Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2024/0028

 

Э.Б-ын нэхэмжлэлтэй,  Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Д.Батбаатар

Танхимын тэргүүн:  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     Х.Батсүрэн 

                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШШ2023/0028 дугаар шийдвэртэй,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Э.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б (ҮД-1***), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Г.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц (ҮД-3***) нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Э.Б-аас Монгол Улсын Засгийн  газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2.Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, улмаар Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оржээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 504 дүгээр тогтоолоор Э.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байх ба 2023 оны 102 дугаар тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгэсээр ирснийг хөндлөнгийн байгууллагуудын үнэлгээ дүгнэлт харуулна, ... хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хориглосон байх тул Засгийн газрын 2023 оны 102 дугаар тогтоолыг үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна ...” гэж тодорхойлон маргасан.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-аас “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлэхгүй зориуд эсэргүүцэх, ... хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байсан, ... сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх ноцтой худал мэдээллийг яам болон салбарын хэмжээнд тараах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасны улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд сөрөг үр дагавар учруулж байсан ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ. 

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-ыг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох журамд заасны дагуу тооцон гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

4.Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл: 

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-аас “Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

4.1.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд /шүүх хуралдааныг хойшлуулах болон олгосон итгэмжлэлээс татгалзаж, шүүх хуралдаанд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулах/ талаар хүсэлт гаргасан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэрэгт авагдсан баримт хангалттай гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь процесс хуулийн ноцтой зөрчил гэж үзэж байна.

4.1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д “... 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ...” гэж бичсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах болон өөрт олгосон итгэмжлэлээс татгалзаж байгаа талаар хүсэлт хүргүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 81 дүгээр зүйлийн 81.2, 98 дугаар зүйлийн 98.2-т заасан эрхийг хэрэгжүүлэх боломжоор хэргийн оролцогчийг хангаагүй шийдвэр гаргалаа.

4.1.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах, шүүх хуралдаанд гэрчээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б-Э, сайдын зөвлөх О.О, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г нарыг оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх, шаардлагатай нотлох баримтыг холбогдох газраас гаргуулах зэргээр хэрэгт ач холбогдол бүхий баримт гаргаж өгөх боломжийг хязгаарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна.

4.2.Хоёр.Шүүхийн шийдвэр танилцуулах, шийдвэр хүчинтэй болох, хэргийн оролцогчид гаргуулах ажиллагааг зөрчсөн тухайд:

4.2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан бөгөөд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийсэн. Хуульд заасны дагуу тус өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхийн шийдвэр албажин гарч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар тус хуулийн 108.4-т “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардаж авах үүрэгтэй. Мөн шүүхээс шүүхийн шийдвэр бичгээр гарсан талаар хэргийн оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.

4.2.2.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй бөгөөд хуулийн 108.6-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд тэдгээрт гардуулах бөгөөд гардуулах боломжгүй, эсхүл энэ хуулийн 108.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан аваагүй бол шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажлын газрын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэсэн хуулийн тогтоосон хугацаа өнгөрөөгүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1/115 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байна.

4.2.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан 14 хоног өнгөрснөөс хойш 108.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах бөгөөд тус хугацаанд гардаж аваагүй бол 108.6-т заасны дагуу шүүх заасан хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор шуудангаар хүргүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр шийдвэр бичгийн хэлбэрээр гарснаас 28 хоногийн дараа хариуцагчийн байгаа хаягт шууданд хүргүүлэх эрхтэй байхаар хуульчилжээ. Гэтэл зориудаар шүүх процесс ажиллагааг ноцтой зөрчиж, хариуцагчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хязгаарлах, шүүхийн шийдвэрийг бичгээр гарсан талаар мэдэгдэхээс зайлсхийх, тогтоосон хугацаанаас өмнө шуудангаар хүргүүлэх, хариуцагчийг давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх гэх зэргээр хэт нэг талыг барьсан үйлдлийг гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

4.3.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэг. “Шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй” гэх тухайд:

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч ... шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан.

