Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/01566

 

 

 

 

 

 

 



  2024      04        16                                      181/ШШ2024/01566

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 0 тоотод байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ш.С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 148,476,624 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны автомашинаар хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Ш.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Зээлдэгч М овогт Ш С /РД:00000/ нь "А" ХХК-д зээл авах тухай хүсэлт гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлийг зээлийн эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч, зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүрэг хүлээж, зээлийн болон барьцааны гэрээг наториатаар гэрчлүүлж зээл авсан.

Гэтэл зээлдэгч Ш.С нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн. Зээлдэгч нь 45,000,000 төгрөгийн зээлийг аваад үндсэн зээлээс 3,982,798 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 32,150,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,486,539 төгрөг, нийт 48,620,300 төгрөгийг төлж барагдуулсан.

Ш.С-гийн бичгээр гаргасан хүсэлтийг нь үндэслээд 2020 оны 04 сараас хойш 1 жил 3 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй зогсоосон.

Иймд зээлдэгч Ш.С-с 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаартай зээлийн гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,017,202 төгрөг, зээлийн хүү 97,762,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,696,467 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 148,476,624 төгрөгийг гаргуулах, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БГ/2019/11 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох 0 улсын дугаартай /АД:0/ "TOYOTA LAND CRUISER 70" маркын цагаан өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.С хариу тайлбар, татгалзалдаа: Ш.С би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А ХХК-аас 45,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр байдаг автомашиныг барьцаалан зээлсэн. 2020, 2021, 2022 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас хил хаагдаж түүхий эд тээвэрлэгдэхгүй үйл ажиллагаа зогсонги байдалд байснаас зээлийг төлөөгүй. Хариуцагч Ш.С нэхэмжлэгч А ХХК-д 49,670,240 төгрөг төлсөн. Үндсэн зээлийг төлөх боломжтой.

Иргэн Ш.С-ээс зээлийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгө нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг бүхэлд нь төлөхөд хүрэлцэхгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2, 216.4-т заасны дагуу тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дарааллыг баримтлах ёстой. Уг дарааллын дагуу төлбөрийг гүйцэтгэхийг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарласан тул уг аргачлалаар төлбөрийг тооцоход үлдэгдэл төлбөр 16,0 сая төгрөг болж байгаа гэв.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээний дагуу 46,600,000 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-аас хариуцагч Ш.С-д шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тул сөрөг нэхэмжлэлээс татгалзсанд тооцож болно гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А  ХХК-ийн 2014.12.10-ны өдрийн 1/436 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020.03.10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээ, 2023.03.10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай Барьцааны гэрээ, 2020.12.09-ний өдрийн 78 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл албан бичиг, 2021.10.27-ны өдрийн Ш.С-ээс А ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2019.02.02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээ, 2019.02.02-ны өдрийн БГ/2019/11 дугаар Барьцааны гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн байна. Хариуцагч талаас: 2019.02.02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээ, 2019.02.02-ны өдрийн БГ/2019/11 дугаар Барьцааны гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг зэргийг гаргаж өгсөн байна. Шүүхийн журмаар: 2019.02.02-ны өдрийн 4 дугаар төлбөрийн даалгавар, 2020.12.15-ны өдөр Ш.С-ийн А ХХК-д гаргасан хүсэлт, 2019.02.02-ны өдрийн зээл хүсэгчийн өргөдөл, зээл хүсэгчийн анкет, Хаан банкны депозит дансны хуулга, бэлэн мөнгөний баримтын тайлан, 2024.03.26-ны өдрийн байдлаар Ш.С-ийн зээлийн тооцоо зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ш.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 148,476,624 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны автомашинаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн төлбөрийг гүйцэтгэсэн байдал болон хэмжээний талаар маргаж, 2020 оны 03 дугар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд хариуцагч 2020 оны 03 дугар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.С-г сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ш.С-г 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч төлсөн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь үндэслэлгүй, үндсэн зээлийн төлбөрөөс хасагдах ёстой, их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

 

1. А ХХК болон Ш.С нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээ, БГ/2019/11 дугаар Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээнүүдээр зээлдүүлэгч 45,000,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.С-ийн эзэмшлийн 0 улсын дугаартай, Toyota Land cruiser 70 маркын цагаан өнгөтэй, арлын дугаар /0000/-тай автомашиныг барьцаалжээ. /хавтаст хэргийн 50-52, 204, 206, 207-209 хуудас/

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

2. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

а/ А ХХК нь Зээлийн гэрээ-ний дагуу 2019.02.02-ны өдөр Ш.С-ийн эзэмшдэг ХААН банкны 000 тоот дансанд 1 удаагийн гүйлгээгээр 45,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй.  /хавтаст хэргийн 240 хуудас/

 

б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.

Талууд Зээлийн гэрээний 2.3, 2.5, 3.7, 4.1, 4.2-д тус тус заасны дагуу зээл, зээлийн хүүг гэрээний Хавсралт 1-д заасан Зээл, хүүгийн эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлөх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.  

 

Зээлдэгч Ш.С нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байсан боловч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 3,982,798 төгрөг, үндсэн зээлийн хүү 32,150,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,486,539 төгрөг, нийт 48,620,300 төгрөгийг төлж, үүнээс хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зээлийн дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 205, 226-236, 239-242, 2-р хавтаст хэргийн 9-11, 13-14 хуудас/

 

3. Талууд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/2020/08 тоот Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, 46,600,000 төгрөгийг, 30 хоногт 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хавтаст хэргийн 10-11 хуудас/

Энэхүү гэрээ нь 2019.02.02-ны өдрийн ЗГ/2019/11 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөр зээлийн дүнг тодорхойлж, уг дүнгээс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох байдлаар төлбөр төлүүлэх зорилгоор байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь энэхүү гэрээний дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилснөөр хариуцагч уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан, талууд энэхүү гэрээний талаар маргаагүй, зээлийн төлбөрийг уг гэрээгээр тодорхойлоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

4. А ХХК, Ш.С нарын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээ-ний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч Ш.С нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт №1 Зээл, зээлийн хүү төлөх хуваарь-ийн дагуу төлж барагдуулах үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

 

5. Хариуцагч Ш.С, түүний өмгөөлөгч нар зээлийн төлбөрт төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрт тооцсон нь хэт хохиролтой, Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхлээд үндсэн зээл, дараа нь хүү, алдангийг төлүүлэх ёстой гэж маргаж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Талууд ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээ-ний 2.13-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ. Зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлсний дараа үндсэн зээлээс хасалт хийнэ гэж тохиролцжээ.

Уг тохиролцоо нь хууль болон гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

6. Зээлийн гэрээний хугацаа 2019.05.02-ны өдөр дууссан, зээлийн төлбөрийг буцаан шаардах нь зээлдүүлэгчийн эрхийн асуудал мөн боловч зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар, эрхээ хэрэгжүүлэхдээ шударга байх зарчмыг баримтлах үүрэгтэй.

Нэхэмжлэгч А ХХК нь зээлийн төлбөрийг тооцож 2020.03.10-ны өдөр ЗГ/2020/08 дугаар Зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд уг хэлцлийг үндэслэн зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд 2022.04.05-ны нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дараа 2024.01.19-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрчилсөн тул зээлийн төлбөрийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч А ХХК-ийг 2022.04.05-ны өдрөөс 2024.01.19-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй тул уг хугацааны үндсэн зээлээс тооцож нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

7. 2024-03-26-ны байдлаар гаргасан Ш.С-ийн зээлийн тооцоолол /2-р хавтаст хэргийн 13-14 хуудас/-оос дээрхи хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 2020 оны 04 сараас хойш 1 жил 3 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй зогсоосон гэх тайлбарыг үндэслэн төлбөрийг тооцоход, /зээлийн хүү 62,551,230 төгрөг болох бөгөөд үүнээс Ш.С-ийн 2022.01.28-ны өдөр төлсөн 15,074,000 төгрөг /2-р хавтаст хэргийн 13 хуудас/, мөн 2022.05.09-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөг /2-р хавтаст хэргийн 11 хуудас/ нийт 17,074,000 төгрөгийг хасахад 45,477,230 төгрөг болно/, үндсэн зээл 41,017,202 төгрөг, зээлийн хүү 45,477,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418,375 төгрөг нийт 86,912,807 төгрөг болж байна. 

 

8. Дээрхи үндэслэлээр хариуцагч Ш.С-ээс 61,563,817 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

9. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцааны зүйл болох Ш.С-ийн эзэмшлийн 0 улсын дугаартай, Тоёото ланд круизер маркийн автомашинаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.С-ээс 86,912,807 /наян зургаан сая есөн зуун арван хоёр мянга найман зуун долоо/ төгрөгийг гаргуулж АХХК-д олгож, нэхэмжлэлээс 61,563,817 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар Ш.С-ийн эзэмшлийн 0 улсын дугаартай, Toyota Land cruiser 70 маркын цагаан өнгөтэй, арлын дугаар /0000/-тай автомашиныг дуудлагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.С нь 2020 оны 03 дугар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаар Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг баталсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,417,255 төгрөгийг, хариуцагч Ш.С-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.С-ээс 592,514 /таван зуун ерэн хоёр мянга таван зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж А ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА