Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0724

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0724

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2021 11 03 128/ШШ2021/0724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л НҮТББ

Нэхэмжлэгч: М НҮТББ

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Гуравдагч этгээд: М,

Гуравдагч этгээд: М*******,

Л НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлага: ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсэг болон тус тогтоолын 3 дахь заалтыг тус тус хууль бус байсныг тогтоолгох

М НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлага: ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Э*******, Ө.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Т.О*******, гуравдагч этгээд М,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г*******, гуравдагч этгээд М*******,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г*******, өмгөөлөгч Ө.Э*******, Ө.Б******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л ТББ нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

Маргаан бүхий захиргааны актад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газар өөрчлөлт оруулж, Улсын баяр наадмыг хойшлуулсан талаар мэдээллэсэн. Маргаан бүхий захиргааны акттай холбогдуулж нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн зүгээс өөрийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч маргаан бүхий захиргааны акт гарсны улмаас Үндэсний их баяр наадамд оролцохоор уяачид улс орон даяар морь уяа сойлго, үсэргээ (сунгаа) зэрэг үйл ажиллагааг эхлүүлж, үүний улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас, эрүүл мэндэд нь хохирол, эрсдэл үүссэн үйл баримтууд гарсан юм.

Тухайлбал: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 52 минутад 20 гаруй унаач хүүхдийг цуглуулж эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулан хүүхдийн эрхийг зөрчиж, хооронд нь болон насанд хүрэгч нартай ойрын хавьтал үүсгэж, цар тахлын халдвар өртөх эрсдэлийг бий болгосон. Мөн Төв аймгийн Баянжаргал суманд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болсон сунгаанд 10 хүүхэд гэмтэл авч, 2 хүүхэд нас барсан, Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Зодохын хөндий гэх газар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болсон сунгаанд 6 настай 1 хүүхэд нас барсан талаар мэдээлэл тус тус олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээжээ.

Иймд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох(өөрчлөгдсөн)-оос үл хамааран хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсэг болон тус тогтоолын 3 дахь заалтыг хууль бус байсныг тогтоолгох болгон өөрчилж байна гэжээ. Монгол Улс болон дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын гамшгийн нөхцөл байдалд байгаа. Үүнтэй холбогдуулж удаа дараа цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 174 тоот тогтоолын 2 дахь хэсгээр хурдан морины уралдаан зохион байгуулах, гурав дахь хэсгээр аймаг, сумуудад мөн наадам зохион байгуулахтай холбоотой шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус байсан. Хүүхдийн эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Засгийн газар ямар үндэслэлээр хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Хүүхдийн эрхийг төр хамгаална гэжээ. Төр энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхэд гэдэгт гамшигт, онцгой нөхцөл байдлын байдалд байгаа хүүхдийг ойлгоно. Монгол Улсад байгаа бүх хүүхдүүд бол гамшгийн онцгой байдал болон эрсдэлт нөхцөл байдалд байгаа. Энэ хүүхдүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахдаа төр бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хүүхдийн эрхийн тухай хуулиараа эрсдэлт нөхцөл байдалд байгаа нөхцөлийг өнгөрөөхгүй байх, эрүүл аюулгүй орчинд өсөх, амьдрах эрхийг тусгаж өгсөн байгаа. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т Төр үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг нэн түрүүнд эрхэмлэж, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих эрхийг хамгаалах гэдэг үүргийг хүлээсэн байгаа.

Засгийн газар нь тус хуулийн 12.1.2-т зааснаар Хүүхдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, 12.1.7-д зааснаар Онцгой байдалд байгаа хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн. Хүүхдийн эрх талаасаа хурдан морины уралдаан зохион байгуулах ёсгүй байсан. Учир нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэхэд нэг ч хүүхдийг вакцинд хамруулж чадаагүй байсан. Гэтэл наадам зохион байгуулах шийдвэр нь олон хүмүүсийг цуглуулдаг уламжлалт баяр юм. Хүүхдийн хөгжлийн газраас ирүүлсэн тайлбар нь наадмын үйл ажиллагаанд 10 мянга гаруй хүүхэд хурдан морины уралдаанд оролцдог. Тэгэхээр ямар ч хамгаалалтгүй хүүхдүүд гамшигт шууд өртөх нөхцөл байдалд төр өөрөө оруулсан.