7.Энэ хэргийн тухайд, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй хийхээр товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШЗ2023/2442 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин товлож, товыг хэргийн оролцогчид мэдэгджээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... олгосон итгэмжлэлээсээ татгалзах, шүүх хуралдаанд өөр төлөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан” талаар гомдолд дурдсан хэдий ч төлөөлөгч Д.С-аас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан талаар хэрэгт баримт авагдаагүй; Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан  тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө” гэж зааснаар хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-1/121 дүгээр албан бичгээр Д.С-т захиргааг төлөөлөх итгэмжлэлийг олгосноос өөрөөр өөр албан тушаалтныг төлөөлөгчөөр томилж, Д.С-т олгосон итгэмжлэлээс татгалзсан, төлөөллийг дуусгавар болгосон талаар (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд) баримт мөн байхгүй.

9.Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй талаар дүгнэн, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 81 дүгээр зүйлийн 81.2, 98 дугаар зүйлийн 98.2-т заасан эрхийг хэрэгжүүлэх боломжоор хэргийн оролцогчийг хангаагүй ...” гэх гомдол үндэслэлгүй.

10.Түүнчлэн, давж заалдах гомдолд “... шүүх хуралдаанд гэрч оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх, шаардлагатай нотлох баримтыг холбогдох газраас гаргуулах зэргээр хэрэгт ач холбогдол бүхий баримт гаргаж өгөх боломжийг хязгаарлаж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах, нотлох баримт гаргах эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй; мөн шүүх хуралдааны явцад гомдолд дурдсан этгээдүүдээс ямар үйл баримт тогтоолгох (гэрчлүүлэх) талаар үндэслэл бүхий тодорхой тайлбар гаргаагүй тул анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэсэн шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. “Шүүхийн шийдвэр гардуулах журам зөрчсөн” гэх тухайд:

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна”, 108.5-д “Энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй”, 108.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд тэдгээрт гардуулах бөгөөд гардуулах боломжгүй, эсхүл энэ хуулийн 108.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан аваагүй бол шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажлын газрын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж тус тус заасан.

12.Хэрэгт авагдсан шүүх хуралдааны болон утсаар ярьсан тэмдэглэл, шийдвэр гардуулсан баримт, шийдвэр хүргүүлсэн албан бичиг зэргээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоогүй; шүүхийн шийдвэр (бичгээр) албажсан талаар түүнд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэхээр холбогдсон боловч утас нь холбогдох боломжгүй байсан; Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, шүүхийн 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/115 дугаар албан бичгээр хариуцагч байгууллагад шийдвэрийг хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.   

13.Давж заалдах гомдолд “... шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй, ... хуулийн 108.6-д тогтоосон хугацаа өнгөрөөгүй байхад 2024 оны 1/115 дугаар албан бичгээр ... хүргүүлсэн, ... шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр гарснаас 28 хоногийн дараа хариуцагчийн байгаа хаягт шууданд хүргүүлэх эрхтэй байхаар хуульчилсан, зориудаар шүүх процесс ажиллагааг ноцтой зөрчиж, ... шүүхийн шийдвэрийг бичгээр гарсан талаар мэдэгдэхээс зайлсхийх, тогтоосон хугацаанаас өмнө шуудангаар хүргүүлэх, хариуцагчийг давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх гэх зэргээр хэт нэг талыг барьсан үйлдлийг гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дурдсан боловч уг гомдлууд дараах байдлаар няцаагдаж байна.

14.Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “оролцсон хэргийн оролцогч ...” шүүхийн шийдвэр албажсан (бичгийн)-аас хойш 14 хоногийн дотор шүүхэд очиж шийдвэрийг өөрөө гардан авахаар; харин шүүхээс “шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч ...”-д шүүхийн шийдвэрийг албажнаас хойш 14 хоногийн хугацаанд гардуулах журмыг ялгаатай байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 108.5, 108.6-д тус тус зохицуулсан.

15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйн улмаас түүний оролцоогүйгээр” хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд, шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д заасан журмыг баримтлан хариуцагчид албан бичгээр шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагаа явуулсныг “шүүхийн шийдвэр гардуулах журмыг зөрчсөн” гэж үзэхгүй.

16.Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн”, 4 дэх хэсэгт “Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна” гэж тус тус заасанчлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба тул шүүхийн шийдвэрийг хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн нь хэргийн оролцогчийн ажлын хаягаар хүргүүлэх дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, энэ талаарх “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох надад хаяглан хүргүүлж, гардуулаагүй” гэх гомдол үгүйсгэгдэнэ.

17.Нөгөө талаас, шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулаагүй, хариуцагчийн ажлын албанд хаягаар хүргүүлсний улмаас хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах эрх зөрчигдсөн байдал тогтоогдоогүй байгаа энэ нөхцөлийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх хуулийн үндэслэлд хамааруулах боломжгүй юм.

Гурав. Маргаан бүхий актын тухайд:

18.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдолдоо маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар дурдаагүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах журмаар хэргийг хэлэлцэж буй тохиолдолд гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянадаг тул маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

19.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

20.Засгийн газрын тогтоолд шууд заагаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл, “... сайдын өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлэхгүй зориуд эсэргүүцэх, төрийн албан хаагчдыг төрийн захиргааны удирдлагаар хангах, яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдах, яамны нэгж хоорондын уялдаа холбоог хангах, салбарын болон бусад шилдэг боловсон хүчнийг яаманд ажиллуулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүргээ туйлын хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг албан тушаалд томилох, тэдгээр хүмүүс нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох зэргээр яамны болон салбарын ажил, нэр хүндийг унагаах, зарим үйл ажиллагааг өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс удаа дараа гацаах, сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх ноцтой худал мэдээллийг яам болон салбарын хэмжээнд тараах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасны улмаас яам эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд сөрөг үр дагавар учруулж байсан, сайдын зүгээс дээрх нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид хэлж, анхааруулж, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч үр дүнд хүрээгүй, Төрийн нарийн бичгийн даргын чиг үүргийг хангалттай хэрэгжүүлээгүй үндэслэлээр чөлөөлсөн шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр маргаан бүхий акт гарчээ.

21.Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасан; Яамны Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болохын хувьд хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдана.   

22.Мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ... /тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас халах/”-аар заасан; уг хуулийн “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хоёр буюу түүнээс дээш хангалтгүй биелүүлсэн нь зохих ёсоор нотлогдож, тогтоогдсон байхыг; Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “... /захиргааны үйл ажиллагаа нь/ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-ыг; мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа “бодит нөхцөл байдлыг тогтоох”-ыг хууль тогтоогч тус тус шаардсан бөгөөд хариуцагчийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон зэргээ баримтаар нотлох үүрэгтэй юм.

23.Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “чиг  үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн”-тэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, үндэслэлээ нотлоогүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/1242 дугаар албан бичигт дурдсан үндэслэлүүдийг бодитоор бүрэн эргэлзээгүйгээр тогтоож нотолсон баримтууд байхгүй тул маргаан бүхий Засгийн газрын тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд тохирсон гэж үзэх боломжгүй юм.

24.Харин эсрэгээр, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Талархал илэрхийлэх тухай” ХЭГ/3184 дугаартай захидал, Авлигатай тэмцэх газрын 2022 оны “Шударга байдлын үнэлгээ” судалгааны тайлан, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 926 дугаар дүгнэлт зэрэг баримтуудаар хариуцагчийн дээрх үндэслэлүүд үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх зарчимд нийцжээ.

25.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШШ2023/0028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

                                      ШҮҮГЧИД                                                               Х.БАТСҮРЭН

                                                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

              М.БАТСУУРЬ