгыг дотроос түгжээд намайг буйдан дээр сууж байхад өшиглөж унагаад хоолойг боосон. Би “арай их зодож байгаа юм биш үү” гэж хэлэхэд “битгий солиор” гэж хэлээд дээрээс дэвсэж зодсон. Шүүгдэгчийн гутал хатуу ултай байсан байх. Тэгээд оосорлогч хаалга нүдэхэд шүүгдэгч онгойлсон. Оосорлогч гэрт орж ирээд “буйдан битүү цус гаргаж хаяхаар болчихсон байна” гэж хэлсэн. Би шүүгдэгчийн нэрийг мэдэхгүй тул хүнээс асууж нэрийг мэдсэн. Намайг гэрээс гараад машинд оруулахад толгой өвдөөд машин дотор унтсан байсан. миний цустай цамцыг тайлж гэрээс өөр цамц гаргаж өмсгөсөн. , хоёр намайг буудалд оруулж өгсөн. Би буудлын хүнээс гар утсыг гуйж найз нөхөд, дүү нар руугаа ярьсан. Намайг найз ирж аваад би ахын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь цагдаад өргөдөл өгч, шүүх эмнэлэгт шинжилгээ өгсөн. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр болоод Бямбасүрэн гэх хүнээр машинаа бариулж, Улаанбаатар хотыг гэмтлийн эмнэлэгт очиж томографикын зураг авахуулахад  тархины яс цөмөрсөн байсан. Би тухайн өдрөө эхнэрээр сахиулж эмнэлэгт хамт хэвтсэн. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шууд  хагалгаанд орсон. Одоо би хөдөлмөрийн чадвараа алдаж, грүпэд орсон. Намайг тухайн үед шүүгдэгч маш хэрцгийгээр зодсонд гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “...Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн томографикийн зурагт гавлын зүүн чамархай ясанд 3,1 сантиметр өргөн дотогш 0,5 сантиметр гүн цөмөрсөн хугаралтай гэж байгаа юм. Энэ нь гаднаасаа дотогшоогоо цөмөрөөд орсон гэсэн үг. Хугарал байгаа зүүн чамархай хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн цохих цохигдох зүйлээр үүснэ. Чулуу ч юм уу ир эрмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гутлын аль хэсгээр цохиж байгаагаас шалтгаалан гэмтэл үүснэ. Гутлын өлмий хэсгээр өшиглөвөл тухайн гэмтэл үүсч болно. Мөн үзлэгээр хохирогчийн хүзүүнд үүссэн зулгаралт өшиглөх үед үүсч болно. Хүзүүний баруун талаар 12 сантиметрийн зураасан хэлбэрийн зулгаралт нь голчлон хувцасны зах, гинжээр боох үед үүсэх боломжтой. Гараар боох үед үүсэх зулгаралт биш. Баруун чихний дэлбээнд цус хуралт нь цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зуун хацрын цус хуралт нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хацар, баруун шуунд зөөлөнд эдийн няцралт нь хөхрөөгүй хавдсан гэмтэл юм. Тухайн гэмтлийг уналтаас үүслээ гэхэд зүүн чамархай ясны гэмтэл байгаа. Энэ нь зүүн талаар унасан байж болно. Гэтэл баруун талд гэмтэл байгаа. Хохирогч зүүн талаараа унаад, дараа нь баруун талаараа унасан болж таарч байна. Олон унах процесс явагдсан болж харагдаж байна. Нэг удаагийн уналтаар дээрх гэмтлүүдийг авах боломжгүй. Олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.*******гийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой намайг ажлаасаа ирж гэрт байх үед манай охин “ээж ******* ах хүнд зодуулсан байна” гэж хэлсэн. Би охиныгоо аваад ир гэж хэлэхэд манай охин аваад ирсэн. Хохирогчийн царай аймар, цусандаа будагдсан байсан. Хохирогч багаасаа миний гар дээр өссөн, хүнтэй зодоон хийхээр хүн биш. Өсвөр насны 3 хүүхэд, эхнэрийн  хамт амьдардаг. Тухайн оройноо би хохирогчийн хувцсыг тайлуулж авч, эд мөрийн баримт гэж бодоод хураасан. Маргааш өглөө нь цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Шүүх эмнэлэгт очиж үзүүлж дүгнэлт гаргуулсан. Улаанбаатар хот руу явж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд тархины хүнд гэмтэл авсан байсан учир хагалгаанд орсон. Хохирогч эрүүл саруул, ажил хөдөлмөрөө эрхэлж байсан хүнийг ийм болтол зодсонд харамсаж байна. Би тухайн өдрөө Лодой гэх хүн *******ыг зодсон гэдгийг мэдсэн. Хэрвээ үнэн зөв гэж зүйл байдаг бол ажил төрлөө хийж явсан эрдэнэт хүний амь нас ийм байдалтай болгосон асуудалд хариуцлага тооцож өгнө үү. Шүүгдэгчийг шоронд суулгасан ч гэсэн хохирогчийн тархи толгой зүгээр болохгүй шүү дээ. Биеийн байдал нь муу, өмссөн хувцасны ар тал битүү цус болсон, ам, хамар нь хавдаад цус болсон, тархи толгойноос нь цус гойжоод хатсан, хоёр гар нь битүү хавдартай байсан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судласан:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд

