Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 925

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нямцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Тунгалаг,  

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 201515000435 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Буд овгийн Б.Б-, 1990 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 28 минут 32 секундээс 17 цаг 27 минут 44 секундын хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Гүндэв-Ёндонг ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Гүндэв-Ёндон тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1102 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзэхэд талийгаач Ц.Гүндэв-Ёндонгийн дух руу 1 удаа Л.Мөнх-Очир мөргөсөн, Б.Батсүрэн шанаа руу нь 2 удаа цохисон, Б.Жаргалсайхан шанаанд нь 1 удаа цохисон үйлдэл нь талийгаачийн амь нас хохирсон хор уршигтай шалтгаант холбоотой байж болохоор байна. Иймд эдгээр 3 хүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нягталж шалгах,

2. Б.Б- талийгаач Ц.Гүндэв-Ёндонг зодсон үйлдлээс амь нас нь хохирсон гэж үзэж байгаа нөхцөлд хамт байсан эрүүгийн төлөөлөгч Д.Бат-Оргил, Б.Энх-Орчлон нар нь хүнд гэмт хэрэг гарсныг мэдсээр байж худал гэрчилсэн эсэхийг нягталж шалгах,

3. Түргэний эмч Ө.Ганбаатар нь талийгаач Ц.Гүндэв-Ёндонг дуудлагаар ирж үзчихээд орхиод явсан. Энэ буруутай үйл ажиллагааг дахин шалгах зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул эдгээр нэмэлт ажиллагаа хийгдсэний эцэст хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй хэмээн дүгнэн хэргийг прокурорт буцааж, Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Нямцэцэг тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Талийгаач Ц.Гүндэв-Ёндон нас барсан шалтгааныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараа гаргасан дүгнэлтүүдээр “тархины хажуугийн ховдлын цус харвалт” гэмтэл учирсан болох нь ямар нэгэн зөрүүгүйгээр тогтоогддог. Харин уг гэмтлийг хэзээ авсан цаг хугацааны хувьд уг гэмтлийг авснаас хойш ямар хугацаанд клиник шинж тэмдэг илрэх болон илэрсэн тал дээр нотлох баримтыг өөр өөрөөр үнэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт сэжигтнээр тооцогдсон Л.Мөнх-Очир Ц.Гүндэв-Ёндонгийн толгой руу 1 удаа мөргөсөн, Б.Жаргалсайхан гэдэс рүү 1 удаа цохиж, баруун шанаа орчим нь 2 удаа цохисон, С.Батсүрэн цамцнаас нь заамдаж байгаад гэдэс рүү 1 удаа, баруун шанаанд нь 2 удаа цохисон болох нь нотлох баримтуудаар тогтоогддог. Эдгээр үйлдлийн улмаас Ц.Гүндэв-Ёндонд учирсан гэмтлийн клиник шинж тэмдэг болох толгой эргэх, хөл гуйвах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илрээгүй болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдана. Түүнчлэн гэрч С.Баяржаргал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 151, 976, 1131 дугаартай дүгнэлтүүд, шинжээч Ц.Ганболд, Ө.Сарангэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар энэ хугацаанд талийгаачид гэмтлийн клиник шинж илрээгүй байсан нь нотлогдож байх тул Б.Батсүрэн, Л.Мөнх-Очир, Б.Жаргалсайхан нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй.

2. Мөрдөн байцаалтын явцад Д.Бат-Оргил гэрчээр өгсөн “Намайг харах үед Б- уг хүүхдийг зодож цохиогүй” гэх, Б.Энх-Орчлонгийн гэрчээр өгсөн “Эрүүгийн ахлах төлөөлөгч Отгонжаргал нь “шалгаж шийд” гэж хэлээд уг илтгэх хуудсыг эрүүгийн төлөөлөгч Б-д өгч байсан. Тэр өрөөнд орж ирээд хаалганы зүүн гар талд зогсож байсан. Тэгээд би тэр хүүхдээс хаана сурдаг, нэр хэн болох гэх зэрэг ойр зуурын зүйл асуусан. Өөр зүйл асуулгүй гадуур ажилтай байсан болохоор удалгүй өрөөнөөсөө гараад явсан. Гадуур явж байгаад өрөөндөө орж ирэхэд талийгаач хүүхэд байхгүй байсан. Ахиж тааралдаагүй” гэх мэдүүлгүүдээс үзэхэд, тухайн өрөөнд байнга байгаагүй болох нь тогтоогдож байх тул тэднийг “хүнд гэмт хэрэг гарсныг мэдсээр байж худал гэрчилсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэл байхгүй.