Эрсдэлийн үнэлгээ хийхэд цар тахлын 2 дахь давалгаа болох дельта хувилбар Монголд орж ирэх эрсдэл өндөр байна. Тархах тархалт нь өмнөхөөсөө хэд дахин өндөр байна. Ковид-19-ийн дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд болоод жирэмсэн хүмүүст өндөр эрсдэлтэй юм. Ийм үнэлгээ гарсан байхад наадам зохион байгуулах шийдвэр гаргасан.  Ковид-19-ийн тухай хуулийн 7.1.7-д заасан Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрт хязгаарлах арга хэмжээг авна гэсэн хуулиа зөрчсөн. Хүүхдийн эрхтэй холбоотой Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороо 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтийн тайланд дурдахдаа хүүхдийг хурдан морины уралдаанд оруулах үйл ажиллагаа бол хүүхдийн эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг үйл ажиллагаа юм.

Тийм учир Монгол Улсын Засгийн газрын хүүхдийг хурдан морь унуулах үйл ажиллагааг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгч ярихдаа цар тахлын нөхцөл байдалд хүүхдийг хамруулах уралдаан тэмцээн зохион байгуулах гэдэг нь өөрөө хүүхдийн эрхийн ноцтой зөрчил юм. Энэ үйл ажиллагааг хойшлуулах, таслан зогсоохыг зөвлөж байна. Мөн цаашлаад 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулах гэдэг нь эрсдэлт нөхцөл байдалтай байна гэсэн мэдэгдэл гаргасан байгаа. Мөн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Шадар сайдад хандаж ирүүлсэн мэдэгдэлдээ цар тахлын нөхцөл байдалд хүүхдийг оролцуулсан. Наадам зохион байгуулах нь ноцтой зөрчил байна. 3 хүүхэд амь насаараа хохирсонд эмгэнэл илэрхийлж байна гэдэг мэдэгдэл ирүүлсэн. Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмждөө мөн цар тахлын нөхцөл байдалд хүүхдээр хурдан морь унуулах шийдвэр гарсан нь үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаа байна. 3 хүүхэд амь насаараа хохирсон нөхцөл байдал байна. Энэ хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн байна. Үүнийг ч Засгийн газар хожим хүлээн зөвшөөрөөд 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, үндэслэлдээ цар тахлын нөхцөл байдал болоод, Ковид-19-ийн тухай хуулийн 7.1.7 дугаар зүйлийг үндэслэн гаргасан байгаа. Засгийн газар өөрийн шийдвэрээ хүчингүй болгосноор 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол хууль бус гэж дүгнэсэн байгаа. Засгийн газрын шийдвэр, олон улсын байгууллагуудын шийдвэр, Хүний эрхийн үндэсний комиссоос гарсан зөвлөмжүүдээр маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан гэдэг хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдсан байгаа. Хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсон байна. Бидний нэхэмжлэлийн шаардлага бол хүүхдийн эрхийг хамгаалж хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх юм. Хүүхдийн эрхээ хамгаалах боломжийг бүрдүүлэх, дээрх хуулиар хамгаалах нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ТТБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, Ө.Б******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай Монфемнет Үндэсний Сүлжээ ТББ нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, ардчилал, нийгмийн шударга ёс, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр 2000 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулсаар ирсэн нийгэмд үйлчлэх зорилготой төрийн бус байгууллага билээ. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 болон 3 дахь заалтад заасан ... хурдан морины уралдаан... коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах Хорооны дарга С.А*******д даалгасугай хэмээсэн нь дараах илэрхий нөхцөл байдалд хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, илт хохирол учруулах шийдвэр тул холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагатай байна.

