Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/ШШ2023/0028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Баттулгын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Нэхэмжлэгч: Э.Б

Хариуцагч: МУЗГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Гомдол гаргасан тогтоол: ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоол

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б

Иргэдийн төлөөлөгч: Ш.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 221/2023/0082/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б нь МУЗГт холбогдуулан “ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Эрхэмбаярын Баттулгыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Эрхэмбаяр овогтой Баттулга Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэн Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хандсан боловч хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр төрийн жинхэнэ албан хаагч намайг хохироож байгаа тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-ын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар жинхлэн томилогдсон. Улмаар Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж, ЗГ-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар жинхлэн томилогдсон. Газарзүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албан тушаалд 16 жил ажилласан.

3.1. 2002-2004 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004-2008 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга, 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын дарга, 2020-2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажилласан. УБИС-ийг газарзүйн ухааны бакалавр, магистрын зэрэгтэйгээр, Австрали улсын Жэймс Кукийн их сургуулийг бизнесийн удирдлага /олон улсын аялал жуулчлал/-ын магистрын зэрэгтэйгээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер цолтойгоор төгссөн.

3.2. Анх 2003 онд төрийн албан хаагчийн шалгалт өгч тангараг өргөснөөс хойш тухай бүр удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад орж төсвийн шууд захирагчаар хуулийн дагуу шатлан дэвших зарчмаар томилогдон ажиллаж байсан. Хариуцсан ажил бүрдээ хууль дээдлэх зарчмыг чанд сахиж, мэргэжил мэргэшлийн дагуу үр бүтээлтэй ажилласныг салбарын хамт олон маань гэрчилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар удаа дараа шагнуулж, олон улсын байгаль орчны шагналыг хүртэж байсан маань ч илтгэх биз ээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/1242 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар намайг албан тушаалаас чөлөөлсөн. Сайдын хүсэлтэд дурдсан асуудлаар миний бие Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын даргад тайлбар бичгээр гаргасан. Нэхэмжлэлд хавсаргав.

3.3. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгэснээр ирснийг хөндлөнгийн байгууллагуудын үнэлгээ дүгнэлт харуулна гэж үзэж байна. Тухайлбал: Авлигатай тэмцэх газраас судалгааны байгууллагуудтай хамтран гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр сүүл мушгисаар ирсэн яам маань 2022 онд төрийн байгууллагуудаас хамгийн өндөр эерэг өсөлтийг үзүүлсэн. 2022 онд санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар төсвийн шууд захирагчийн хувиар зөрчилгүй дүгнэлт авсан. Сүүлийн 3 жил хязгаарлалттай санал дүгнэлт аваад байсан юм. Эзэмшсэн мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, салбарын хамт олныхоо дэмжлэгт итгэл дүүрэн ажиллаж байсан болохоор богино хугацаанд салбарын хуримтлагдсан олон асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх алхмуудыг хийсэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд шийдэл бүхий гарц гаргаж, бүтээлчээр, чин сэтгэлээсээ ажилласныг онцлон тэмдэглэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаас талархлын захидал хүлээн авсан.

3.4. Болзол шаардлагыг бүрэн хангаж хууль ёсоор томилогдсон ТНБД-ын хувьд олон жил байгуулагдахгүй байсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг бүрэн сэргээж, даргын чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Тухай бүр улс төрийн дарамт, шахалтыг сайдын зүгээс үзүүлж, хуулиар тусгайлан зохицуулсан харилцаанд ч бүдүүлгээр хутгалдсаар байсныг ТАЗ-ийн гишүүд сайн мэднэ. Энэ бүхэн нь эцэстээ хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар томилогдсон ч хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болов. ТНБД-ын хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр сайдын сонирхолд нийцэхгүй бол хүсэлт бичээд чөлөөлүүлдэг буруу жишиг тогтож буйд харамсаж байна. Хувь хүнийхээ хувьд нэр төр, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирлоо.

3.5. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Төрийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын ЗГ-ын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хохирлосон байх тул ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.Бас МУЗГт холбогдуулан гаргасан ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-ын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ-ын тогтоолоор уг албан тушаалд жинхлэгдэн томилогдсон.

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлэхгүй зориуд эсэргүүцэх, төрийн албан хаагчдыг төрийн захиргааны удирдлагаар хангах, яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдах, яамны нэгж хоорондын уялдаа холбоог хангах, салбарын болон бусад шилдэг боловсон хүчнийг яаманд ажиллуулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байсан. Энэ нь тухайн үеийн Байгаль орчин,  аялал жуулчлалын яаманд 35 орон тоо сул байгаагаар тогтоогддог.

4.2. Түүнчлэн, гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг хариуцлагатай албан тушаалд томилох, садан төрлийн хүнээ болон мэдлэг, чадваргүй, мэргэжлийн бус хүнийг албан тушаалд томилох, тэдгээр хүмүүсээс нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох зэргээр яамны болон салбарын ажил, нэр хүндийг унагааж, улмаар яамны төрийн албан хаагчдыг өөр хооронд нь талцуулан хагаралдуулж, яамны олон нийтэд үйлчлэх зарим үйл ажиллагааг өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс удаа дараа гацаах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх ноцтой худал мэдээллийг яам болон салбарын хэмжээнд тараах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасны улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам эрхлэх асуудлын хүрээнд ЗГ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд сөрөг үр дагавар учруулж байсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тухайн үед дээрх нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч Э.Бд хэлж, анхааруулж, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй болно.