/хх-ийн 11-19 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.ы өгсөн: “...******* хүнд зодуулсан байдалтай, нүүр ам нь хавдсан, цус болчихсон орж ирсэн. Би тэгэхээр нь юу болсон талаар тодруулахад уурхай дээр нүүрс авах гэж байгаад хүнд зодуулчихлаа гэсэн” гэх мэдүүлэг

/хх-ийн 44 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч ын өгсөн:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгын гаргасан №08/шэ/613 дугаартай

1.Х.*******ын биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбээ, зүүн хацарт цус хуралт, баруун хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 56 дугаар хуудас/,

2018 оны 07 сарын 30-ны өдрийн №08/шэ374 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн

1.Х.*******ын биед үүссэн зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр мөн хязгаарлагдсан гадаргуутай зүйл дээр толгойн зүүн чамархай хэсгээр унах үе үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Х.*******ын 2017.12.04-ний өдрийн толгойн КТГ шинжилгээнд илэрсэн хамар ясны хуучин хугарал нь хэзээ ямар шалтгаанаар үүссэнийг тогтоох боломжгүй ба дээрх хамар ясны хуучин хугарал нь гэмтлийн гаралтай үүссэн тохиолдолд гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Х.*******ын биед үүссэн хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбээ, хацарт цус хуралт, баруун хацар,  баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт

/хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн “би сандарсандаа хохирогчийг түлхэхэд бөгсөөрөө буйдангийн баруун тал руу суусан байдалтай унасан. Энэ асуудлыг харсан хүн байхгүй. Бид хоёрыг түлхэлцэх үед хохирогчийн хамраас цус гарч байсан. Хохирогч Х.*******ын “шүүгдэгч намайг чи хөгшин юм байж яах гэж дандаа ийм зан гаргадаг юм бэ, дуугүй бай гэж хэлэхэд гэрийн хаалгыг дотроос нь түгжээд буйдан дээр сууж байхад өшиглөж унагаад хоолойг боож дээрээс дэвсэж зодсон. Маргааш нь гэмтлийн эмнэлэгт очиж томографикийн зураг авахуулахад тархины яс цөмөрсөн байсан. Шинжээч эмч С.Төгсбуянгийн “хохирогчийн гавлын зүүн чамархай ясанд 3,1 сантиметр өргөн дотогш 0,5 сантиметр гүн цөмөрсөн хугаралтай гэж байгаа юм. Энэ нь гаднаасаа дотогшоогоо цөмөрөөд орсон гэсэн үг. Нэг удаагийн уналтаар дээрх гэмтлүүдийг авах боломжгүй. Энэ гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Зүүн талаараа уналаа гэхэд баруун талдаа гэмтсэн байгаа” гэсэн мэдүүлгүүд болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судласан “шинжээч эмчийн гаргасан №08/шэ/613 дугаартай Х.*******ын биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбээ, зүүн хацарт цус хуралт, баруун хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.ын “би тэр өдөр ы уурхайн нүхний амсар дээр ажиллаж байсан юм. Оройн 19 цагийн үед байх гэр дотор нижигнэсэн чимээ гараад байхаар нь гэрт ороход *******, портерийн жолооч ******* хоёр бие биенээ заамдчихсан байсан. Тэр хоёрыг салгаад *******ыг машинд нь суулгасан. Суулгаснаас хойш ******* машинаасаа буугаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч С.******* нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой ны нутаг дэвсгэрт байрлах уурхайн ажилчдын амралтын гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуу сууж байсан Х.*******тай 19 цагийн орчимд нүүрс ачих очер дугаараас болж маргалдан түүнийг зодож, цохин улмаар эрүүл мэндэд нь учрах үедээ амь насанд аюултай зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбээ, зүүн хацарт цус хуралт, баруун хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий шарх зулгаралт санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч С.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа энэ гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо 3 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “торгох ял оногдуулах” тухай гаргасан дүгнэлт, тайлбар, хохирогч нь улсын яллагчийн торгох ялын талаарх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, эмчилгээний зардалд 9.298.545 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 2.479.774 төгрөгийг шүүгдэгч С.*******гээс гаргуулан хохирогчид олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******гийн *******д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гээс 2.479.774 /хоёр сая дөрвөн зуун далан есөн мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.*******ад олгосугай.

7. Хохирогч Х.******* нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