Нэгдүгээрт, Хурдан морины уралдааны бэлтгэл, сунгаа, уралдааны үед зайлшгүй хүүхдүүд оролцох тул энэхүү шийдвэр нь хүүхдүүдийг олон нийтийн арга хэмжээнд төр өөрөө татан оролцуулж, хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж байгаа нь Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хуулийг ноцтой зөрчиж байна. Батлагдсан тоон мэдээллээр Монгол Улсад 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар коронавируст халдварын нийт 5895 тохиолдол 34 бүртгэгдсэний 1661 нь буюу нийт өвчлөлийн 28.1 хувийг 0-24 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байсан байна.

Харин 06 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 0-18 хүртэлх насны 25,038 хүүхэд байгаа нь нийт 112,694 тохиолдлын 22.3%-ийг эзэлж байна. Үүнээс 12,114 эмэгтэй, 12,924 эрэгтэй хүүхэд байна. Насны бүлгээр авч үзвэл, 0-4 насны 5,690 хүүхэд, 5-9 насны 8000, 10-14 насны 7597, 15-17 насны 3571 хүүхэд тус тус халдварласан. Халдвар авсан нийт хүүхдийн 83.53% буюу 20,915 хүүхэд Улаанбаатар хотод, 16.47% буюу 3862 хүүхэд хөдөө орон нутагт тус тус бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтээс үзвэл, улсын хэмжээд хүүхдийн халдвар авалтын тоо эрчимтэй өсч байгаа энэ үед Үндэсний их баяр наадамд хүүхэд оролцуулсан уралдаан, тэмцээн зохион байгуулж байгаа нь хүүхдийн эрүүл мэндийг эрсдэл бүхий нөхцөл байдалд мэдсээр байж оруулж байна.

Үндэсний их баяр наадмын 2020 оны хурдан морины уралдаанд 387 хүүхэд, 1293 морь бүртгүүлж, уралдаж байсан байна. Нэг насанд дунджаар 200 морьд уралдаж, 200 хүүхэд уралдаанд оролцож, тэдгээрийн уяач, морины эзэд, зохион байгуулалтын хүмүүс гээд тооцоход нэг удаагийн уралдаанд дор хаяж 400-гаас доошгүй хүний бөөгнөрөл үүсэж, халдварын тохиолдол нэмэгдэхээр байна. Жишээ дурдвал, 2019 оны Үндэсний их баяр наадмаар 200 орчим даага, 236 шүдлэн, хязаалан 184, 200 гаруй соёолон, 271 их нас, 163 азарга уралдсан. Харин 2020 онд азарга 104, их нас 210, соёолон 184, даага 49, хязаалан 170, шүдлэн 70 тооны морьд тус тус уралдсан байна. Үүнээс үзвэл, морь бүрт нэг хүүхэд байхаар тооцоход зөвхөн Нийслэлийн хэмжээнд 800 орчим хүүхэд унаач хийдэг байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.2 дахь хэсэгт хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна хэмээн заасан байдаг тул уралдаанд 7-12 насны хүүхдүүд оролцож байна. Ийнхүү холбогдох 171 дүгээр тогтоолын биелэлт хэрэгжсэнээр уралдааны үеэр унаач хүүхдүүд амны хаалтгүй байх тул хүүхдүүд хоорондоо төдийгүй халдвар авсан насанд хүрсэн хүнтэй хавьталд орох бүрэн боломжтой байх тул хүүхдийн эрүүл мэндэд аюул учрах өндөр эрсдэлтэй байна.

Монгол улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.12-т заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан...хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажиллана хэмээн тус тус заасны дагуу хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах, хамгаалах үүрэгтэй Гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллага байна. Гэтэл өөрсдийн үүргийг үл хайхран хүүхдийн ашиг сонирхол, эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.

