Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 0863

 

      

                                                                Ч.Б-ын нэхэмжлэлтэй

                                                           захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй, Ч.Б-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өндөр сумын Их Залуу багийн 48Б-5,6 тоот 2 айлын газар, мансардтай байшинг төлбөр төлөгч З.Энхжаргалын төлбөрт битүүмжилсэн тухай акт гаргасан байна. Нэхэмжлэгч Ч.Б нь З.Эрдэнэжаргалын хадам ах ба З.Эрдэнэжаргалтай хамт амьдарч байсан тул битүүмжлэлийн ажиллагаа явуулсан болно. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан тухай баримт хэрэгт байхгүй байна. Ийм учраас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжилсэн ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдсан хүчин төгөлдөр байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч Г.Наранбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/738 дугаар албан бичигт Их Залуу багийн 48Б-5 тоот газрыг хэн нэгэнд өмчлүүлэх, эзэмшүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар мэдэгдсэн боловч уг бичигт байшинтай газар гэж заасан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Уг албан бичигт дурдсан 48Б-5 тоот гэдэг нь огт байшингүй газар бөгөөд ахлах гүйцэтгэгч нь албан бичигтээ байшинтай гэж гэдгийг, 48Б-5,6 хоёр нь нэг дор нийлсэн хашаа гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Их Залуугийн 48Б-6 тоотыг Толгодын 4-26 гэсэн хэрнээ 48Б-5 тоотыг Толгодын 4-24 гэсэн нь зөрүүтэй хаягжилтийн байдал ажиглагдаж байгаа юм.

Аймгийн Прокурорын газраас Орхон сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, газрын даамал нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргахдаа эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр татгалзсан боловч холбогдогч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдсон байна гэж дүгнэсэн байна. Энэ тухай прокурорын 05/09 дүгээр тогтоолд дурдсан бөгөөд энэхүү тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болохыг аймгийн болон Улсын ерөнхий прокурорын газраас баталж хариуг өгсөн байгааг шүүх мөн анхаарч үзсэнгүй. Аймгийн Засаг даргад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль ёсны эсэх, прокурорын тогтоол үндэслэлтэй эсэхийг хянах эрх хуулиар олгогдоогүй юм. Харин хүчин төгөлдөр болсон эсэхийг хянан үзэж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч Ч.Б-ын амьдарч байгаа байшинд одоо З.Эрдэнэжаргал амьдарч байгаа бөгөөд төлбөр авагч нарын нэхэж буй өр төлбөртэй холбоотой баригдсан байшин болно. Гэтэл төрөл садангийн буюу хамаарал бүхий этгээдүүд нэгнийхээ өр төлбөрийг хаацайлах зорилготойгоор хийсэн үйлдлийг таслан зогсоосон Засаг даргын шийдвэр хууль ёсны гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ч.Б-ын газар өмчлөх эрхийг хөндсөн асуудал энд огт байхгүй харин хууль зөрчиж гаргасан захирамжийг л зөвтгөж байгаа шийдвэр гэдгийг шүүх хүлээн авна гэдэгт итгэж байна. Сумдын удирдлагууд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн хууль бус шийдвэр гаргасан байхад үүнийг зөвтгөн хүчингүй болгох нь аймгийн Засаг даргад хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзэж байна. Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Ч.Б-д Булган аймгийн Орхон сумын Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А/51 дүгээр захирамжаар тус сумын Толгодын хэсэгт 4-26 тоот хаягт байрлах нэгж талбарын 6304002548 дугаартай, 1041 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

Булган аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр А/48 дугаар захирамжаар Орхон сумын Засаг дарга нь тус сумын Толгодын хэсгийн 4-26 тоотод Ч.Б-д газар өмчлүүлэх захирамж гаргахдаа Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас  битүүмжилсэн хашаа байшинтай газрыг олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг аймгийн Прокурорын газраас тогтоосон гэж үзэж, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А/63 дугаар захирамжаар дээрх 2017 оны А/48 дугаар захирамжид “иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Б Булган аймгийн Засаг даргад холбогдуулан “аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа “аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэж байгаа нь тодорхой байх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүх 2017 оны 31 дүгээр шийдвэрээр хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч Ч.Б-ын маргаж буй Орхон сумын Толгодын хэсэгт 4-26 тоот хаягтай 1041 м.кв газрыг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48 дугаар захирамж хэвээр байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэж байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд анхан шатны шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн уг эрхийг сэргээсэн шийдвэр гаргах байтал анхан шатны шүүх зөвхөн захирамжид өөрчлөлт оруулсан Булган аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор Ч.Б-ын газар өмчлөх эрх сэргэхгүй тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг гуравдагч этгээдээр татан оролцуулах, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ц.Цэрмааг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Хонгорзулыг асуухаар шийдвэрлэсэн боловч гэрчээр асуулгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.      

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                                                    С.МӨНХЖАРГАЛ

                ШҮҮГЧ                                                                                   Ц.САЙХАНТУЯА