4.3. Иймд нэхэмжлэгчийг Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7 дугаар зүйл, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд тус тус заасан Төрийн нарийн бичгийн даргын чиг үүргийг хангалттай хэрэгжүүлээгүй үндэслэлээр Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Бас “Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний Монгол Улсын ЗГ-ын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад уг албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, ЗГ-ын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” 504 дүгээр тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар жинхлэн томилогдсон байна.

2.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Монгол Улсын сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд хандан 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/1242 дугаар “... Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 18 дугаар  зүйлийн 7-д заасан үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажиллах ёстой. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Б нь хуулиар хүлээсэн дээрх үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлж, сайдын өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлэхгүй зориуд эсэргүүцэх, төрийн албан хаагчдыг төрийн захиргааны удирдлагаар хангах, яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдах, яамны нэгж хоорондын уялдаа холбоог хангах, салбарын болон бусад шилдэг боловсон хүчнийг эрж олон яаманд ажиллах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байна... сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх ноцтой худал мэдээллийг яам болон салбарын хэмжээнд тараах зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж байгаагаас шалтгаалан яам эрхлэх асуудлын хүрээндээ ЗГ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ноцтой саад, сөрөг үр дагавар учирч байна ... Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг холбогдох хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг хүргүүлжээ.

2.3. Улмаар дээрх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 102 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг доор дурдсанаар ангилна” гээд 6.1.2-т “төрийн захиргааны алба”, 6.2-т “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-д заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1.2-т “төрийн захиргааны албан тушаал”, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана” гээд 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасан.

3.1. Нэхэмжлэгч Э.Баттулгын эрхэлж байсан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн захиргааны ТЗ-13 ангилалд хамаарах буюу Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т заасан төрийн жинхэнэ албанд хамаарч байх ба дээрх хуулийн хэм хэмжээнүүдээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь гагцхүү хуульд заасан үндэслэлээр түр чөлөөлөх, чөлөөлөх, халахаар зохицуулсан байна.

3.2. Гэтэл маргаан бүхий Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 102 дугаар тогтоолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж байгаа болох нь тодорхойгүй, энэ талаар тусгаагүй байна. Энэ нь хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

4. Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д “Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, ЗГ-ын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ”. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын ЗГ-ын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно” гэж тус тус заасан.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/1242 дугаар албан бичигт тусгагдсан саналыг мөн дурдаж, Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд тус тус заасан Төрийн нарийн бичгийн даргын чиг үүргийг хангалттай хэрэгжүүлээгүй үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

4.2. Гэтэл хариуцагчаас тайлбарлаж буй үндсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэх санал хүргүүлэх тухай бичигт тусгагдсан зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

4.3. Тодруулбал, Э.Б нь хуулиар хүлээсэн дээрх үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, сайдын өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлэхгүй зориуд эсэргүүцсэн, төрийн албан хаагчдыг төрийн захиргааны удирдлагаар хангах, яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдах, яамны нэгж хоорондын уялдаа холбоог хангах, салбарын болон бусад шилдэг боловсон хүчнийг эрж олон яаманд ажиллах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүргээ туйлын хангалтгүй биелүүлсэн талаар, мөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг, садан төрлийн болон мэдлэг, чадваргүй, мэргэжлийн бус хүнийг албан тушаалд томилсон, яамны олон нийтэд үйлчлэх зарим үйл ажиллагааг өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс удаа дараа гацаасан, сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх ноцтой худал мэдээллийг яам болон салбарын хэмжээнд тараах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

4.4. Хэрэгт авагдсан ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ХЭГ/3184 дугаартай “Талархал илэрхийлэх тухай” захидал, Авлигатай тэмцэх газрын 2022 оны “Шударга байдлын үнэлгээ” судалгааны тайлан, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 982 дугаар аудитын санал, дүгнэлт зэрэг баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Э.Б нь үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгээгүй, биелүүлээгүй, сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хэмжээний үйлдэл удаа дараа гаргасан гэж үзэхээргүй байна.

4.5. Шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Тайлбар, баримт гаргуулах тухай” 2/2249 дүгээр албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 1/2481 дүгээр албан бичгээр тус тус нэхэмжлэгч Э.Баттулгын гаргасан гэх зөрчилтэй холбоотой нотлох баримтыг удаа дараа шаардахад хариуцагчаас гаргаж өгөөгүй. Маргаан бүхий Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 102 дугаар тогтоолыг гаргах болсон үндэслэлээ нотолж чадаагүй.

5. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гээд 46.2.1-д “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.2.3-д “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална” гээд 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 47.1.3-д “Монгол Улсын харьяатаас гарсан”, 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж тус тус заасан.

5.1. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч Э.Баттулгыг Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйлүүдэд заасан чөлөөлөх болон халах ямар үндэслэл байгааг бүрэн нотолж, тогтоохгүйгээр зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/1242 дугаар албан бичгийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

5.2. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Ирцийн талаар: Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр1/1782 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гардаж аваагүй тул дахин 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/1897 дугаар албан бичгийг хүргүүлсэн.                    Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар гаргах хуульд заасан 14 хоногийн хугацааг хэтрүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн.

6.1. Шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр товлосон боловч товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр  хойшлуулж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан боловч 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

7. Иргэдийн төлөөлөгч Ш.Баярмаа “Э.Баттулгыг сайдын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хууль бусаар танил хүмүүсээ томилсон, хувийн ашиг сонирхолтой гэх үндэслэлээр халсан байна, хоёр хүний үл ойлголцлоос болсон юм болов уу. Эдгээр зөрчлүүд нь хариуцлага хүлээлгэх хэмжээнд байвал томилохгүй байж болох боловч миний хувьд ажилд нь эгүүлэн томилох боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.5-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Баттулгын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Э.Баттулгыг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох журамд заасны дагуу тооцон гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА