Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0023/з |
Дугаар | 280 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 280
М.О-ын нэхэмжлэлтэй,
НГА, НХӨГ-ын газарт тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсантай адил чанарын албан тушаал болох аль нэг дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэлийн/-ын албан тушаалд томилохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0242 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид, Нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван,
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, А.Ган-Эрдэнэ нар
Нэхэмжлэгч М.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.О-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/340 тоот тушаалыг хүчингүй болгож, М.О-ыг аль нэг дүүргийн дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэлийн/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан М.О-д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9.177.215 /есөн сая нэг зуун далан долоо мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг олгож, М.О-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0242 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч М.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй” гэж үзэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 242 дугаар магадлалаараа дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Уг хэргийг өмнө нь шийдвэрлэж байсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаал нь хуулийн үндэслэлгүй, Төрийн албаны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь хангалттай тогтоогддог. Мөн энэ тухайд харилцагч байгууллага ч хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй.
5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй бөгөөд биелэгдэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 474 дүгээр тогтоолын хянавал хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа дүйцэхүйц албан тушаал гэж ямар албан тушаалыг нэрлэн зааж байгааг тодруулах зайлшгүй шаардлагатай...” гэж бичсэн.
6. Энэхүү дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч миний бие “дүйцэхүйц албан тушаал” гэдгийг тодруулсан буюу “аль нэг дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгосон.
7. Мөн Нийслэлийн Газрын алба нь өөрийн харьяа дүүргүүдийн Газрын албаны төлбөрийн байцаагчдыг томилдог бөгөөд аль нэг дүүргийн гэсэн нь нийслэлийн дүүргүүдийн Газрын албыг хэлж байгаа нь тодорхой юм. Түүнчлэн Нийслэлийн Газрын алба нь дүүргүүдийн Газрын албаны орон тоо, ажлын ачаалал зэргийг харгалзан аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчаар томилох ажлыг зохион байгуулдаг онцлогтой тул тухайлан жишээ нь Баянзүрх дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд гэж нэр цохох боломжгүй.
8. Нөгөө талаас тодорхой нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч гэж нэр цохох нь эргээд шүүхийн шийдвэр биелэгдэхэд хүндрэл учрах эрсдэлтэй. Тодруулбал, шүүхийн шийдвэрт бичсэн нэр цохсон дүүргийн газрын албанд ажилд эгүүлэн томилох боломжгүй байна. Харин өөр дүүргийн Газрын албанд ажилд томилох боломжтой гэсэн шалтгаанаар шүүхийн шийдвэрээс зайлсхийх, биелүүлэхгүй байх асуудлууд гарах магадлалтай.
9. Мөн бусад ажилчдыг хэрхэн чөлөөлж, томилсныг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэжээ. Гэтэл уг асуудал нь маргаан бүхий актын улмаас нэхэмжлэлийн эрх зөрчигдсөн асуудлыг шийдвэрлэхэд хамааралгүй тул хэрэгт ач холбогдолгүй материал гэж үзэж байна.
10. Иймд, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 196 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 93 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зөв гэж үзлээ.
12. Нэхэмжлэгч М.О-ыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Драгон” дахь салбарын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт байна.
13. М.О- нь 2007 оноос 2016 он хүртэл Багануур, Хан-Уул дүүргүүдийн Газрын албанд нягтлан бодогч, архив, бичиг хэргийн эрхлэгч, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд архив, бичиг хэргийн эрхлэгч, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албанд төлбөрийн байцаагч, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Драгон” салбарт төлбөрийн байцаагчийн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан талаарх хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
14. Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, тус тусын чиг үүргийн чиглэлээр нь ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
15. Үүнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс Газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг буюу Нийслэлийн Газрын албанд шилжүүлж, зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны Газрын албаны даргад даалгажээ.
16. Дээрх тогтоол, захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/354 дүгээр тушаалаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын чиг үүргээс Газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
17. Эндээс үзвэл, нэхэмжлэгчийг өмнө нь хэрэгжүүлж байсан албан тушаалын чиг үүргийнх нь дагуу Нийслэлийн Газрын албанд шилжүүлэн томилох байтал маргаан бүхий тушаалаар түүнийг ажлаас нь шууд чөлөөлсөн нь буруу болжээ.
18. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үедээ эрхэлж байсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Драгон” салбарт төлбөрийн байцаагчийн албан тушаал нь шинэ бүтцээр хэвээр байгаа боловч тус төвийн ажилтнуудыг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр гэрээт ажилтан болгосон мөн нэхэмжлэгчийн өмнө нь хэрэгжүүлж байсан газрын төлбөрийн байцаагчийн албан тушаалын чиг үүрэг нь шинээр бий болсон Газрын албанд хадгалагдан үлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
19. Нэхэмжлэгч нь “...төрийн жинхэнэ албан тушаалтны хувьд гэрээт ажилтнаар ажиллах боломжгүй...” хэмээн, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосноор зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг “...аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхой тайлбарлан маргажээ.
20. Нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбоотойгоор анхан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн Газрын албыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, маргаан бүхий Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийнх нь дагуу Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох шүүхийн зорилгод нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
21. Харин анхан шатны шүүх ажилгүй байсан цалингийн хохирлыг хууль бус тушаал гаргасан хариуцагчаас биш Нийслэлийн Газрын албаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.
22. Дээрхээс үзвэл, хэргийн нөхцөл байдал тодорхой, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжтой байхад давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэн “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах...” хэмээн үндэслэл муутай дүгнэлт хийж, хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтуудыг зааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” гэж заасантай нийцэхгүй байна.
23. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0242 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь хэсэгт “...Нийслэлийн Газрын албанд...” гэснийг “...Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