3. Түргэний эмч Ө.Ганбаатар нь талийгаач Ц.Гүндэв-Ёндонг дуудлагаар ирж үзчихээд орхиод явсан. Энэ буруутай үйл ажиллагааг дахин шалгах гэсэн ажиллагааг тухайн үед шалгаж гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон байдаг. Ө.Ганбаатарын гэрчээр өгсөн “...ер нь бол би үзэх гэж, тусламж үзүүлэх зөндөө оролдсон боловч өөдөөс хараагаад эсэргүүцээд байсан. Би яг ямар зовиур шаналалтай байгааг нь асуухаар хэлэхгүй байсан ба хажууд нь байсан нэг эгч л хэлж байсан. Би аргаа бараад хэрвээ зовиур нь нэмэгдээд байвал яаралтай нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Тэр үед бол амь үзүүлэлтүүд нь хэвийн байсан...” гэх,

Гэрч Д.Мөнхнасангийн “...иргэн өөрөө үзүүлэхгүй татгалзсан тохиолдолд үзэхгүй явж болно. Өөрөөр бол бүх л тохиолдолд үзэж тусламж үзүүлэх ёстой...” гэх,

Гэрч Т.Батсайханы “...2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 42 минутад ирж хэвтсэн. Тэгээд 4 цагийн хугацаанд эмчилгээ хийж байхад зүрх нь зогссон. Энэ хооронд манай эмнэлгээс зүрхийг ажиллагаанд оруулах амь насыг аврах эрчимт эмчилгээ хийгээд зохиомол аппаратад холбоод дийлээгүй юм байна. Ингэж байгаад 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүрэн амьсгал хурааж нас барсан. Ийм учраас манайх дээд шатны буюу 3 дугаар шатлалын эмнэлгээс эмч дуудаад амь насыг аврах боломжгүй. Дуудаж ирүүлээд хагалгаа хийсэн ч багаж тоног төхөөрөмж байхгүй. Ийм хүнд гэмтэлтэй байхад хагалгаа хийгдэхгүй. Мөн глазгогын үнэлгээ буюу хүний ухаан санаа, өвдөлт, хөдөлгөөний үйл ажиллагааг мэдрэх үзүүлэлт нь 3 бал буюу үхлийн байдалд байсан гэж хэлж болохоор байна...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар түргэний эмчийн буруутай үйл ажиллагаа байхгүй болох нь тогтоогдсон байна.

