Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/528

 

 

 

 

 

 

 2021               5              25                                       2021/ДШМ/528

 

 

Ц.Л-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Л-д холбогдох эрүүгийн 2108000830061 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ү....... овгийн Ц-ийн Л, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ................... хамт ......................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Ц.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 24 дүгээр байрны 12 тоотод эхнэр Э.Э-гг “гэртээ байсангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулын салстын шарх, цус хуралт, толгойн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун гуя, бугалганы цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальс цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-г 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид сануулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол...заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд...” гээд тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-г 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа “шүүгдэгч Ц.Л- нь зорчих эрх хязгаарлах ялын хүрээнд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах болсон тохиолдолд ажил, сургууль, гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээлгэнэ” гэж тодорхойлсон нь хаашаа явахдаа зөвшөөрөл авахыг тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл оршин суух газраасаа гарч хол, ойр хаа нэгтээ зорчих бүртээ зөвшөөрөл авах мэт ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “ялтан шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх үүрэгтэй” гэж заажээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд ял хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, ямар чиглэл, газарт зорчихдоо зөвшөөрөл авах нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хаагуур зорчиж болохыг хориглож байгаа, хаагуур явахыг зөвшөөрч байгаа гэдэг нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хуралд улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байсан. Гэтэл шүүхээс 4 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Иймд эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Л- нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 20д шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 24 дүгээр байрны 12 тоотод эхнэр Э.Э-гг “гэртээ байгаагүй” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулын салстын шарх, цус хуралт, толгойн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун гуя, бугалганы цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальс цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Э-ийн “...нөхөр орж ирээд “чи гэртээ очихгүй, яагаад гадуур яваад байгаа юм” гээд хөлөөрөө уруул руу өшиглөсөн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод гарын бугалга, гуя, баруун шанаа руу цохиод, хана руу толгой савахад миний зүүн чих дүнгэнээд тухайн үедээ юм сонсохгүй байсан” /хх 42/,

гэрч Ц.Оюуны “...Л гэрт ирсэн. Энхсүрэн сэрсэн чинь “чи гэртээ байсангүй” гээд хэрүүл маргаан болоод байхаар нь би өрөөнөөс гараад нөгөө өрөөнд ороход Л эхнэрээ бариад авчихсан байхаар нь “чи яах гээд байна, эхнэрээ зодох гээд байна уу” гээд салгачихаад эргээд өрөөндөө ороод нөхрийгөө “чи оч, наад хоёр чинь маргалдаад байна” гээд нөхрөө явуулсан” /хх 78/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24ий өдрийн 211 дугаартай “Энхсүрэнгийн биед тархи доргилт, уруулын салстын шарх, цус хуралт, толгойн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун гуя, бугалганы цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальс цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /хх 47/ гэсэн дүгнэлт,

Аюулын зэргийн үнэлгээ “эрсдэлийн түвшин дунд /хх 20/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 30/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 52-54/, гэрлэлтийн гэрчилгээ /хх 55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ц.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Л-гийн өөрийн эхнэр Э.Э-гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “шүүхийн тогтоолд ял хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, ямар чиглэл, газарт зорчихдоо зөвшөөрөл авах нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” талаар дурьдсан ба үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дээд шатны прокурорын эсэргүүцлийг тодруулж, “зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчлөх” талаар дүгнэлт гаргасан болно.

Анхан шатны шүүх Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс үзэхэд, “шүүгдэгч Ц.Л-д 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоосугай” гэжээ.

Уг тодорхой бус, ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй заалтын хууль зүйн үндэслэлийг тодруулах зорилгоор шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээс үзэхэд, “Ц.Л- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 4 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1 дүгээр гудамжны 76 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 57а-2 тоотод түр оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах болсон тохиолдолд ажил, сургууль, гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх;” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л-г Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1 дүгээр гудамжны 76 тоот, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 57а-2 тоотын чухам аль хаягаа өөрчлөх бол шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрөл авах, мөн хаа нэгтээ зорчин явахдаа тухай бүрт нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрөл авах, эсхүл ажил, сургууль гэр хоорондын чиглэлээр явах зөвшөөрөл авах мэтээр тодорхойгүй, ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй байдлаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн оршин суух хаяг эргэлзээтэйгээс гадна уг ялыг хэрэглэхэд шаардлагатай зарим зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л-д зорчих эрхийг хязгаарлах ял сонгон хэрэглэж, уг ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх”-ээр тогтоосон нь тохироогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх хэрэглэх үндэслэлийг мөрдөн шалгах явцад тогтоох зайлшгүй шаардлагатай ба уг тогтоогдсон үйл баримтыг үндэслэж шүүгдэгчийг хаанаас хаашаа, хэрхэн яаж зорчих эрхийг хязгаарлахыг тогтоох, зөрчвөл хэрхэх талаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах бололцоотой болох бөгөөд шүүхийн шийдвэрээс давсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахгүй боломжгүй юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “торгох ял”, 1.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ял”, 1.3-т “зорчих эрхийг хязгаарлах ял”, 1.4-т “хорих ял” гэж ялын төрлийг хөнгөнөөс хүнд рүү тус тус заасан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн этгээдэд холбогдох хэргийн ялын төрлөөс сонгон хэрэглэх боломжтойгоор хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 211 дугаартай “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэв.

Иймд дээд шатны прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