Хоёрдугаарт, Манай улс олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орсныхоо хүрээнд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Аливаа хүүхэд...өөрийн гэр бүл, нийгэм, төрийн зүгээс насанд хүрээгүйн хувьд шаардлага бүхий хамгаалалт эдлэх эрхтэй. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарал хандуулна, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд аюултай боловсрол эзэмшихэд нь саад болох ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрнө

Мөн конвенцийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Оролцогч улсууд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах доромжлох сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох захиргааны нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулах үүргийг хүлээдэг. Үүний хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн, ЮНИСЕФ зэрэг олон улсын байгууллагын зөвлөсөн Хүн амын дунд халдвар тархсан үед болон хүн хоорондын зай барих боломжгүй олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, аль болох олон нийтийн газар явахаас зайлсхийх зэрэг зөвлөмж гаргасан байдаг. Гэвч Засгийн газраас 171 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хэрэгжүүлж, хүүхэд оролцсон аливаа арга хэмжээг зохион байгуулснаар Монгол Улс Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүснэ.

Гуравдугаарт, Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 7-16 хүртэлх насны хүүхдүүд огт вакцинд хамрагдаагүй байгаа. Эрүүл мэндийн сайдын 06 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад 07 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд унаач хүүхдүүд эхний тундаа ч хамрагдаагүй байх юм. Түүнчлэн вакцинд бүрэн хамрагдсан байлаа ч эрсдэл өндөр байгааг сүүлийн 2 сарын вакцинжуулалт, халдварын тоо мэдээ харуулж байна. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд 7.1.22 дахь хэсэгт зааснаар цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэмээн заасан байгаагаас үзвэл Засгийн газрын холбогдох 171 дүгээр тогтоол нь эсрэгээрээ хүүхдийн дээд ашиг сонирхол, эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Зөвхөн 7-оос дээш насны унаач хүүхдээс гадна өсвөрийн бөх, сур харваач, шагай харваачдын эрх ашгийг хамгаалах, хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг зогсоох нэн тэргүүнд шаардлагатай байна.

Иймд Коронавируст цар тахлын улмаас орон нутаг төдийгүй Нийслэлийн хэмжээнд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй байх тул Монгол улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсэг болон 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Ийнхүү хүчингүй болгуулсан нь хурдан морь уралдуулах үндэсний уламжлалыг үгүйсгэхгүй болохыг дахин тэмдэглэе гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Т.О******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь " Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын "хурдан морины уралдаан" хэсэг болон тус тогтоолын 3 дахь заалтыг хууль бус байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн" , 2.2-т " Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх өдрийг хуулиар тогтооно" гэж заасан бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15"-ны өдөр байхаар тус тус хуульчилсан. Улаанбаатар хот Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д "Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар , сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тус тус тогтоож болно гэж заасан бөгөөд Засгийн газар нь Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Улсын баяр наадмыг цахимаар, радио, телевизээр шууд дамжуулж үзэгчгүйгээр зохион байгуулахаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг гаргасан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8-д "Улсын онцгой комиссын саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг түр хориглох", Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д "нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах" гэж заасныг үндэслэн Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд "Коронавируст халдварын орон нутаг дахь түвшин, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн бодит нөхцөл байдлыг аймаг, сумын баяр наадмыг
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулах эсэх асуудлыг аймгийн Засаг дарга нарт шийдвэрлэхээр заасан. Ингэхдээ Улсын болон Аймгийн Онцгой комиссын саналыг харгалзан үзэхээр тогтоолд тусгасан. Коронавируст халдварын цар тахлын тархалт, халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээсэн. Улсын баяр наадам болох хугацааг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар тогтоосон бөгөөд уг хууль 2003 онд батлагдсан. Улсын баяр наадам нь бөх, харваач, уяачид болон Монголчуудын хувьд үндэсний уламжлалт баяр, ёс заншил болохын хувьд жилийн хугацаанд бэлтгэл, сургууль хийж ихээхэн ач холбогдол өгч бэлдэж хүлээдэг баяр байдаг. 2021 оны хувьд дэлхий нийтэд Коронавируст цар тахлын улмаас уламжлалт байдлаар тэмдэглэх боломжгүй байдлыг үндэслэн цахимаар, радио, телевизээр шууд дамжуулж, үзэгчгүйгээр зохион байгуулах, аймаг, сумын баяр наадмыг хугацааг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах шийдвэр гаргасан. Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоол гарснаас хойш 9 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын "Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" 183 дугаар тогтоолоор Коронавируст халдварын цар тахлын тархалт, халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд хязгаарлан, аймаг сумын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овоо тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоол гарснаар Коронавируст цар тахлын халдварт өртөх эрсдэл үүссэн мэтээр тайлбарлаж, хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь тогтоолын утга агуулгыг бүрэн ойлгоогүй, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үгүйсгэх гэсэн байр сууринаас хандаж байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд цар тахлын эрсдэлтэй байгаа нөхцөлд Улсын их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах, аймаг сумын баяр наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргасан болохоос хууль зөрчиж , бусад этгээдийн хууль ёсны эрх ашиг , эсхүл нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргаагүй. Харин хууль тогтоомжийн хүрээнд, нийтийн эрх ашиг, аюулгүй байдлыг харгалзан үзэж тухайн үеийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж гаргасан хууль ёсны шийдвэр байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг заасан бөгөөд Засгийн газрын 2021 оны 171 дүгээр тогтоол нь энэ тохиолдолд хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М*******,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэсний баяр наадам жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд улс орон даяар үндэсний их баяр наадмыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүр дээр зохион байгуулахаар хуульчлагдсан байгаа. Жил болгон баяр наадмыг зохион байгуулах шийдвэр гардаггүй. Зохион байгуулах үүрэгтэй гээд хуульд байгаа. Тийм учир Засгийн газраас үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан зохион байгуулахаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчиж байна гэж үзээд байгаа. Энэ хуулийн 9.1-д Худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ жагсаал, цуглаан хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулах болон оролцогч талууд хангаж ажиллана гэж байгаа. Өөрөөр хэлбэл оролцож болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй. Үндэсний их баяр наадам нь 2010 онд UNESCO-д бүртгэгдсэн байгаа. Хүүхэд унахгүйгээр хурдан морины уралдааныг зохион байгуулна гэж байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ сунгаан болсон учир гэх боловч энэ нь баяр наадам биш юм. Энэ захиргааны акт ерөөсөө хэрэгжээгүй. Нэхэмжлэл гаргах шаардлага, нэхэмжлэгч байгууллагад захиргааны акт ямар ч хамаагүй. Өөрөөр хэлбэл шийдвэр хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л НҮТББ нь ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсэг болон тус тогтоолын 3 дахь заалтыг хууль бус байсныг тогтоолгох, М НҮТББ нь ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тус тус тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэг. "Л НҮТББ-ын гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсэг болон тус тогтоолын 3 дахь заалтыг хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 171 дүгээр тогтоолоор Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхий барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хорооны дарга С.А*******д даалгажээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, улсын хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Аймаг, сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгон, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.

Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин зохицуулагчаас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн албан мэдэгдэл болон 2021 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын удирдлагын багаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын засгийн газарт ирүүлсэн албан мэдэгдлүүдэд ...хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэндэд аюултай тул Хорооны зүгээс 18-аас доош насны хүүхдээр жилийн туршид хурдны морь унуулахгүй байх чиглэлээр хууль тогтоомж гаргаж, практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардаж байна гэсэн байна.

Мөн 2021 оны 06 дугаар 29-ний өдрийн 1/08 дугаар албан тоотоор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын Ерөнхий сайдад ....Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, дээд эрх ашиг, язгуур эрхийг хамгаалах зорилгоор энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах, санал зөвлөмжийг хүргүүлсэн байх бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна гэж заасны дагуу Хүний эрхийн үндэсний комисс болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг хариуцагч Монгол Улсын Засгийн газар зохион байгуулах үүрэгтэй байна.

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг соёлын уламжлалтай холбон, Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоол гарснаас 9 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор тус маргаан бүхий тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон, 171 дүгээр тогтоол гарснаар коронавирус цар тахлын халдварт өртөх эрсдэл үүссэн гэдэг нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ нь Шүүхийн шинжилгээний Үндэсний төвөөс ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04/3805 дугаартай албан бичгийн хавсралтад 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 9 настай хүүхэд Дундговь аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Их-Уул мориноос унаж нас барсан гэх бүртгэл, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичигт дурдсанаар 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 11 доош насны хүүхэд вакцинд хамрагдаагүй байх бөгөөд 12-17 насны 127,595 хүүхэд вакцинд хамрагдсан зэрэг баримтуудаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсноос үл хамааран Коронавируст халдварын тархалтыг нэмэгдүүлэх, мөн хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оролцогч улсууд эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалуулах, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд аюултай боловсрол эзэмшихэд нь саад болох ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрнө, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн 7 дугаар зүйлийн 2.а-д Гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийг устгахад боловсролын ач холбогдлыг анхаарч, тогтоосон хугацаанд үр нөлөөтэй хэрэгжүүлэх дараахь зорилгоор арга хэмжээ авч хэрэгжүүлнэ: хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор тус хугацааг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан, мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн баримтаар 12-15 насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс вакцинжуулах арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн зэргээс үзэхэд тус маргаан бүхий акт нь хүүхдийн эрүүл мэндэд аюултай буюу коронавируст халдвараар өвчлөх эрсдлийг бий болгосон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт ...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг; төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална: төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, Хүүхдийн эрхийн тухай конвецийн 3 дугаар зүйлийн 1-д Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн
11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах, 7.1.22-т цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газар маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч уг тогтоолын 2 дугаар заалтад Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхий барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хорооны дарга С.А*******д даалгасугай гэж заасны хурдан морьны уралдаан гэх хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Маргаан бүхий тогтоолын 3 дугаар заалтад Коронавируст халдвар /Ковид-19/-ын орон нутаг дахь түвшин, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн бодит нөхцөл байдлыг аймаг, сум тус бүрээр авч үзэж, тухайн аймаг сумын баяр наадмыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулах эсэх асуудлыг Улсын болон Аймгийн онцгой комиссын саналыг харгалзан хамтран шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд С.А*******, аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй гэж заасныг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Засгийн газрын 2021 оны 171 дүгээр тогтоолын 3 дахь заалтад аймаг, сумын наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг Улсын болон Аймгийн онцгой комиссын саналыг харгалзан хамтран шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд С.А*******, аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй гэсэн нь дотогш чиглэсэн шинжтэй буюу энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ...Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасанд хамаарахгүй, захиргааны акт биш байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2021 оны 171 дүгээр тогтоолын 3 дахь заалт нь захиргааны актын үндсэн шинж болох гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй буюу Монгол Улсын Шадар сайд С.А******* болон аймгийн Засаг дарга нарт хандсан шинжтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2010 оны 10 дугаар сард Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЭСКО/-ын Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад Монголын уламжлалт баяр болох Наадам бүртгэгдсэн байх бөгөөд энэ нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Нийтээр тэмдэглэх баярын өдөр: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15 гэж заасны дагуу зуны улиралд зохион байгуулагддаг нь нийтэд илэрхий үйл баримт учраас энэ үед наадам зохион байгуулах нь зөв буруу эсэх талаар шүүхээс дүгнэлт хийхгүй, харин цар тахлын үед дээрх маргаан бүхий акт гарсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан, шүүх энэхүү агуулгаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

М НҮТББ-ын ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд М НҮТББ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус төрийн бус байгууллагын дүрмийн 1.1-д ...эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө ажиллах болсон..., 3.1-д ...Олон нийтийн дунд жендэрийн тэгш эрх, шударга ёсыг эрхэмлэсэн хандлага төлөвшүүлэх, 3.2-т Төрийн бодлогыг жендэрийн тэгш эрх, шударга ёсонд нийцүүлэхэд нөлөөлөх гэж тус тус заасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу М НҮТББ нь тус байгууллагын дүрмийн 1.1-д зааснаар эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах нь тус байгууллагын үйл ажиллагааны зорилтод хамаарахгүй байгаа тул уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн М НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13, 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.22, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л НҮТББ-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан гэх хэсэг-ийг бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг бус байсан болохыг тогтоох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан М НҮТББ-иас ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Л НҮТББ-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж Л НҮТББ-д олгож, М НҮТББ-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОДМАА