Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/03478

 

 

 

 

2019 оны 12 сарын 06 өдөр         Дугаар 101/ШШ2019/03478           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ““УБТТС” ХХК/рд: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Х холбогдох

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2,492,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимид, хариуцагч Ч.Х, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нэхэмжлэлдээ: ““УБТТС” ХХК нь үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ч.Хтэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар үүрэг хүлээж тохиролцсон. Ингээд гэрээ байгуулсан өдөр автомашин хүлээлгэн өгөх акт үйлдэн түрээслэгчийн ашиглалтад гэрээний зүйл болох ******* УНС улсын дугаартай хьюндай Элентра маркийн авто машиныг хүлээлгэн өгсөн.

Түрээсийн хугацаанд Ч.Х нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөрийг 14 өдрийн 400,000 төгрөгийн төлбөртэй болсон тул санхүүгийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар түрээсийн автомашиныг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түр саатуулан акт үйлдэж авч оношилгоо хийлгээд түрээслэгчээр гарын үсэг зуруулан хүлээн  авч зогсоолд байрлуулсан. Ингээд түрээслүүлэгчид зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаа өгсөн. Нэмэлт хугацаанд түрээслэгч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 24-нд гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг ******* ХХК–д хийлгүүлсэн байдаг. Гэрээ дуусгавар болгосонтой холбоотой авто машиныг хүлээн аваад засвар хийлгэсэн зардал 1,253,810 төгрөг, 400,000 төгрөгийн түрээсийн төлбөр, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 768,000 төгрөг нийт 2,412,810 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 768,000 төгрөгийг манай байгууллага төлсөн баримтаар тогтоогдоно. *******ийг шүүхээр эрэн сурвалжлуулсны улсын тэмдэгтийн хураамжийг нийт 2,412,110 төгрөгийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315.1, 227.1 дэх хэсгүүдийг үндэслэн нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний бие ““УБТТС” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ч.Хтэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан ******* УНС улсын дугаартай хьюндай Элентра маркийн авто машиныг хүлээн авсан. Хүлээн авахад тухайн авто машин суудлын бүрээсгүй, хөгжимгүй энд тэндээ хонхойсон бодит байдал дээр эвдрэлтэй машин байсан. Анх такси түрээслэн гэрээ хийхэд барьцаа, дуудлага хүлээн авах зэрэг 500,000 төгрөгийг надаас хурааж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 400,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрсөн торгуулийн төлбөр 768,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө.

Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. ““УБТТС” ХХК нь эвдэрхий машиныг шинэ жолооч нарт өгч дараа нь засварын зардлыг гаргуулан авч жолооч нарыг нэг ёсондоо шулдаг гэж хэлж болно.би хоёр сарын хугацаанд машиныг түрээсэлсэн.Түрээсийн хугацаанд актад дурдагдсан гэмтэл учирсан гэдэгт эргэлзэж байна. Намайг замын хөдөлгөөнд оролцож байхад надаас хэсгийн ахлагч ирээд машинаа аваад явсан Машин хүлээлцсэн актад надаар гарын үсэг зуруулаагүй тул дээрх эвдрэлийг засуулсан гэх 1,253,810 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг анх ““УБТТС” ХХК-тай гэрээ байгуулахад манай хөрш эгч намайг батлан дааж авсан. Гэтэл намайг эрэн сурвалжилсан гэдэгт эргэлзэж байна. Би утсаа өөрчлөөгүй, миний батлан даагчийн гэрийн хаяг утас бүгд хэвээрээ байгаа тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““УБТТС” ХХК нь хариуцагч Ч.Х-д холбогдуулан түрээсийн төлбөр 400,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр 768,000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 1,253,810 төгрөг, эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 2,492,110 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 400,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр 768,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн ноолох баримт зохигчдын шүүхэд мэдүүлсэн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Талууд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “тт-17-008” тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулж, түрээслэгч Ч.Х нь ******* УНС улсын дугаартай “*******” автомашиныг 33 сарын хугацаатай, такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглуулахаар хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг хүлээн авсан талаар талууд маргаагүй./хх-ийн 7-13 дугаар талууд/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж хүсэл зоригоо илэрхийлсэн, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Автомашин хүлээлцсэн актад “...хойд купер 2 жижиг хонхорхойтой, баруун хойд крыло сэвтэй, урд халга доод будандаа сэвтэй, хойд хаалга баруун талдаа сэвтэй,” гэх тэмдэглэсэн баримт авагджээ.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д “нэг тал үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу болон Санхүүгийн түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д заасны дагуу автомашины санхүүгийн түрээсийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, авто машиныг хураан авсан байна.

Хариуцагч талаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 400,000 төгрөг, замын хөдөлгөөний торгуулийн төлбөр 764,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргахгүй. харин засвар үйлчилгээний төлбөр 1,253,810 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, машиныг буцаан авахдаа намайг байлцуулахгүй акт үйлдэж гарын үсэг зуруулаагүй гэх үндэслэлээр засвар үйлчилгээний зардлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д “түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход түрээслүүлэгч талын шаардлагыг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр, хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ.” гэж заасан.

Хэрэгт “*******” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10, 20, 5 дугаар сарын 16, 5 дугаар сарын 25-ны өдрийн авто машины оношилгоо, үзлэгийн хуудас, төлбөрийн баримт, засвар үйлчилгээний нэхэмжлэх, засвар үйлчилгээний хуудас, зарлагын хуудас зэрэг баримтууд нь *******ийн ашиглаж байсан 1540 УНС автомашинд хийлгэсэн үзлэг, оношлогооны хөлсний үнийн дүнгийн баримт авагдсан байна. /хх-13, 17-27 дугаар талууд/

Автомашин буцаан хүлээн авч үйлдсэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн актаас үзэхэд аль эвдрэл гэмтэл нь ердийн элэгдэлд хамаарах, аль нь ердийнхөөс илүүтэй муутгасан, тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, зайлшгүй засварлах гэмтэл болохыг ялгаж зааглаагүй, “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын сарын 16, 5 дугаар сарын  25-ны өдрөөр огноолсон засвар үйлчилгээний хуудас, засвар үйлчилгээний нэхэмжлэх болон бараа материалын зарлагын баримтууд нь хариуцагчаас автомашиныг хүлээж авснаас хойш 2 сар гаруйн дараа үйлдэгдсэн байх тул Ч.Хд анх хүлээлгэн өгсөн автомашиныг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан, түрээсийн гэрээний хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас автомашины эд ангид эвдрэл учирсан гэж дүгнэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч миний утасны дугаар өөрчлөгдөөгүй, батлан даагч утасны дугаар гэрийн хаяг өөрчлөгдөөгүй, надтай нэг ч удаа холбогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь: эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигчоос төлж байгаа мөнгөн төлбөрийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж буй мөнгөн хөрөнгө гэж ойлгоно. Шүүхийн зардлыг хэргийг шийдвэрлэх үед хэрхэн хувиарлах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ““УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт 400,000 төгрөг, замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн төлбөрт төлсөн 768,000 төгрөг, нийт 1,168,000 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх засвар үйлчилгээний зардал 1,253,810 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж 36,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Ч.Х-ээс 1,168,000 төгрөгийг гаргуулж ““УБТТС” ХХК  /рд: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,324,010 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,824 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 36,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       ирээгүТ.ГАНЧИМЭГ