Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0172

 

“Л” НҮТББ,

“М” НҮТББ-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

М холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг

Нэхэмжлэгч “Л” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсгийг, 3 дахь хэсгийг хууль бус байсныг тогтоолгох”,

Нэхэмжлэгч “М” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсгийг, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 724 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Л” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ганбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Ө.Болортуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0488/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Л” НҮТББ, “М” НҮТББ-уудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Л” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсгийг, 3 дахь хэсгийг хууль бус байсныг тогтоолгох, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.22, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л” НҮТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хурдан морины уралдаан гэх хэсэг”-ийг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсэх болох “...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хууль бус байсан болохыг тогтоох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “М” НҮТББ-ын “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсгийг, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Монголын морин спорт уяачдын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Монгол Улсын үндсэн хуульд “...Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно ...” гэж тунхаглаж өгсөн байдаг. Хурадан морины уралдаан бол үндэсний өв соёл юм. Үндэсний их баяр наадмын салгаж үл болох төрөл юм. Үндэсний их баяр наадам нь 2010 онд олон улсын соёлын өв буюу Юнескод бүртгүүлсэн.

3.2. Хууль тогтоогчийн зүгээс Үндэсний их баяр наамдын тухай хуулийг баталж, уг хуулиар үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой харилцааг зохицуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоол нь энэхүү хуульд нийцэж гарсан тогтоол тул хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээд М холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр гуравдагч этгээд М холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар “... хурдан морины уралдааны ... арга хэмжээг короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулах”-ыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргад даалгаж, 3 дахь заалтаар “Короновирус халдвар /КОВИД-19/-ын орон нутаг дахь түвшин, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн бодит нөхцөл байдлыг аймаг, сум тус бүрээр авч үзэж, тухайн аймаг, сумын баяр наадмыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулах эсэх асуудлыг Улсын болон Аймгийн онцгой комиссын саналыг харгалзан хамтран шийдвэрлэх”-ийг Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байна.

2.2. Нэхэмжлэгч “Л” НҮТББ-аас “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсгийг, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсгийг, 3 дахь хэсгийг хууль бус байсныг тогтоолгох” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... уралдааны үеэр унаач хүүхдүүд амны хаалтгүй байх тул хүүхдүүд хоорондоо төдийгүй халдвар авсан насанд хүрсэн хүнтэй хавьталд орох бүрэн боломжтой байх тул хүүхдийн эрүүл мэндэд аюул учрах өндөр эрсдэлтэй ... 07 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд унаач хүүхдүүд хоёрдугаар тун гэлтгүй эхний тундаа ч хамрагдаагүй ... вакцинд бүрэн хамрагдсан байлаа ч эрсдэл өндөр ... маргаан бүхий акт гарсны улмаас Үндэсний их баяр наадамд оролцохоор уяачид улс орон даяар морь уяа, сойлго, үсэргээ /сунгаа/ зэрэг үйл ажиллагааг эхлүүлж, үүний улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас, эрүүл мэндэд нь хохирол, эрсдэл үүссэн үйл баримтууд гарсан” хэмээн тайлбарлан маргажээ.

2.3. Анхан шатны шүүх маргааны тохиолдолд хэрэглэвэл зохих холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, “... хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн” гэсэн дүгнэлт хийж, “Л” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “... хурдан морины уралдаан” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 7.1.22-т “цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх” гэж зааснаас үзэхэд төрөөс хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах тэгш эрхийг хангах үүрэгтэй байна.

2.5. Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/6040 дүгээр албан бичигт “...16-17 насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ..., 12-15 насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс Короновируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар вакцинжуулахаар арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн ... 11-ээс доош насны хүүхэд хамрагдаагүй болно” гэснээс үзэхэд маргаан Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоол батлагдах үед хурдан морины уралдааны унаач хүүхдүүд Короновируст халдварын дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй болох нь тогтоогдож байна.

2.6. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн “...маргаан бүхий акт нь хүүхдийн эрүүл мэндэд аюултай буюу короновируст халдвараар өвчлөх эрсдэлийг бий болгосон” талаарх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.6. Тодруулбал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хурдан морины уралдаан бол үндэсний өв соёл юм ... хууль тогтоогчийн зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталж, уг хуулиар баяр наадамтай холбоотой харилцааг зохицуулж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоол нь энэхүү хуульд нийцэж гарсан тогтоол юм” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир шүүхээс хурдан морины уралдаан нь үндэсний өв соёл, Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдах харилцаа болохыг үгүйсгээгүй бөгөөд зөвхөн дэлхий нийтээр цар тахал нүүрлэсэн, нөхцөл байдал дээрдээгүй, хүүхдүүдэд вакцинжуулалт хийгдээгүй байхад хурдан морины уралдааныг зохион байгуулахыг даалгаж байгаа нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хүүхдийн эрхийг хамгаалахад баримтлах зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

3. Харин “М” ТББ-ын гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсгийг, 3 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” болон “Л” НҮТББ-ын “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсныг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөөгүйг болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд М холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

            ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