Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 237

 

“УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03478 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Х-д холбогдох

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 492 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимид, хариуцагч Ч.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБТТС” ХХК нь үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ч.Х-тэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар үүрэг хүлээж тохиролцсон. Ингээд гэрээ байгуулсан өдөр автомашин хүлээлгэн өгөх акт үйлдэн түрээслэгчийн ашиглалтад гэрээний зүйл болох 15-40 УНС улсын дугаартай хьюндай Элентра маркийн авто машиныг хүлээлгэн өгсөн. Түрээсийн хугацаанд Ч.Х- нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөрийг 14 өдрийн 400.000 төгрөгийн төлбөртэй болсон тул санхүүгийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар түрээсийн автомашиныг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түр саатуулан акт үйлдэж авч оношилгоо хийлгээд түрээслэгчээр гарын үсэг зуруулан хүлээн  авч зогсоолд байрлуулсан. Ингээд түрээслүүлэгчид зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаа өгсөн. Нэмэлт хугацаанд түрээслэгч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг “Монгол Хьюндай автомотив” ХХКд хийлгүүлсэн байдаг. Гэрээ дуусгавар болгосонтой холбоотой авто машиныг хүлээн аваад засвар хийлгэсэн зардал 1.253.810 төгрөг, 400.000 төгрөгийн түрээсийн төлбөр, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 768.000 төгрөг, нийт 2.412.810 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 768.000 төгрөгийг манай байгууллага төлсөн баримтаар тогтоогдоно. Ч.Хас-Эрдэнийг шүүхээр эрэн сурвалжлуулсны улсын тэмдэгтийн хураамжийг нийт 2.412.110 төгрөгийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315.1, 227.1 дэх хэсгүүдийг үндэслэн нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “УБТТС” ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ч.Х-тэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 15-40 УНС улсын дугаартай хьюндай Элентра маркийн авто машиныг хүлээн авсан. Хүлээн авахад тухайн авто машин суудлын бүрээсгүй, хөгжимгүй энд тэндээ хонхойсон бодит байдал дээр эвдрэлтэй машин байсан. Анх такси түрээслэн гэрээ хийхэд барьцаа, дуудлага хүлээн авах зэрэг 500.000 төгрөгийг надаас хурааж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 400.000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрсөн торгуулийн төлбөр 768.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Би хоёр сарын хугацаанд машиныг түрээсэлсэн. Түрээсийн хугацаанд актад дурдагдсан гэмтэл учирсан гэдэгт эргэлзэж байна. Намайг замын хөдөлгөөнд оролцож байхад надаас хэсгийн ахлагч ирээд машинаа аваад явсан. Машин хүлээлцсэн актад надаар гарын үсэг зуруулаагүй тул дээрх эвдрэлийг засуулсан гэх 1.253.810 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг анх “УБТТС” ХХК-тай гэрээ байгуулахад манай хөрш эгч намайг батлан дааж авсан. Гэтэл намайг эрэн сурвалжилсан гэдэгт эргэлзэж байна. Би утсаа өөрчлөөгүй, миний батлан даагчийн гэрийн хаяг утас бүгд хэвээрээ байгаа тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Боржигон овогт Чулуунцэцэгийн Хас-Эрдэнэээс 1.168.000 төгрөгийг гаргуулж “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.324.010 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.824 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 36.134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4 дэх хэсэг, 315 дугаар зүйлийн 315.1-д тус тус зааснаар түрээслэгч түрээсийн зүйлийн элэгдэл, хорогдлыг хариуцахаар зохицуулсан байна. Засварын газрууд засвар хийх шаардлагатай, солихгүй бол зам тээврийн осол хүргэж болох зайлшгүй солих шаардлагатай гэсэн эд ангиудыг сольж, засварласан байгаа. Мөн түрээсийн хугацааны элэгдэл хорогдлыг түрээслэгч хариуцахаар зохицуулсан хуулийн зохицуулалт байсаар атал энгийн элэгдэл хорогдол гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Энэ маргааны автомашины хувьд хүлээлгэн өгөх үед 182.140 км, авах үед 187.232км, 2017 оны 5 дугаар сарын10-ны өдрийн засварын хуудсанд 187.233 км гэж тус тус тэмдэглэгдсэн нь дээр автомашин ашиглагдаагүй гэдэг нь харагдаж байна. Мөн манай компани өөрийн хяналтын камертай авто зогсоолд тээврийн хэрэгслүүдээ найдвартай хадгалдаг. Иймээс тус автомашин 2 сар гаруй хүлээлгийн байдалд байснаар ямар нэг гэмтэл учрах боломжгүй юм. Тухайн автомашиныг инженер болон хяналтын ажилчид бас хянаж байдаг юм. Мөн тэмдэгтийн хураамжийн 70.300 тегрөг нь хэрвээ хариуцагч хаягандаа байсан бол манай компани түүнийг эрэн сурвалжлуулахгүй байх байсан. Иймээс тус зардал нь манай компаниас зайлшгүй гарах ёстой зардал биш учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар эрэн сурвалжлуулах ажиллагааны зардалд тушаасан 70.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Иймд шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Ч.Х-д холбогдуулан түрээсийн төлбөр 400.000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр 768.000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 1.253.810 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардал 70.200 төгрөг, нийт 2.492.110 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргасан боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 400.000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр 764.000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 Зохигчдын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Автомашины санхүүгийн түрээсийн тт-17-008 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “УБТТС” ХХК нь түрээслэгч Ч.Х-д 15-40 УНС улсын дугаартай Хюьндай Элентра автомашиныг 33 сарын хугацаатай, такси үйлчилгээний зориулалтаар эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон, уг автомашиныг нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан үйл баримтын талаар тогтоогдсон талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь машиныг буцаан авахдаа өөрийг нь байлцуулахгүй акт үйлдэж гарын үсэг зуруулаагүй үндэслэлээр засвар үйлчилгээний зардлыг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн автомашин хүлээлцсэн актад “...хойд купер 2 жижиг хонхорхойтой, баруун хойд крыло сэвтэй, урд хаалга доод буландаа сэвтэй, хойд хаалга баруун талдаа сэвтэй…” гэж тэмдэглэжээ./хх-ийн 11/

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Ч.Х-эс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр автомашин хураан  авч  акт үйлдсэн байх боловч уг актад түрээслэгч гарын үсэг зураагүй байх тул автомашин хариуцагчийн эзэмшил, ашиглалттай аль эвдрэл гэмтэл нь хамаарахыг ялган тодорхойлох боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын сарын 16, 5 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон засвар үйлчилгээний хуудас, засвар үйлчилгээний нэхэмжлэх болон бараа материалын зарлагын баримтуудаас үзэхэд  хариуцагчаас автомашиныг хүлээж авснаас хойш 2 сар гаруйн хугацааны дараа үйлдэгдсэн байх тул түрээсийн гэрээний хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас автомашины эд ангид эвдрэл гэмтэл учирсан гэж  эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагчаас автомашиныг хураан авч акт үйлдэхдээ түүнийг байлцуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд автомашиныг хураан авснаас хойш засварлах хүртэл хугацаанд автомашины километрийн заалт өөрчлөгдөөгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт 400.000 төгрөг, замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн төлбөрт төлсөн 768.000 төгрөг, нийт 1.168.000 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх засвар үйлчилгээний зардал 1.253.810 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

               ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Н.БАТЗОРИГ