Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Г даргалж 

Улсын яллагч: М.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Ч

Шүүгдэгч: С.Г, Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.о овогт Д.Ж, Б овогт С.Г нарт холбогдох .... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  А овогт Д.Ж 

Шүүгдэгч: Б овогт С.Г 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: 

 

Шүүгдэгч С.Г, Д.Ж нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг Бухтын өвөр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.5 метрийн урттай 8 ширхэг буюу 1.268 м3 шоо метр нойтон шинэс модыг бэлтгэж 58-48  улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэн байгаль орчинд 301.276 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 201703000003 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 * Хохирогч О.Ц-ын өгсөн: ...Хөх сүм баг бол манай сумын 1 дүгээр багт хамаардаг. Манай суманд аймгийн төвөөс хяналт шалгалтаар цагдаа нар ирчихсан байсан. Тэгээд тухайн өдрийн орой 19 цагийн үед миний утас руу аймгаас ирсэн Баяржаргал гэх цагдаа залгаад эрхийн бичиггүй мод ачаад явж байсан хүмүүсийг барьчихлаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд намайг очсон чинь ачиж явсан модыг нь тамгын газрын хашаанд оруулж ирээд буулгуулж байсан. Тэгээд би тэдгээр мод ачиж явсан гэх хүмүүсээс ямар учиртай мод хаанаас авч яваа талаар асуухад тэдгээр хүмүүс нь түлшний мод бэлтгэхээр явсан юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь эрхийн бичиг байгаа юу гэж асуусан чинь Баяржаргал хошууч галын түлшний эрхийн бичиг байсныг нь хураагаад авчихсан байсан. Би тухайн эрхийн бичгийг үзэхэд галын түлшний хугацаа нь дуусчихсан эрхийн бичиг байсан. Албан ёсны үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг буруутай хүнээс хуулийн дагуу гаргуулах ёстой байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/ 

 

* Гэрч Ч.Б-ын өгсөн: 

 

“...Д.Ж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны үед байх өдрийг нь яг сайн санахгүй байна. Өөрийнхөө өрхийн модны эрхийн бичиг надаас авсан. Энэ эрхийн бичгийг авсан өдрөөсөө 2 хоногийн дотор хүчинтэй байдаг тул Д.Ж энэ эрхийн бичгээр эрхийн модоо авсаныг би мэдэж байна. Хэрэв хугацаандаа багтаж аваагүй бол эрхээ сарын дотор сунгуулах эрхтэй байдаг. Сунгуулж чадаагүй бол тухайн эрхийн бичиг нь хүчингүй болдог. Тухайн үед нь хараагүй би хөдөө ажлаар явчихсан байсан. Маргааш нь ирээд үзэхэд 8 ширхэг 4 метр орчим нойтон шинэс мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

 

* Гэрч Д.Б-ийн өгсөн: 

 

“...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм гэх газар хяналт шалгалтын ажлаар явж байхдаа тус сумын харъяат С.Г, Д.Ж, Б нар нь 58-48 АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай нойтон мод ачаад явж байсаныг хяналт шалгалтаар илрүүлсэн. Намайг шалгахад 8 ширхэг мод ачаад явж байсан. Тухайн үед намайг шалгаж үзэхэд машины тэвшин дээр улаан өнгийн цахилгаан хөрөө байсан. Тэр хөрөөгөөр бэлтгэсэн байж магадгүй. Тэдгээр хүмүүс Архангай аймгийн Төвшлүүлэх сумын Хөх сүм багийн нутаг Бухтын өвөр гэх газарт очиж мод бэлтгэхээр очсон чинь бид гурвын цахилгаан хөрөө эвдэрчихээр нь тус газар байсан унагаж тайрсан 8 ширхэг шинэс модыг ачаад Төвшрүүлэх сум руу явж байсан юм гэж ярьсан. Тухайн хүмүүстэй хамт явж байсан Д.Ж гэх хүн нь хугацаа нь дуусчихсан эрхийн бичиг үзүүлж байсан. Эрхийн бичгийнх нь хугацаа дуусчихсан байсан учраас эрхийн бичиггүй нойтон мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

 

* Сэжигтэн, яллагдагчаар татагдсан С.Гийн өгсөн: 

 

“...ДЖ намайг хожууланд хамт яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би Д.Ж-тай хамт модонд явсан. Очоод мод тайраад байж байсан чинь цахилгаан хөрөө эвдрээд ажиллахаа больсон. Тэгэхээр нь тэр хавьд тайраад унагачихсан мод байхаар нь Д.Ж бид хоёр ачаад сумын төв рүү явж байсан чинь манай найз Б зам дээр согтуу, явган явж байсан. Тэгээд бид хоёр Бмашиндаа суулгаад сумын төв рүү явж байсан чинь машинтай цагдаа нар тааралдаад бид нарыг дагуулаад сумын төв рүү явсан. ...Бид нар хоёр хоногийн өмнө эрхийн бичиг авчихаад тэр хугацаандаа явж чадаагүй, Д.Ж бид нарыг модонд явахаас хоёр хоногийн өмнө эрхийн бичиг авсан гэж ярьж байсан. ...Би мод бэлтгэхдээ Жы хөрөөг ашигласан....” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр тал/

 

* Сэжигтэн, яллагдагчаар татагдсан Д.Ж-ы өгсөн: 

 

“... 2016 оны 11 дүгээр сарын дунд үеэр санагдаж байна. Он сарыг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг Бухтын өвөр гэх газарт үдээс хойш очсон. Ууланд очоод хожуул тайрч байсан чинь миний цахилгаан хөрөө эвдэрчихээр нь С.Г бид хоёр тус газар байсан унагаж тайрсан 8 ширхэг нойтон шинэс модыг машин дээрээ ачаад Төвшрүүлэх сум руу явж байсан чинь манай найз Б зам дагаад алхаж байсан. ...Мод бэлтгэх эрхийн бичгийг ой хамгаалагч Болдоос мод тээвэрлэсэн өдрөөс 2 хоногийн өмнө авсан байсан. ...Бид гурав мод бэлтгэсэн асуудал байхгүй. Харин тээвэрлэсэн асуудал байгаа. ...Харин хэдэн хожуул, урт бүдүүн гишүүг миний эзэмшлийн хужаа цахилгаан хөрөөгөөр тайрч бэлтгэсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 61-62, 187-188 дугаар тал/ 

2016  оны 12 сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Модны экологи, эдийн засгийн үнэлгээний дүгнэлтэд: Ойн санд учруулсан хохирлын хэмжээ 301.276.8 төгрөг гэжээ. /хх-ийн 33-34х/

 

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17, 24, 26 дугаар тал/

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25 дугаар тал/

* Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 39-40 дүгээр тал/ 

* Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 47 дугаар тал/

* Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 тоот тодорхойлолт /хх-ийн 76 дугаар тал/

* Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 тоот тодорхойлолт /хх-ийн 77 дугаар тал/

* Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 тоот тодорхойлолт /хх-ийн 78 дугаар тал/

* Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 тоот тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр тал/

* Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот тодорхойлолт /хх-ийн 80 дугаар тал/

* Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 тоот тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр тал/

* Д.Жы ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-88 дугаар тал/

* С.Гийн ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-93 дугаар тал/, эд мөрийн баримт зэрэг болно. 

 

2016 оны 11 сарын 16-ны өдөр Д.Ж, С.Г нар нь бүлэглэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг Бухтын өвөр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.268 м3 шоо метр нойтон шинэс мод бэлтгэж тээвэрлэсэн үйл баримт нь гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээд баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж  заасан тул Д.Ж, С.Г нарт холбогдох хэргийг Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч С.Г, Д.Ж нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг Бухтын өвөр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.5 метрийн урттай 8 ширхэг буюу 1.268 м3 шоо метр нойтон шинэс модыг бэлтгэж 58-48  улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэн байгаль орчинд 301.276 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Ц-ын “...эрхийн бичгийг үзэхэд галын түлшний хугацаа нь дуусчихсан эрхийн бичиг байсан. Албан ёсны үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг буруутай хүнээс хуулийн дагуу гаргуулах ёстой...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б “...Ж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны үед байх өдрийг нь яг сайн санахгүй байна. Өөрийнхөө өрхийн модны эрхийн бичиг надаас авсан. Энэ эрхийн бичгийг авсан өдрөөсөө 2 хоногийн дотор хүчинтэй байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ын “...Тухайн хүмүүстэй хамт явж байсан Ж гэх хүн нь хугацаа нь дуусчихсан эрхийн бичиг үзүүлж байсан. Эрхийн бичгийн хугацаа дуусчихсан байсан учраас эрхийн бичиггүй нойтон мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг, экологи эдийн засгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17, 24, 26 дугаар тал/ нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ж, С.Г нарыг хууль бусаар мод бэлтгэж,  тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч С.Г, Д.Ж нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож тэдгээрт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав. 

 

Шүүгдэгч Д.Ж, С.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 58-48 АРХ улсын дугаартай Хюндай Бонго маркийн авто машин нь Д.Ж-ы өмчлөлийн авто машин болох нь түүний мэдүүлгээр нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан  нь тогтоогдсон тохиолдолд хураан авч хохирол төлүүлэхээр, уг зүйлийн 3 дахь хэсэгт хохирол төлүүлээд илүү гарсан тохиолдол улсын төсөвт шилжлүүлэхээр заасан байх тул  мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,  58-48 улсын дугаартай Хюндай Бонго маркийн авто машин, мөрдөн байцаагчийн мөн өдрийн 8 ширхэг нойтон шинэс модыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгон зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 8 ширхэг нойтон шинэс модыг төсөвт шилжүүлж уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А овогт Д.Ж, Б овогт С.Г нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч А овогт Д. Ж, Б овогт С.Г нарыг бүлэглэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д.Ж, С.Г нарыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, Д.Ж нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай. 

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар  шүүгдэгч Д.Ж, С.Г нарыг бүртгэж, тэдэнд хяналт тавихыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэгийг устгаж, мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,  “Хюндай Бонго” маркийн 58-48 АРА улсын дугаартай автомашин, 8 ширхэг нойтон шинэс модыг тус тус төсөвт шилжүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч С.Г, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  П.ГАНДОЛГОР