Шүүхийн тогтоолд дурьдсан 3 заалт нь өмнө шалгаж гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн шүүхийн тогтоолд хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанаас дээрх заалтыг үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзээд шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-гийн ямар үйлдлийн улмаас амь хохирогч гэмтэл авсан талаарх шалтгаант холбоог тогтоох боломжгүй байгаа. Прокурорын зүгээс дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурьтайгаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох ёстой асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй юм. Амь хохирогчийг нас барахад хүргэсэн гэмтлийн шинжийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд утга агуулгын хувьд ижил байдаг. Гагцхүү амь хохирогч тухайн тархины гэмтлийг авснаас хойш богино хугацаанд буюу 2-3 цагийн дараа биед нь тодорхой шинж тэмдэг илрэх талаар дурьдсан бөгөөд амь хохирогч нь Мөнх-Очир, Батсүрэн, Жаргалсайхан нарын хүмүүст зодуулсан, дараа нь сургууль дээрээ очоод бөөлжсөн зэрэг үйл явдал нь дээрх цаг хугацаанд багтдаг. Харин шүүгдэгч Б.Б-гийн зүгээс амь хохирогчийн биед халдсан, гэмтэл учруулсан үйлдэл хийсэн болох нь ажлын байран дахь дотоод хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр огт нотлогдоогүй. Эдгээрийг үндэслэн шүүх хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Иймээс шүүхийн тогтоолд заасан 3 үндэслэлийн дагуу дахин шалгах шаардлагатай. Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд гэвэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан явуулсан бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах боломжгүй болсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах хуулийн заалт байхгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасныг буруутгах аргагүй. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Э.Ганбатын хэлсэн тайлбар дээр нэмж ярих зүйлгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэндийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа 2015 оноос эхлэн явагдсан. Өнгөрсөн хугацаанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгасан. Хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолд дурьдсан асуудлуудыг ч мөн адил хангалттай шалгасан байдаг. Шүүгдэгч Б.Б- ажлынхаа өрөөнд хяналтын камер тусдаггүй хэсэгт амь хохирогчийг зодсон. Амь хохирогч цагдаагийн газраас гарсныхаа дараа сургууль дээрээ очсон. Тэнд очоод юу ч хийж чадаагүй, бие нь өвдсөн. Тэрээр ангийнхаа хүүхдүүдэд “Цагдаад зодуулсан” талаараа хэлсэн байдаг. Үүнийг гэрчүүд мэдүүлсэн. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн тархины гэмтэл учирсан даруйдаа клиник шинж тэмдгүүд илэрдэг талаар шинжээчид тайлбарласан. Өөрөөр хэлбэл амь хохирогч цагдаагийн газарт анх очихдоо зүв зүгээр байсан боловч тэндээс гарч явахдаа хөл нь гуйваж, бөөлжих зэрэг клиник шинж тэмдгүүд илэрсэн нь камерын бичлэгээс тодорхой харагдана. Түүнчлэн прокурор эсэргүүцэлдээ хууль хэрэглээний асуудлыг дурьддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үе шатанд хэрэгжих зохицуулалт. Гэтэл шүүх анхан шатны шүүх хуралдаан хийснийхээ дараа дээрх заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь буруу. Хэрэв шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн гэж үзэж байгаа бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар талуудаас ямар ч хүсэлт, гомдол гаргаагүй. Шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлийг товлон явуулсан байдаг...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Б-г 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 28 минут 32 секундээс 17 цаг 27 минут 44 секундын хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Гүндэв-Ёндонг ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь цохисноос Ц.Гүндэв-Ёндон тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд, “...талийгаач Ц.Гүндэв-Ёндонгийн дух руу Л.Мөнх-Очир 1 удаа мөргөсөн, Б.Батсүрэн шанаанд нь 2 удаа цохисон, Б.Жаргалсайхан шанаанд нь 1 удаа цохисон үйлдэл талийгаачийн амь нас хохирсон хор уршигтай шалтгаант холбоотой байж болохоор байх тул эдгээр 3 хүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нягталж шалгах, Б.Б- талийгаач Ц.Гүндэв-Ёндонг зодсон үйлдлээс амь нас нь хохирсон гэж үзэж байгаа нөхцөлд хамт байсан эрүүгийн төлөөлөгч Д.Бат-Оргил, Б.Энх-Орчлон нар нь хүнд гэмт хэрэг гарсныг мэдсээр байж худал гэрчилсэн эсэхийг нягталж шалгах, түргэний эмч Ө.Ганбаатар нь талийгаач Ц.Гүндэв-Ёндонг дуудлагаар ирж үзчихээд орхиод явсан буруутай үйл ажиллагааг дахин шалгах шаардлагатай...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн материалыг судлахад, шүүхийн тогтоолд дурьдсан дээрх асуудлуудыг  шалгаж тодруулахаар анхан болон давж заалдах шатны шүүхээс урьд нь хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байсан бөгөөд 3-4 жилийн хугацаанд явагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр асуудлуудыг хангалттай шалгасан байх тул гэмт хэрэг гарсан байдал болон түүнтэй холбогдсон бусад асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь шүүхийн онцгой бүрэн эрх бөгөөд нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.

Анхан шатны шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... шүүгч өөрийн санаачилгаар ... асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана:”, мөн хэсгийн 6.9 дэх заалтад “шүүх хуралдааны товын талаархи санал, хүсэлт;” гэж тус тус заасныг баримтлан өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон явуулж, шүүх хуралдааны тов тогтоох талаар асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж дүгнэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Улмаар анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус давхар баримталсан нь төдийлөн зохимжгүй болсныг цаашид анхаарвал зохино.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, Б.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2.  Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.   Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                       ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН